Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0076

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр  

Дугаар         128/ШШ2020/0076

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Ф” ХХК-ийн гомдолтой, НОбггтхуб Х.Ат холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: “Ф” ХХК,

Хариуцагч: НОбггтхуб Х.А,

Гомдлын шаардлага: “Гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Ф” ХХК-ийн захирал Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч НОбггтхуб Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ф” ХХК-ийн захирал Ц.Эаас шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Ф” ХХК-ийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Х.А нь иргэн А.Х*******гийн ******* УНВ улсын дугаартай авто машинд засвар үйлчилгээ хийсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь ******* УНВ улсын дугаартай авто машины эзэмшигчийн хүсэлтийн дагуу асахгүй, шатсан байсан гэрлийг нь сольж өгсөн, уг гэрлийг солихдоо, гэрлийн хүчин чадлыг нь, авто машины эзэмшигч өөрөө хөдөө явах гэж байгаа тухай хэлээд сонгож авсан.

Гэрлийг суурилуулж өгөхөд өмнө байсан гэрэл нь шатсан, авто машины цээж утас, гэрлийн суурь нь шаардлага хангахааргүй харагдаж байсан/уг авто машин манайд оношилгоонд ороогүй/. Манай зүгээс авто машины цээж утас, гэрлийн суурь шаардлага хангахгүй байна, утас болон гэрлийн суурийг солих шаардлагатай гэж хэлсэн. Авто машины эзэмшигч хэд хоногоос солино зүгээр, наадахыг чинь мэдэж байгаа гэж хэлсэн, Соливол үнэ ханш нь ямар байдаг талаар асууж байсан.

Бидний зүгээс цээж утас, гэрлийн суурийг солихгүй бол гэрлийн тусгалд өөрчлөлт орно, цахилгааны утас масс үүсэж гал хамгаалагч шатна, утаснууд ингэж ил задгай явах юм бол болохгүй гэж зөвлөсөн. Удахгүй иж бүрэн засварт орно, адилхан нэг машин авч сэлбэх гэж байгаа, ийм байдалтай удаж байна гээд тоосон шинжгүй явсан.

Гэтэл уг авто машин шатсан нь манай буруутай үйл ажиллагаа, зориулалтын бус гэрэл тавьснаас болсон гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй, хэрвээ зориулалтын бус гэрэл байсан бол Монгол улсад худалдаалахгүй, нөгөө талаар гэрэл, гэрлийн утсанд масс өсөн тохиолдолд авто машины гал хамгаалагч шууд бууж, тухайн масс, халалт өгч байгаа газар ямар ч галгүй болдог. Гэтэл энэ талаар шинжээчийн дүгнэлтэд ямар нэг байдлаар тусгаагүй, тухайн авто машин нь он хөгшин бөгөөд галын үндсэн шалтгааныг тогтоохын тулд, авто машины бүрэн бүтэн байдал, цахилгааны утас, бусад зүйл нь стандартын дагуу байсан эсэхийг шалгаж байж бодит дүгнэлт өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа тул үнэн зөвийг тогтоолгохоор шүүхэд хандаж байна.

... Бид нар үйлчлүүлэгчээ хүндэлж ажилладаг. Тухайн нөхцөлд Ч.Б******* би “маргааш хөдөө явах гэж байгаа, машины гэрлийг асаахгүй бол болохгүй байна” гэсэн. Тэгэхээр нь өөрийнх нь авчирсан гэрэл нь таарахгүй байсан учраас манайд байсан гэрлийг тавьж болохыг өөрөөс нь асуухад “тэг” гэсэн. Манай гэрэл тавьсан засварчин ийм ийм асуудал байна гээд анхааруулсан. Ер нь бол том паараа солио, цахилгаан хэлхээ эвгүй болсон байгаа талаар анхааруулсан.

....Гэрэл сольсноос болж гал гарах ямар ч боломжгүй. Мөн тухайн машины цахилгаан хэлхээг намайг шалгаад өгөөч гэсэн зүйл огт яригдаагүй. Зөвхөн гэрэл солиод өг гэсэн. Харин гэрэл сольж байх үедээ олж мэдсэн зүйлээ үйлчлүүлэгчдээ хэлж, сануулсан. Үйлчлүүлэгч энэ талаар мэдсэн. Мэдээд надад бүтэн машин авч байгаад машинаа янзлах гэж байгаа гэж хэлсэн. Энэ машин урьд нь манайд ирж байсан. Тэр үед би мотор солихыг зөвлөж байсан. Тэр үед ч гэсэн тааруухан машин байсан. Монголд бүтэн 12 жил явсан машин байгаа. Мөн энэ хүмүүс худалдан аваад удаагүй байсан. Урьд нь ямар хүн хэрэглэж байсныг мэдэхгүй.

... Гэрэл тавих нь сонголтын асуудал юм. Бид машиндаа бензин сонгож хийдэгтээ агаар нэг асуудал юм. Энэ маш энгийн ойлголт юм. Яагаад энэ асуудлыг надад хамааруулах гээд улаараад байгааг ойлгохгүй байна. Би энэ талаар ажилчиддаа тайлбарлаж өгдөг. Зарим нь ойлгож авдаг, зарим нь ойлгодоггүй. Хамгийн сайн ойлгодог нь н.З*******. Угаасаа их нямбай хүүхэд байгаа. Гэрлээс болж гал гарсан байх боломж ерөөсөө байхгүй. Toyota корпориацаас 100 вт гэрэл тавиар гал гарах эсэхийг лавлаад мэйл хүртэл явуулж шалгах боломжтой” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Бгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргах эрх эдэлсэн үү гэдэг асуудал байгаа. Манай компанийг буруутгаж байгаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуулбарлан манайд хүргүүлсэн. Шийдвэр гарахаас нэг өдрийн өмнө гэсэн үг. Тэгээд дараа нь үүнтэй холбоотой асуудал яригдаж байхад шийдвэр нь гараад ирсэн. Нэгэнт шийтгэлийн хуудас гарсан учраас шүүхэд хандаад явах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас гарсан байхад шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор прокурорын байгууллагад хандах боломжгүй болсон. Ийм нэг хоногийн зөрүүтэй ирсэн зүйл байгаа. Мөн хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй.

.... машин бол техник. Техник учраас бүх зүйл нь хяналтын системтэй. Өөрөө урьдчилан сэргийлэх системтэй байх ёстой. Мөн зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тал бүрээс нь шалгах ёстой. Шинжээчийн дүгнэлт дээр 4 дүгээр асуултад хариулахдаа зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүхий л зүйл ирээгүй гэж байгаа. Тэгэхээр энэ нь бүх талын нөхцөл байдлыг харж үзэж шийдвэр гаргана гэсэн агуулгатай. Гэтэл анхнаасаа гэрэлд анхаарлаа хандуулаад явсан. Би ойлгохдоо цөм гэдгийг хамгийн эхлээд гал гарсан газрыг гэж ойлгож байгаа. Тэр цөмийг гэрлийн тэнд байна гэж яриад байгаа. Тэгвэл шинжээчийн дүгнэлтээр гэрлийн утас, залгуурын хамт шинжлэн судлахад бөмбөлөг үүсээгүй гэсэн байна.

... Бүрэн шинжилгээнд оруулж техникийн нөхцөл байдал, цахилгааны нөхцөл байдал, гал хаанаас гарсан, щит нь шинжилгээнд тэнцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Хэрвээ гал хамгаалагчийг даацаас нь хэтэрсэн бүдүүн зэс утсаар ороосон тохиолдолд тасарч өгөхгүй цахилгаан тойрог хэвээр үргэлжилсээр утсанд хэт халалт өгч гал гарах боломжтой. Энэ нь хэрэглэгчийн буюу өмчлөгчийн өөрийнх нь машиндаа тавьж байгаа анхаарлаас болно. Тэгэхээр эдгээр зүйлийг шалгаж, шийдвэрээ гаргах ёстой байсан.

Мөн “Ф” ХХК гэж байхгүй байхад манай “Ф” ХХК-руу ийм зүйл явуулж байгаа. Эрх бүхий албан тушаалтан өөрөө байцаалт, мэдүүлэг авч байгаа. Тэгэхээр өөрөө бүх зүйлээ тодруулаад, үүнийхээ дагуу шалгалтаа хийх ёстой. Гэтэл зүгээр “Ф” гэдэг компани Ц.Эыг нэг асуугаад, ингээд явуулчихая гэсэн байр сууринаас асуудалд арай хөнгөн, хялбар байдлаар хандаад байна. Сайн шалгах ёстой байсан гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байна. “Иргэн, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлыг хангах, үүргээ биелүүлээгүй” гэх энэ үндэслэлээр авах гэж байгаа бол “Ф” ХХК ямар аюулгүй байдлын үүргээ биелүүлээгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн ажилтнаа сургаж, бэлтгээгүй гэж байна. Тухайн ажилтан нь мэргэжлийн сургуульд сураад бэлтгэгдсэн. Дээрээс нь гэрэл суурилуулж өгөхгүй байх боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Үүнийг манай компани шийдэхгүй. Худалдан авч байгаа хүн өөрөө энэ асуудлыг шийднэ. Гэрэл асуудалтай байгаа талаар хэлэхэд үйлчлүүлэгч өөрөө “За болъё. Асуудалтай бол дараа нь засуулъя” гэх сонголтыг үйлчлүүлэг хийх ёстой. Манайд ийм гэрэл байна. Та тавиулах уу гэхэд “за” гэж байгаа нь тухайн үйлчлүүлэгч өөрөө эрсдэлээ дааж байгаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаа үүсч, эрдлээ дааж байгаа.

Харин энэ талаар үйлчлүүлэгчид анхааруулсан. Өмнө нь тухайн машины гэрэл шатсан ирсэн. Гэрэл нэг бол шатна эсхүл юмаар зохиж хагалж, гэмтээнэ. Тэгэхээр анхнаасаа масстай ирсэн. Тухайн үед нь машины цахилгааны утас болон гэрлийн суурь асуудалтай байгаа талаар өөрт нь хэлж анхааруулсан. Галын голомт хаана байсан гэдгийг нарийн тогтоогоогүй. Мөн тухайн үйлчлүүлэгч өөрөө эрсдэлээ даасан. Урьдчилан сануулсан байхад эрсдэлээ өөрөө даасан. Өөрөө тэгж байгаад засаж янзална гэсэн байр суурьнаас хандсан. Машины эзэмшигч н.Х******* өөрөө ирээгүй. Өөр хүн ирсэн. Тэгэхээр энд бас асуудал байгаа. Хэний машины гэрлийг хэн солиулсан гэдгээс шалтгаалан сольсон биш солиулсан хүн асуудалд орох асуудал үүсч байна. Тэгэхээр үүнийг бас ялгаж, салгах хэрэгтэй. Мөн дээрээс нь  гэрэл зарсан газар асуудалд орох юм уу?, Эсхүл гэрлийг нь биечлэн сольж өгсөн засварчин асуудалд орох юм уу?, Солиулсан хүн асуудалд орох уу?, Машины эзэмшигч иргэн н.Х******* өөрөө эрсдэлээ даах юм уу? гэдэг зүйлүүдийг ялгаж, салгаж энэ асуудалд хандах ёстой байсан. Гэтэл ийм зүйлийг огт шалгаагүй. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаатай байх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд байгаа. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх нийтдээ 44 хоног байгаа. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа бол тусдаа. Зөрчил шалган шийдвэрлэх процессын хугацаа гэж ойлгож байна. Энэ нөхцөл байдал нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болсон. Эрх бүхий албан тушаалтны шийдвэр 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан буюу үндсэндээ 60 хоногийн дараа гарсан. Тэгэхээр энэ 45 хоногийн хугацаа өнгөрсөн. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан 45 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тэгэхээр хугацаа сунгасан процесс ажиллагаа нь асуудалтай болсон ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр нэгэнт хугацаа сунгасан асуудалтай байгаа учраас гаргасан шийдвэр нь асуудалтай болно. Мөн гаргасан шийдвэр нь хохирлыг бас гаргахаар шийдвэрлэсэн. Хохирол дээр хүмүүс маргаж болно. Ямар ч маргах эрх олгохгүйгээр шийдвэрлэсэн байгаа.

Зөрчил гаргасан байна гэж шийдвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийг оногдуулж, хохирлын асуудлыг маргах эрхтэйгээр үлдээх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийг үндэслэж шийтгэл оногдуулсан байна. Гэхдээ хохирлын асуудал дээр маргах эрхийг олгох ёстой. Мөн хохирлын мөнгө болон торгуулийн мөнгийг хамтад нь төрийн сангийн дансанд хийхээр байсан. Төр иргэн н.Х*******гийн хохирлыг данснаасаа гаргаж өгөхөөр байгаа нь ойлгомжгүй шийтгэлийн хуудас оногдуулсан байна. Иймд хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч НОбггтхуб Х.Ааас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн А.Х Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авилгатай тэмцэх газрын зүүн урд талын автозамын зорчих хэсэгт ******* УНВ улсын дугаартай Тоёота ******* загварын автомашин шатаж байна гэх гомдол, мэдээллээр гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Х.А би, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч хошууч С.Б-гийн хамт хэргийн газарт хүрэлцэн очсон.

Хэргийн газарт хүрэлцэн очиход Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Авилгатай тэмцэх газрын ертөнцийн зүгээр зүүн урд талын автозамын зорчих хэсэгт ******* УНВ улсын дугаартай Тоёота ******* загварын шаргал өнгийн автомашин автозам дээр замын хөдөлгөөнд оролцож байх явцад гал түймэр гарч зогссон байдалтай, автомашины копудны хэсэгт гарсан гал түймрийг гал унтраагуур ашиглан унтраасан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэгийг иргэн А.Х*******, А.М нарыг гэрчээр байлцуулан гудамжны гэрэлд явуулан хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн цахилгаан дамжуулах утас, автомашины зүүн талын гэрэл дохионы суурийг дээжэнд хураан авсан.

2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21-22 цагийн орчимд иргэн Ч.Б*******, А.Х******* нар нь Баянголд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй авто засварын “Ф” ХХК-иар өөрсдөө авчирсан 2 ширхэг гэрэл солиулах гэхэд таарахгүй юм байна гээд өөр гэрэл худалдан авч 2 ширхэг гэрэл солиулсан нь төлбөрийн баримтаар тогтоогдсон.

Тухайн автомашины гэрлийг засварчин Г.З нь сольсон байх бөгөөд гэрлийн суурь, цахилгааны утас гэмтэлтэй байсан талаар захирал Ц.Э нь Ч.Б-д амаар мэдэгдсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

Ц.Э, Г.З нар нь тухайн автомашины гэрлийн зөвшөөрөгдөх хүчин чадал нь 60В байх ёстой байхад манай байгууллагад танай автомашинд таарах гэрэл нь 100В чадалтай гэрэл байна гэж хэлээд хүчин чадлыг өсгөж автомашинд тавьсан нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр нотлогдож байгаа.

“Ф” ХХК нь цахилгааны утас гэмтэлтэй эсвэл ямар нэгэн гал түймрийн эрсдэл учирч болохыг мэдсээр байж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахгүйгээр хайхрамжгүй хандсан нь гал түймэр гарах үндсэн шалтгаан мөн гэж үзэж байна.

Гал түймэр гарахын өмнөх өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрэл солиулсан байх бөгөөд маргааш орой нь буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа тараад автозамын хөдөлгөөнд оролцох үедээ буюу гэрэл асааж явснаар гал түймэр гарч эхэлсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өглөө ажилдаа явахад гэрлээ асаах тохиолдол нь маш бага гэж үзэж байна.

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн хяналтын прокуророос зөрчлийн хэргийн дугаар авч зөрчлийн хэрэг нээж Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийг томилж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийг тус тус томилж дүгнэлт гаргуулсан.

Галын шинжээчийн дүгнэлтэнд гал түймэр гарсан шалтгаан нөхцөл нь цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт үүсч гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна. /Богино холболт гэдэг нь тусгаарлагчийн эвдрэл гэмтэл, гүйдэл дамжуулах хэсгүүдэд цахилгаан гүйдэл хийж буй гадаад объектын цохилт, механик гэмтэл, цахилгаан машин, аппарат хэрэгслийн эвдрэл гэмтэл, цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах, засварч үйлчилгээ хийх явцад ажилчдын алдаа, ослын хэт ачаалал, гэнэтийн гүйдэл үүссэнтэй холбоотой үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдлаас болж үүсдэг/ гэж шинжээчийн дүгнэлт гарсан.

Шинжээчийн гарсан дүгнэлттэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахад шинжээч нь өгсөн мэдүүлэгтээ хэргийн газрын үзлэгт гэрэлний хэсэгт шатлага явагдсан байсан, мөн гэмт хэргийн шинжтэй зүйл илрээгүй, эзэмшигч нь өөрөө жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, гэрлийн хүчин чадлыг 100в болгож өсгөж тавьсан байсан, гал түймэр нь богино холболтоос болж гал түймэр гарсан гэж шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн байна.

“Ф” автозасварын газар нь гарч болох эрсдэлийг бодоод гэрлийг солихгүй байж болох байсан. Мөн нэхэмжлэлд дурдагдсан зориулалтын бус гэрэл биш бөгөөд зөвхөн өндөр хүчин чадалтай гэрэл сольж тавьсанд гол шалтгаан байна. Хэргийн газрын үзлэгээр тухайн автомашины цахилгаан утас, гэрлийн суурь шатсан байсан нь нотлогдсоныг тэмдэглэлд тусгасан байдаг. Мөн хохирогч А.Х нь авто оношилгооны төвөөр автомашинаа оношлуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр А.Хо, Ч.Б, Г.З, Ц.Э, С.Б нарт эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан.

Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг үндэслэн иргэн А.Х хохирогчоор тогтоож, тухайн гал түймэрт өртсөн ******* УНВ улсын дугаартай Тоёота ******* загварын автомашины гэрэл сольж засвар үйлчилгээ хийсэн “Ф” ХХК-ийг холбогдогчоор тогтоох үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 2019.12.08-ны өдөр 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж хэргийг хаасан.

... Гал түймрийн хэрэг зөрчилтэй холбоотой хэргийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгадаг. Учир нь бусад 5.14 дүгээр зүйлд заасан зүйлчлэл нь тухайн аж ахуйн нэгж, барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой хуулийн зүйл заалт байдаг учраас 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шалгадаг. Тухайн хэрэг дээр галын аюулгүй байдлыг хангах үүрэг биелүүлээгүй Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д “ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасныг үндэслэсэн. Учир нь тухайн гал түймэр гарч болох эрсдэлийг хэлсэн. Дараа нь учирч болох эрдслийг тооцоолохгүйгээр иргэнд хохирол учирсан. Тухайн гэрэл сольсон ажилтан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтан дээр яагаад ч арга хэмжээ авч болохгүй. Энэ нь өөрөө хуулийн этгээд ажилтан, албан хаагч нарын мэдлэг мэдээллийг хангаж байх үүрэгтэй.

... Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дахь зүйлтэй холбогдуулж энэ асуудал яригдана. Тухайн н.Зоригттуяа гэдэг ажилтан нь “Ф” ХХК-ийн ажилтан. Ийм учраас хуулийн этгээд эрх, үүрэг хүлээж байгаа үндсэн дээр аливаа нэг байгууллагын ажилтан нь тухайн байгууллагад харьяалагдана” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр НОбггтхуб Х.Аын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг 3(гурван) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

2019 оны 10 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн орчимд иргэн А.Х*******гийн эзэмшлийн автомашинд гал гарсан байх хохирол учирсан байх ба  НОбггтхуб Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ф” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил үйлдсэн гэж үзэж 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 4,069,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ[1].

 

Гомдол гаргагчаас иргэн А.Х-гийн автомашинд 100w чадал бүхий гэрлийн шил суурилуулах үйлчилгээ үзүүлсэн тухайдаа маргаагүй, харин шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Иргэн А.Х-гийн автомашинд гал гарсан нь манай төвөөр гэрэл солиулсанаас хамаарах шинжлэх ухааны үндэслэлгүй байхад шийтгэл ногдуулж, хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тайлбарласан маргасан бол хариуцагчаас “Иргэн А.Х-гийн авто машинд автозамын хөдөлгөөнд оролцож байх үед нь гал гарсан бөгөөд галын шалтгаан нь уг автомашинд тохирохгүй гэрэл суурилуулснаас үүдэлтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг ““галын аюулгүй байдал” гэж тодорхойлсон зэрэгцээ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т “ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийг байгууллагын удирдлага хүлээхээр хуульчилжээ.

“Ф” ХХК нь автомашины засвар, үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг байх тул маргааны тохиолдолд иргэний автомашинд ямар хүчин чадал бүхий гэрэл суурилуулах боломжтой, ямар хүчин чадал бүхий гэрэл суурилуулж болохгүйг мэдэх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Улмаар тус компанийн “Ф төв”-ийн засварын газрын ажилтан нь иргэн А.Х-гийн автомашиныг гэрлийг солих үйлчилгээг тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн байх тул эрх бүхий албан тушаалтнаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцлага хүлээлгэж, хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь автомашины засвар, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд үйлчлүүлэгчээс авахыг хүссэн үйлчилгээний эрсдлийг урьдчилан тооцох, галын аюулгүй байдлыг хангах шаардлагын улмаас тухайн үйлчилгээг үзүүлэхээс татгалзах үүрэгтэй гэж үзэхээр байх тул хариуцагчийн “холбогдогч нь гал түймрээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “гэрэл зарсан газар асуудалд орох юм уу?, Эсхүл гэрлийг нь биечлэн сольж өгсөн засварчин асуудалд орох юм уу?, Солиулсан хүн асуудалд орох уу?, Машины эзэмшигч иргэн н.Х өөрөө эрсдэлээ даах юм уу? гэдэг зүйлүүдийг ялгаж, салгаж энэ асуудалд хандах ёстой байсан. Гэтэл ийм зүйлийг огт шалгаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж заасан байх ба 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт уг хугацааг удирдах албан тушаалтан 14 хүртэл хоногоор, прокурор 30 хүртэл сунгахаар заасан байх ба 1902000584 тоот зөрчлийг хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн, зөрчлийг хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 хоногоор, нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор хугацааг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан, маргаан бүхий 0030657 дугаартай шийтгэл хуудас 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “шийтгэлийн хуудас үндсэндээ 60 хоногийн дараа гарсан” гэсэн гомдол үндэслэлгүй.

 

Гэвч “Ф” ХХК нь 5356245 тоот регистрийн дугаар бүхий автомашины засвар, үйлчилгээ хийх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд байхад хариуцагч нь “гомдол гаргагч нь хуулийн этгээдийн бичиг баримтыг шаардсаны дагуу гаргаж өгөөгүй бөгөөд Ф гэж хуулийн этгээд татан буугдсан тухай лавлагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болсноос хойш ирсэн” хэмээн тайлбарлаж, 0030657 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ф” ХХК-д хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар “Ф” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Э болох нь, түүнчлэн тус компанид Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дагуу хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байх боловч эрх бүхий албан тушаалтнаас үйлдсэн шийтгэлийн хуудсыг шүүх өөрчлөн компанийн нэрийг зөвтгөх замаар “Ф” ХХК-д шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

 

Мөн эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тухайн ..., хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хуулийн этгээдээс холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй байсан ч холбогдох байгууллагаас лавлагаа авах замаар хуулийн этгээдийн оноосон нэр, болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг зөв тодорхойлох, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой байхад энэхүү ажиллагааг хийлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 19020000584 тоот зөрчлийг хэргийг иргэн А.Х*******д холбогдуулан нээсэн, “Ф” ХХК-ийн захирал Ц.Эаас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан атлаа мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эт холбогдогчийн эрх үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ажиллагаа хийлгүйгээр “Ф” ХХК-д шийтгэл оногдуулсан нь процессын хувьд алдаатай, улмаар байхгүй буюу татан буугдсан хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас бичигдэх нөхцлийг бий болгосон байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу НОбггтхуб Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс “автомашины гэрэл сольсноос гал түймэр гарах шинжлэх ухааны үндэслэл байхгүй, үзлэгийн тэмдэглэлд гал гарсны дараа гэрлээ унтраа гэсэн байгаагаас үзвэл, тухайн үед гэрэл асаалттай буюу гэрлийн утас шатаагүй байсан байна” гэж тайлбарлан маргах боловч Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд “Тухайн автомашины гэрэл 60 w байх ёстой байхад 100w хүчин чадалтай гэрэл автомашинд гэрэл суурилуулснаас болж гал түймэр гарах магадлалтай. Учир нь цахилгаан гүйдэл дамжуулах утсанд халалт үүсч бүрээс хайлснаас утас масс үүсэх боломжтой”[2] гэсэн байх ба гомдол гаргагч уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон “тодорхой ажиллагаа хийлгэх тухай хүсэлт” гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдол хангагдахгүй.

Харин гомдол гаргагч нь дээрх шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуулбар үнэн тэмдэгтэйгээр хүлээн авсан[3] баримтыг шүүхэд ирүүлсэн ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд уг дүгнэлтийг мөн өдөр холбогдогчид танилцуулсан талаар тэмдэглэгдсэн[4] байгаагаас үзвэл, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “дүгнэлтийг гарсан даруйд нь танилцуулаагүй, эс зөвшөөрч байгаа тохиолдолд дахин шинжээч томилуулах зэрэг ажиллагаа хийлгэх боломжит хугацаагаар хангаагүй шийтгэлийн хуудас үйлдсэн” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Хариуцагчаас “шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан, холбогдогчийг дуудаад ирдэггүй” хэмээн тайлбарлах боловч уг шинжээчийн дүгнэлтийг танилцуулахаар холбогдогчийг хэзээ дуудсан, хэрхэн мэдэгдсэн талаарх аливаа тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин хэрэгжүүлэхэд гомдол гаргагчаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргавал шинжээчийн дүгнэлтийг өмнө нь танилцуулсан, мэдэгдсэн талаарх баримтыг үндэслэн хүсэлтийг хангах эсэх нь эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд хамаарахыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан НОбггтхуб Х.Аын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч НОбггтхуб Х.А нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол НОбггтхуб Х.Аын 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0030657 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

                                               

 


[1] Хавтаст хэргийн 7 дахь талд

[2] Хавтаст хэргийн 77-78 дахь талд

[3] Хавтаст хэргийн 9-10 дахь талд

[4] Хавтаст хэргийн 48-49 дэх талд