Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0190

 

  “ФМ” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б,  хариуцагч улсын байцаагч Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагч улсын байцаагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “ФМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.А-ын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.А нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.А-ын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...улсын байцаагчийн гаргасан шийдвэр нь шийдвэр гаргах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, шалгавал зохих зүйлийг шалгахгүйгээр шийдвэр гаргасан нь маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй, хүчингүй болох хуулийн зарчим, хуулийн шаардлага байгаа ба хийгдвэл зохих хугацаанд нь хийгдээгүй ажлуудыг шийдвэр гарсны дараа зөрчлийг арилгуулахаар нөхөн ажиллагаа хийлгэж, холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулан улсын байцаагчийн үйл ажиллагааг дэмжин зөвтгөх, ажлыг нь зааварчлан чиглүүлэх, зөвлөн туслах байдлаар гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч улсын байцаагч Б.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэл гаргагч “ФМ” ХХК-ийн захирал Ц.Э нь байгууллагын захирал албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр болон холбогдогчоор мэдүүлэхдээ тухайн биеийн байцаалтад “ФМормула” ХХК-ийн захирал албан тушаалтай гэж мэдүүлсэн учир хууль ёсны төлөөлөгчөөр тухайн хуулийн этгээдийн захирлыг тогтоох үндэслэлгүй. ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шүүх хэргийг түдгэлзүүлэх тухай заалт байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг шүүх хүчингүй болгоогүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан 58 хоногийн хугацаа дууссан цаашид хэрэгт ажиллагаа явуулах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, “ФМ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн А.Х-ийн автомашинд гал түймэр гарсан гэх гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, “ФМ” ХХК-ийг дээрх автомашинд засвар үйлчилгээ хийхдээ Галын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөний улмаас уг автомашинд гал гарсан болох нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, оролцогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзэн, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар “ФМ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 4 069 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “ФМ” ХХК-ийн засварын газар нь А.Х-ийн автомашинд засвар үйлчилгээ хийхдээ 60 ваттын хүчин чадалтай гэрэл суурилуулах ёстой байхад 100 ваттын гэрэл суурилуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагчаас гал түймэр гарсан шалтгааныг автомашинд хийсэн дээрх засвар үйлчилгээтэй холбогдуулан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийг буруутгахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.2.4-т заасан “ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “....шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан.

Гэтэл зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудад “ФМ” ХХК-ийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд ажилтнуудаа сургаж, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч байсан эсэхийг тогтоосон баримт байхгүй, хариуцагчаас энэ үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох баримтуудыг цуглуулж, холбогдогчоос тайлбарыг аваагүй атлаа гал түймэр гарсан шалтгааныг “ФМ” ХХК-ийн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.2.4-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтнаа сургаж, мэдлэгийг нь дээшлүүлээгүйтэй холбоотой гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан, холбогдох баримтад үндэслээгүй шийдвэр гаргажээ.

Хэдийгээр “ФМ” ХХК-ийн хийсэн засвар үйлчилгээний улмаас автомашинд гал түймэр гарсан байсан байхыг үгүйсгэх  боломжгүй, 100 ваттын гэрэл суурилуулснаас гал түймэр гарсан байх боломжтой эсэх талаар шинжээчийн зөрүүтэй дүгнэлтүүд хэрэгт авагдсан байх боловч гал түймэр гарсан шалтгаан нь “ФМ” ХХК-ийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт явуулаагүй үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй, энэ талаар баримтгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хариуцагч гал түймрийн хяналтын улсын байцаагч нь А.Х-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст “Ф” ХХК гэх хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан атлаа “ФМ” ХХК-д шийтгэлийн хуудас гардуулсан, шийтгэлийн хуудсанд бичигдсэнээр “Ф” ХХК зөрчил үйлдсэн гэж үзэхээр ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд гомдол гаргагч “ФМ” ХХК нь ажилтнуудаа гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт явуулаагүй, мэдлэгийг нь дээшлүүлээгүй талаарх баримт хэрэгт байхгүй, хариуцагч үүнийг шалгаагүй атлаа энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан төдийгүй “Ф” ХХК гэх хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан байхад захиргааны хэргийн шүүхээс гал гарсан шалтгааныг “ФМ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж өөр үндэслэл зааж,  “ФМ” ХХК-д шийтгэл оногдуулах боломжгүй тул Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хохирогч А.Х нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлоо шаардахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг 2 болгон “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “ФМ” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч улсын байцаагч Х.А-ын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН