Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1944

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05125 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Түмэнцагаан” ХХК, М.Саруул, П.Түмэнбаяр нарт холбогдох

           

Гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 65 416 107 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Түмэнцагаан” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хас банк” ХХК-тай 1480014873 дугаартай зээлийн гэрээ, 1480014873-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байр 161 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205013051 дугаартай 40 м.кв талбайтай орон сууц барьцаалсан бөгөөд зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр компанийн захирал М.Саруулын нөхөр П.Түмэнбаяр гарын үсэг зурсан. Зээлдэгч нар 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл  хүүнд 3 109 000 төгрөгийн төлөлт хийснээс хойш төлөлт огт хийгдээгүй, 353 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлага гаргаагүй. Иймд гэрээг цуцалж “Түмэнцагаан” ХХК, П.Түмэнбаяр нараас үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 15 078 397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337 710 төгрөг нийт 65 416 107 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. “Түмэнцагаан” ХХК-ийн захирал М.Саруулыг хариуцагчаар татсан боловч компани, хамтран зээлдэгч П.Түмэнбаяр нараас зээлийг нэхэмжилнэ. М.Саруулаас татгалзана гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч П.Түмэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банк” ХХК-иас нэхэмжилсэн 65 000 000 төгрөгийг “Түмэнцагаан” ХХК болон П.Түмэнбаяр, М.Саруул хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ”Түмэнцагаан” ХХК, П.Түмэнбаяр нараас 65 416 107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 031 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Түмэнцагаан” ХХК, П.Түмэнбаяр нараас 485 031 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож,

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “Түмэнцагаан” ХХК, П.Түмэнбаяр нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг албадан худалдахыг дурдаж,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь М.Саруулд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нар нь Хас банкинд нийт 15 000 000 төгрөгийн хүү төлсөн, харин үндсэн зээлийн төлбөр болох 50 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Гэвч нэхэмжлэгч Хас банк нь хүүний төлбөрт 3 109 000 төгрөг төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 13 000 000 төгрөгийн хүү төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцож, хүү төлсөн нотлох баримтыг шүүхээр гаргуулах, өмгөөлөгч авах зэрэг өөрийн татгалзлаа нотлох, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг анхан шатны шүүх олгоогүй шүүх хуралдааныг хийсэн. Хариуцагч нар нийт 15 000 000 төгрөгийн хүү төлсөн байхад төлөөгүй мэтээр дахин төлөхөөр шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй бас хариуцагч нарын нэгийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээг харвал зээлдүүлэгч Хас банк болон зээлдэгч “Түмэнцаагаан” ХХК-ийн захирал М.Саруул, хамтран зээлдэгч П.Түмэнбаяр нарын хооронд байгуулагдсан болох нь харагдаж байна. Гэтэл “Түмэнцагаан” ХХК-ийг хариуцагчаар татсан атлаа ”Түмэнцагаан” ХХК-ийн захирлаар гэрээний үүрэгт оролцсон М.Саруулыг иргэн хүний хувьд бие даасан хариуцагч этгээдээр татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй, процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагддаг тул энэхүү шийдвэрийн хууль зүйн үр дагавар нь банкинд мөнгө төлөх үүргийг “Түмэнцагаан” ХХК, иргэн П.Түмэнбаяр, М.Саруул нар хүлээхээр байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад зээлийн гэргээгээр ямар ч үүрэг хүлээгээгүй иргэн М.Саруулд үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчихөөр байна. Шүүх хариуцагчаар татагдах ёсгүй этгээдийг бие даасан хариуцагч болгон татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдврлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан ши йдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Түмэнцагаан” ХХК, М.Саруул, П.Түмэнбаяр нарт холбогдуулан гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 65 416 107 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

          Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 365 хоногт 28,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн №1480014873 тоот зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр № 1480014873-01 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч нар 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэг талын санаачлагаар гэрээг цуцлах нь үндэслэлтэй талаар зөв дүгнэжээ.

 

         Хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нь  “...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарыг оролцуулаагүй бөгөөд хэрэгт 15 000 000 төгрөгийн хүү төлсөн баримтаа гаргаж өгөх байсан, өмгөөлөгч авч, өөрийн татгалзлаа нотлох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгоогүй, иргэн М.Саруулыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

          Мөн хариуцагч, хариуцагч П.Түмэнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруулын хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж /хх-47/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасны зохигчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн /хх-49/ мөн хариуцагч М.Саруулд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан /хх-55/ нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно” гэж заасантай нийцсэн, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хувьд уг зээлийн үүргийг баталгаажуулан ипотекийн гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд албадан худалдуулахаар шаардах эрхтэй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн зөв болжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг зааснаар хариуцагч М.Саруулд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг шүүх хуульд заасан журмын дагуу батлаагүй байх боловч М.Саруулд зээлийн гэрээний үүргийг хүлээлгэн шийдвэрлээгүй, шүүхийн дээрх алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Түмэнцагаан” ХХК-ийн төлөөлөгч П.Ганбилэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА