Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 254

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч- овогт Г.З-д холбогдох эрүүгийн 1818009580057 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй  

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн Гаалийн зочид буудалд иргэн Б.Б.О-той маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д.Б- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх боломжоор хангасан болно.

Шүүгдэгч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэв.

Хохирогч Б.Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 24-ий орой утсаар яриад согтуу хүнтэй маргалдаад байна гээд ирээд аваач гэж хэлсэн. Уг нь санаа нь надтай уулзах санаатай байсан юм байна лээ. Д.Б- өөр хүнтэй нэр холбогдоод салсан. Би тэр хүнтэй харилцааг нь салгаж утас нь дээр байсан мессежүүдийг нь устгах гэж булаацалдсан. Хүүхдийнхээ талаар ярихад хэг ёг хийгээд байсан тул явах гэхэд намайг явуулаагүй. Тэгээд би харуулд нь очоод явмаар байгаа тухайгаа хэлсэн. Тэгтэл дээрээс Д.Д.Б- бууж ирээд газар унагаагаад зодоон маргаан үүссэн. Биед минь учирсан гэмтэл эдгэрсэн. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон, хувцасны мөнгө болох 460 000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Эрүүгийн 1918000000229 дугаартай хэргээс:

Гэрч И.И.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 04-р сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө манай буудлын 302 тоотод байрлаж байгаа Гаалийн газарт сантехникч ажилтай Д.Б- шөнийн 02 цаг өнгөрч байхад намхан бандгардуу эмэгтэйтэй орж ирсэн. Тэгээд байрлаж байгаа болохоор гээд би тэр 2-ыг оруулсан. Тэгээд 1 цаг гаруй хугацааны дараа Д.Б-тэй орсон хүүхэн уйлчихсан надад хандаж “ ах аа Д.Б- миний утсыг өгөхгүй байна би явах гэсэн юм аа” гээд уйлчихсан гуталгүй оймстойгоо зогсож байсан. Тэгэхээр нь яахаараа та 2 чинь утсаа булаацалдаад байдаг юм бэ би наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй Д.Б- буугаад ирээд хэрэлдээд, утсаа булаацалдаад эхэлсэн. Бие биенээ түлхээд байсан тэгсэн нөгөө хүүхэн утсаа авчихаад Д.Б-ийн нүүр лүү 1, 2 удаа цохьсон. Тэр 2 зууралдаад бие биенээ түлхээд, хэрэлдээд л байсан ер нь утсаа булаацалдаад нэлээн удсан. би 2, 3 удаа салгасан. Тэгсэн нөгөө хүүхэн нь текэн дээр байсан миний утсыг аваад цагдаа дуудаад байсан. Би боль гэж хэлээд дийлээгүй ээ. Энэ чинь албан газар шүү дээ битгий муудалцаад бай гэж хэлсэн боловч болихгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би энэ 2-ыг яагаад маргалдаж муудалцсаныг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 43/,

            Гэрч Б.Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 04-р сарын 24-ны орой Д.Б- ах над руу залгаад Сондорт байна аа хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь очсон чинь нэг шил уучихсан тэгээд намайг хоол ид гээд бид 2 хоол идсэн. Тэгээд тэндээс гарахаар болоод тамхи татаад гадаа зогсож байсан чинь Д.Б- ах намайг Б.О- эгч рүүгээ залгаад “намайг компортын урд хүнтэй маргалдаад байна, хүрч ирээд Д.Б- ахыг ирээд ав" гээд хэлчих гэхээр нь би Б.О- эгчийн утас руу залгаад Д.Б- ахын хэлснээр хэлсэн. Тэгээд удалгүй Б.О- эгч над руу залгаад “би Компортын урд ирчихлээ, Д.Б- байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та өөр рүү нь залгаарай гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө Д.Б- ах бид 2 салсан. Тэрнээс цаашаа би юу болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 45/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Д.Д.Б-ийн биед цээжний ар, өмнө хэсэг, зүүн шилбэ, зүүн гарын шуу, тохойнд зулгаралт, хуйхны хаван, цус хуралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаархгүй /хх 25/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Б.Б.О-ы биед тархи доргилт, хүзүү хоолойны баруун хажуу, зүүн сарвуу, бүсэлхийн зүүн хэсэг, цээжний зүүн өмнө дээд хэсэг, мөр орчим, зүүн хөлийн шилбэ, баруун хөлийн өсгийн орчмын зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

            4.Б.Б.О-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 33/,

 

            Капитал зууч ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт:

            Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 295 000 төгрөг байна. /хх 38/,

           

Шүүгдэгч Д.Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 02 цагийн үед Б.О- утсаар яриад “намайг харж явдаг залуу гадаа ирчихсэн байна, би явлаа” гэсэн тэгэхээр нь миний уур хүрээд утсыг нь булааж аваад дугаарыг нь харах гэсэн чинь буцааж надаас утсаа булааж аваад утсаараа миний баруун нүд рүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд түлхсэн. Тэгээд зууралдаад, маргалдаад эхэлсэн. Тэгсэн чинь маргалдаж хувцаснаасаа зууралдаж байгаад өрөөнөөс хөл нүцгэн гараад гүйчихсэн. Би араас нь гарсан чинь нэг давхарт харуулын хажууд зогсож байсан. Тэгээд дахиад бид 2 маргалдаж эхэлсэн би утсаа өг хэнтэй ярьсан гэсэн чинь бууж ирж байхдаа дугаарыг нь устгачихсан гэж хэлсэн. Би утсыг нь булаах гэж куртикнээс нь зулгаасан бас цамцнаас нь татсан, газар түлхэж хэд хэдэн удаа унагаасан тэрний хариуд Б.О- миний төмсөг рүү 2 удаа өшиглөж бас нуруу, хөлнөөс хазсан. Тухайн үед Б.О- нэлээн согтчихсон орилоод л дайраад хашхираад л байсан. Тэгэхэд миний хамар руу бас цохиод миний хамарнаас цус гарсан тэр үед цусаа тогтоох гээд 00 өрөө рүү орсон хойгуур цагдаа дуудсан юм шиг байна лээ. Араас орж ирээд 00-д цус аа угааж байсан чинь сахлын машинаар бас толгой руу цохьсон. Гутлаараа хамар толгой руу бас цохиод байсан. Тэгээд гутлаа өрөөнөөс аваад доошоо буугаад доор бас муудалцсан. Хазчихаад болихгүй байхаар нь үснээс нь зулгаасан гэх мэдүүлэг /хх 48-49/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 08-09/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 16/,

Хохирогч Б.Б.О-оос гаргаж өгсөн хэрэг гарах үед өмсөж байсан гэх хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/,

Гаалийн газрын үүдний өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 19/,

Жино-Ач ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, компьютер томографикын шинжилгээний бичиг /хх 31-32/,

Д.Б- овогтой Гийхтуяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 52/,

Саран Элит эмнэлгийн баримт, Б.Б.О-ы биед гэмтэл учирсан гэх хэсгийг харуулсан гэрэл зураг /хх 55-58/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/,

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын тодорхойлолт /хх 60/,

Шүүгдэгч Д.Д.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 61/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Д.Д.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн Гаалийн зочид буудалд хамтран амьдрагч байсан  Б.Б.О-ыг дуудан ирүүлж, гар утсыг нь авахаар ноцолдож, улмаар халдашгүй байх эрх, эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Б.Б.О-ы...” Д.Б- гарч ирээд юу ч хэлэхгүй хувцаснаас зуураад, хоолой боогоод газар унагаагаад толгойг шаланд хавсраад сэгсрээд байсан. Тэр үед миний утас газар Д.Б-ийн халааснаас нь уначих шиг болсон тэгээд би мөлхөж утсаа аваад цагдаа руу залгаад дуудлага өгч байсан чинь Д.Б- утас булааж аваад яасан их дуудлага өгдөг юм бэ гээд салгачихсан. Тэгээд би харуулынх нь тек шиг юмны цаагуур орсон чинь намайг дахиж ирээд газар унагаагаад, нуруу хөл толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед би шалан дээр байсан болохоор Д.Б-ийн хөл нь ойрхон байсан учраас хөлийг нь хазсан юм аа. Тэгээд зууралдаж маргалдсаар байгаад миний хамаг хувцсыг урчихсан” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч И.И.Э-ын...” ах аа Д.Б- миний утсыг өгөхгүй байна би явах гэсэн юм аа” гээд уйлчихсан гуталгүй оймстойгоо зогсож байсан. Тэгэхээр нь яахаараа та 2 чинь утсаа булаацалдаад байдаг юм бэ би наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй Д.Б- буугаад ирээд хэрэлдээд, утсаа булаацалдаад эхэлсэн. Бие биенээ түлхээд байсан тэгсэн нөгөө хүүхэн утсаа авчихаад Д.Б-ийн нүүр лүү 1, 2 удаа цохисон. Тэр 2 зууралдаад бие биенээ түлхээд, хэрэлдээд л байсан ер нь утсаа булаацалдаад нэлээн удсан. би 2, 3 удаа салгасан гэх мэдүүлэг /хх 43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Д.Б-, хохирогч Б.Б.О- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй байх тул  тухайн хуулийн зохицуулалтад хамаарч байна.

 

 Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Д.Д.Б-ийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн тул шүүгдэгчийг гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

   Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.О- эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчилгээнд 165000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ 295000 төгрөг нийт  460.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс 460 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б.О-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял  ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ээс 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам 2-р хэсэг 4-23 тоотод оршин суух хохирогч Баатарын Б.О- /РД:МЮ94061905/-д олгосугай.

           

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

            6.Шүүгдэгч Д.Д.Б- цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин Б.Т- болтол шүүгдэгч Д.Д.Б-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ