Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 326

 

 

Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор Н.Амарсанаа,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ган-Эрхийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарт холбогдох 201601000157 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ганбатын Ган-Эрхи, 1990 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4 дүгээр гудамжны 218 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УЗ90011316/,

 

Мөр овогт Эрдэнэбилэгийн Үүртуяа, 1993 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 24 настай эмэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Улаан худаг гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 4-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НЛ93010501/,

 

1. Г.Ган-Эрхи нь 2016 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвецын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм өвс, 1.6 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 32-90 УНХ улсын дугаартай “Тоyota Prius-20” загварын, автомашинд хадгалсан,

2016 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 639.9 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Матка гэгчээс хууль бусаар олж авч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот буюу өөрийн гэртээ хадгалсан,

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Баянаа гэгчээс хууль бусаар олж авсан,

2014 оноос 2016 онд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 65.6 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах бодис агуулсан ургамалыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 4-218 тоот хашаанд хууль бусаар тарьж, ургуулсан,

 

2. Э.Үүртуяа нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ны 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 15.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр Г.Ган-Эрхийн жолоодож явсан 32-90 УНХ улсын дугаартай “Тоyota Prius-20” загварын, автомашинаас хууль бусаар олж авч 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 11.9 граммыг өөрийн гар цүнхэнд буюу биедээ 3.9 граммыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар гудамжны 749 тоотод байх гэрийн унинд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Г.Ган-Эрхид холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар, Э.Үүртуяад холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ган-Эрхийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хашаандаа тарьж ургуулсан гэмт хэргийг, Э.Үүртуяаг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрхийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Э.Үүртуяаг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ган-Эрхид оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Э.Үүртуяад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарын цагдан хоригдсон нийт 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Э.Үүртуяад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Ган-Эрхид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Э.Үүртуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ган-Эрхид цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг, Э.Үүртуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Ган-Эрхи гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 30-нд уг баривчлах ялыг эдэлж дуусч, уг гэмт хэргийн ялтай байдал нь 2014 оны 6 дугаар сарын 30-нд дууссан. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 2014 онд шийтгүүлсэн гэмт хэргийн ялтай байдлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хамааруулж ялгүйд тооцсон. 2016 оны 8 дугаар сарын 24-нд анх баригдаж шалгагдаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлд заасан хэргийг 2014 оны 7, 8 дугаар сард үйлдсэн гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд өршөөлийн хуульд хамаарагдах эсэхийг шалгаж өгнө үү. Мөрдөн байцаалтын явцад Ботаникийн мэргэжилтэн Мөнхжаргал гэх хүний тайлбараас өөр нотлох баримтгүйгээр ялласанд гомдолтой байна...” гэжээ.

 

Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ган-Эрхийг анхан шатны шүүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, хадгалсан, мөн мансууруулах төрлийн бодис тарьж ургуулсан гэх гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Г.Ган-Эрх давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 195 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэсэн. Г.Ган-Эрхи нь тухайн ургамлыг 2014 онд өөрийн эзэмшлийн хашаанд тарьж ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин прокуророос түүнийг уг ургамлыг тарьж, ургуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх энэ үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан. Тухайн ургамлыг ургуулсан гэх үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийхэд тухайн ургамал нь ургасан байсан учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах боломжгүй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүрэн гүйцэт хийгдээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Ган-Эрхийн сэжигтнээр өгсөн “...Сарын өмнө 21 дүгээр хороололд байдаг Матка гэх найзаасаа бага хэмжээтэй өвс, шавар зэргийг олж авсан. Матка намайг авах уу гэхээр нь авсан. Надад худалдаагүй, өгөхөөр нь л сонирхоод авчихсан. ...Өчигдөр шөнө Баянаа гэх найзаасаа жоохон мөс зүгээр авсан...” /1-р хх-202-203, 205-206/ гэж хар тамхи мансууруулах төрлийн бодисыг олж авсан эх сурвалжаа заасан мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаж, Матка, Баянаа гэх найзаасаа авсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 23.4 грамм, 639.9 грамм өвс, 1.6 грамм шавар, метамфетамины агууламж бүхий 0.1 грамм мөс гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг олж авсан эх сурвалжийг тогтоох шаардлагатай ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Сэжигтэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан хэдий боловч энэхүү эрхээ эдлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр саад болох, худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад мэдүүлэг өгөхөөр хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл болохыг анхаарвал зохино.

 

Түүнчлэн Э.Үүртуяагийн сэжигтнээр “...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Г.Ган-Эрхийн машины урд талын хайрцаг дотор ууттай өвс байхаар нь “энэ юу” гэхэд “татдаг өвс” гэхээр нь “бага зэргийг өгчих” гээд төмөр саванд хийж авсан...” /1-р хх-213-216/ гэж Г.Ган-Эрхээс уг бодисыг авсан тухай мэдүүлсэн байхад Г.Ган-Эрхийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулсан гэмт үйлдлийн талаар шаардлагатай ажиллагаа хийж, хууль зүйн зөв дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

 

Мансууруулах бодисыг борлуулах үйлдлийг бусдад худалдахаас гадна бэлэглэх, солилцох, өрөнд өгөх зэрэг ямар нэгэн хэлбэрээр түгээж байгаа үйлдлийг хамруулан ойлгох нь хуульд нийцнэ.

 

Иймд Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”, 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” гэж заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны эцэст Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарын гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул ялтан Г.Ган-Эрхийн гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ган-Эрхи, Э.Үүртуяа нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Г.Ган-Эрхид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Э.Үүртуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                         Б.ЗОРИГ                   

                                                                                          

                                                                                                 Н.БАТСАЙХАН