Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 330

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Баян-Өлгий салбар /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, МАН-ын байр, 1 дүгээр давхар утас 70423794, 99863726, факс 70423794, регистрийн дугаар 2578697, захирал Х.Сьезгүл/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3-р багт оршин суух утасны дугаар 99410690, РД:БЮ72010116 Ители күйик овогт Сураганы Бердимурат,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 19 гудамж, 17 тоот оршин суух РД:БЮ73050902 Найман овогт Хумрсхагийн Бегасыл нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурлан, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл, хариуцагч нарын өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулан, зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүсжээ

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Бердимурат нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1260011890 тоот зээлийн гэрээгээр 20000000 \хорин сая\ төгрөгийн зээлийг жилийн 26,4%-ийн хүүтэй, төлбөрөө сар бүр тэнцүү хувааж хийхээр, холимог зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авч өөрийн өмчлөлийн автомашин болон хашаа байшинг газрын хамт барьцаалуулсан. Өнөөдрийн байдлаар С.Бердимуратын үндсэн зээлийн үлдэгдэл 17472669 төгрөг, үндсэн хүү 3504140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116209 төгрөг, нийт 21093018 төгрөг байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлэн 245 хоног боллоо. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу банк нэг талын санаачилгаар 1260011890 тоот зээлийн гэрээг цуцалж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү: Зээлдэгч С.Бердимуратын барьцаалуулсан хөрөнгөнөөс зээлийн нийт төлбөр 21093018 төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгох, зээлдэгч С.Бердимуратын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурлан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Зээлдэгч С.Бердимурат, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Бегасыл нар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 126011890 тоот зээлийн гэрээгээр 20 сая төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохоор зээлийн гэрээ хийж зээл авсан. Зээлдэгч маань зээлийн төлбөрөө хугацаанд гэрээний дагуу төлөөгүй учраас банкнаас 21093118 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ хүн зээлийг 3 дугаар сард авсан. 4,5 дугаар сард зөвхөн зээлийн хүүг төлөх ёстой байсан. Тэрийг төлсөн. 6 дугаар сараас эхэлж үндсэн төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл тухайн сараас зээлийн хугацааг хэтэрч эхэлсэн. Хэтэрч эхэлсэн үеэс эхэлж дуудсан. Тэгэхэд үнэхээр трактор нь эвдэрсэн байсан. Миний энэхүү байдлыг хүндэтгээд хүлээгээч гэсэн. Бид нар хангалттай хүлээсэн. 6 дугаар сараас эхэлж 245 хоног хэтэрсэн. 245 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар албан ёсны хүсэлт оруулаагүй. Зөвхөн миний авлага орох өдөр хүртэл хүлээж байгаач гэсэн. Тэр хүсэлтийн дагуу 245 хоног хүлээсэн. Тэрнээс цаашаа банк хүлээх боломжгүй. Гэрээний дагуу банкнаас авах ёстой арга хэмжээнүүдээ аваад ажиллаж байгаа. Зээл төлөгдөөгүй үед зээлдэгчтэй уулзаад шаардлага тавьж сануулж байсан. Тийм учраас 21093118 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Хоёрдугаарт төлбөрийг зээлдэгчийн хөдлөх болон үл хөдлөх барьцаа хөрөнгөөр төлүүлж өгөх талаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтуудыг үндэслээд гэрээг цуцалсан гэв.

Хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие С.Бердмурат эхнэр Х.Бегасылын хамт Хас банкнаас зээл авсан нь үнэн юм. 10 гаруй удаа тус банкнаас зээл авч хугацаандаа төлж байсан юм. Миний бие сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн компаниудын газар шорооны ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүйгээс болж банкны зээлээ хугацаандаа төлж чадаагүй юм. Тухайлбал, Хятад Улсын Шон харайх нуруу ХХК-наас 7 сая төгрөг, Монгол Улсын Есөн өргөө ХХК-аас 6 сая төгрөг, Ганбарыс ХХК-наас 3 сая төгрөг гэх мэтчилэн олон аж ахуй нэгж, иргэдээс авах ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй байна. Цаашид ч гэсэн газар шорооны ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хэлцэлүүд олон байгаа тул банкны зээлийг энэ зунд багтаагаад бүрэн төлөх боломжтой юм. Энэхүү байдлаа банкны зохих ажилтнуудад тухай бүр мэдэгдэж мөн бүх зээлээ зохих журмын дагуу төлж барагдуулахаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Гэвч банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцлан миний амьдралын эх үүсвэр болсон машин болон гэр бүлээрээ амьдарч буй нэр орноо булаан авч дуудлага худалдаагаар хохирлоо арилгуулах шаардлага гаргажээ. Миний гэр бүлийн амьдрал, амьдралын эх үүсвэрээс салгахаар ийм шаардлага гаргаж болох юм уу. Өнгөрсөн жилд улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан надтай ажилласан байгууллагууд төрөөс авах ёстой тендерийн мөнгөө гүйцээд аваагүй гэх шалтгааны улмаас миний ажил гүйцэтгэсний хөлсийг өгч чадаагүй болно. Энэ зунд багтаагаад тэдгээр байгууллагууд надад ажлын хөлсөө бүрэн өгөх тул банкны зээлийг тухайн үед бүрэн барагдуулах боломжтой юм. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 1.4-д хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцан гэсэн бөгөөд миний бие дээрх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Гэвч банктай байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт хугацааг өөрчлөх боломжтой болохыг дурдсан тул банк учиргүй дайрч давчлан намайг амьдралгүй болгохыг л оролдож гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ зунд бүх зээлийг хүүтэйгээ хамт төлж барагдуулан гэжээ

Хариуцагч С.Бердимурат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2005 оноос эхэлж Хас банкнаас 10 хэдэн удаа зээл авч хугацаандаа төлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сард зээл аваад 7 дугаар сар хүртэл зээлээ хийж байсан. 7 дугаар сард миний ажиллуулж байсан трактор маань эвдэрсэн. Эвдрээд 1 сарын хугацаа болсон. Тухайн үед энэ тухай Нурлантай уулзаад учир байдлаа хэлж байсан. Тэр үед ажил хийсэн газраас мөнгөө авч чадахгүй байсан. Тэгээд 4.6 сая төгрөгөөр сэлбэг аваад трактороо ажиллуулаад сар болгон 100.000-500.000 төгрөг хүртэл төлбөрөө хийж байсан. Дараа нь 9 дүгээр сард нэг хятад хүн ирээд 11 дүгээр сар хүртэл гэрээ байгуулаад миний тракторыг хөлсөлж аваад Хэнтий аймаг руу аваад явсан. 11 дүгээр сарын үед буцааж өгсөн боловч хөлсний мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Мөн Эзэн өргөө ХХК-нд ажил хийгээд 11 сая төгрөг авах ёстой байсан боловч өгөөгүй. Мөнгө байгаагүйгээс оронд нь трансформатор өгсөн. Тэрнийг нь блокон үйлдвэрээр сольж авч ирээд одоо ажиллуулж эхэлж байгаа. Тэгээд Хас банкнаас шүүхэд хандана гэсэн. Тэгээд шүүхээс ямар шийдвэр гарахыг хүлээе гэж бодсон. Тэрнээс биш мөнгийг төлж өгөх боломж байгаа. Энэ Хас банктай олон жил хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн үед зах зээлийн хямралтай холбоотой ажилласан газраасаа хөлсөө авч чадахгүй байгаа. Ер нь цаашид зээлээ төлж өгнө. Гэхдээ хөрөнгө барьцаанд хураалгахыг зөвшөөрөхгүй. Сүүлийн арван жилийн турш хугацаанд нь зээлээ төлж ирсэн. Би Нурлантай очиж уулзаад нөхцөл байдлаа хэлээд дараа нь хэтрүүлсэн хүүг чинь төлж өгье, гэрээний хугацааг нь сунгаж өгөөч гэхэд хүлээж аваагүй гэв.

Хариуцагч Х.Бегасыл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулан, зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь, зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар Хас банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн №1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр 20000000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай, 365 хоногт 26,4 хувийн хүүтэй авсан нь нотлогдож байна.

Мөн хоёр талын гарын үсэг зурсан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай Барьцааны гэрээний 1.6-д барцаалуулах эд хөрөнгө хөдлөх хөрөнгө гэсэн ба уг гэрээний 1 дугаар хавсралт Барьцаа хөрөнгийн жагсаалтад гэрчилгээний дугаар АЯ00860908, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-4471, Камаз маркийн автомашин гэсэн байна.

Зээлдэгч С.Бердимурат, Х.Бегасыл нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 260 гаруй хоногийн хугацаа хэтрүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдож байгаа тул 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-д заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар санаачлан С.Бердимурат, Х.Бегасыл нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардсаныг буруутгах боломжгүй болно.

Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарын үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүссэн боловч 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай Барьцааны гэрээнд хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нар нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан тухай заалт байхгүй байна. Мөн баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй болохыг зохигчид нар хүлээн зөвшөөрч байна. Иймээс хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нарын үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын бүрдүүлж өгсөн хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нартай байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ болон уг гэрээний 1 дугаар хавсралт Барьцаат хөрөнгийн жагсаалт, мөн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн батлах мэдэгдэл, мөн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн Барцаалбар зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт болно.

Иймд хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас зээлийн нийт төлбөр 21093018 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1260011890 дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгө болох С.Бердимуратын эзэмшлийн гэрчилгээний дугаар АЯ00860908, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-4471, Камаз маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 263415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар РД:БЮ72010116 Ители күйик овогт Сураганы Бердимурат, РД:БЮ73050902 Найман овогт Хумрсхагийн Бегасыл нараас зээлийн нийт төлбөр 21093018 /хорин нэгэн сая ерөн гурван мянга арван найман/ төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч С.Бердимуратын эзэмшлийн гэрчилгээний дугаар АЯ00860908, 1997 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, БӨА-4471, Камаз маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бердимурат, Х.Бегасыл нараас 263415 /хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК