Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 042

 

ХАС банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэртэй, ХАС банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух Ители күйик овогт Сураганы Бердимурат, Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 19 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух Найман овогт Хумрсхагийн Бегасыл нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурлан, хариуцагч С.Бердимурат, хариуцагч нарын өмгөөлөгчид А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг гаргуулах, (2) зээлийн барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах тухай.

 

Нэхэмжлэлд: Зээлдэгч С.Бердимурат нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1260011890 тоот зээлийн гэрээгээр 20000000 \хорин сая\ төгрөгийн зээлийг жилийн 26,4%-ийн хүүтэй, төлбөрөө сар бүр тэнцүү хувааж хийхээр, холимог зориулалтаар 36 сарын хугацаатайгаар авч, өөрийн өмчлөлийн автомашин болон хашаа байшинг газрын хамт барьцаалуулсан. Өнөөдрийн байдлаар С.Бердимуратын үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчин төлбөр хийх хугацааг 245 хоног хэтрүүллээ. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу банк нэг талын санаачилгаар 1260011890 тоот зээлийн гэрээг цуцалж байна. Иймд зээлдэгч С.Бердимуратын барьцаалуулсан хөрөнгөөс зээлийн нийт төлбөр 21093018 төгрөгийг төлүүлж, зээлдэгч С.Бердимуратын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: Миний бие С.Бердимурат эхнэр Х.Бегасылын хамт ХАС банкнаас зээл авсан бөгөөд 10 гаруй удаа тус банкнаас зээл авч хугацаандаа төлж байсан. Миний бие сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн компаниудын газар шорооны ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүйгээс болж банкны зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Тухайлбал, Хятад Улсын Шон харайх нуруу ХХК-наас 7 сая төгрөг, Монгол Улсын Есөн өргөө ХХК-аас 6 сая төгрөг, Ганбарыс ХХК-наас 3 сая төгрөг гэх мэтчилэн олон аж ахуй нэгж, иргэдээс авах ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй байна. Цаашид ч газар шорооны ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хэлцлүүд олон байгаа тул банкны зээлийг энэ зунд багтаагаад бүрэн төлөх боломжтой. Энэхүү байдлаа банкны зохих ажилтнуудад тухай бүр мэдэгдэж, мөн бүх зээлээ зохих журмын дагуу төлж барагдуулахаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Гэвч банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцлан миний амьдралын эх үүсвэр болсон машин болон гэр бүлээрээ амьдарч буй гэр орныг булаан авч дуудлага худалдаагаар хохирлоо арилгуулах шаардлага гаргажээ. Өнгөрсөн жилд улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан надтай ажилласан байгууллагууд төрөөс авах ёстой тендерийн мөнгөө гүйцэд аваагүй гэх шалтгааны улмаас миний ажил гүйцэтгэсний хөлсийг өгч чадахгүй байна. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 1.4-д Хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж, өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэсэн бөгөөд миний бие дээрх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Гэвч банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг өөрчлөх боломжтой болохыг дурдсан тул банк дайрч давшлан намайг амьдралгүй болгохыг оролдож гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ зун бүх зээлийг хүүтэйгээ хамт төлж барагдуулна гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар РД:БЮ72010116 Ители күйик овогт Сураганы Бердимурат, РД:БЮ73050902 Найман овогт Хумрсхагийн Бегасыл нараас зээлийн нийт төлбөр 21093018 /хорин нэгэн сая ерэн гурван мянга арван найман/ төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч С.Бердимуратын эзэмшлийн гэрчилгээний дугаар АЯ00860908, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-4471, Камаз маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 263415 /хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан №1260011890 дугаартай, Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д Банк зээлдэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1260011890 дугаартай барьцааны гэрээ, 1260006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулсан. 

 

Мөн 1260006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэхүү гэрээгээр Банк болон зээлдэгч С.Бердимурат нарын 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1260006457 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх үүргийг тодорхойлно гэж заасан нь энэхүү баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн 1260006457 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах зорилгоор бус, 2013 оноос хойш Хас банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тус баталгаат ипотекийн гэрээ нь Хас банк болон С.Бердимурат нарын хооронд 2013 оны 2 дугаар сарын 22-ны байгуулагдсан ба аль нэг талаас гэрээг цуцлаагүй, дуусгавар болгоогүй, мөн Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болоогүй болно. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр үйлчилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан баталгаат ипотекийн гэрээг анхан шатны шүүхээс үнэлээгүй буюу энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт болно гэж үзсэн нь шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хас банкаар үйлчлүүлэгч нар нэг удаа бус олон удаагийн давтамжтайгаар зээл авах хүсэлт гаргадаг. Ийнхүү зээл авах бүрдээ ипотекийн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх нь зээл олгох, авах процесс, үйл ажиллагааг удаашруулдаг, хүндрэлтэй болгодгоос шалтгаалан тухайн зээлдэгч нь эхний удаа зээл авахдаа Хас банкны ипотекийн гэрээг байгуулдаг бөгөөд ингэхдээ цаашид байгуулж болох зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг мөн баталгаат ипотекийн гэрээгээр хангуулахаар харилцан тохиролцож байгуулдаг бөгөөд үүнийг хууль тогтоомжоор хориглоогүй. Иймээс Хас банк хариуцагч С.Бердимураттай баталгаат ипотекийн гэрээг зээлийн гэрээнээс өмнө байгуулсан нь баталгаат ипотекийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон тус гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад аливаа байдлаар нөлөөлөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нөхцөл байдлыг тусгаагүй буюу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан үзээгүй байна.

 

Үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан эрх зөрчигдөж байгаа бөгөөд хариуцагч С.Бердимуратын эзэмшлийн 1997 онд үйлдвэрлэсэн, 44-71 БӨА Камаз маркийн автомашины үнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үнэд хүрэлцэхгүй тохиолдолд тус машинаас гадна ипотекийн гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа байшин, газрын үнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх зөрчигдөж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын бүрдүүлж өгсөн хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нартай байгуулсан ипотекийн гэрээ болон уг гэрээний 1 дүгээр хавсралт барьцаа хөрөнгийг жагсаалт, мөн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн батлах мэдэгдэл, мөн өдөр бүртгүүлсэн барьцаалбар зэргийг энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохтой холбогдсон хэсгийг хүчингүй болгож, зээлдэгч С.Бердимуратын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ гэж заасан. Хуулийн уг заалтаас үзэхэд хариуцагч С.Бердимурат нарын 2013 онд Хас банктай байгуулж байсан зээлийн гэрээтэй холбоотой байгуулагдаж байсан хугацаатай Баталгаат ипотекийн гэрээ-ний шаардлага дуусгавар болсон бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө хуулийн дагуу өмчлөгчид шилжсэн байжээ.

 

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Бердимурат нарын үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүссэн боловч 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай зээлийн гэрээ болон 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай барьцааны гэрээнд хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан талаар заалт байхгүй байна. Мөн баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй болохыг зохигчид хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын бүрдүүлж өгсөн хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нартай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №1260006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ болон уг гэрээний 1 дүгээр хавсралт барьцаат хөрөнгийн жагсаалт, мөн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн батлах мэдэгдэл, мөн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн барьцаалбар зэрэг нь энэхүү зээлийн гэрээнд хамааралгүй хүчингүй болсон зээлийн гэрээтэй холбоотой дагавар гэрээнүүд байсан.

 

Нөгөө талаас Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 35 дугаар зүйлийн 35.2, 62 дугаар зүйлийн 62.3-т тус тус зааснаар Хас банкийг Хас банкны Баян-Өлгий салбарын захирал Х.Сьезгүл бүрэн төлөөлөхгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасныг хангаагүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д зааснаар нэхэмжлэгчийг Хас банкны Баян-Өлгий салбарыг төлөөлдөг талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хуулийн ноцтой зөрчсөн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох талаар саналаа хэлсэн боловч шүүх шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх баталгаат ипотекийн гэрээний талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан агуулгад нийцээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй үлджээ. Энэ талаар шүүхээс тодруулаагүй буюу нэхэмжлэлийн дээрх шаардлага тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй байна.

 

Хариуцагч нар үлдэгдэл зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн үнийн дүнтэй холбогдуулан тухайлан маргаагүй буюу хариу тайлбартаа энэ тухай дурдаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэлд гэрээний 3.2.1 дэх заалтыг /хариуцагч нар/ зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлээд 245 хоног боллоо гэж бичсэн болов уг үйл баримт нь хэрэг авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийг тодруулсныг эцэст маргааныг шийдвэрлэх байжээ.

 

2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 03-ний өдөр байгуулагдсан 1260011890 дугаар зээлийн гэрээг цуцалж байгаа тухайгаа нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд харин хариуцагч нарын тайлбарт зээлийн гэрээний 1.4.-т зааснаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахыг банкны ажилтнаас хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй талаар дурджээ.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг ... ХАС банкны Баян-Өлгий салбар санаачлан ... зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардсаныг буруутгах боломжгүй болно. гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзсэн, эсхүл цуцлуулахаар шаардсан, хариуцагч тал тухайн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гэрээг цуцлахтай холбоотой заалт хийгээд нэхэмжлэгчийн гэрээг цуцлагдсан гэж үзсэн үндэслэл нь Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлд нийцсэн эсэх талаар талуудаас тодруулсны эцэст, дүгнэлт хийх байжээ.

 

Нэхэмжлэлд банк нэг талын санаачилгаар 1260011890 тоот зээлийн гэрээг цуцалж байна. гэж дурдсанаас үзвэл, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас өмнө гэрээг цуцалсан эсэх, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр гэрээг цуцалсан нь тодорхойгүй үлджээ. Хэрвээ банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр гэрээг цуцалсан бол тэр өдрөөр, эсхүл шүүхэд гэрээг цуцлах шаардлага гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах тухай шаардах эрхийн хэрэгжилтэд шүүхээс дүгнэлт өгөх учиртай.

 

3. Нэхэмжлэгчийн зээлийн барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хангаж, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, тухайн баримтын эх сурвалж, агуулгыг талуудаас тодруулаагүй байна.

 

Анхан шатны шүүх ... баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй болохыг зохигчид нар хүлээн зөвшөөрч байна. гэж дүгнэж, зарим бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмыг зөрчжээ. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, талуудын тайлбараас үзвэл, талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй талаар маргаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хэргийн 19 дүгээр талд авагдсан барьцаалуулагч С.Бердимуратын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн мэдэгдлээр 2013 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн 1260006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан эд хөрөнгийн хамтран өмчлөгчид хийгээд зээлдэгч нь банктай байгуулсан 1260011890 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг барьцааны эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээс хангуулах талаар зээлдэгч хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй учраас хэрэгт авагдсан дээрх баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, тухайн баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж, талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хийгдээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх тухай зохицуулалтыг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. ХАС банкны Баян-Өлгий салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх бүрэн эрхтэй эсэх талаар шүүхээс тодруулж, энэ талаар зохицуулсан Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасныг шүүхээс анхаараагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Хас банкны Баян-Өлгий салбарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Хас банкны Баян-Өлгий салбарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК