Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2129

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02129                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, ХБХК /РД: /-д холбогдох,

цалингийн үлдэгдэл 30,360,802 төгрөг, төлөх ёстой өр 22,000,000 төгрөг, нийт 52,360,802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганболор нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ХБХК-д 2011 оноос эхлэн  тооцооны нябогоор, 2012 оноос эхлэн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ажиллах хугацаандаа 2014 оноос компанийн үйл ажиллагаа доголдож, цалингаа бүх ажилчдын хэмжээнд олгож чадахгүй,  дандаа  дутуу олголттой явж байсан. Миний бие энэ жишгээр цалингаа дутуу авсан. Дутуу авсан зөрүү болох нийт 30,360,802 төгрөг, мөн компани санхүүгийн нөхцөл байдлаас хамаараад нилээн өр авлагын хүнд байдалд орсон. Түүнтэй холбоотой өөрийн  банкны лизингээр авсан машинаа компанийн өр төлбөрт гуравдагч этгээдэд өгсөн. Тэр үед н.Наранзул өөрөө зөвшөөрсөн, Тоёота Харер маркийн автомашиныг нийт 22,000,000 төгрөгөөр тооцож өрнөөс суутган компанитай дараа нь ямар нэгэн байдлаар тохирч болно гэсэн тохиролцоотой байсан. Ингээд нийтдээ 52,360,802 төгрөгийг олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Бгийн нэхэмжилж байгаа цалин нь бодит, түүний авах ёстой буюу тушаалаар олгогдсон цалин биш, тооцооны нягтлангийн цалинг 600,000 төгрөгөөр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол байгаа. Гэтэл Д.Б 2015, 2016  онуудад 2,100,000 төгрөг, 2,700,000 төгрөг, тогтмол цалин 2,300,000 төгрөгөөр нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Албан тушаалаа урвуулан, эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө олгоогүй эрх мэдлийг эдэлж, ХБХК-ийн гүйцэтгэх захирал н.Даваанямтай хуйвалдаж, үндсэн цалингаа үндэслэлгүйгээр өсгөсөн. Өсгөж тайлагнасан, одоо өсгөж нэхэмжилж байгаа дүн бодит үндэслэлгүй. Д.Б гэх хүнийг ажлаас чөлөөлөөгүй байгаа. Харин эрүүгийн журмаар шалгагдаж дуусаад, санхүү нягтлан бодох бүртгэлийн хуурамч бичиг баримт үйлдсэн, эсвэл компаниас хөрөнгө завшсан үйл баримтыг тогтоосны дараа цалингийн асуудлыг шийдэхэд компанийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Тоёота Харер маркийн автомашиныг ярьж байгаа үндэслэл нь н.Наранзул, н.Давааням нартай тохиролцсон гэсэн боловч  ХБХХК нь ШТН-д 22,000,000 төгрөгний өглөгтэй байсан эсэх нь хавтаст хэрэгт баримт байхгүй. Учир нь энэ хүн тус компанийн ерөнхий нягтлан байсан, эрүүгийн журмаар шалгагдах явцад Д.Б нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг өөрчилсөн, мөн компани дээр ямар ч баримт байхгүй, хадгалагдаагүй, санаатайгаар өөрөө аваад явсан. Сонирхлын зөрчилтэй бүхий этгээд компанийн өмнөөс хэлцэл хийж байгаа тохиолдолд ТУЗ-д мэдэгдэж, ТУЗ шийдвэр гаргах ёстой. Би өөрийн Тоёота Харер маркийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр энэ компанийн өрөнд шилжүүлээд, өрөнд шилжүүлсний дагуу мөнгөө компаниас гаргуулж авна гэсэн хүсэлтийн дагуу тохиролцоо хийж, ТУЗ баталсан байхыг хуулиар шаарддаг. ХБХК-ийн авлага өглөгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн дагуу хийгдээд, 22,000,000 төгрөг хасагдсан баримт хэрэгт нотлох баримтын шаардлагаар авагдсан байвал бид маргахгүй. Энэ хүн 22,000,000 төгрөгөөр эсхүл 26,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэнийг нотлох боломжгүй. Тиймээс дээрх асуудлууд эрүүгийн журмаар шалгаж байгаа учир бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, гаргаж өгөх баримтгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2014 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн үлдэгдэл 30,360,802 төгрөг, төлж барагдуулах ёстой өр болох  22,000,000 төгрөг нийтдээ 52,360,802 төгрөгийг ХБХК-иас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч ХБХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй бөгөөд   “...санхүүгийн анхан шатны баримтыг нэхэмжлэгч Д.Б алга болгосон, компанийн ТУЗ-ийн шийдвэргүйгээр нэхэмжлэгч өөрийн хувийн автомашиныг ШШГГ-ын харъяа /ШТН/ УТҮГ-т компанийн өр төлбөрт шилжүүлсэн зэрэг асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд ХБХК-ийн гүйцэтгэх захирлын 2011.01.02-ны өдрийн 03 дугаартай албан тушаал өөрчлөх тухай тушаалаар тооцооны нягтлан бодогч Д.Бг 2011.01.02-ны өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчоор томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2010.01.01-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор, 2011.01.02-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ХБХК-д ажиллаж байсан, талуудын тайлбарласнаар ажлаас чөлөөлөгдсөн эсхүл албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлсэн талаар Д.Бгийн 0381969 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно гэж заажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Л.Давааням, ерөнхий нябо Д.Б нарын 2016 оны үйл ажиллагааны тайланг 2016.11.30-ны өдрөөр тасалбар болгон, дотоод аудитын шалгалт дуустал 2016.12.01-ний өдрөөс эхлэн тус тус албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн, улмаар  Д.Бгийн ажлыг 2017.01.20-ний дотор хүлээлцүүлэх комисс томилсон тухай ХБХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын 2016.11.30-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн  01, 03 дугаартай тогтоолууд хэрэгт авагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ, 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй болно.

Дээрх байдлаас үзэхэд Д.Бг ажлаас халагдсан, ажилтан ажлаа хүлээлгэн өгсөн талаарх үйл баримт тогтоогдоогүй, Д.Бгийн 0381969 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн олгогдсон огноо болон 2014, 2015 онуудын сарын цалин, төлсөн шимтгэлийн бичилтүүд засвартай, 2014 оноос 2016 оны 11 дүгээр сар хүртэлх цалингийн үлдэгдэл 30,360,802 төгрөгийн тооцоог гаргасан жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, түүний цалингийн хэмжээг өөрчилсөн талаарх нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн үлдэгдэл 30,360,802 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна, 43.4-т зааснаар ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй болно.

ХБХК-ийн гүйцэтгэх захирлын 2011.01.27-ны өдрийн 02 дугаар цалин өөрчлөх тухай тушаалаар нэр бүхий ажилтнуудын цалинг өөрчилсөн, тооцооны нябо Д.Бгийн сарын цалин 600,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд үүнээс хойш түүний цалингийн хэмжээг  1,200,000 төгрөг 1,500,000 төгрөгөөр тогтоож өөрчилсөн талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нягтлан бодогч Д.Бгийн эзэмшлийн 00-30 УНП улсын дугаарын Toyota Harrier/MHU380049077 маркийн 2006 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн автомашиныг 22,000,000 төгрөгт тооцож, ХБХК-ийн  ШШГГ-ын харъяа /ШТН/ УТҮГ-т өгөх шохойны өр төлбөрт өгсөн болох нь 2015.09.14-ний өдрийн Өр төлбөр барагдуулсан акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

ШТН ТӨААТҮГ, ХБХК-ийн хоорондын авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар эхний үлдэгдэл 79,172,684.62 төгрөг байсан эцсийн үлдэгдэл 50,667,332.98 төгрөг болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХБХК-ийн захирал Б.Наранзул “...ШТН-д төлөх ёстой өр 70-аад сая төгрөг байсан одоо 50-иад сая төгрөг болсон, Д.Бгийн өмчлөлийн автомашиныг 22,000,000 төгрөгөөр тооцож өрнөөс суутгасан талаар маргахгүй” гэж тайлбарласан болно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдол үүссэн байхыг шаарджээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай бөгөөд эд хөрөнгийнх нь бүрэлдхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх нөхцөл буюу  ХБХК-ийн данснаас бусдын өрөнд төлөгдөх байсан 22,000,000 төгрөг компанийн дансанд үлдсэн гэж үзээд 22,000,000 төгрөгийг ХБХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

Д.Бгийн дээрх үйлдлийг Компанийн тухай хуулийн 84, 90, 93 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж хариуцагч тайлбарладаг боловч    ХБХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранзулын гаргасан “...тус компанийн гүйцэтгэх захирал Л.Давааням, нягтлан бодогч Д.Б нар нь бүлэглэн компанийн 221,269,417 төгрөгийг завшсан” гэх гомдлын дагуу Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа талаарх Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017.06.27-ны өдрийн 0749 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар  хариуцагч ХБХК-иас 22,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,360,802 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХБХХК-иас 267,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ