Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01598

 

Т.Пы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1522 дугаар магадлалтай,                

           Т.Пы нэхэмжлэлтэй

           Нт холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ж, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2013-05-13-ны  өдрийн 5/28 тоот Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж ирсэн. Уг албан тушаалд ажиллахдаа Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нтай тус тус “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж байсан. 2017 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын Б/17 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Тушаалын 1-д “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй буюу 69.9-өөс бага үнэлгээ авсан тул тус төвийн дарга Т.Пыг 2017-02-22-ны өдрөөр тасалбар болгон  чөлөөлснийг  зөвшөөрөхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжийг үндэслэсэн гэх боловч  эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-г зөрчсөн, шийдвэр болсон. Ажлаас халах талаар урьдчилан мэдэгдээгүй, хөдөлмөрийн тухай хуулийн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй, 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн үнэлгээгээр "А" үнэлгээ авч сарын цалингаар шагнагдсан байхад 2017 оны А/18 тушаалаар 65.5 үнэлгээ өгсөн нь  мөн гүйцэтгэлийн гэрээг хэрхэн дүгнэсэн нь тодорхой бус байна. Үнэлгээг миний бие  зөвшөөрөхгүй бөгөөд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон гэдгийг зөвшөөрөх боломжгүй.  2017 оны А/19 тоот тушаалаар 73.7 гэж хоёр өөр үнэлгээ гарсан. Иймд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны Б/17-р тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.5-г  зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Т.П нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны Б/28 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын үүрэгт ажилд томилогдсон. Энэ тушаал  2013 оны Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг хэрэгжүүлээгүй нь өөрөө хууль бус шийдвэр юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/129-р эрүүл мэндийн байгууллагын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээг Нийслэлийн Засаг даргын А/1146 дугаар захирамжийн хүрээнд явуулж нийт 22 байгууллагын үнэлгээг нэгтгэн гаргасан. Энэхүү үнэлгээний дүнг 2017 оны А/18-р баталгаажуулсан. Нийслэлийн Засаг даргын А/1146 дугаар захирамжийн 9.1.3-р  69.9-өөс бага оноо авсан бол  ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Н нь дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Иймээс бид тухайн албан тушаалтанд ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж зохих хууль, дүрэм, журмын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг сонгон шалгаруулж томилохоор ажиллаж байна. Иргэн Т.П нь энэхүү сонгон шалгаруулалтад оролцож хууль, дүрэм, журмын дагуу томилогдох эрхтэй юм. Төрийн албаны ёс зүйг сахиж, хууль, дүрэм зөрчсөн тохиолдлыг таслан зогсоож арга хэмжээ авах, дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь төрийн албаны байгууллагын үндсэн үйл ажиллагаа гэж ойлгож байна.  Т.Птай холбоотой  шийдвэр  хууль, дүрэм, журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Т.Пыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, олговорт 2 849 728 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Нт даалгаж улсын тэмдэгтийн хураамжид Нийслэлийн Эрүүл мэндийн газраас  60 545 төгрөг гаргуулан улсын  орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 1522 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл хяналтын гомдолдоо: Энэ  шийдвэр Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын 8.4-н Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэснийг зөрчсөн. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдах тул Т.П тэнцсэн тохиолдолд ажилдаа эгүүлэн тогтоолгох эрх нь нээлттэй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/17 дугаартай тушаал гаргаж /хх 40/ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжийг үндэслэн Т.Пыг мөн өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгах шаардлага тавьсан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэл бий болсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү цуцлах үндэслэл бий болсон нь тогтоогдсон байхыг шаардана.

       Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Т.Птай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-г үндэслэсэн  хэдий ч ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

       Түүнчлэн, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/17 дугаар тушаалаас өмнөх үйл баримт нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл болохгүй, энэ тухай  давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилсон нь ажилтны бус, харин ажил олгогчийн үйл ажиллагаатай холбоотой тул энэ нөхцөл байдал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй.

        Ажил олгогч ажилтныг хууль бусаар халсан нь тогтоогдсон, хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01195 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1522 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ