Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1844

 

 

“Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ариунтуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 917 933,33 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах, барьцаалагдсан орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7 000 000 төгрөг болохыг тогтоолгох, нотариатын  үйлчилгээний хөлс 11 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Үүрийнтуяа,

Хариуцагч С.Ариунтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ариунтуяа нь “Ориент-Инвест ББСБ” ХХК-д 10 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 34 дүгээр байрны 18 тоот, С.Чингэсийн өмчлөлийн 35,55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сард 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн 15/2043 дугаар гэрээг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түүнд олгосон. Зээлийн гэрээний хугацааг сунгасаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дууссан боловч зээлдэгч С.Ариунтуяа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд түүнээс зээлийн гэрээний үүрэгт 14 967 240 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3 369 433,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636 900 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 13 917 933,33 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийг барьцаалсан орон сууцыг худалдсан үнээс хангуулахыг хүсч байна. Мөн барьцааны гэрээнд орон сууцны үнийг 10 000 000 төгрөгөөр хариуцагчтай тохирсон бөгөөд гэрээнд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийг уг үнийн 70 хувиар тогтоохоор тохирсон тул албадан дуудлагаар худалдахад санал болгох үнэ 7 000 000 төгрөг болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 13 917 933,33 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би 5 608 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд хүүд 1 500 000 төгрөг төлөх ёстой. Гэрээний хугацааг сунгуулахаар би хүсэлт өгсөн. Гэрээний хугацааг сунгахдаа бичгээр гэрээ хийгээгүй тул би хэтэрсэн хугацааны хүүг төлөхгүй. Иймээс миний төлсөн мөнгө зээлээс хасагдаж тооцогдох тул би 6 492 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Барьцаалсан орон сууцаар үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Би бусдаас авах авлагатай бөгөөд түүгээр зээлээ төлнө. Дүү С.Чингэсийн энэ орон сууц 75 000 000 төгрөгийн үнэтэй. 10 000 000 төгрөгөөр үнэлснийг би мэдэхгүй. 7 000 000 төгрөгөөр үнийг тогтоохыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451, 453, 175, 177 дугаар зүйлийн 451.1, 453.1, 175.1, 177.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч С.Ариунтуяагаас 13 906 333,33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 060 906,6 төгрөгийг нэхэмжилсэн хэсэг болон барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулах, барьцааны орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдахад санал болгох үнэ 7 000 000 төгрөг болохыг тогтоолгохыг хүссэн хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232 787 төгрөгийг орлогод үлдээж, түүнээс нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 232 787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт дурдснаар : "...хариуцагчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байх тул өмчлөгч С.Чингэсийг төлөөлөн барьцааны гэрээг байгуулсан хариуцагчаас С.Чингэсийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу худалдахыг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу албадан худалдуулахаар нэхэмжлэгч тус тус шаардах эрхгүй байна" гэсэн байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т "Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно" гэж заасны дагуу өмчлөгч С.Чингэсээс хариуцагч С.Ариунтуяад олгосон 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлийн дагуу С.Ариунтуяа нь тус ББСБ-тай 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 15/2043 тоот Зээлийн гэрээ болон 15/4045 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахад итгэмжлэлийн хугацаа нь дуусаагүй хүчинтэй байсан. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" мөн энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэсэн заалтуудыг үндэслэн тус ББСБ нь үүрэг гүйцэтгэгч С.Ариунтуяагаас С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардах эрхтэй байна. Мөн Иргэний Хуулийн 158 дугааар зүйлийн 158.1-т "Шаардах эрх үүссзн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" гэж заасны дагуу тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй байна. Ийм учраас хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлөгчийн хийсэн хэлцлийг итгэмжлэлийн хуулийн хугацаа дууссан үед хүчингүй болно гэсэн хуульд заагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд тус ББСБ нь гомдолтой байна.

Шийдвэрт дурдснаар "Нэхэмжлэгч гэрээний 3.2.7-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын хөлс 11 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг хөлсийг төлсөн болохоо нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна" гэсэн байна. Тус ББСБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулж Чингэлтэй дүүргийн нотариатч Ч.Энхтуяад үйлчилгээний хөлс 11 500 төгрөг төлсөн гэсэн тодорхойлолт мөн төлбөр төлсөн баримт хийлгэж авдаг. Уг тодорхойлолтыг мөн төлбөр төлсөн баримтын хамт шүүхэд хавсаргасан материалаар ББСБ нь өгсөн байхад нотлогдохгүй байна гэсэн үндэслэлгүй байна. Мөн нотариатчин бичиг баримтыг батлахдаа үнийн дүнтэй тамга тэмдэг дардаг. Үүнээс үзэхэд нотариатын зардалд төлсөн төлбөр нь нотариатчны батласан баримтуудаас нотлогдож байна.

Тус ББСБ нь С.Ариунтуяатай байгуулсан 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1-т заасан С.Чингэсийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг 10 000 000 төгрөгөөр С.Ариунтуяатай харилцан тохиролцсон. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу С.Ариунтуяатай тохиролцсон үнэлгээ болох 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ гэж тогтоох бүрэн боломжтой байна. Үүнээс үзэхэд тус ББСБ нь С.Ариунтуяатай байгуулсан 15/4045 тоот Хөрөнгө барьцаалах гэрээ буюу хүчин төгөлдөр хэлцлийг хуулийн заалгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шийдвэрт дурдснаар : "...улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232 787 төгрөгийг орологод үлдээж, түүнээс нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх...." гэж тус ББСБ-д шийдвэрлэсэн. Тус ББСБ нь С.Ариунтуяаг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг тус ББСБ нь бүрэн төлсөн байхад нэмж 140 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгаж өгнө үү. Шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 11 500 төргөгийг С.Ариунтуяагаас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу С.Чингэсийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол /16067/, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах, 35,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлөхөөр шийдвэрлэсэн 140 400 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь хариуцагч С.Ариунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 917 933,33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 14 дүгээр талд авагдсан итгэмжлэлд иргэн С.Чингэс өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн 15 000 000 төгрөгийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ, барьцаалбар болон бусад холбогдох бүхий л гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, захиран зарцуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах, УБЕГ, ЭХЭБГ-т холбогдох гэрээ, хэлцлүүдийг бүртгүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үнийн санал төлөөлөн өгөх, гарын үсэг зурах” эрхийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай С.Ариунтуяад Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон байна.

 

Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 15/2043 тоот зээлийн гэрээгээр хариуцагч С.Ариунтуяад 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийн барьцааны 15/4045 тоот гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 34 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 35,55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй, эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3-т С.Ариунтуяа нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр тохиролцжээ.                                                         /хэргийн 10-11 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагджээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд зээл болон зээлийн хүүд 5 347 300 төгрөг төлснөөс зээлийн гэрээний 3 сарын хүүд 1 500 000 төгрөгийг хасч, 3 847 300 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 9 900 000 төгрөгөөс хасах ёстой гэх тайлбар нь талуудын гэрээний дээрх тохиролцоонд нийцэхгүй байна.

 

Иймээс хариуцагчийн төлсөн 4 796 200 төгрөгөөс хууль болон гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлд 100 000 төгрөг, зээлийн хүүд 4 626 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 300 төгрөг суутгаж авсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үндсэн зээлд 9 900 000 төгрөг, зээлийн хүүд 3 369 333,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 636 900 төгрөг нийт 13 906 333,33 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Талууд барьцааны гэрээг байгуулах үед С.Чингэсийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зөвшөөрлийг өмчлөгч С.Чингэсээс С.Ариунтуяа итгэмжлэлээр авсан боловч уг итгэмжлэлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байна. Ийнхүү итгэмжлэлийн хугацаа дууссанаар хариуцагч С.Ариунтуяа нь барьцааны зүйлийн өмчлөгч С.Чингэсийг барьцааны зүйлтэй холбоотойгоор бүрэн төлөөлөх эрхгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргахдаа тухайн эд хөрөнгийг барьцаалуулагч буюу өмчлөгч С.Чингэсийг оролцуулах шаардлагатай. Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасан тодорхой эрх хэрэгжүүлэх боломжтой байдаг тул барьцааны үүргийг хангах тохиолдолд өмчлөгч уг ажиллагаанд оролцсон байх ёстой бөгөөд уг хэрэгт хариуцагчаар оролцоогүй барьцаалуулагчид хамааралтай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тохиолдолд барьцааны зүйлийн үнээс үүргээ хангуулах эрх нэхэмжлэгчид үүсэх тул барьцааны зүйлийг дуудлага худалдаанд санал болгох үнийг барьцаалагч, барьцаалуулагч талууд тохиролцох талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заажээ.

 

Шүүх үнэлгээ тогтоох шинжилгээний байгууллага биш бөгөөд талууд орон сууцны үнийн талаар тохиролцоогүй нөхцөлд шүүх үнэлгээг шинжилгээний байгууллагаар тогтоолгох талаар дээрх хуульд заасан тул барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг 10 000 000 төгрөгийн 70 хувь буюу 7 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулж, үйлчилгээний хөлс 11 500 төгрөг төлсөн талаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “тодорхойлолт” гэх баримт ирүүлсэн боловч уг баримт нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч зөрчсөнтэй холбоотой зардал гарсныг эргэлзээгүй нотлохгүй тул шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд мөнгөн дүнгээр 13 906 333,33 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага бүрт улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                           ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ