Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 5109

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 20-р байрны 62 тоотод байрлах, РД-2737515,  Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 40С байрны 81 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЕ75062265, Цорс овогт Санжаагийн Ариунтуяад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 14955740 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах, барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7 сая төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байгууллагын зээлийн эдийн засагч Б.Баясгалан, Б.Сайнбат, хариуцагч С.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14955740 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт  барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулах,  уг орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох  үнэ 7 сая төгрөг болохыг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ариунтуяа манай ББСБ-д 10 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 34-р байрны 18 тоот дахь, С.Чингэсийн өмчлөлийн 35,55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн 15/2043 дугаар гэрээг 2015-05-08 өдөр байгуулж, 10 000 000 төгрөгийг 2015-05-11 өдөр түүнд олгосон.

Зээлийн гэрээний хугацааг сунгасаар 2016-03-02 өдөр хугацаа дууссан боловч зээлдэгч С.Ариунтуяа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд түүнээс зээлийн гэрээний үүрэгт 14967240 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж,  зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3 369 433,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636 900 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 13 917 933,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний үүргийг барьцаалсан орон сууцыг худалдсан үнээс  хангуулахыг хүсч байна.

Мөн барьцааны гэрээнд орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр хариуцагчтай тохирсон бөгөөд гэрээнд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг уг үнийн 70 хувиар тогтоохоор тохирсон тул албадан дуудлагаар худалдахад санал болгох  үнэ 7 000 000  төгрөг болохыг тогтоож өгнө үү? гэв. 

Хариуцагч С.Ариунтуяа  тайлбартаа:  13 917 933,33 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би 5 608 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд хүүд 1 500 000 төгрөг төлөх ёстой. Гэрээний хугацааг сунгуулахаар би хүсэлт өгсөн. Гэрээний хугацааг сунгахдаа бичгээр гэрээ хийгээгүй тул би хэтэрсэн хугацааны хүүг төлөхгүй. Иймээс миний төлсөн мөнгө зээлээс хасагдаж тооцогдох тул би 6 492 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Барьцаалсан орон сууцаар үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Би бусдаас авцаатай. Түүгээр зээлээ төлнө. Дүү С.Чингэсийн энэ  орон сууц 75 000 000 төгрөгийн үнэтэй. 10 000 000 төгрөгөөр үнэлснийг би мэдэхгүй. 7 000 000 төгрөгөөр үнийг тогтоохыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрөл, С.Ариунтуяагийн өргөдөл, зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө олгосон баримт, зээлийн гэрээний үүргийн тооцоолол, төлбөр төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Ориент инвест  ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажилагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх тул хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнтэй  2015-05-08 өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээг  бичгээр гэрээ байгуулан,   хариуцагчид 10 000 000 төгрөгийг, сард 5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар  зээлдүүлэхээр тохирч,  2015-05-11 өдөр хариуцагчид 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, өргөдөл, мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015-08-11 өдөр дуусах байсан байх бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний хугацааг 2015-08-12 өдрөөс 3 сарын хугацаагаар сунгасан, 2015-12-02 өдрөөс 2016-03-02 өдрийг хүртэл сунгуулах хүсэлтийг хариуцагч нэхэмжлэгчид бичгээр  гаргасан, гэрээний дагуу төлөх үүргээс зээлдэгч зээлд 100 000 төгрөг, зээлийн хүүд  4626900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69300 төгрөгийг төлсөн зэргээс дүгнэхэд  зээлийн  гэрээний хугацааг  2016-03-02 өдрийг хүртэл  сунгаагүй гэсэн хариуцагчийн тайлбар  нь хариуцагчаас нэхэмжлэгчид бичгээр гаргасан хүсэлт, 2015-08-12 өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний сунгалт /хх-37,38/ зэрэг дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд зээлийн гэрээний хугацааг  сунгасан  тухай нэхэмжлэгчийн үндэслэл  хариуцагчийн эрх ашигт эерэгээр нөлөөлөхөөр байх тул гэрээний хугацааг 2016-03-02 өдрийг хүртэл сунгасан тухай нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг шүүх үндэслэлээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт хугацаа хэтрүүлэн нийтдээ 5406700 төгрөгийг төлсөн гэх боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт, тооцооллыг хянаж үзэхэд хариуцагч гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2016-03-02 өдрөөс хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагчийг зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3369333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636900 төгрөгийг төлөх  үүрэгтэйгээр тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 13906333,33 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч гэрээний 3.2.7-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын хөлс 11 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг хөлсийг төлсөн болохоо нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгтээ Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 34 дүгээр байрны 18 тоот дахь, 35,55 м.кв талбайтай, 2 өрөө бүхий, иргэн С.Чингэсийн өмчлөлийн орон сууцыг “ нэхэмжлэгч байгууллагад 15 сая төгрөгийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, барьцаалбар болон бусад холбогдох бүхий л гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, захиран зарцуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, УБЕГ, ЭХЭБГ-т холбогдох гэрээ, хэлцлүүдийг бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үнийн санал төлөөлөн өгөх, гарын үсэг зурах”-аар 2015-04-24 өдрөөс 2016-04-24 өдрийг хүртэл хугацаатайгаар иргэн С.Чингэсээс Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид олгосон итгэмжлэлээр, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу  түүнийг төлөөлөн  нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 153, 165 дугаар зүйлийн 153.1, 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг 2015-05-08 өдөр байгуулан, нэхэмжлэгчид С.Чингэсийн өмчлөлийн орон сууцыг барьцаалуулсан  байна.

Хариуцагч өмчлөгч болох нь тогтоогдоогүй, өмчлөгчөөс хариуцагчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байх тул өмчлөгч С.Чингэсийг төлөөлөн барьцааны гэрээг байгуулсан хариуцагчаас С.Чингэсийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 174 дугаар зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу худалдахыг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу албадан худалдуулахаар нэхэмжлэгч тус тус шаардах эрхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.1 дэхь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулах үүрэгтэй бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулж явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлдэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох, үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилохоор   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зохицуулсан тул барьцаанд байгаа орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох анхны үнийг 7 000 000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд харьяалагдахгүй юм.

Иймд нэхэмжлэлээс барьцааны гэрээний үүрэг шаардсан хэсэг болон орон сууцны үнийг тогтоолгох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60, 63  дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч  нэхэмжлэл гаргахдаа бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байтал зөвхөн мөнгөн төлбөрийн шаардлагад төлөх  хураамжийг төлсөн байгаа  байх тул  нэхэмжлэгчийн төлсөн 232787 төгрөгийг  орлогод үлдээж,түүнээс нэмж 140400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 232787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451, 453, 175, 177 дугаар зүйлийн 451.1, 453.1, 175.1, 177.1    дэх  хэсгийг баримтлан хариуцагч С.Ариунтуяагаас 13906333,33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1060906,6 төгрөгийг нэхэмжилсэн хэсэг болон барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнэээс үүргийг хангуулах, барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ  7 000 000 төгрөг болохыг   тогтоолгохыг хүссэн  хэсгүүдийг   тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60  дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид     нэхэмжлэгчийн төлсөн 232787 төгрөгийг орлогод үлдээж, түүнээс нэмж 140400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 232787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоосугай.

 3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор  зохигч шүүхээс гардаж авах   үүрэгтэй  бөгөөд  шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор  давж заалдах гомдлыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн  шүүхээр дамжуулан зохигч гаргах эрхтэйг  дурдсугай.         

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                             Д.НАРАНЦЭЦЭГ