Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1734

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны зөрүү болон хийгдээгүй верандийн төлбөрт 2 871 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “ХХХХ” ХХК-тай "Орон сууц захиалгаар барих тухай гэрээ" байгуулан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороонд байрлах ХХХХХХХХХХХХХ тоотод 73.4 м.кв 3 өрөө орон сууцыг верандийн хамт захиалан урьдчилгаа 20 хувийг төлсөн. Улмаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2013 оны 07 дугаар сард 10 хувь, 10 сард 20 хувийг төлөн 2014 оны 4 дүгээр сард үлдэгдэл 50 хувь болох 75 000 000 төгрөгийг Хаан банкны 8 хувийн зээлээр барагдуулан бүрэн төлбөрөө хийсэн.

Ийнхүү зээл авахдаа банкны зээл өгөх нөхцөлөөр шаардсан 10 414 700 төгрөгийн зөрүү болон бусад шимтгэл даатгалын төлбөрийг хийсэн. Миний бие “ХХХХ” ХХК-д нийтдээ 73.4 м.кв байрны төлбөр болох 171 894 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэтэл 2015 оны 8 дугаар сард “ХХХХХХХ” хотхоны зураг төсөл хийсэн "ХХХХ" ХХК-ийн мэргэжилтний хийсэн хэмжилтээр манай байрны нийт хэмжээ 72.5 м.кв буюу 0.9 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон.

Миний бие компанийн борлуулалтын албанд байр худалдан авах үеэс байрны хэмжээг мэргэжлийн байгууллагаар шалгуулах, веранд хийж гүйцэтгэх талаар олон удаа хүсэлт тавьсан боловч удаа дараа хойшлуулж, зөрүү гарвал шийдэж өгнө хэмээн амласаар ирсэн. Гэвч мэргэжлийн байгууллага албан ёсны хэмжилт хийн 0.9 м.кв-аар дутахад шийдэж өгнө гэж 2 cap хүлээлгэсний эцэст "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ"-нд байгаа хэмжээг өөрчилсөн тохиолдолд асуудлыг шийднэ гэсэн зүй бус шаардлага тавьж хохирлыг барагдуулахгүй боллоо.

Гэтэл энэхүү гэрчилгээг гэрээний 2.3 дахь заалтын дагуу гүйцэтгэгч тал болох “ХХХХ” ХХК баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тул дутуу хэмжээний хариуцлагыг бүрэн хүлээх ёстой. Нөгөө талаар миний бие хуулийн дагуу хохирлоо бүрэн барагдуулсны дараа гэрчилгээг солиулах ёстой. Түүнчлэн уг гэрчилгээнд заасан 73.4 м.кв-аар тооцон Хаан банкнаас 8 хувийн зээл авч улмаар Монголын ипотекийн корпорацид шилжсэн тул гэрчилгээний эх хувийг өөрчлөх боломжгүй болсон. Учир нь, гэрчилгээг өөрчилсөн тохиолдолд банкны зээлийн бүх нөхцөл, гэрээ цуцлагдаж дахин зээл авах гээд цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардсан түвэгтэй асуудал үүссэн.

Үүнийг "ХХХХ" ХХК овжноор ашиглан гэрээг өөрчлөх гэсэн зүй бүс шаардлага тавьж намайг хохироож байна. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 73.4 м.кв-ын үнэ болох 171 894 000 төгрөгийг бүрэн барагдуулсан атал худалдан авсан байрны хэмжээ мэргэжлийн байгууллагын тогтоосноор 72.5 м.кв, хийгдээгүй верандийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэтэл "ХХХХ" ХХК-тай байгуулсан гэрээний 5.6-д “талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд хохирол учирвал гэрээг зөрчсөн буруутай тал тухайн хохирлыг бүрэн хариуцна” гэсэн үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироосоор байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас 2 871 300 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн  350.1.6-д заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 2 106 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, варендарийн төлбөр 764 400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 48 660.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал: Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ би хавтаст хэрэгтэй танилцаагүй бөгөөд шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмыг үндэслээгүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй хэдий ч шүүх энэхүү эрхээ эдлэх боломжийг олгож хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэх үүрэгтэй юм. Шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “орон сууцны талбайн зөрүү 2 106 900 төгрөг” гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд, нэхэмжлэгч нь маргаан бүхий 73.4 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагчаас хүлээн авсан талбайн хэмжээндээ хүлээн авсан гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хүлээн авсан тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болно.

Гэвч шүүх хуулийн дээрх нөхцөл байдлыг шалгаж үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч ХХХХ орон сууцны талбайн зөрүү болон хийгдээгүй верандийн төлбөрт 2 871 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ХХХХ” ХХК бүхэлд нь эс зөвшөөрч дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 30711 дүгээр захирамжаар хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан иргэний хэргийг үүсгэснээр хариуцагчаас ХХХХ, ХХХ нарыг хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ. /хх 29, 30, 47/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн материалтай танилцсанаас хойш 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч ХХХХэс шүүхэд шинээр ирүүлсэн нотлох баримт болон хэргийн бусад материалтай /хх34-147/ хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан баримт хэрэгт байхгүй байна.

            Харин шүүх 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг шуудангаар хариуцагчийн гэрийн хаягт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан, мөн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул “шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй гэж шүүхийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан хэргийн материалтай танилцах эрх нь зөрчигдсөн, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломж хангагдаагүй гэж үзнэ.

            Мөн нэхэмжлэгч ХХХХ шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан ХХХХ-ын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхээ зөрчигдсөн гэж шүүхэд хандсан этгээдэд хамаарах захирамж гэж үзэх боломжгүй юм. 

Дээрх байдлаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 163 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/05258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 48 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ