Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0191

 

                                      “П л г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, өмгөөлөгч Э.О, хариуцагч А.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 912 дугаар шийдвэртэй, “П л г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Т, О.Б  нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 912 дугаар шийдвэрээр:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Т, О.Б  нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230014075 тоот акт /264,274,055 төлбөрийн төлбөр ногдуулсан/-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “П л г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У давж заалдах гомдолдоо: “ ... Эрх шилжүүлэх гэрээ  2013 оны 02 сарын 19-ний өдөр байгуулагдсан байх хэдий ч  Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам"-ыг батласан ба уг журмын 3.1.3-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл , үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна. /Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын тогтоол/” гэж заасан байна. УДШ-ийн 2007 оны 11 дүгээр тогтоолын 1.1-д “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан  “...хөрөнгө оруулалт ...” гэдэг нь үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна” гэсэн байна. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор ... аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан байна.

             Автотээврийн тухай хуулийн дээр дурдсан заалт нь автотээврийн хэрэгслийг бүртгүүлэхтэй холбоотой заалт болохоос биш өмчлөх эрхийг үүсгэхтэй холбоотой заалт биш болохыг шүүх анхаарч үзээгүй, буруу дүгнэлт хийсэн байна.

          Учир нь өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох харилцааг Иргэний хуулиар зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 12 дугаар бүлгийн “Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох” хоёрдугаар дэд бүлгийн 111 дүгээр зүйл “Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх”-ийн 111.2. Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ:

          111.2.3. эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар гэж заасан байдаг.

          Мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг дүгнэхдээ нэхэмжлэгчийн үйл ажиллагааны чиглэлийг анхаарч үзэлгүйгээр дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган өгсөн байдаг ба нэхэмжлэгчийн авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлийг анхаарч үзэлгүйгээр дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба шүүгч М.Батзориг нь нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 07 сарын 17-ны өдөр “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/Ш32019/4854 дугаар захирамжийг гаргасан байдаг. Гэтэл тус шүүхийн Ерөнхий шүүгч 2019 оны 11 сарын 28-ны өдөр “Хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулах тухай” 128/ЕШ2019/0868 дугаар захирамж гарган, шүүгч М.Батзоригийг даргалагч шүүгчээр албажуулсан байна.

Захиргааны хэрэг үүссэнээс хойш 4 сар гаруйн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бус бүрэлдэхүүнээр явуулсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч актаар ногдуулсан хариуцлагыг өршөөх боломжтой байхад холбогдох хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байх тул зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангалаа.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “П л г” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоос өмнөх НӨАТ-тай худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсоныг зөрчил гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Давж заалдах гомдолд “... манайх 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 тээврийн хэрэгслийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. ... Анхан шатны шүүх зөвхөн Авто тээврийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийг бүртгүүлэх тухай заалт нь өмчлөх эрх үүсэхтэй холбоотой заалт биш байхад хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 111.2.3-д зааснаар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байгааг анхаарч үзэлгүй дүгнэсэн” гэжээ.

Иргэний хуулийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалт нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан бөгөөд татварын эрх зүйн харилцаанд шууд хэрэглэх боломжгүй. Учир нь тухайн иргэний эрх зүйн харилцааны хүрээнд хийгдсэн өмч хөрөнгө олж авах, орлого, зарлагын, ажил гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн хийгдсэн  татвар төлөгчийн санхүүгийн бүртгэл тайланд үндэслэн хуулийн дагуу татварыг ногдуулан төлдөг.

Нэхэмжлэгчийн НӨАТ төлөгчөөр 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлэх үндэслэл болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Дараахь нөхцлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно: ... 6.4.2.үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн” гэж,

6.5-д “Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино” гэж тус тус зохицуулжээ.

Уг заалтын дагуу 2 сая ам долларын хөрөнгө оруулалт оруулсан гэх үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх хүсэлт гаргах үед тухайн хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн, энэ нь тухайн аж ахуйн нэгжийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлсөн компанийн данс бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн татварын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл бүрдэхээр байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараахь зарчмыг баримтална: 4.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” гэж, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын “16. Үндсэн хөрөнгө” гэсэн хэсгийн 7-д “Үндсэн хөрөнгийн зүйлийг зөвхөн дараах тохиолдолд хөрөнгө гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ: а/ хөрөнгөд холбогдох эдийн засгийн ирээдүйн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай болсон” гэж зааснаас үзвэл хэдийгээр гэрээ хэлцэл байгуулж, тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч Монгол Улсад тухайн хөрөнгө нь гадаадаас орж ирсэн, компани уг хөрөнгийг ашиглаж үр өгөөжийг нь хүртэх боломжтой болсноор хүлээн зөвшөөрч Үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргах үед тухайн хөрөнгө нь Монгол улсын гаалиар орж ирээгүй байсан нь гаалийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдож байх тул уг компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн хөрөнгийг ашиглаж, эдийн засгийн үр өгөөжийг хүртэх магадлалтай болсон буюу Үндсэн хөрөнгөд хүлээн зөвшөөрч бүртгэх шаардлага хангагдсан байсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаас Монгол Улсын гаалиар хөрөнгө нь орж ирээгүй байхад НӨАТ-ын тухай хуульд заасан 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн гэж үзэхээргүй байна.

Татварын байгууллага тухайн хүсэлт гаргасан өдөр энэ байдлыг шалгалгүй НӨАТ-ын гэрчилгээ олгосон нь буруу бөгөөд уг алдааг залруулж, гэрчилгээг буцаан хураан авсан, энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь мэдэж байсан болох нь 2013 оны 04 дүгээр сарын 12-нд татварын байгууллагад гаргасан хүсэлт, мөн НӨАТ-ын тухай хуулийн дагуу сар бүр НӨАТ-ын тайлан гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул 07 дугаар сард гэрчилгээг эргүүлж олгохдоо 02 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон гэрчилгээг буцаан олгосон тул мөн өдрөөр НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн гэж үзэж хассан нь хууль зөрчөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн давж заалдах гомдолд “...шүүгч нь зохих журмаар томилогдоогүй байхдаа хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бус бүрэлдэхүүнээр явуулсан” гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр жил, хагас жилээр гаргасан хуваарийн дагуу хэрэг хуваарилагдан очсон шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед Ерөнхий шүүгч албажуулдаг тул хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хариуцлага буюу 2013 оны 07 дугаар сард гаргасан зөрчил нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхад энэ хуулийг хэрэглээгүй байх тул татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хариуцлага болох торгууль, алдангиас чөлөөлсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.