Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01699

 

“Т ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2017/01505 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1925 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК-ийн

           Хариуцагч: М.Аад холбогдох

           16.305.625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т ББСБ” ХХК нь М.Атай 2015-08-14-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 50сая төгрөгийг сарын 3.5 %-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2016-02-29-ний өдөр  барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний 1-р хавсралтанд заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөр 16 305 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбарт: "Т ББСБ” ХХК-ийн зүгээс надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр гаргуулах гэсэн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 2015-08-14-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээнүүдийг байгуулж өөрийн эзэмшлийн Ланд Крузер автомашиныг барьцаанд тавьж ББСБ-ын өмчлөлд  шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа миний машиныг зарж борлуулан, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан. "Т ББСБ” ХХК надтай гэрээ, хэлцэл байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнийг өөрсдөө тогтоож 60сая төгрөг гэж үнэлсэн. Санхүүгийн хямралаас болж зээлээ төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэгч хүүд  12сая орчим төгрөг бэлнээр төлөөд үндсэн зээлийг барьцаа хөрөнгөөр төлж барагдуулж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэрээний 3.8-д "Т ББСБ” ХХК барьцаалуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч борлуулж захиран зарцуулсан учраас барьцааны хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулсан нөхцөл байдал нь бодит амьдралд хэрэгжсэн буюу төлж барагдуулсан гэж үзнэ. Зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2017/01505 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ББСБ-ын  М.Аад холбогдох 16 305 625 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 478 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээжээ .

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 28-ны өдрийн 1925 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32017/01505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ааас 7 273 899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 031 726 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Зээлдэгч зээл төлөх графикийг зөрчиж байсан. 2016-02-29-ний өдөр М.Аын санал болгосноор фидуцийн гэрээний зүйл болох Тоуоta Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг Б.Батзаяад 48сая төгрөгөөр худалдсан. Мөн өдөр М.Атай зээлийн үлдэгдэл төлбөрт  барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний 1-р хавсралтанд заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь 2017-05-22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10.017.900 төгрөг, хүү 5.236.021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.047.204 төгрөг, авлага нотариат 4.500 төгрөг, нийт 16.305.625 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 9.031.726 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөгүй. Магадлалд хэргийн үйл баримтын талаар   үндэслэлгүй, алдаатай дүгнэлт хийсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-с үзэхэд хариуцагч үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны  үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг  төлөх  үндэслэлтэй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд фидуцийн зүйлийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд гэрээг цуцалсан гэж үзэх талаар тохиролцож тогтоосон зүйлгүй, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах өөр хөрөнгө шаардах эрхтэй байхаар тохиролцжээ. Тодруулбал, Фидуцийн гэрээний 4.1.3-т “Хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах эрхтэй” гэж заажээ. Мөн гэрээний 3.9-т “Зээлдэгч нь хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчид барьцаалсан эд хөрөнгө нь зээл, түүний хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж хүрэлцэхгүй тохиолдолд үлдсэн төлбөрийг өөрийн бусад эд хөрөнгө, эх үүсвэрээс төлж барагдуулна” гэж тохиролцсоноос үзэхэд фидуцийн гэрээ дуусгавар болсноор үндсэн зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхээс фидуцийн гэрээ дуусгавар болсноор зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж 2016-02-29 –с 2016-05-29-ний өдөр хүртэлх хугацаанд  хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлгүй. Иймд  магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч М.А хяналтын гомдолдоо: Зохигч нарын байгуулсан зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр барьцааны эд хөрөнгийн үнийг 60 сая төгрөгөөр тооцож өмчлөлдөө зээлдэгч тал шилжүүлэн авсан бөгөөд өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан тул  барьцааны хөрөнгө зарсан асуудалтай холбоотой үнийн зөрүүний алдагдлыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн халхавчинд төлөх нь хуульд нийцэхгүй. 2016-02-29-ний өдрийн байдлаар зээлдүүлэгч нийт 58 сая төгрөгийн өртэй байсан гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч барьцааны хөрөнгийг 48 сая төгрөгөөр зарж борлуулсан буюу зээл хүүний тооцооны баримтанд 11.389.682 төгрөг төлсөн,үүнийг тодорхой бичсэн байхад баримтаар нотолж чадаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 2016-02-29-ний өдөр гэрээг цуцалсан гэж дүгнэсэн бөгөөд  59.389.682 төгрөг төлчихсөн байхад 7.273.899 төгрөг нэмж гаргуулж байгаа нь буруу. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       “Т ББСБ” ХХК 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Аад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015-08-14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10.017.900 төгрөг, хүү 5.236.021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.047.204 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 16.305.625 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1/

       Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...төлбөрт фидуцийн гэрээний зүйлийг зарж, зээлд тооцож авсан тул төлөх мөнгө үлдээгүй...” гэжээ. /хх 22-24/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээ, 115082223 дугаартай фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна... фидуцийн гэрээгээр М.Аын өмчлөлийн 87-86 УНС улсын дугаартай Тоуоta Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг “Т" ББСБ өмчлөлдөө шилжүүлэн авсан байна... автомашиныг шилжүүлэхдээ 60 сая төгрөгөөр үнэлсэн... 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бусдад худалдсан бөгөөд тухайн өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 49,700,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 5,856,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 823,363 төгрөг, нийт 56,379,680 төгрөгийн өртэй байсан талаар тус тус маргаагүй... автомашиныг 60 сая төгрөгөөр үнэлж өмчлөлдөө шилжүүлэн авсан тул  бусдад 48 сая төгрөгөөр худалдсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй ...худалдах эрх нэхэмжлэгчид байсан байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 7 273 899 төгрөг гаргуулахдаа “... зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусахаас өмнө фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 48 сая төгрөгөөр худалдан борлуулж, хариуцагчийн зээлийн төлбөрт суутгасан нь тогтоогдож байна... хариуцагч автомашиныг 48 сая  төгрөгөөс илүү үнэтэй гэж маргах боловч гомдол шаардлагаа нэхэмжлэгчид гаргаж байгаагүй тул уг үнэлгээгээр худалдагдсан гэж үзлээ... хариуцагч зээлийн гэрээний үндсэн зээл төлөх хугацаа болохоос өмнө нэхэмжлэгч байгууллага автомашиныг нь захиран зарцуулсантай холбоотойгоор Иргэний хуулийн 235.3 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргаагүй... зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө уг үүргийг баталгаажуулсан фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн зарим хэсгийг хангаснаас үзэхэд талууд хооронд зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ... М.А нь 2015-08-17-ны өдрөөс 2016-02-29-ний өдөр буюу гэрээ цуцлагдах хүртэлх 6 сар 12 хоногийн хугацаанд үүссэн үүргийг хариуцах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ...иймд үндсэн зээл 50 сая төгрөг, 6 сар 12 хоногийн хүү 11 199 910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 109 төгрөг төлөх үүрэгтэй...” гэж үзсэн байна.

       Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       Зохигчид  2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээ, 115082223 дугаартай фидуцийн гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр тул хууль болон гэрээнд заасан шаардах эрх талуудад үүснэ. /хх 8-10/

       Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 50.000.000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай  шилжүүлэх, хариуцагч хуваарийн дагуу төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр зээлдэгчийн өмчлөлийн 87-86 УНС улсын дугаартай Тоуоta Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч өөрийн өмчлөлд авсан, 60.000.000 төгрөгөөр үнэлсэн, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр фидуцийн гэрээний зүйл худалдагдах үед  хариуцагч үндсэн зээлд  49.700.000 төгрөг, хүүд 5.856.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 823.363 төгрөг нийт 56.379.680 төгрөг төлөх үүрэгтэй байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна. 

       Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-р   үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

       87-86 УНС улсын дугаартай Тоуоta Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг  хариуцагч худалдах санал гаргасан гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчээс бусдад шилжсэн байх тул нэхэмжлэгч  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зөрчсөн байна.  

       Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч энэ эрхээ Иргэний хуулийн 235.3-т зааснаар хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийг хангах нөхцөлд хамаарахгүй.    

      Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч зөрчсөн байдал зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл биш байна.    

       Анхан шатны шүүх “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1925 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2017/01505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 159.458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 131.332 төгрөгийг М.Аад  захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ