Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1717

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/04799 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

167 210 175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “С” ХХК-тай 2013 оноос хойш тэсрэх материал, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлж ирсэн болно. Гэвч худалдан авагч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй гэрээгээ зөрчиж ирсэн. “М” ХХК “С” ХХК-тай тооцоо нийлж үзэхэд 111 473 450 төгрөгийн өртэй болохыг хоёр талаас баталгаажуулсан болно. Иймд “С” ХХК-иас үүргийн гүйцэтгэлд 111 473 450 төгрөг, алданги 55 736 725 төгрөг, нийт 167 210 175 төгрөг гаргуулж өгнө үү. 2013 оны байдлаар 185 024 040 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 99 666 720.34 төгрөг үлдэгдэлтэй гэж гарч ирсэн. Үүнээс үндэслээд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцсон. Тэгэхээр өнөөдрийн хүртэл алдангийг тооцохоор 575 хоног, нэг өдрийн алданги 498 333 төгрөг нийт 286 541 820 төгрөг болж байна. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл 99 666 720.34 төгрөг дээр 11 806 730 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд нийтдээ 111 473 450.34 төгрөг болж байна. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний алдангийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцохоор өдрийн алданги нь 59 033 төгрөг нийтдээ 12 397 066 төгрөг болж байна. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь буюу 55 136 725 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдсэн гэдгийг өнөөдөр гаргаж өгсөн баримтад тодорхой байгаа. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 10 040 000 төгрөгийн бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Ингээд 5 дугаар сарын 26-ны өдөр борлуулалтын орлого гэж 11 044 000 төгрөгийг манай компанид хариуцагч тал учраас уг гэрээгээр хүлээх үүрэг байхгүй. Тэгэхээр 2013 оны 8 дугаар сарын 09-ний гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж нэмж бараа, бүтээгдэхүүн авсан. Гэрээний 3.2-т өмнөх гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1.1-д өмнөх гэрээний заалтууд хүчин төгөлдөр байна гэж заасан. Хариуцагч компанийн 2013 оноос хойш өр төлбөрөө барагдуулаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед хариуцагч компанийн хүсэлтийн дагуу дараагийн нэмэлт гэрээнүүдийг хийж байсан. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 185 024 040 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 99 666 720.34 төгрөг үлдсэн. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны гэрээний 6.3-д 0.5 хувийн алданги төлнө гэж заасан тул 7 сарын хугацааны алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн учраас хуулийн дагуу алдангаа тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч “С” ХХК-иас 167 210 175 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээнээс үндсэн төлбөр болох 111 473 450 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги 55 736 725 төгрөг нэхэмжилсэн нь хэт өндөр байгааг өнөөгийн Монгол улсын Уул уурхайн зах зээлийн хямралтай, зогсонги байгаагаас манай компани нь бусад харилцагч талуудаас уул уурхайн эдийн засаг муудсанаас үүдэн эдийн засгийн чадавх муу байгаагийн улмаас төлбөр төлөгдөхгүй дээрх “М” ХХК-тай өр төлбөр үүссэнийг харгалзан үзэж энэхүү бичгээр өгч буй тайлбарыг холбогдох хууль, журмын дагуу үнэлж шүүхийн зүгээс алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 167 210 175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 994 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу 102/ШШ2016/04799 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байх тул доорх үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан алданги 55 736 725 төгрөг шаардаж байгааг эс зөвшөөрч, тайлбар гаргаж эсэргүүцсэн, талуудын хооронд тооцоо нийлсэн гэрээгээр алданги тооцуулах нь үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасныг эс зөвшөөрч байна.

Учир нь талууд гэрээний нөхцөлөө харилцан тохиролцон Монгол Улсад бий болсон эдийн засгийн хямралтай уялдуулан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлөх нийт төлбөрийг 111 473 459.34 төгрөг байхаар эцсийн тооцоог нийлсэн. Энэ нь хэргийн 31 дүгээр талд авагдсан “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Тус тооцоо нийлсэн актаар ямар нэгэн алданги тооцохоор харилцан тохиролцоогүй ба тооцооны үлдэгдлийн баталгаа болгож эцсийн төлөх төлбөрийг тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн зүгээс алданги нэмж шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Мөн алданги тооцоогүй болох нь хэргийн 29 дүгээр талд авагдсан баримтаар давхар нотлогдоно. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар үүссэн өр авлагыг барагдуулах 15/06-02 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нийт үлдэгдэл 99 666 720.34 төгрөг байгаа болохыг тооцоо нийлсэн, харин энэхүү гэрээгээр ямар нэгэн алданги тооцох талаар талууд тохиролцоогүй болно.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “М” ХХК нь “С” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хийсэн тооцоогоор 99 666 720,34 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн тооцоогоор 111 473 450,34 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг акт үйлдэж баталгаажуулсан байна” гэж дүгнэсэн атлаа “хариуцагч 111 473 450,34 төгрөгөөс 99 666 720,34 төгрөгийг хуваарийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байх боловч төлөөгүй тул нийт алдангийн хэмжээ 90 364 782,85 төгрөг болсон байна. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан байх тул 55 736 725 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн үндэслэлтэй байна” гэсэн хийсвэр дүгнэлт хийн хариуцагчаас 167 210 175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь нотлогдоно:

Анхан шатны шүүхийн үнэлсэн эдгээр баримтад алдангийн талаар тооцоо нийлсэн зүйл огт тусгагдаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч “алдангийн талаар тооцоо нийлсэн зүйл байхгүй” гэж шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийн 55 дугаар талд авагдсан тэмдэглэлд тусгагдсан.

Нөгөө талаас эдгээр баримт нь “М” ХХК, “С” ХХК-ийн хооронд үүссэн өр авлагыг барагдуулах гэрээ буюу талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнүүдийн үүргийг дүгнэж эцсийн байдлаар тооцоо нийлсэн эрх зүйн ач холбогдол бүхий баримт болох нь нотлогдож байгаа. Энэхүү өр авлагыг барагдуулах гэрээгээр “Тус хоёр компанийн хоорондын тооцоогоор 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар “С” ХХК нь 99 666 720,34 төгрөгийн өглөгтэй байна. Хавсралт графикт тусгагдсанаар үндсэн өр авлагыг барагдуулахаар тохиров” гэж заасны дагуу талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хэрэв зохигчид төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа алдангийн талаар харилцан тооцох байсан бол сүүлд тооцоо нийлсэн гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийх” заалтын дагуу алдангийн тухай зохицуулалтыг тусгах байсан, мөн алдангийн тооцоог тусад нь гэрээнд тооцон оруулах байсан.

Иймээс талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хугацаа, үнийн дүнг тооцон эцсийн байдлаар гэрээг байгуулсан болно.

Өөрөөр хэлбэл талууд өмнөх гэрээний харилцааг энэхүү гэрээгээр дуусгавар болгож тооцоо нийлсэн ба энэхүү гэрээнд алдангийн талаар харилцан тохиролцсон, алданги тооцсон зүйл огт байхгүй байгааг анхаарна уу. Иймээс талууд өмнөх гэрээнүүдийн үүргийг төлбөр барагдуулах гэрээгээр сольж харилцан тохиролцсоноор өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулан алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09/08/13 дугаартай худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно...”, “мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үилчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно...” гэж тус тус заасныг зөрчсөн байгааг шүүх огт дүгнэлгүй орхигдуулсан.

“М” ХХК, “С” ХХК-иудад үйл ажиллагаа явуулахдаа гадаад валют, тооцооны нэгжээр төлбөр тооцоо гүйцэтгэх зөвшөөрлийг Монгол банк олгоогүй байх тул хэрэгт авагдсан гэрээнүүд нь хууль зөрчин байгуулагдсан болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус...” байхаар заасан тул 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09/08/13 дугаартай худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн:

1. Уг маргаанд анх шүүгч Ц.С 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан байдаг боловч түүнийг даргалагчаар томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй. \хх33\

Үүний дараа шүүгч Б.А хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан /хх-35-37\, бусад ажиллагааг хийсэн байхад тухайн хэргийг шүүгч Ц.С гаас шүүгч Б.А т шилжүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, үүнийг нотлох баримт байхгүй.

Улмаар шүүгч Б.А нь иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасны /хх-41/ дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02420 дугаартай захирамжаар шүүгч Б.А ыг хянан шийдвэрлэх шүүгчээр томилсон байна.

Өөрөөр хэлбэл тухайн маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу томилоогүй байхад уг хэрэг нь үндэслэлгүйгээр хэрэг үүсгэгдсэн, мөн хоёр шүүгчийн гар дамжихад хэргийг шилжүүлсэн тухай баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “...нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл болно.

Дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

2. Шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

“М” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Ж гэх хүний олгосон итгэмжлэлийн дагуу уг компанийг төлөөлж шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нарангарав, Ж.Т нар нэхэмжлэл гаргасан.

Харин “М” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ж.Ж мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий захирал хэн болох нь тодорхойгүй, энэ талаар бүртгэгдээгүй, мөн Орос-Монголын хувь нийлүүлсэн “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг төлөөлөх эрх, шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь Ж.Ж д олгогдсон болох нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь олон хувьцаа эзэмшигчтэй, гадаад дотоодын хувь нийлүүлсэн компани болохын хувьд, нөгөө талаас хариуцагчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаагийн хувьд дээрх байдлыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан боловч эдгээр байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

3. Хэргийн 10 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримт болох “С” ХХК-ийн алдангийн тооцоо” гэсэн баримт, мөн 40 дүгээр талд авагдсан “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг хангаагүй.

Мөн хэргийн 7 дугаар талд авагдсан “Монгол Оросын хамтарсан Монмаг Компанийг үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл” гэсэн баримт нь албан ёсны орчуулгагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлагыг хангаагүй.

Хэргийн 16 дугаар талд авагдсан 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №09\08\13 дугаартай гэрээний 10.2 дахь заалтаас хойших хэсэг нь хэрэгт авагдаагүй, гэрээний төгсгөл хэсэг нь байхгүй, уг гэрээгээр талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, гарын үсэг зурсан эсэх, хуулийн этгээдийн тамга зэргийг дарсан эсэх нь тодорхой бус, өөрөөр хэлбэл хуульд заасан хүчин төгөлдөр хэлцлийн шинжийг тухайн гэрээ хангасан эсэх нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх уг гэрээг үнэлж, дүгнэлт хийсэн.

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэлд хамаарч байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж заасныг үндэслэн маргааныг бүхэлд нь хянан үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх учир шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид тооцсон 55 736 725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулж 167 210 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн төлбөр 111 473 450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 09/08/13 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээнд нэмэлт оруулсан 2013 оны 11 дүгээр сарын 19, 2014 оны 3 дугаар сарын 14, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнүүд, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ММ-СМ-05/23 дугаар Худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СИМ-ММ-015/11.26 дугаар бүхий Худалдах-худалдан авах гэрээ тус тус байгуулагдаж нэхэмжлэгч нь тэсрэх бодис, хэрэгсэл шилжүүлж, хариуцагч нь 111 473 450 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар зохигчид тооцоо нийлж баримт үйлдсэн талаар маргаагүй байна. /хэргийн 16-19, 20-23, 24-28 дугаар тал/

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ММ-СМ-05/23 дугаар Худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөр тооцоог төлж барагдуулахаар 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15/06-02 дугаар “Өр авлагыг барагдуулах гэрээ” байгуулж, хариуцагч нь үндсэн төлбөр 99 666 720,34 төгрөгийг нэхэмжлэгчид 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 хоногийн хугацаатай 4 хуваан төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах нэмэлт гэрээ, тооцоо нийлсэн акт зэргээр алданги тооцохгүй байх талаар тохиролцоогүй байна. Иймээс хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй болно.

 

Учир нь уг “өр, авлага барагдуулах” гэх гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ММ-МС-05/23 дугаартай гэрээний үүрэгтэй холбоотой талаар заасан байх тул уг хэлцлээр үүссэн үүргийг гүйцэтгэх хугацааг тодорхойлсон өөрчлөлт оруулсан болохоос үндсэн гэрээг бүхэлд нь, түүний дотор алдангийг тогтоосон заалтыг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тус ММ-СМ-05/23 дугаартай гэрээний 6.4-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар төлөхөөр тохиролцсон байх тул төлбөр төлөх графикт заасан хугацаанаас нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх хугацаанд алдангийг 0.05 хувиар тооцох үндэслэлтэй юм. /2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд 25 000 000 төгрөгт ногдох 290 хоногийн алданги 3 625 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд 25 000 000 төгрөгт ногдох 274 хоногийн алданги 3 425 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд 25 000 000 төгрөгт ногдох 259 хоногийн алданги 3 237 500 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд 24 666 720 төгрөгт ногдох 243 хоногийн алданги 2 997 006 төгрөг/ /хэргийн 29, 21 дүгээр тал/

 

Түүнчлэн талууд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр СМС-ММ-015/11.26 дугаартай гэрээ байгуулж, өмнөх үлдэгдэл 99 666 720,34 төгрөг дээр 11 806 730 төгрөг нэмэгдэж нийт үлдэгдэл төлбөр 111 473 450,34 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тооцоо нийлсэн нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн актаар тогтоогдсон байна. /хэргийн 31 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн СМС-ММ-015/11.26 дугаар гэрээний 6.3-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар, төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулахаар тус тус тохиролцсон байх тул сүүлийн нэмэгдсэн 11 806 730 төгрөгт, алдангийг талууд тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 30 хоногийн дараагаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 90 хоногийн хугацаагаар тооцож /11 806 730 төгрөг х 0.5% х 90 хоног=5 313 028 төгрөг/ хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. /хэргийн 25, 31 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 111 473 450 төгрөг, алданги 18 597 534 төгрөг, нийт 130 079 980 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас шаардах эрхтэй байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн нэр, хэргийг шийдвэрлэж буй шүүгч тус тус өөрчлөгдсөн болон хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Ж-ийн олгосон итгэмжлэлийн дагуу Д.Н , Ж.Т нар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн эрх ашигт нөлөөлөхгүй тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/04799 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 130 079 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 37 130 195 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “С" ХХК-иас 994 000 төгрөг” гэснийг “С" ХХК-иас 808 349 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 700 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ      

        

                                                    ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

                 

                                                                                                   С.ЭНХТӨР