Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0022

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5-р баг “Ариунхайрхан” ХХК-ний захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох

     “Ариунхайрхан“ ХХК-ний эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг татварын өрөнд суутган балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0011/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Наранхүү, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга С.Мөнхтөр, гэрч Ч.Батсуурь хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК-ийн Б.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын буртгэлийн Ерөнхий газрын харьяа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар №ЛВГ-17/07 Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Нэгдэл дундын үйлдвэр" хувьчлагдан "Өгөөмөр" ХХК байгуулагдсан. 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 38253 тоот регистрээр "Өгөөмөр" ХХК хуулийн этгээдийн нэр хариуцлагын хэлбэрээ өөрчлөн "Ариун хайрхан" ХХК нэртэйгээр 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2007916 тоот регистрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

         НДҮ-ийн үед ажилчиддаа зориулан ашиглалтанд оруулсан 8-н айлын орон сууцыг төвийн халаалтын төлбөрийг төлж чадахгүй болсон тул оршин суугчид нь амьдрах аргагүй болсон. Энэ үед сумын Засаг даргын Тамгын газар манай өмчинд байх 8-н айлын орон сууцыг татварын өрөндөө суутган хураан авч, сумын Засаг даргын Тамгын газрын ажлын албаны контор болгосон ба түүнээс хойш татвараа мөнгө ба малаар төлье, байраа буцааж авья, гэж удаа дараа шаардаж байсан боловч одоог хүртэл татгалзсан хариу өгч улмаар манай эзэмшдэг 8-н айлын орон сууцын байшингийн суурь хэсэгт хамрах газрыг хүртэл Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжаар 000433503 тоот гэрчилгээ олгон шүүхийн шийдвэргүйгээр төрийн байгууллага бусдын өмчийн үл хөдлөх хөрөнгийг татварын өрөндөө суутган булаан авч, бидний өмчинд халдан эзэмшиж өдийг хүрлээ. Үүнээс өмнө шүүхэд хандаж байсан боловч эрх зүйн орчин бүрдээгүйгээс уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсан.

       Харин 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн тул биднээс байгууллагын нууц гээд үзүүлэхгүй байгаа 1994 оны Засаг даргын балансаас балансанд шилжүүлэн татварын өрөнд суутган хурааж авсан 8-н айлын орон сууцыг зориултыг нь өөрчлөн албан контор болгосон шийдвэр илт хууль бусыг тогтоолгохоор төрийн болон Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх зүйн орчин бүрдсэн тул энэхүү нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтын хамт Захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтой болов. Түүнчлэн өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 8-н айлын орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэх гэтэл үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх захирамж гарсан учир бүртгүүлж, гэрчилгээ авах эрх зүйн орчин бүрэлдэхгүй байх тул Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 тоот захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.

       Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг “мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34-р захирамжаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцаанд холбогдох газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодотгож байна” гэжээ.

     Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн эзэмшилд байсан 8 айлын орон сууц хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газрын лавлагаагаар Нэгдэл дундын үйлдвэрээс “Өгөөмөр” ХК-д, “Өгөөмөр” ХК-иас “Ариун хайрхан” ХХК-д залгамжилж ирсэн. Нэгдэл дундын үйлдвэр тухайн үед 500-аад ажилчидтай 18 аймагт тээвэр хийдэг, Булган аймгийн бүх сумдад хүрч ажилладаг мал аж ахуй, барилга дээр суурилсан аж ахуй нэгж байсан. Энэ хамтын аж ахуйн нэгж Монгол Улсын хэмжээнд 1991 оны цагаан морин жилийн хувьсгал өрнөж өмч хувьчлах үед өмч хувьчлалын тухай хуулиар хувьчлагдаж байсан. Хүмүүсийн ойлгож байгаа шиг одоогийн компанийн 25 жилийн дараах өнцгөөс хараад байгаа шиг энэ компанийг байгуулахад тэр хувь хүмүүс хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Тухайн үед улсын болон хоршооллын гэсэн хоёр өмч байсан. Энэ хоёр өмч хоорондоо шилждэггүй байсан. Ийм учраас би энэ хоёр өмч хоорондоо шилждэггүй талаар шинжээч томилуулах хүсэлт оруулсан боловч шүүх миний хүсэлтийг авч хэлэлцээгүй. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэр 400-аад хүнтэй байсан. Энэ 400-аад хүнээс ихэнх нь жолооч малчин байсан. Эдгээр хүмүүс цэнхэр, ягаан тасалбараар өөртөө оногдсон мал, машинаа аваад явсан. Засаг даргын тодорхойлсноор үүнээс 200 ажилчин “Өгөөмөр” ХК-д үлдсэн. Энэ Нэгдэл дундын үйлдвэрээс “Өгөөмөр” ХК руу шилжих үед ямар ч үл хөдлөх хөрөнгө бусдад шилжигдээгүй. Ингээд хойд талын хашаанд үлдсэн 7 байр нь 4 айлын 2 орон сууц, нэг айлын 4 орон сууц, тухайн үед манай хоёр давхар тоосгон байшин байсан. Энэ байшин хүртэл эзэмшиж байсан хүндээ шилжсэн. Одоо балансаас балансанд гэдэг яриаг тодруулж хэлэхэд энэ Нэгдэл дундын үйлдвэр хоршоолсон ардын өмч байсан учраас Могод сумын “Оч” нэгдэл, Дашинчилэн сумын “Туяа” нэгдэл,  Бүрэгхангай сумын “Урагшаа” гэх нэгдлүүдэд тухайн үед Нэгдэл дундын хөрөнгөөр баригдаж байсан 4 айлын орон сууц, Уньтын хөрөө рам зэргийг тухайн үед нутгийнх нь нэгдлийн дансанд нь балансаас балансанд шилжүүлсэн. Энэ бол хоршоолсон  малчдын хөрөнгөөр боссон эд хөрөнгө учраас хуулиараа зөвшөөрөгддөг. Ингээд Хишиг-Өндөр суманд бий болж байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд бүгд “Өгөөмөр” ХК-д шилжсэн. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн газрын лавлагаа дээр тодорхой байдаг. Би гэрчээр байцаагдсан С.Банзрагчийг урьд өмнө удаа дараа өмч хөрөнгөнд халдаж, өмч хувьчлалтай холбогдуулж маргаан гаргаж явахдаа шүүхэд худал мэдүүлэг өгсөнд арга хэмжээ авахуулмаар байна. Энэ хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримт шинжлэн судлахад нотлох баримтаас хасуулах хүсэлт тавина. Би үүнийг яагаад ярьж байна вэ? гэвэл “ Өгөөмөр” ХК-ийн үед 200-аад хүмүүс хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулж арилжаалаад Болдбаатар, Балган, Жанчив гэх 4,5 хүн худалдаж аваад сүүлдээ 12 хүн болсон. Ингээд 12 хүн нь өмчөөсөө болоод хоорондоо маргалдаж явсаар байгаад шүүх дээр сүүлд  Банзрагч, Болдбаатар, Дорж бат гэх нэр бүхий 10 хүнд ногдол хувьд нь мөнгөн төлбөрийг өгөөд “Ариун хайрхан” ХХК нэг гишүүнтэй болсон юм. Энэ 8 айлын орон сууц хэрхэн Засаг даргын Тамгын газар шилжсэн бэ? гэвэл Нэгдэл дундын үйлдвэр өөрийнхөө хөрөнгөөр 24 айлын орон сууц бариулахаар зураг зуруулсан. Энэ 24 айлын орон сууцнаас нэг 8 айлынх нь сууцыг ашиглалтанд оруулсан,  бусдын суурийг нь цутгаат орхисныг одоо цэцгийн мандал хийсэн байсан. Яагаад ингэж шийдэв гэхээр тухайн үед хууль эрх зүй боловсронгуй болоогүй, улс орны эдийн засаг хүнд байдалд байсан учраас Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан зарим айлууд уг байранд эхний улиралд хагас дутуу халаалт авч суугаад, халаалтаа шийдэж чадаагүй учраас айлууд нь байрнаасаа гарсан. Ингээд одоо хүртэл газар эзэмших гэрчилгээний захирамжийг гаргаж өгөхгүйгээр манай ажилд саад болж байна. Эмнэлэг, сургууль гэх мэт төрийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхэд балансаас балансад шилжүүлдэг юм. С.Мөнхтөр, Н.Ганхөлөг нарын манай байшинг балансаас балансад авсан танайд газрын гэрчилгээ өгөхгүй гэж хэлдэг. Захиргааны шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд илт хууль бусад тооцуулж өгөхийг хүсэж байна. Ингээд Үндсэн Хуульд заасан зүйлүүдийг баримтлан миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн өөр байгууллагын дотоод журмаас авсан баримтыг хавтаст хэргээс хасаж өгнө үү гэж хүсэж байна. Нэгдэл дундын үйлдвэрээс “Өгөөмөр” ХК-д, “Өгөөмөр” ХК-иас “Ариун хайрхан” ХХК нь хууль ёсны залгамжлагч мөн гэсэн Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гэрчилгээ байдаг. Энэ бол МУ-ын Нөхөрлөл компанийн тухай хуулинд компани шинээр үүсгэн байгуулах, хуваагдах, задрах, охин компани болох талаар тодорхой заасан байдаг. Би Нөхөрлөл компанийн тухай хуулиар хууль ёсны эзэмшигч нь мөн. Нэгдэл дундын үйлдвэр 18 аймагт үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ хүмүүс нь өмч хувьчлалын үеэр ягаан, цэнхэр тасалбараа ихэнх нь мал, техникээ аваад явсан. Үүнээс үлдсэн мал, эд хөрөнгөөр Болдбаатар, Жанчив, Дорж бат, Болор, Банзрагч, зэрэг нэр бүхий 17 хүн үлдэж “Ариун хайрхан” ХХК байгуулсан. Энэ бүхний цаана компанийн дүрмийн сан хөдлөөгүй. Намайг авахад 51.5 сая төгрөгийн дүрмийн сантай байсан. Одоо 2017 онд хүртэл дүрмийн сан хэвээрээ байгаа. 8 айлын орон сууцыг энэ байшин эвдэрхий тоногдоод үлдсэн байшин гээд хавтаст хэрэгт авагдсан байсан. Би эзэнгүй байшин биш гэдгийг батлаад хоёр байшингийн үл хөдлөх гэрчилгээг авчирсан юм. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гээд иртэл үл хөдлөх бүртгэлийн газар танай энэ хөрөнгийг Хишиг-Өндөр сумын Засаг дарга 34 тоот захирамжаар авсан байна. Үүнийг хүчингүй болгож ирээд гэрчилгээгээ ав гэж хэлсэн. Би Монгол улсад батлагдсан хуулийн дагуу өмч хөрөнгөө нэхэмжилж байна гэв.

       Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг дарга С.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК-ийн захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж банйа. Учир нь тухайн үед “Ариун хайрхан” ХХК нь байгуулагдаагүй Нэгдэл дундын үйлдвэрийн бааз суурин дээр “Өгөөмөр” ХК байгуулагдаж захирал Л.Намсрайн үед балансаас балансад шилжүүлсэн.

       Сумын өмч хувьчлалын ажлыг гардаж зохион байгуулж байсан сумын өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Ч.Батсуурь болон бусад хүмүүс уг барилгын түүхийг сайн мэднэ.

       Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын байрлах 8 айлын зориулалттай баригдаж байсан орон сууц нь тухайн үед балгас болчихсон байсан юм билээ. Нэхэмжлэгч Б.Наранхүү нь “Ариун хайрхан” ХХК-ийн захирлыг ажлыг сүүлд авсан бөгөөд уг барилга “Ариун хайрхан” ХХК-д ямар ч хамааралгүй юм.

      1994 онд гаргасан Хишиг-Өндөр сум Засаг даргын захирамжийг танилцуулахгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба аливаа хууль батлагдсан хугацаанаасаа өмнө хугацаанд үйлчлэхгүй.

      Нэгдэл дундын үйлдвэр хэдэн үйл ажиллагаатай байсан. Ямар үйл ажиллагаа бүтээн байгуулж явсанд маргаагүй.

        Нэгдэл дундын үйлдвэр 1992 онд тарахдаа “Өгөөмөр” ХК болсон байдаг. Ингээд 1996 онд “ Ариун Хайрхан ХХК” болсон байдаг. “Өгөөмөр” ХК тарахад байсан өмчийн жагсаалт хавтас хэрэгт байгаа. Энэ дээр “Ариун Хайрхан ХХК-ийн өмчийг төр авчихаад байна гэдгийг ойлгохгүй байна.

       Хавтаст хэрэгтэй танилцахад 1996 онд “Ариун хайрхан” ХХК байгуулагдахад байсан өмчийнх нь бүртгэл тодорхой байсан. Хэрэв энэ бүртгэлд 8 айлын орон сууц нь тодорхой байсан бол би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.  Энэ бүртгэл дотор байхгүй байсан учраас одоо байгаа Засаг даргын тамгын газрын байрыг хувь хүнээс хуурч мэхлэж дарамтлаж авсан гэж үзэхгүй байна. Тухайн үед хуулийн дагуу болсон процесс гэж үзэж байна гэв.

      Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” ... Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын байрлаж байгаа 8 айлын зориулалттай баригдаж байсан орон сууц нь тухайн үед балгас болсон байсныг шилжүүлэн авч төсвийн хөрөнгөөр засварлаж орсон. Хууль журмын дагуу сумын Засаг даргын шийдвэр гарч гэрчилгээ олгогдсон бөгөөд газар, байшин 2 нь төрийн буюу Засаг даргын Тамгын газрын өмч юм.

             Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Ариун хайрхан” ХХК нь “Ариунхайрхан“ ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг татварын өрөнд суутган балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ариунхайрхан“ ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулан өөрчилсөн байна.

            Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэр гэх байгууллага нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлаж, тус аймгийн сумдад барилга барих, барилгын материал үйлдвэрлэл, мал аж ахуйн зэрэг үйл ажиллагаа явуулж байгаад Булган аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Нэгдэл дундын үйлдвэрээс үүсэж хувьцаат компани болохоор зохион байгуулагдсан “Өгөөмөр” ХК-ийн дүрмийн санг 7036 мянган төгрөгөөр тогтоож, “Өгөөмөр” ХК болгон баталж, компаний гишүүдэд ногдох хувь хөрөнгийг тогтоож, үлдэх хөрөнгийг Монголын хөрөнгийн биржээр худалдаалахаар, Нэгдэл дундын үйлдвэр, “Өгөөмөр” ХК-ний эхлэлтийн болон дуусгалтын балансыг зохиолгож, материалыг улсын архивт шилжүүлж, зохих журмаар улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж” шийдвэрлэсэн,

“Өгөөмөр” ХК нь 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 38253 тоот регистрээр улсын бүртгэлд бүртгүүлж, 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар уг компани тарах болж тараах комисс байгуулагдан ажилласан, уг компаний суурин дээр шинээр хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар болж,

1996 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Ариун хайрхан” ХХК-г үүсгэн байгуулах гэрээ хийж байгуулан 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ариун хайрхан” ХХК нэртэйгээр 2007916 тоот регистрээр улсын бүртгэлд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн  болох нь өмч хувьчлалын комиссын тогтоол[1], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[2], “Өгөөмөр” ХК-ний эхлэлтийн баланс[3],  “Өгөөмөр” ХК-ний тараах комиссын гүйцэтгэсэн ажлын тайлан[4], “Ариун хайрхан” ХХК-ний татвар төлөгчийн карт[5], татварын тодорхойлолт[6] зэргээр нотлогдож байна.

      Нэхэмжлэгчийн манай эзэмшлийн гэж маргаж буй Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар байрлаж байгаа конторын барилга буюу өмч хувьчлал болохоос өмнө Нэгдэл дундын үйлдвэр барьсан 8 айлын сууцны барилга нь 1990 оны үед ашиглалтанд орж тэр жилдээ халаалтын хүрэлцээгүйн улмаас хүн амьдрах боломжгүй болж тухайн байранд орсон айлууд нь гарч, эзэнгүй орхигдон эвдэрч тоногдсон, ашиглалтгүй байгаа барилгуудын жагсаалтанд орж 1992 онд аймгийн Өмч хувьчлалын комиссын судалгаанд орж байсан байх бөгөөд уг барилга нь “Өгөөмөр” ХК, “Ариун хайрхан” ХХК-ний өмчлөл, эзэмшил, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, уг барилгыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар засварлан 1993 оны үед өөрийн мэдэлд шилжүүлэн авч үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн болох нь Булган аймгийн Өмч хувьчлалын комиссын Хишиг-Өндөр суманд хувьчлагдсан үйлдвэр үйлчилгээний байгууллагын судалгаа[7], эзэнгүйдсэн ашиглалтгүй байгаа байшин барилга обьектын судалгаа[8], хариуцагч нарын тайлбар, “Өгөөмөр” ХК-ний үндсэн хөрөнгийн бүртгэл[9], гэрч Ч.Батсуурь, А.Будаасүран, М.Болормаа нарын мэдүүлэг[10], зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

       Мөн тухайн барилга нь Нэгдэл дундын үйлдвэрийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан гэдэг нь нотлогдохгүй, зөвхөн тус үйлдвэр нь улсын даалгавраар Хишиг-Өндөр суманд 8 айлын 3 сууц барихаар төлөвлөгдсөн байснаас 8 айлын 1 сууц баригдсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 тоот барилга хариуцан бариулагч томилох тухай тушаал /Баасанхүүгийн Цогжавхлан хариуцан 3х8=24 айлын сууц барих тухай/ хавсралтын хамт[11], Нэгдэл дундын үйлдвэрийн даргын даргын 1989 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 45[12], 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 115 тушаалаар[13] Нэгдэл дундын үйлдвэрийн даргын эд хөрөнгийн тооллого явуулах комисс томилсон байх бөгөөд тооллогонд хамрагдах салбар объектын жагсаалтанд 8 айлын орон сууц тусгагдаагүй байдал зэргээр тогтоогдож байх ба 

   БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд “хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллагын эд хөрөнгө хамаарна”, мөн хуулийн 16 дугаар зүйлд Их хувьчлалд “төрийн өмчид үлдэх үйлдвэрийн газар болон бага хувьчлалд хамрагдсанаас бусад” үйлдвэрийн газрын эд хөрөнгө хамаарна, 17 дугаар зүйлд “Их хувьчлалыг БНМАУ-ын иргэд эрхийн бичгээ оруулан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авч хувьцаат компани байгуулах замаар хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Нэгдэл дундын үйлдвэр Их хувьчлалд хамрагдаж, “Өгөөмөр” ХК байгуулагдаж байснаас харахад Нэгдэл дундын үйлдвэр нь хоршооллын байгууллага биш улсын байгууллага /улсын үйлдвэрийн газар/ байсан учраас Их хувьчлалд хамрагдаж хувьчлагдсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн Их хувьчлалын тухай гэсэн аймгийн өмч хувьчлалын комиссын 51 дүгээр тогтоол[14] , хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[15] болон “Өгөөмөр” ХК-ний баримтуудаар тогтоогдож байна.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн “Нэгдэл дундын үйлдвэрийн барилга байгууламжийн элэгдлийн тооцоо” “батлав” сумын Өмч хувьчлалын комиссын дарга М.Батсуурь гэсэн гарын үсэгтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа” гэсэн тамгатай хэзээнийх болох нь тодорхойгүй, огноогүй баримтад байгаа барилга байгууламжийн жагсаалтад “8 айлын орон сууц” гэсэн байх боловч уг баримт нь эх хувиараа зөвхөн нэхэмжлэгчид байсан, /аймаг, сумын архивын баримтад авагдаагүй/, уг баримтад бичигдсэн барилга байгууламжуудаас “Өгөөмөр” ХК үндсэн хөрөнгийн бүртгэлд чулуун склад, конторын байшин, Нэгдэл дундын үйлдвэрийн хашаа, а/а тоосгон склад, 4 айлын сууц/ үнийн дүн, ашигласан хугцаа зөрүүтэй/, зочид буудал, барилгын сараа, вагончик, худаг, ц/н хөгжим, 14086 төгрөгийн үнэтэй 3 вагончик, 305666 төгрөгийн үнэтэй сантехникийн цех гэсэн нь 1991 онд ашиглалтанд орсон Мужааны барилга нэртэйгээр, блокон цех,” уурын зуух-173836, гадна дулаан-150113” гэсэн нь хамтдаа 1990 онд ашиглалтанд орсон 323950 төгрөгийн үнэтэй гэж тус тус бүртгэгдсэн,

харин 211788 төгрөгийн өртөгтэй мужаан цех, 995310 төгрөгийн өртөгтэй шинэ клуб контор, 710325 төгрөгийн өртөгтэй 8 айлын орон сууц гэсэн 3 барилга нь Булган аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны баримтын “эзэнгүйдсэн ашиглалтгүй байгаа зориулалт бусаар ашиглагдаж байгаа байшин барилгын судалгаанд“ эзэнгүй ашиглалтгүй болсон шалтгаан нь “гүйцэд баригдаагүй” гэж бүртгэгдсэн, 8 айлын орон сууцны барилгыг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар засварлан, өөрийн мэдэлд авч өмч хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн барилга байгууламжийн элэгдлийн тооцоо[16], Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 1994 оны тооллогын бүртгэлд “8 айлын сууц” гэж бүртгэгдсэн байдал[17], аймгийн Өмч хувьчлалын комиссын эзэнгүйдсэн эд хөрөнгийн судалгаа[18],  “Өгөөмөр” ХК-ний үндсэн хөрөнгийн бүртгэлийн “Орон сууц байр” гэсэн хэсгийн бүртгэл[19], гэрч Ч.Батсуурийн шүүхэд[20] болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

     БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд “эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно” гэж, 10 дугаар зүйлд “1. үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харьяалах дээд байгуулллагад нь шийдвэр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гаргана. 2. Хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж , Монгол Улсын Дээд шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолд “...хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаан гэдэгт хувьчлах эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, түүнчлэн уг эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөний дараа түүнийг шилжүүлэхтэй холбогдож үүссэн маргааныг ойлгоно, ...Засгийн газрын Өмч хувьчлалын комисс тогтоол гарган шийдвэрлэсний дараа хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд “Ариун хайрхан” ХХК нь 8 айлын орон сууцыг үнэхээр хувьчлан авсан бол түүнд дээрх хуульд зааснаар өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгогдох байтал тэр нь байхгүй, уг сууцыг 1994 онд шилжүүлэн авсан гэх боловч Нэгдэл дундын үйлдвэр нь /1994 онд байгаагүй/ 1992 онд хувьчлагдаж “Өгөөмөр” ХК болж 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 51 дүгээр тогтоол гарсан байхад тухайн үеийн хуульд заасан хугацаанд хэн ч ямар нэг гомдол /8 айлын орон сууцны талаар/ гаргаж байгаагүй байна. 

      Харин Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь Булган аймгийн Өмч хувьчлалын комиссын ашиглалтгүй байгаа, эвдэрч тоногдсон эд хөрөнгийг хэрхэх тухай өгсөн чиглэлийн дагуу 8 айлын орон сууцыг хөрөнгө бүрдүүлж засварлан өөрийн өмчөөр бүртгэсэн болох нь Хишиг-өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын баримтанд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл[21], 1994, 1995 оны эд хөрөнгийн тооллогын бүртгэл[22], тухайн үед сумын өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн дарга, Хишиг-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан гэрч Ч.Батсуурийн мэдүүлэг[23], Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3/115 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна: 1/ “ энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө...” гэсний дагуу уг 8 айлын орон сууц буюу Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын барилга нь төрийн өмч гэж үзэхээр байна.

        Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн албан конторын барилгын доорхи газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжаар[24] эзэмших эрх авч, 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ[25] байгуулж, газар эзэмших эрхийн 000433503 дугаарын гэрчилгээ[26] авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

     Иймд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын барилга буюу 8 айлын сууцны барилга нь Нэгдэл дундын үйлдвэр болон “Өгөөмөр” ХК-ний өмчид хамаарч байгаагүй учир “Өгөөмөр” ХК-ний татварын өр төлбөрт балансаас балансад авсан гэх үндэслэл тогтоогдохгүй, уг барилгыг газрын хамт Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн үйл ажиллагаа нь “Ариун хайрхан” ХХК-ий эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, уг үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн ямар ч эрх зөрчигдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

      Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн 00041400914 дугаарын дансанд төлснийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байсан бөгөөд уг захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 106.4 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. БНМАУ-ын Өмч хувчлах тухай хуулийн 9, 10 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Ариун хайрхан” ХХК-иас тус сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдуулан гаргасан “Ариун хайрхан“ ХХК-ийн эзэмшлийн 8 айлын орон сууцны барилгыг балансаас балансад авсан гэх 1994 оны Хишиг-Өндөр сумын Засаг даргын үйлдэл, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусад тооцуулах, мөн сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр захирамжийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр олгосон газраас 8 айлын орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган төрийн сангийн 0041400914 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр захирамжаас улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНТУЯА

 

 

 


[1] Хэргийн материалын 96-р хуудас

[2] Хэргийн материалын 46-р хуудас

[3] Хэргийн материалын 221-224-р хуудас,

[4] Хэргийн материалын 97-100-р хуудас

[5] Хэргийн 144-145-р хуудас

[6] Хэргийн 143-р хуудас

[7] 215-р хуудас

[8] 216-р хуудас

[9] 101-108-р хуудас

[10] 177-180-р хуудас

[11] 231-232-р хуудас

[12] 240-242-р хуудас

[13] 237-239-р хуудас

[14] 96-р хуудас

[15] 46-р хуудас

[16] Хэргийн материалын 17-р хуудас

[17] Хэргийн 185-р хуудас

[18] Хэргийн 216-р хуудас

[19] Хэргийн материалын 104-р хуудас

[20] Хэргийн 177-1787-р хуудас

[21] Хэргийн 183-184-р хуудас

[22] Хэргийн 185-р хуудас

[23] Хэргийн материалын 177-178-р хуудас

[24] Хэргийн материалын 51-р хуудас

[25] Хэргийн 167-р хуудас

[26] Хэргийн 168-р хуудас