Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 280

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  Ц.Цэен-Ойдов,

Шинжээч Д.Туяа,

Гэрч О.Г-, О.Ш-,

Шүүгдэгч Н.Н.Б-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд,

Шүүгдэгч О.О.Г-гийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Н.Н.Б-, О.О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Н.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

О.Г- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918002170226 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд 2003 оны 09 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоног баривчлах ялаар, 2004 оны 02 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2017 оны 03 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.1, 181-р зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2017 оны 07 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн Н.Б-

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Бодь даатгал ХХК-ны Дархан дахь салбарын захирал ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Н.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод иргэн О.О.Г-тай маргалдаж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Яллагдагч О.О.Г- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод иргэн Н.Н.Б-тэй маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Н.Н.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон үйл явдлыг шүүгдэгч О.О.Г- худал мэдүүлсэн. Тухайн өдөр шүүгдэгч нь өөрөө над руу гар утсаар залгасан. Орой 19:00 цагийн үед над руу утасдаад намайг гэртээ байна уу? Ажлаа хийгээд дууслаа хоол хийж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл О.О.Г- орж ирэхгүй болохоор нь гэртээ унтаж байсан. Гэртээ амар тайван унтаж байх үед шүүгдэгч О.О.Г- орж ирсэн. Тухайн үед унтаж байсан тул дээгүүрээ цээж нүцгэн байх үед цагдаа нар орж ирсэн. Шүүгдэгч О.О.Г- нь миний цээжийг маш гүнзгий зүссэн. Тухайн үед галзуу солиотой хүн байна гэрээс гар гээд шүүгдэгч О.О.Г-г гаргахаар хаалга руу түлхэхэд шүүгдэгчийн хуруу хаалганд хавчуулагдсан. Тэгээд шүүгдэгч О.О.Г- нь хутга авах гээд гал тогооны өрөө рүү орох гээд байхаар нь би өөрийн бүсээр хүлсэн. Тухайн хэрэг болох үед шүүгдэгчийн хөл зүгээр байсан. Шүүгдэгч О.О.Г-гийн мэдүүлсэн шиг шүүгдэгчийн ам руу архи цутгасан зүйл ерөөсөө байхгүй. Цагдаа нар гэрт орж ирээд шүүгдэгч О.О.Г- согтуу байсан тул эрүүлжүүлэхэд оруулсан. Тухайн үед шүүгдэгч О.О.Г-г тийм аймар түлхсэн ч зүйл байгаагүй гэв.

     Шүүгдэгч О.О.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Н.Н.Б- над руу 24 удаа миний гар утас руу залгасан байсан. Тухайн үед “Мобиком корпораци” дээр очиж шалгуулахад гаднаас ирсэн дуудлага гарч ирэхгүй талаар хэлсэн. Шүүгдэгч Н.Н.Б- над руу залгаад даатгалын талаар асуух шаардлагатай байгаагаа хэлэхэд ажлаа дуусчихаад болъё гэж хэлсэн. Тухайн үед бид нар гэрээ хийх ёстой байсан тул шөнө болтол суусан. Тэгээд ажлаас гараад явтал намайг гар утсаар дуудсан. Шүүгдэгч Н.Н.Б-гийн гэр рүү яваад ортол цээж нүцгэн сууж байсан. Тэгээд намайг суу гэж хэлэхэд байдал эвгүй байгааг ажиглан айдас хүрээд тэндээс гарах гэхэд хоёулаа уулзаж учрах ёстой хүмүүс гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч Н.Н.Б- намайг ямар зэвүүн нүдтэй амьтан бэ? гэж хэлээд нүд рүү гарын хуруугаа хийсэн. Тэндээс гарах гэтэл шүүгдэгч Н.Н.Б- хаалгаа шууд хаасан. Тухайн үед би “яаж байгаа юм бэ?” гээд барилцаад дээр доороо орсон. Би өөрөө архи уудаггүй, архи уудаг хүмүүсийг ОХУ руу явуулж архинаас гаргах эмчилгээнд хамруулдаг. Тухайн үед шүүгдэгч Н.Н.Б- цагдаагаа дууд дууд гэж хэлсэн. Шүүгдэгч Н.Н.Б-г согтуу, намайг алах гэж эсвэл хүчирхийлэх гэж дуудсан юм байна гэж бодсон. Дараа нь шүүгдэгч Н.Н.Б- миний хоолойг бооход 3 удаа ухаан алдсан. Цагдаа нар эхлээд хаалга тогшиход намайг ална шүү гээд хутга барьж сүрдүүлсэн. Тухайн үед алуулах юм байна гэж бодоод чимээгүй болсон. Шүүгдэгч 0,75 литрийн хар өнгөтэй “экс” нэртэй архийг ам руу цутгасан. Тухайн үед бүсээр миний хоолойг ороогоод хоолой боогдсон байсан тул архи ам руу цутгахад ороогүй. Цагдаа нар орж ирэхэд миний сэтгэл амарсан. Тухайн үед ярих гэхэд ярьж чадахааргүй байсан. Энэ гэмт хэрэгт болсноос хойш 3 сарын хугацаанд ярьж чадахгүй байсан. Шүүгдэгч Н.Н.Б- эхлээд намайг бүсээр  миний хоолойг боох үед амь тэмцээд гараараа шүүгдэгч Н.Н.Б-гийн цээжийг самардсан. Шүүгдэгч Н.Н.Б-гийн цээжийг самардахад нэг хөлөөрөө над дээр гишгээд яасан үхдэггүй юм бэ? гэж хэлсэн. Анх тухайн гэрт орж ирэх үед шүүгдэгч Н.Н.Б- “ах нь цай хоол хийгээд өгье гээд” гал тогоо руугаа орох гэхэд би тухайн гэрээс гарах үйлдэл хийхэд хойноос барьж аваад намайг газар унагаагаад яасан зэвүүн нүдтэй юм бэ? гээд миний нүд рүү гарын хуруугаа хийсэн гэв.

Хохирогч О.О.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Шүүгдэгч Н.Н.Б-тэй садан төрөл, эр эмийн холбоо ерөөсөө байхгүй. Эрүүл мэндийн хувьд маш их хохирсон. Нүдний хараа муудаад шил зүүх хэмжээнд хүрсэн. Шүүгдэгч Н.Н.Б-тэй найзалж үерхэж үзээгүй. Шүүгдэгч над руу 24 удаа залгасан учир гэрт нь орсон. Үнэхээр хэрэг болоод ийм их залгасан юм болов уу гэж үзээд гэрт нь орсон. Уг хэрэг болсноос хойш хөл дээрээ тогтож явж чадахгүй 2 таягтай явж байсан. Миний бие дандаа эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд ирж чадаагүй. Миний холын хараа маш их муудаж урд талд зогсож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харж чадахаа больсон. Миний хурууны шөрмөснүүд тасарсан. Миний гар эдгэж дууссаны дараа шөрмөс залгах хагалгааг хийнэ гэж эмч хэлсэн. Шүүгдэгч Н.Н.Б- нь намайг ямар хэмжээнд болгосныг харсан байх. Тухайн үед би алхаж чаддаггүй цагдаагийн албан хаагчийг түшээд явж байсан. Эмнэлэг дээр очихдоо хазганаад, доголсон байдалтай очсон. Дараа нь эрүүлжүүлэхдэж байх үедээ юм уумаар байна. Бие засах шаардлагатай байна гэж хэлэхэд тэнд байсан хоёр залуу хар цай авчирч өгч, намайг түшээд 00-ийн өрөө рүү оруулсан. Тухайн үед шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрээс гарах гэхэд намайг үсдэж зулгаагаад газар унагаасан. Шүүгдэгч Н.Н.Б-г гал тогооны хэсэг рүү явах хойгуур миний бие коридор руу гүйх хооронд шүүгдэгч Н.Н.Б- хойноос ирээд миний үснээс зулгаагаад газар унагаасан. Мөн хоолойг бүсээр боосон. Уг хэрэг явдал болсноос хойш хоолой өвдөөд 3 сар мэдүүлэг өгч чадаагүй. Эрүүлжүүлэх байрны тэнд миний бие алхаж чадахгүй байсан тул өвчин намдаах эм уухад хэсгийн байцаагч эргэж ирээд таныг хүргэж өгөх үү? гэж хэлсэн. Тухайн үед яах вэ зүгээр гэж хэлээд явуулсан. Би маргааш нь байцаалтад орох үедээ явж чадахгүй таягтай очиж байсан. Таягтай очоод эмнэлэгт үзүүлэхэд хөл хугарсан талаар хэлсэн гэв.

 

Хохирогч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Шүүгдэгч О.О.Г-тай садан төрлийн холбоо байхгүй, урьд өш хонзонгийн асуудал байхгүй. Одоо гомдол санал байхгүй, зардлын мөнгө нэхэмжилмээргүй байна. Шүүгдэгч О.О.Г-гийн хөлөнд би гэмтэл учруулаагүй. Шүүгдэгчийн араас тэвэрсэн. Бүүр болохгүй болохоор нь бүсээр боосон. Одоо болтол миний цээжин хэсэгт учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа. Цээжин тус газар маш гүнзгий хумсны шарх гарсан. Шүүгдэгч О.О.Г-гийн манай гэрт эвдэлсэн эд зүйлийг баримтжуулсан. Тухайн үед шүүгдэгч О.О.Г-гийн гар утсанд ерөөсөө гар хүрээгүй. Шүүгдэгч О.О.Г- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ингэж худал мэдүүлэг өгч байгаа учир яг юу гэж хэлэхийг мэдэхээ больчихлоо. Манай гэрт нийт 200 гаруй мянган төгрөгийн эд хогшил эвдэрсэн байсан. Миний бие уг гэмт хэргээс хойш ажилдаа явж чадаагүй. Миний бие сард 1,250,000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг байсан. Уг гэмт хэрэг гарснаас хойш 3 сарын хугацааны цалинг аваагүй. Шүүгдэгч О.О.Г- нь манай гэрийн халуун сав, ширээний гэрэл, ханын обой зэргийг эвдсэн. Эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг шүүгдэгч О.О.Г-гаас нэхэмжилнэ. Цаашид миний биед учирсан сорвийг эмчлүүлж өгнө үү гэв.

 

Гэрч Д.Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Тухайн үед 2-3 арга хэмжээнд оролцсон. Өөрсдөө тус тусдаа ачаалалтай байсан учир архи уусан гэдгийг мэдэхгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч О.О.Г- болон бид нар хэрэглэсэн. Өөрсдөдөө тааруулаад ууж байсан. Тухайн үед Орос клуб дээр ажилтай байсан. Тэгээд цөн түрэхийг харна гээд Ариука, Ариунаа, шүүгдэгч О.О.Г- нар “Рояал” караоке бааранд архи уусан. “Рояал” караоке баарнаас орой 21 цаг өнгөрөөгөөд тэндээс бид нар тарсан гэв. Тухайн үед шүүгдэгч О.О.Г-гийн талаар тийм мэдүүлэг өгсөн нь миний буруу гэв.

 

Гэрч О.О.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Тухайн үед манай 102 дугаар руу дуудлага өгсний дагуу тухайн гэрт ороход шүүгдэгч О.О.Г-, Н.Н.Б- нар нь байсан. Шүүгдэгч О.О.Г-гийн хоолой хэсгээр улайсан, шүүгдэгч Н.Н.Б-гийн цээж хэсгээрээ уруулсан байдалтай тус тус байсан. Ямар ч гэсэн шүүгдэгч нарыг хоёуланг нь уг гэрээс авч гарсан. Тухайн үед согтолтын зэргийг шалгуулаад эрүүлжүүлсэн. Тухайн өдөр шүүгдэгч О.О.Г- нь намайг шүүгдэгч Н.Н.Б- нь гаргахгүй байсан талаар сөөнгө хоолойгоор хэлж байсан, шатаар буух үед хөл нь доголсон байдалтай байсан. Анх шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрт нь орох үед хана нь цус үсэрсэн, гал тогооны аяга, шүүр зэрэг нь унасан, гэр нь ундуй сундуй байдалтай байсан. Эхлээд шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрийн хаалгыг зөндөө нүдсэн боловч тайлж өгөхгүй байсан. Тэгээд прокурорын газраас нэвтрэх зөвшөөрлийг аваад хаалгыг эвдэх гэж байхад шүүгдэгч Н.Н.Б- хаалгыг дотроос нь онгойлгож өгсөн гэв.

 

Гэрч О.О.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Тухайн үед дуудлагын дагуу шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрт орох үед шүүгдэгч Н.Н.Б-гийн цээжин бие зүсэгдсэн, шүүгдэгч О.О.Г-гийн гарны өндөгнөөс цус гарсан байдалтай байсан. Гэрийн хана нь цус цацарсан. Шүүгдэгч О.О.Г- нь ярих боломжтой боловч сөөнгө хоолойтой хөл нь бага зэрэг доголсон байдалтай байсан. Тухайн үед шүүгдэгч О.О.Г- нь хөлөн дээрээ явж чадахгүй эмзэглээд байсан. Миний бие шүүгдэгч О.О.Г-г доошоогоо буулгаж өгсөн гэв.

Шинжээч эмч Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Шүүх эмнэлгийн үзлэгт цогцос, хүн өөрөө, эмнэлгийн бичиг баримт, зураг, хэргийн бусад нотлох баримт байж болно. Би тухайн үед рентген зургийг харж шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг рентген зургийг харахад битүү хугаралттай байна Шаант яс гэдэг нь шилбэний том ясыг хэлж байгаа. Тахилзуур яс гэхээр доод хэсэг буюу гадна хавчаар хэсэг хугарсан байна лээ гэв. Энэ ясны хувьд 90 хоногийн дотор эдгэх боломжтой тул хүндэвтэр төрлийн гэмтэлтэй. Шинэ гэмтэл гэдгийг ойрын 3 хоногийг ойлгож болно, гүлтгэнэн боолтыг авч болохгүй. Рентген зургаар дүгнэлтээ өгсөн...” гэв.

 

Эрүүгийн  1918000000281 дугаартай хэргээс:

Шүүгдэгч О.О.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...Н.Б- хаалгаа чанга татаж хаасан. Тэгэхэд миний гар хаалганд хавчуулагдаад миний гарнаас цус гарч эхэлсэн. Тэгээд би буцаад гал тогооны өрөөнд нь ороод сандал дээр суугаад гараа сэгсэрсэн чинь миний цус гал тогооны хана, таазанд цацарч наалдсан. Тэгсэн чинь Н.Б- яасан ухаад хаячихмаар нүдтэй юм бэ гэж хэлээд миний хоёр нүд рүү хоёр хуруугаа хийхээр нь доошоо болоод нүдээ дараад гарах гээд ухас хийсэн чинь Н.Б- миний үснээс татаж газар унагачихаад жижиг өрөө рүүгээ явсан. Тэгэхээр нь утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд Н.Б- жижиг өрөөнөөс гарч ирээд миний утсыг надаас булааж аваад газар шидсэн бөгөөд Н.Б- өмдний тэлээ гаргаж ирээд миний хоолойг боох гээд дайраад байсан. Би эсэргүүцэл үзүүлж гартаа барьсан машины түлхүүрээрээ Н.Б-гийн цээжийг урсан. Гэтэл Н.Б- намайг цааш нь харуулж байгаад миний араас өмдний тэлээгээр боогоод миний нуруун дээр өвдөглөж байгаад миний хоолойд өмдний тэлээгээр 2 ороож байгаад намайг ухаан алдуулсан. Би ухаан алдахынхаа өмнө битгий намайг алаач дээ гэж зөндөө гуйсан боловч чи муу яасан үхдэггүй юм бэ гээд боогоод байсан. Ингээд би нэг сэрсэн чинь жижиг өрөөний шалан дээр хэвтэж байсан бөгөөд Н.Б- миний ам руу архи цутгаад би архиар нь хахаж цацаад сэрсэн бөгөөд цутгасан архиныхаа шилийг Н.Б- цонхоор шидэж байсан. “... Миний биед үүссэн дээрх бүх гэмтлийг Н.Б- учруулсан. Миний зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтлийг Н.Б- миний араас үсдэж газар унагаах үед би зүүн хөлөө дарж унасан. Би өөрөө 95 кг жинтэй хүн тэгэхэд л миний зүүн хөлийн гадна хавчаар яс хугарсан. Миний биед үүссэн дууны хөвчний бүрэн бус саажилт, хүзүүн хоолойн дахь дарагдлын ором нь Н.Б- намайг өмдний тэлээгээр бооход учирсан. Нүүр 2 нүдний салстын цус хуралт гэмтлийг Н.Б- миний хоёр нүд рүү баруун гарынхаа долоовор дунд хурууг хийхэд үүссэн. Баруун гарын 3-р хурааны шарх гэмтлийг Н.Б- миний гарыг хаалганд хавчуулж учруулсан гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүгдэгч Н.Н.Б-гийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн: “...О.О.Г- хувцсаа өмсөөд агсам согтуу тавиад жижиг өрөөний ширээний гэрэл авч над руу шидээд намайг онохгүй хана оноод хагарсан дараа нь гал тогооны өрөөнд ороод хутга авах гэхээр нь би араас нь очоод би тэвэрч аваад хутгыг нь булааж аваад буцаагаад шургуулга руу хийсэн дараа нь би гар гээд гадаа хаалгаа онгойлгоод цааш нь түлхээд гаргасан тэгэхэд хаалганд гараа хавчуулаад О.О.Г-гийн хуруунаас цус гарсан тэгээд О.Г- коридорт суугаад босохгүй байсан тэгэхээр нь би өмднийхөө тэлээгээр хүзүүнээс нь оосорлож байгаад жижиг өрөө рүү чирж оруулаад дараад унтуулсан юм. Миний биед учирсан цээжин дэх шархыг О.О.Г- гартаа түлхүүр барьж байгаад миний цээжийг сийчсэн юм. Мөн баруун гарын 1 хуруунаас хазсан  гэх мэдүүлэг /хх 32-33/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 4-р сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 450 000 төгрөг байна” /хх 50/,

 

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 169 000 төгрөг байна” /хх 56/,

 

Шүүгдэгч О.О.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/,

Шүүгдэгч Н.Н.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 71, 75-81/,

Шүүгдэгч Н.Н.Б-, О.О.Г- нарын иргэний үнэмлэхийн хуулбар / хх 73-74/,

Шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, О.О.Г-гийн учруулсан гэх гэмтлийг харуулсан фото зураг /хх 86-92/,

Шүүгдэгч О.О.Г-гийн эрүүл мэндийн картын хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд, Бодь даатгал ХХК-ийн захирлын тодорхойлолт, Н.Н.Б-гийн учруулсан гэх гэмтлийг харуулсан фото зураг /хх 93-114/,

 

            Шүүх мөрдөн шлгах ажиллагааны явцад гэрч Д.Д.Э-ийн өгсөн: “...О.О.Г- машинтайгаа байсан болохоор намайг Наран хотхоны гадаа буулгаад Ариунааг гэрт нь хүргэж өгөөд ажил руу очиж сууна гээд явсан юм. Тухайн өдөр О.О.Г- огт архи уугаагүй. О.О.Г- тэр өдөр машин жолоодож байсан болохоор оргилуун дарс ч амсаагүй байсан. Уг нь бүжгийн клубын хаалтан дээр очиход оргилуун дарс, вино задалсан тэрнээс О.О.Г- бүр амсаач үгүй юм гэх мэдүүлэг /хх 41/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...” Тухайн үед 2-3 арга хэмжээнд оролцсон. Өөрсдөө тус тусдаа ачаалалтай байсан учир архи уусан гэдгийг мэдэхгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч О.О.Г- болон бид нар хэрэглэсэн. Өөрсдөдөө тааруулаад ууж байсан. Тухайн үед Орос клуб дээр ажилтай байсан. Тэгээд цөн түрэхийг харна гээд А-, А-, шүүгдэгч О.О.Г- нар “Рояал” караоке бааранд архи уусан. “Рояал” караоке баарнаас орой 21 цаг өнгөрөөгөөд тэндээс бид нар тарсан гэв. Тухайн үед шүүгдэгч О.О.Г-гийн талаар тийм мэдүүлэг өгсөн нь миний буруу“ гэх мэдүүлгүүд нь зөрүүтэй  үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээтэй байх тул гэрч Д.Д.Э-тийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.Д.Э-ийн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Н.Н.Б-, О.О.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...” Шүүгдэгч нар нь яагаад ингэж муудалцах болсон нарийн зүйл байгаа нь тогтоогдоогүй, тухайн өдөр шүүгдэгч нар нь өөр хоорондоо ямар тодорхой үйлдэл хийгээд хөл нь хугарсан талаар шүүгдэгч О.О.Г- нь тодорхой хэлж чадахгүй байна. Шинжээч эмчээс уг хугарлын талаар асуухад ойчих унах байдлаас үүсч болно гэж хэлсэн. Заавал гадна талын хүчин үйлчлэлээр үүснэ гэж хэлсэнгүй. Шүүгдэгч О.О.Г- өөрөө унаж өөртөө гэмтэл учруулсан байж болно. Иймээс уг хэргийг шүүгдэгч Н.Н.Б- хийсэн гэх асуудал нь хангалттай сайн тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд уг хэргийг цагаатгаж өгнө үү. Гэм буруугүй байгаатай холбогдуулж гар утасны төлбөрийг хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.О- гаргасан дүгнэлтдээ...”Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлэг өгсөн. Энэ цаг хугацаанд хоёр шүүгдэгч л хамт байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан зөвхөн хоёр шүүгдэгчийн мэдүүлгээр л явагдаж байгаа. Шүүгдэгч О.О.Г- нь 21 цагт Рояал караокегаас гараад явсан. 21-23 цаг хүртэл хаагуур явсан нь тодорхой бус. Магадгүй харанхуйд өөрөө хөл алдаж хөлөө хугалсан байх боломжтой байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд О.О.Г-гийн хөл хугарсан гэж байгаа. Тэрнээс биш уг гэмтлийг шүүгдэгч Н.Н.Б- учруулсан гэсэн зүйл ерөөсөө биш. Уг гэмт хэрэг нь тогтоогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод О.О.Г-тай шалтаг шалтгаангүйгээр маргалдаж, гэрээсээ гаргахгүй гэж бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү хоолойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт бүхий гэмтэл учруулсан, шүүгдэгч О.О.Г- нь хохирогч Н.Н.Б-гийн нүүр, цээж, хэвлийн өмнө хэсэг, зүүн суганы орчим, зүүн гарын 1-р хуруун дахь зулгаралт, зүүн шуу болон баруун гарын 1-р хуруун дахь цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Н.Б- хохирогч О.О.Г-гийн бие эрх чөлөөнд халдаж, зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү хоолойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт бүхий гэмтэл учруулаагүй өөрөө хаалга хаахдаа гараа бүргэд хаалганд хавчсан, толгой дээгүүрээ хөнжил нөмөрч халуун газар унтаж нүд нь улайсан байх, гадаа орцонд суугаад орохгүй болохоор нь өмдний тэлээгээр татсан түүнээс биш боогоогүй, хөл нь тухайн үед доголж байгаагүй гэж  мэдүүлдэг ч шүүгдэгчийн гэм  бурууг хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна. Үүнд:

 

Хохирогч О.О.Г-гийн... “Н.Б- ахын гэрт ороод гал тогооны өрөөнд нь ороод суухад Н.Б- ах согтуу, ямар ч хоол унд хийгээгүй байсан. Тэгэхээр нь би та хоол хийгээгүй л байсан юм байна шүү дээ ямар ажил ярих юм бэ гэж асуухад Н.Б- ах “би одоо хоол хийгээдэхье” гэхээр нь би “одоо хоол хийгээд яахав дээ орой болсон байна” гэж хэлэхэд Н.Б- ах “юун сүртэй юм юм бэ чи юундаа яараад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдүүд утасдаад байна гэж хэлээд гарах гээд гадаа хаалгыг нь  татаад гарах гэсэн чинь Н.Б- ах араас ирээд гадаах хаалгаа хаахдаа миний баруун гарын дунд хурууг хаалганд хавчаад миний гарнаас цус гарсан бөгөөд гадаа хаалгаа хаагаад Н.Б- ах намайг үсдэж газар унагаасан. Тэгэхэд миний зүүн хөлийн шагай орчим их хүчтэй өвдсөн бөгөөд босох гэтэл хөл өвдөөд босож чадахгүй байсан учраас хаалга руу мөлхөж байхад Н.Б- ах жижиг өрөөндөө ороход нь би цагдаад дуудлага өгч амжсан бөгөөд Н.Б- ах жижиг өрөөнөөс гартаа бор өнгийн суран тэлээ бариад ирэхээр нь би дээшээ хараад өмднийхөө халаасыг ухаад үзэхэд машины түлхүүр гарт баригдахаар нь би түлхүүрээрээ цээжийг нь урсан. Тэгэхэд Н.Б- ах намайг доош харуулаад миний хоолойг бүтэн ороож миний хоолойг боосон юм гэх мэдүүлэг /хх 68/, Миний биед үүссэн бүх гэмтлийг Н.Б- учруулсан. Миний зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтлийг Н.Б- араас үсдэж газар унагаах үед би зүүн хөлөө дарж унасан, би өөрөө 95 кг жинтэй хүн, тэгэхэд л миний зүүн хөлийн гадна хавчаар яс хугарсан “ гэх мэдүүлэг /хх-28 хуудас/,

            Шүүгдэгч Н.Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...О.О.Г- хувцсаа өмсөөд агсам согтуу тавиад жижиг өрөөний ширээний гэрэл авч над руу шидээд намайг онохгүй хана оноод хагарсан дараа нь гал тогооны өрөөнд ороод хутга авах гэхээр нь би араас нь очоод би тэвэрч аваад хутгыг нь булааж аваад буцаагаад шургуулга руу хийсэн дараа нь би гар гээд гадаа хаалгаа онгойлгоод цааш нь түлхээд гаргасан тэгэхэд хаалганд гараа хавчуулаад О.О.Г-гийн хуруунаас цус гарсан тэгээд О.Г- коридорт суугаад босохгүй байсан тэгэхээр нь би өмднийхөө тэлээгээр хүзүүнээс нь оосорлож байгаад жижиг өрөө рүү чирж оруулаад дараад унтуулсан юм. Миний биед учирсан цээжин дэх шархыг О.О.Г- гартаа түлхүүр барьж байгаад миний цээжийг сийчсэн юм. Мөн баруун гарын 1 хуруунаас хазсан  гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.О.О.Г-гийн биед зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү хоолойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.О.О.Г-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 43/,

 

Шинжээч эмч Д.Т- өгсөн: “...Би О.О.Г-гийн биед Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт биечлэн очиж үзлэг хийснээс гадна Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2983 тоот өвчний түүх, ясны рентген зургийг үндэслэн дүгнэлт гаргасан юм. О.О.Г-гийн биед үүссэн зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шинэ гэмтэл гэдэг нь О.О.Г-гийн рентген зургаас хархад зүүн хөлийн хавчаар ясны ташуу байрлалтай зөрүү багатай битүү хугаралтай шинэ гэмтэл байсан бөгөөд О.О.Г- нь зүүн хөлөндөө гөлтгөнөн /гипс/ боолттой байсан. О.О.Г-гийн биед үүссэн гэмтэл нь тэлээгээр бооход үүсэх боломжтой гэмтэл юм. Би О.О.Г-гийн биед үзлэг хийхэд О.О.Г-гийн хүзүү хоолойны өмнө, 2 хажуу, ар хэсэгт хөндлөн байрлалтай, зарим хэсэгт бор өнгийн нимгэн тав тогтсон зулгаралт бүхий дарагдлын оромтой тэлээгээр бүтэн ороож боосон байж болох гэмтэл байсан. О.О.Г-гийн биед үзлэг хийхэд О.О.Г-гийн баруун гарын 3-р хурууны дотор хэсэгт хөндлөн байрлалтай мэс заслын оёдлууд бүхий, зах ирмэг тэгш бус шархтай гэмтэлтэй байсан дээрх гэмтэл нь хаалганд хавчуулагдахад үүсэх боломжтой гэмтэл юм. О.О.Г-гийн биед үүссэн хоёр нүдний салстын цус хуралт гэмтэл нь нүдэнд гадны биет орох, амьсгал бүтэлт буюу дарагдлын улмаас үүсэх гэмтэл юм гэх мэдүүлэг /хх 48/,

 

Амбулаториор эмчлүүлэгчдийн картанд.. 2019.03.18...”зүүн шагай хөхөрч хавдсан” /хх-93 худас/

 

Өвчний түүх...”2019.03.18. хөлний джитал зураг авахуулах заалт байх бөгөөд оношийн үндэслэл хэсэгт зүүн хөлийн шагайн үеэр бага зэрэг хавдсан хөлөнд гипсэн боолттой, R0-д гадна хавчаар яс ...зөрөө багатай гэжээ.

 

            Гэрч О.О.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өгсөн: “...14-р байрны захын орцонд ороод 9 давхар хүртэл айл болгоны хаалгыг шалгаж үзэхэд 9 давхарт нь цусны дусал байсан бөгөөд уг цусны дусал нь 34 тоот айл руу орсон байхаар нь 34 тоот айлын хаалгыг чагнаж үзэхэд эмэгтэй хүний орилох чимээ гарсан тэгэхээр нь хаалгыг нь тогшиход эмэгтэй хүний орилох чимээ гарахгүй чимээгүй болсон. Ингээд хаалгыг нь улам чанга тогшиход огт хаалгаа тайлахгүй цаана нь хүн дуугархаа больсон. Ахлах ахлхагч У.Энхбаатар бид хоёр 10-15 минут орчим тогшоод цагдаа байна, хаалгаа онгойлго гэж орилсон тэгэхэд ямар ч чимээ аниргүй таг болсон. Тэгэхээр нь ерөнхий жижүүр лүү мэдэгдээд ерөнхий жижүүр прокурорын зөвшөөрөл аваад хаалгыг нь эвдэж оръё эргээд мэдэгдье гэж хариу өгсөн юм. Ингээд удалгүй жижүүрийн офицер О.Ш- эрүүгийн мөрдөгч О.Энхмягмар нар ирсэн бөгөөд хаалгыг нь эвдэх гэж оролдсон. Би 8 давхрын айлын тагтаар дамжиж дээшээ орох гээд доод айлын тагтан дээр зогсож байхад хаалга онгойх чимээ гарсан тэгэхээр нь буцаж буугаад дээшээ 9 давхрын 34 тоотод яваад ороход 2 өрөө байр байсан бөгөөд уг айлын үүдний хэсгийн хана, унтлагын өрөөний хана, гал тогооны хана, том өрөөний хана цус болсон байсан бөгөөд нэг өндөр эрэгтэй доогуураа өмдтэй, дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэй хүн “энэ хүүхэн галзуу хүүхэн байна, түлхүүрээр миний цээжийг ураад орц руу гаргасан чинь буцаж орж ирэх гэхээр нь хаалгаа хаасан чинь хаалганд гараа хавчуулчихсан, би гэрт оруулж ирээд тайвшруулах гээд орон дээр дарж хэвтэж байтал ашгүй та нар ирлээ” гэж ярьж байсан. Жижиг өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэйгийн хоолой нь гарахгүй сайн ярьж чадахгүй байсан ба тэр эрэгтэй намайг зодоод хоолой боосон гэж ярьж байсан. Тэгээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг эрүүлжүүлэхийн машинд суулгаад явуулсан юм.

            Гэрч О.О.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн эргүүлийг удирдаж ажилласан юм. Шөнө 00 цагийн орчим Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр байрны 34 тоотод эмэгтэй хүн зодуулаад байна гэсэн дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа дэд ахлагч О.Г-, ахлах ахлагч У.Энхбаатар нар ороод хаалгаа тайлахгүй байна, дотор нь эмэгтэй хүн орилоод байна гэж хэлсэн юм. Ингээд ерөнхий жижүүрт мэдэгдэж хаалгыг нь эвдэж орохоор болоод 34 тоот хаалганы цоожны бариулыг авахад дотроос нь дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн хаалга тайлсан юм. Тэр эрэгтэй хүний цээжний хэсэг зулгарсан байсан бөгөөд уг айлын кордорын хана, тааз нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл цацарсан байдалтай байсан. Унтлагын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэйгийн хоолой нь гарахгүй сөөнгө ярьж байсан бөгөөд хүзүү нь улайсан дарагдлын оромтой байсан юм. Анх хаалга онгойлгож өгсөн эрэгтэй “ашгүй цагдаа нэр ирлээ энэ хүүхэн намайг алах гэж байна ямар аймар хүүхэн бэ би яг алуулах гэж байна” гэж ярьж байсан. Харин эмэгтэй нь “энэ эрэгтэй намайг боогоод ухаан алдуулсан, би алуулах гэж байна” гэж ярьж байсан. Ингээд эрэгтэй, эмэгтэй хоёрыг хоёуланг нь эмнэлэгт үзүүлсэн тэр өдөр гарсан жижүүр эмч үзээд эрүүлжүүлж болно гэсэн бичиг хийж өгсний дагуу хоёуланг нь эрүүлжүүлсэн юм. О.О.Г-г 12 дугаар байрны 34 тоотоос аваад машинд суулгах үед, нэгдсэн эмнэлгийн гадаа зогсоод машинаас буугаад эмнэлэг рүү оруулах үед, эмнэлгээс гараад машинд суух үед, машинаас буугаад эрүүлжүүлэх байр луу оруулах үеүүдэд хөл дээрээ гишгиж чадахгүй доголоод байсан. Тухайн үед эмч үзээд эрүүлжүүлж болно гэсэн болохоор эрүүлжүүлсэн юм гэх мэдүүлэг /хх 39/ болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

            Дээрх үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч О.О.Г- хохирогч Н.Н.Б-гийн гэрт агсам тавьсан, түүний бие махбодид  шалтаг шалтгаангүйгээр халдаж машины түлхүүрээр цээжийг нь урах, хуруу хазах, цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин О.О.Г- өөрийн амь нас эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н.Б-гийн “О.О.Г-гийн бие махбодид халдаагүй” гэх мэдүүлгийг нотолсон, хохирогч О.О.Г-гийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

   Хохирогч О.О.Г- мэдүүлэхдээ...”хоолойг боож ухаан алдуулаад ...чи яасан үхдэггүй юм бэ гэж дахин боож ухаан алдуулсан, ...нүд рүү гараа хийсэн” гэсэн мэдүүлэг нь шинжээч эмчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Амьсгал дутагдалтад ороод боосон тохиолдол болгон ухаан алдах асуудал нь хэвтрийн байдалтай, биеийн байдал муу бол болно” гэснээр үгүйсгэгдэж, шүүгдэгч Н.Н.Б- хохирогч О.О.Г-гийн нүдэнд хурууны 1 үе хүртэл хийх боломжгүй, нүдэнд үүссэн цусан хураа нь хоолойны дарагдлаас үүсч, хүзүү хоолойны 3 хэсэг газар цус хурсан байсан тул хүзүүгээр нь бүсээр ороосон байж болохыг нотолж байна.

 

            Иймд шүүгдэгч Н.Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.О.Г- 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагийн орчимд Н.Н.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай

1.Н.Н.Б-гийн биед нүүр, цээж, хэвлийн өмнө хэсэг, зүүн суганы орчим, зүүн гарын 1-р хуруун дахь зулгаралт, зүүн шуу болон баруун гарын 1-р хуруун дахь цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Н.Н.Б-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 45/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.О.Г-гийн үйлдлийн улмаас дээрх гэмтэл нь учирсан болох нь О.О.Г-гийн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн ...”Н.Б- ах жижиг өрөөндөө ороход нь би цагдаад дуудлага өгч амжсан бөгөөд Н.Б- ах жижиг өрөөнөөс гартаа бор өнгийн суран тэлээ бариад ирэхээр нь би дээшээ хараад өмднийхөө халаасыг ухаад үзэхэд машины түлхүүр гарт баригдахаар нь би түлхүүрээрээ цээжийг нь урсан. Тэгэхэд Н.Б- ах намайг доош харуулаад миний хоолойг бүтэн ороож миний хоолойг боосон юм” гэх мэдүүлэг

Н.Н.Б-гийн хохирогчоор өгсөн ...” тэгэхэд хаалганд гараа хавчуулаад О.О.Г-гийн хуруунаас цус гарсан тэгээд О.Г- коридорт суугаад босохгүй байсан тэгэхээр нь би өмднийхөө тэлээгээр хүзүүнээс нь оосорлож байгаад жижиг өрөө рүү чирж оруулаад дараад унтуулсан юм. Миний биед учирсан цээжин дэх шархыг О.О.Г- гартаа түлхүүр барьж байгаад миний цээжийг сийчсэн юм. Мөн баруун гарын 1 хуруунаас хазсан  гэх мэдүүлгээр О.О.Г-г өмдний тэлээгээр хүзүүгээр оосорлох үед үйлдэгдсэн болохыг нотолж байна.

Хохирогч Н.Н.Б-гийн биед учирсан олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд ноцолдох, түлхэх, зууралдах, зулгаах, хазах үед учруулсан байх боломжтой тухайн хэргийн нөхцөл байдалд О.О.Г- өөрт учирсан аюулыг өөрөөсөө зайлуулах, тулгарсан довтолгоонд өөрийн хариу үйлдлийг хийж учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.О.Г-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулсан зэрэг гадаад байдлаараа гэмт хэргийн шинжтэй байгаа боловч өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн хууль бус үйлдэл, тулгарсан аюулыг зайлуулах зорилгоор хийсэн аргагүй хамгаалалт юм.

 

Иймд шүүгдэгч О.О.Г- аргагүй хамгаалалт хийсэн байх тул холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.

           

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч О.О.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 270 830 төгрөг нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эм тарианы зардал, ор хоногийн төлбөр зэрэгт 695288 төгрөг, эд хөрөнгийн хохирол 450000 төгрөг нийт 1 145 288 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин-760000, элэгний архаг шинжилгээ-41600 төгрөг,  эко ногоон ургамлын үнэ – 60000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь: ажилгүй байсан хугацааны цалин тооцон гаргахад хөдөлмөрийн чадвар алдалт хэдий хугацаанд үргэлжилсэн, Нийгмийн даатгалын сангаас хэдэн хувиар тэтгэмж олгогдсон эсэх нь тодорхой бус байх тул шийдвэрлэх боломжгүй байна.

            Зүрхний хэрх болон хавхлагын эмгэг -243000 төгрөгийн баримт нь он сар өдөр тодорхойгүй, Энхийн тун эмийн сангийн 24000 төгрөгийн баримт нь гэмт хэрэг үйлдэгдэн гарахаас өмнөх хугацааных байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Шүүх шүүгдэгч О.О.Г-г цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н.Б-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 169000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинг  хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Н.Б-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Н.Б-, О.О.Г- нарт холбогдох эрүүгийн 191800217226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн арьсан тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, рентген зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дах хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-д 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-гээс 1.145.288 төгрөг гаргуулж хохирогч О.О.Г- д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 267.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 760.000 төгрөг, эмчилгээний зардал 101.600 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн арьсан тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ