Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 286

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч:  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Г.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-д холбогдох эрүүгийн 1818009580057 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.З-, 1995 оны 12 сарын сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Ч Г.З-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.З- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.С.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...” мөрдөн байцаалтын шатанд бүгдийг мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэв.

Эрүүгийн 1818009580057 дугаартай хэргээс:

Хохирогч С.С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай найз залуу Г.З- манай эцэг, эхийн гэрт ирж алуул гээд дуудаад байхаар нь би гэрт нь буюу Дархан сумын Өргөө багт байрлах гэрт нь очсон. Би гэрийнх нь хаягийг нь яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ингээд гэрт нь яваад очиход гэртээ унтаж байсан бөгөөд намайг ирэхэд сэрсэн. Тэгээд түүнд 12 цаг болж байна хоёулаа явж боолтоо солиулъя гэхэд орноосоо босохгүй байсан. Тэгж байснаа 4-5 минут нүдээ аньж хэвтэж байснаа цаг хэд болж байна гэхээр нь 11:18 цаг болж байна гэхэд чи түрүү нь 12 болчихсон байна гэсэн биз дээ гичий минь, өдөөд байна уу писда минь гээд миний баруун талын шанаа руу 4-5 удаа алгадсан. Тэгээд зүүн талын шанаа руу мөн 2-3 удаа алгадаж цохиод цээж рүү гараараа 2 удаа цохиод, элэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ намайг үстэж чирээд толгой руу хөлөөрөө дэвсэж зодсон. Хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй байна их л олон удаа дэвсээд байсан. Тэгснээ чи орилж чарлаж дуу гаргалаа гээд миний үснээс хоёр тийш саваад шал мөргүүлээд байсан. Тухайн үед миний толгой манараад хэсэг шоконд орж дуу гарахгүй болсон чинь чи яасан жүжиглээд байна уу гээд дахиад толгой руу дэвсээд байсан. Тэгээд түүнийг толгой руу дэвсэхээ болихоор нь би орон дээр нь гараад суусан чинь чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд гал тогооныхоо өрөөнөөсөө бараан өнгийн том хайч авч ирээд цээж рүү 2-3 удаа хатгасан. Би тухайн үед нь хөнжлөөр өөрийнхөө цээжийг хамгаалсан байсан. Тэр үед түүний ээж С.О- чи хүний хүүхэд аллаа шүү дээ тэрний оронд намайг ал гэхэд дуугүй бай янхан минь чамд хамаагүй зайл гээд өрөөнийхөө хаалгыг хаагаад чи энэ писдагийн хэлж, ярьж байгааг сонсож байна уу чамаас болж ийм зүйл болж байна гээд орон дээр гарч ирээд миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгснээ миний царайг харснаа чи муу нүүрээ хавдартай болгочихсон байна гээд дахиад намайг үстэж чирээд цээж рүү 2-3 удаа дэвсэж зодсон. Би түүнээс хайраа уучлаарай тайвширчих гэж зөндөө гуйсан. Тэгсэн хоёулаа Хараагийн гол руу явъя би чамайг нэг мөсөн алчихаад булшилна булшлах газар руу чинь явъя гээд куртикээ өмсөхөөр нь жижиг өрөөнд түүний авчирсан хайч байхаар нь чамд алуулж байхаар би өөрийгөө алчихъя гээд хайч авсан чинь надтай хайчаа булаацалдаад би чамайг алчихъя чи намайг чадахгүй гэж бодож байна уу, би чамайг алчихаад чамайг гэх хүмүүсийг бүгдийг нь ална гээд хайч булаацалдаж байгаад бид хоёр газар унасан. Тэгснээ дахиад намайг үстэж босгоод орон дээр гаргаад миний дээр гарчихаад чамайг ална тална гээд байхаар нь одоо болилдоо хангалттай шүү дээ гэхэд чамайг одоо ална гээд байхаар нь би түүнд анх танилцаж байхдаа надад дуулж өгсөн дууг нь дуулж өгсөн чинь өөрөө уйлаад эхэлсэн. Тэгснээ амнаас нь цагаан хөөс сахраад нүд нь эргэлдээд татаад орон дээрээ уначихсан. Тэгэхээр нь би түүнийг зүгээ рүү гээд ээжийг нь дуудсан чинь өөрөө үгүй цаашаа гээд ээж рүүгээ гараараа зангаад байсан. Тэгэхээр нь би түүний бөөгийн сахиус болох эрхээр нь ороолгосон боловч өөрчлөлт өгөхгүй байж байгаад аяндаа зүгээр болсон. Би түүнийг яаж байна толгой нь өвдөж байна уу гээд толгойг нь илж тайвшруулж байхад миний хоёр цагийн үйлчлүүлэгч ирчихлээ гээд над руу утастахаар нь би ажил руугаа явлаа гээд явсан. Тухайн үед чи надад санаа тавихгүй мөртлөө өөр хүнд санаа тавиад намайг өдөөд байна уу гэсээр байсан. Тэгээд ажил дээрээ очоод 14 цагаас цаг авсан хүнд үйлчилгээ үзүүлж байгаад би ухаан алдаад уначихсан. Нэг мэдэхэд манай эцэг, эх ирчихсэн намайг яасан юу болсон гэхээр нь би болсон асуудлын талаар хэлсэн. Би түүнтэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд түүнтэй үерхээд удаагүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Яармагт байдаг түүний тахилын гэрт нь хоёулахнаа байхад миний гар утсыг үзээд байхаар нь утсаа авъя гэхэд чи ер нь яах гээд байгаа юм бэ би чамд хайртай гээд байхад буруу хандтай писда юу гэснээ миний хоолойг боогоод зүүн талын гар руу олон удаа цохиж, үстэж толгойгоор шал мөргүүлээд зодсон. Тэгээд тэр оройдоо намайг уучлаарай гэж гуйгаад өнөөдөр надтай хамт хоночих гээд гуйгаад байхаар нь бид хоёр эвлэрээд тэр оройдоо тахилын гэрт нь хоносон. Тэр өдөр хутга бариад намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би түүний хөлд сөгдөж гуйж уйлж байгаад болиулж байсан. Энэ байдлаар намайг 9-10 удаа цохиж зодож байсан. Би энэ хүнд үнэхээр гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 16-19/,

            Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би охиныхоо ажил дээр яваад очиход охин минь шокын байдалтай юмнаас айж эмээсэн бололтой байсан бөгөөд баруун зүүн шанаа нь хавдчихсан, үс нь арзайсан, толгой нь хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд надад олигтой ч юм ярихгүй чичрээд уйлаад байсан. Харин манай эхнэр О-г найз залуу Г.З- нь зодоод ийм болгочихож гэж байсан. Би тухайн үед маш их уурлаж тэр залуутай нь очиж уулзаад зодно гээд гарах гэхэд манай эхнэр байж бай чи тайвшир цагдаад хандъя гэхээр нь охиноо дагуулаад цагдаад хандсан. Цагдаад хандахаасаа өмнө Нэгдсэн эмнэлэг очиж үзүүлэхэд охины маань найз залуу Г.З- эмнэлгийн хүлээн авах дээр хүрээд ирсэн. Охин маань түүнийг харчихаад чичрээд сандал дээр суусан бөгөөд охины маань гар цэв хүйтэн болчихоод чичрээд байсан. Би тухайн үед Г.З-аас яагаад охиныг маань зодсон талаар асуухад олигтой юм ярихгүй байсан. Тэгээд би эмнэлэгт охиноо үзүүлчихээд гэртээ дагуулж очоод гар утсаар нь охиныхоо биеийн гэмтсэн хэсгүүдийнх нь зургийг авсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх 23/,

            Гэрч Н.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018.12.17-ний өдөр намайг ажил дээрээ 10 цагийн үед ирэхэд С.С.О- ажил дээрээ ирчихсэн ажлаа хийгээд байж байсан. Хэсэг хугацааны дараа өрөөгөөр нь шагайж харахад өрөөндөө байхгүй байсан. Тэгээд өдөр 14 цагийн үед С.С.О- ирчихсэн ажлаа хийж байсан бөгөөд нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Ус уух гээд өрөөнөөсөө гарахад С.О-ын эцэг, эх нь ирчихсэн байгаа харагдсан. Манай сормуусчин А- орж ирээд С.О-ыг үерхэж байгаа залуу нь зодчихсон байна. Тэгээд эцэг, эх нь аваад явчихлаа гэж байсан. Тэгээд 4-5 хоногийн дараа С.С.О- салон дээр ирэхээр нь түүнтэй уулзахад нэлээн туниа муутай болчихсон байхаар нь биеийг нь асуухад 2018.12.17-ний өдөр найз залуугийнхаа гэрт нь найз залуудаа үстүүлж дэвсүүлж зодуулсан гэж ярьж байсан. Би түүнд урьд нь ингэж зодуулж байсан бол эртхэн хэлж байхгүй яасан юм гэхэд би айгаад хэлж чаддаггүй байсан гэж ярьж байсан. 2018 оны 11 дүгээр сард түүний баруун билүү зүүн хацар нь хөхөрчихсөн байдалтай нэг удаа ирж байсан” гэх мэдүүлэг /хх 25/,

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.С.С.О-ын тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, цээж, хэвлий, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, баруун тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд  зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

            4.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 29/,

Шүүгдэгч Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...түүнийг надтай уулзахгүй хол байсан болохоор нь мөн эрт ирээгүй учир түүнийг санаад, сэтгэл бачуураад байсан тул тэрийг зөв илэрхийлж чадахгүй түүнийг алгадаад, толгой руу нь 2-3 удаа гараараа цохьсон. Мөн түүнийг үсдэж татаад газар унахаар нь цээжин дээр нь өвдгөөрөө дарсан. Тэгээд би түүнийг айлгах санаатай гэрийнхээ гал тогооны өрөөнд байсан хөх өнгийн бариултай төмөр хайчийг авч ирээд хий хатгах гэж байгаа юм шиг 2 удаа зангаад хайчаа жижиг өрөөнийхөө тольтой шүүгээнийхээ тавцан дээр тавьсан. Тэгсэн чинь манай найз охин С.С.О- нөгөө хайчийг барьж авчихаад чи намайг алах гээд байгаа юм бол би чамд гай болохгүйгээр өөрийгөө алчихъя гээд байхаар нь би түүнийг гарнаас нь тухайн хайчийг авах гэж булаацалдсан. Ингэж булаацалдаж байхад С.С.О-ын нэг гарынх нь хуруу зүсэгдсэн байсан. Ингээд би булааж авсан хайчаа буцааж шүүгээний тавцан дээр тавьчихаад бид хоёр эвлэрээд орон дээр сууцгаасан бөгөөд манай найз охин С.С.О- надад анх түүнд дуулж өгч байсан дууг маань надад дуулж өгөхөд би их бачуурсан байсан тул татаж эхэлсэн. Ингэж татах үедээ би ярьж чадахгүй байсан бөгөөд энэ үед намайг С.С.О- сахиж тайвшруулсан. Ингээд би 30 орчим минут татаж байгаад зүгээр болсон. Тэгээд 14 цагаас хүн маникюр хийлгэхээр цаг авчихсан гэхээр нь би түүнийг ажилдаа яв яв гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, фото зураг /хх 6-13/,

Шүүгдэгч Г.З-ын иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-49/, автотээврийн төвийн тодорхойлолт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тодорхойлолт, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх тодорхойлолт /хх 55-65/,

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Г.З- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.С.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч С.С.О-ын...” өдөөд байна уу писда минь гээд миний баруун талын шанаа руу 4-5 удаа алгадсан. Тэгээд зүүн талын шанаа руу мөн 2-3 удаа алгадаж цохиод цээж рүү гараараа 2 удаа цохиод, элэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгснээ намайг үсдэж чирээд толгой руу хөлөөрөө дэвсэж зодсон. Хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй байна их л олон удаа дэвсээд байсан. Тэгснээ чи орилж чарлаж дуу гаргалаа гээд миний үснээс хоёр тийш саваад шал мөргүүлээд байсан. Тухайн үед миний толгой манараад хэсэг шоконд орж дуу гарахгүй болсон чинь чи яасан жүжиглээд байна уу гээд дахиад толгой руу дэвсээд байсан. Тэгээд түүнийг толгой руу дэвсэхээ болихоор нь би орон дээр нь гараад суусан чинь чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд гал тогооныхоо өрөөнөөсөө бараан өнгийн том хайч авч ирээд цээж рүү 2-3 удаа хатгасан. Би тухайн үед нь хөнжлөөр өөрийнхөө цээжийг хамгаалсан байсан. Тэр үед түүний ээж С.О- чи хүний хүүхэд аллаа шүү дээ тэрний оронд намайг ал гэхэд дуугүй бай янхан минь чамд хамаагүй зайл гээд өрөөнийхөө хаалгыг хаагаад чи энэ писдагийн хэлж, ярьж байгааг сонсож байна уу чамаас болж ийм зүйл болж байна гээд орон дээр гарч ирээд миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгснээ миний царайг харснаа чи муу нүүрээ хавдартай болгочихсон байна гээд дахиад намайг үсдэж чирээд цээж рүү 2-3 удаа дэвсэж зодсон” гэх мэдүүлэг /хх-16-19/, гэрч Т.Сугарын...” би охиныхоо ажил дээр яваад очиход охин минь шокын байдалтай юмнаас айж эмээсэн бололтой байсан бөгөөд баруун зүүн шанаа нь хавдчихсан, үс нь арзайсан, толгой нь хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд надад олигтой ч юм ярихгүй чичрээд уйлаад байсан. Харин манай эхнэр Оюунбилэг найз залуу Г.З- нь зодоод ийм болгочихож гэж байсан” гэх мэдүүлэг /хх 23/, гэрч Н.Наранцацралын өгсөн “...С.С.О- салон дээр ирэхээр нь түүнтэй уулзахад нэлээн туниа муутай болчихсон байхаар нь биеийг нь асуухад 2018.12.17-ний өдөр найз залуугийнхаа гэрт нь найз залуудаа үсдүүлж дэвсүүлж зодуулсан гэж ярьж байсан. Би түүнд урьд нь ингэж зодуулж байсан бол эртхэн хэлж байхгүй яасан юм гэхэд би айгаад хэлж чаддаггүй байсан гэж ярьж байсан” /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.З- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.С.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.С.О-ын “Уг хэргийн талаар надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хэргийн талаар эвлэрсэн. Миний бие хохирол төлбөрт 3.000.000 төгрөг авсан нь үнэн болно” гэх тайлбараар шүүгдэгч Г.З-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.З-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ