Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 81

 

Н.Б-, О.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0261/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Т-, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд

Цагаатгагдсан этгээдийн

Өмгөөлөгч                                    С.Чинбат

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280  дугаар шийтгэх тогтоолтой, Н-ийн Б-, О-ын Г- нарт холбогдох, 1918002170226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, урьд:

-2003 оны 09 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар 1 сар 20 хоног баривчлах ялаар,

-2004 оны 02 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-2017 оны 03 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.1., 181-р зүйлийн 181.1.т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн,

-2017 оны 07 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.0 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай Б- овогт Н-ийн Б-.

-Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овогт О-ын Г-.

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, **-р байрны ** тоотод иргэн О.Г-тай маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

-шүүгдэгч О.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, **-р байрны ** тоотод иргэн Н.Б-тэй маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1., 1.8 дах хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт Б- овогт О-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

-Шүүгдэгч Б- овогт Н-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Н.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Н.Б-гээс 1.145.288 төгрөг гаргуулж хохирогч О.Г- /РД:**********/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 267.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 760.000 төгрөг, эмчилгээний зардал 101.600 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн арьсан тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдолдоо:

... Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Гэрч Д.Э-ийн шүүх хуралд өгсөн ач холбогдолтой мэдүүлгийг үнэлж үзэлгүй орхисон нь үндэслэлгүй байна гэж би үзэж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй унэн зөв талаас нь дүгнэж үзээгүй, О.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шуүх хуралдаан дээр өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийг тогтвортой мэдүүлэг гэж үнэлсэн, хохирогчийн хувьд миний эрх зүйн байдлыг дордуулж, эд зүйлийн үнийг үнэлгээний хэмжээгээр гаргуулж өгөөгүй. О.Г-гийн хохирол нэхэж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй тодорхой нэр байхгүй, бүдэг, хоол цай, ариун цэврийн хэрэглэл, өөр өвчинд холбогдуулан авсан гэх Е баримтуудыг үнэлж надаас 1.145.288 төгрөг гаргуулах болсонд мөн гомдолтой байна.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

... Хохирогч О.Г-гийн биед зүүн хөлийн гадна хавчаар ясны цуурал гэмтлийг хэн учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй.

Хохирогч О.Г- нь мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогчоор болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ нэг мэдсэн чинь миний хөл эвгүй болчихсон гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй.

Тухайн хэрэг, учрал болох үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй ба хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой.

Гэвч хохирогч О.Г-гийн өгсөн нэг мэдэхэд хөл эвгүй болчихсон гэдэг мэдүүлгээр шүүгдэгч Н.Б-г буруутгах хангалттай үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.Г-гийн зүүн хөлний гаднах хавчаар ясны цуурал гэмтлийг шүүгдэгч Н.Б-гийн буруутай үйлдлийн улмаас учруулсан болох нь хангалттай тогтоогоогүй байхад шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-, Н.Б- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зөв шийдвэр гаргаж чадсангүй.

Шийтгэх тогтоолоор О.Г- нь шөнийн цагаар өөрөө Н.Б-гийн гэрт согтуугаар очоод агсам тавьж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байхад О.Г-гийн энэ үйлдлийг            өөрийн амь нас эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна.

О.Г- нь хохирогчийг унтаж байхад нь орон дээр нь “чамайг хэнд ч хэрэггүй болгоод өгье” гэж дайрч машины түлхүүрээр биеийг нь сийчсэн байдаг. Түүний амь насанд аюултай ямарч довтолгоон эхлээгүй, хийгдээгүй байхад аргагүй хамгаалалт хийнэ гэсэн ойлголт байхгүй бөгөөд О.Г-гийн энэ үйлдэлд нь шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэг болох үед Н.Б-, О.Г- нар нь хоёулахнаа байсан, харилцан бие биедээ хохирогч байхад хэнийх нь мэдүүлэг нь үнэн зөв хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг ялган тогтооход хүндрэлтэй юм.

О.Г- нь өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б-гийн гэрт очиж агсам тавьж эд зүйлийг нь эвдэх , эрүүл мэндэд нь халдах зэргээр амгалан тайван байдлыг нь алдагдуулсан нь Цагдаагийн албан хаагчдын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг.

О.Г- нь өөрийн хөлөө хаана, хэзээ хугарсныг тодорхой сайн хэлж мэдэхгүй, нэг мэдсэн хөл эвгүй болсон байсан гэж хэлж мэдүүлж байгаагаас харахад тэр орой баарнаас гарахдаа хөлөө гэмтээсэн үү, эсвэл Н.Б-гийн үйлдлээс гэмтсэн үү гэдгээ тодорхой сайн мэдэхгүй байснаа сүүлд Н.Б-гийн үйлдлээс хөл гэмтсэн гэж хэлж байгаа нь эргэлзээ төрүүлдэг.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр О.Г-гийн хөлд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон гэдэг ч энэ гэмтлийг Н.Б- учруулсан гэдгийг нотолж байгаа баримт биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1., 1.8.д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож О.Г-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:

Хохирогч болон гэрчээр Н.Б-гийн мэдүүлэгт “...О.Г- хувцсаа өмссөн байсан бөгөөд гэнэт над руу дайраад ...чамайг би хэнд ч хэрэггүй болгоод өгье... гээд гартаа барьсан машины түлхүүрээрээ миний цээжийг сийчсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Г-гийн “...Би эсэргүүцэл үзүүлж гартаа барьсан машины түлхүүрээрээ цээжийг урсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн “...Н.Б-гийн биед нүүр, цээж, хэвлийн өмнө хэсэг, зүүн суганы орчим, зүүн гарын 1-р хуруун дахь зулгаралт, зүүн шуу болон баруун гарын 1-р хуруун дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл гэсэн 264 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч О.Г-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч нар харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Хохирогч О.Г-гийн биед хэн гэмтэл учруулсан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Хөлний гэмтлийн талаар шүүх шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй. Мөн О.Г-г аргагүй хамгаалалт хийсэн гэж цагаатгасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж зөв шийдвэр гаргаж чадсангүй. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Л.Г-гийн өмгөөлөгч С.Чинбат тайлбартаа:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй юм. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1., 1.8.д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож О.Г-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Б-г 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоот өөрийн гэртээ иргэн О.Г-тай маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч О.Г-г Н.Б-тэй маргалдан зодолдон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Н-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Б-гээс 1.145.288 төгрөг гаргуулж хохирогч О.Г-д олгох, 267.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 760.000 төгрөг, эмчилгээний зардал 101.600 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч О.Г-гийн шүүгдэгч Н.Б-гийн хууль бус үйлдлийн эсрэг хийсэн үйлдэл нь тулгарсан аюулыг зайлуулах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод иргэн О.Г-тай ямар ч шалтаг шалтгаангүйгээр маргалдаж, түүнийг гэрээсээ гаргахгүй гэж бие, эрх чөлөөнд нь халдаж, биед нь зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү, толгойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон ба энэ нь хохирогч О.Г-гийн мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Ш-, О.Г-, шинжээч эмч Д.Т- нарын мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 255 дугаар дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон, харин хохирогч О.Г- нь шүүгдэгч Н.Б-гийн хууль бус балмад үйлдэл болох зодох, гэрээсээ гаргахгүй гэж гарыг нь хаалганд хавчуулж, үсдэж газар унагаахдаа хөлийг нь гэмтээж, зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтэл үүсгэж,  тэлээгээр хоолойг нь боож дууны хөвчийг нь гэмтээх үед өөрийн амь нас, эрүүл мэндэд тулгарсан аюултай довтолгооны эсрэг амиа алдахаас хамгаалж, түүнийг түлхэх, хазах, халаасандаа байсан машиныхаа түлхүүрээр цээжийг нь урах зэрэг тухайн нөхцөлд үүнээс өөрөөр яаж ч болохгүй байсан хариу үйлдлийг хийж, түүнийг өөрөөсөө холдуулж зайлуулах үйлдэл буюу аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна.   

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч, хохирогчийн үйлдлийг зөв ялган зааглаж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч шүүгдэгч Н.Б-д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохироогүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч Н-ийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                            Ц.ТУЯА

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ