Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.Г ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овгийн Б.Г  холбогдох 1928000000103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, Хэнтийн аймгийн Бэрх суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, бульдозорын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул  аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ..................... тоотод оршин суух, Тугчин овгийн Б.Г , регистрийн дугаар .....................;

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг ЭЖЭ компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ц.Б ыг ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компанид хамт ажилладаг байсан Б.Г гэх хүн миний биед уг гэмтлийг учруулсан. Намайг машинаас буугаад ир гэхээр нь би буугаад очиход намайг эхлээд боож газар унагаасан. Тэгээд механик ажилтай Э.Б  гэх залуу ирж боль гэж салгасан. Би зай аваад боль та ингэж болохгүй хэлсэн. Тэгэхэд уурлаж намайг хөөж өшиглөх гээд том том алхаж байгаад намайг барьж аваад баруун талын шанаа хэсэг рүү 3 удаа алгадаж авсан. Зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Тэгэхэд нь би та яаж байгаа юм бэ хүний биед халдах нь гэмт хэрэг гэж хэлсэн. Тэгэхэд намайг хавсарч унагаад бид 2 дээр доороо орж газар өнхөрсөн. Тэгж байхад Э.Б  буцаж ирээд боль гэж дахиж салгасан. Миний толгойноос цус гараад нүүр бүхэлдээ цус болсон. Тухайн үед миний толгой хагараад цус ихээр гарч байсан. Би машиндаа очоод машинаараа карьераас дээшээ гарч оффисс руу очиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтантай уулзсан. Тэгээд намайг эмнэлэг рүү авч яваад миний толгойд оёдол тавьсан. Би өмнө нь биедээ гэмтэл шарх аваагүй эрүүл байсан. Би эмчид үзүүлээд нэлээд эмчилгээ хийлгэхээр болсон. Алгадуулж цохиулснаас болж миний баруун чих яс нь хөдлөөд гэмтчихсэн байна гэсэн. Тархи толгой хөдөлсөн байна гэсэн. Би Б.Г гэх хүнээс эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөг гаргуулж авмаар байна. Б.Г гэх хүний дүү нь миний толгойны зургийг 270.000 төгрөгөөр авхуулж өгсөн. Гэмтэлтэй зүйл дээр нь дахиж эмчилгээ хийгдсэн. Би энэ хүнээс болж ажлаасаа халагдсан тийм болохоор эмчилгээгээ хийлгэж дуусаад ажилдаа буцаж ормоор байна. /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Э.Э.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Нар жаргах уурхайн карьер руу орсон. Тэгэхэд станцаар манай 2 ажилтан машинаа хойшлуулж зөв байрлуулж зогсооч гээд ярьж байсан. Нөгөөх нь та хүнтэй зөв харьцаад сурчих гэсэн утгатай юм ярьж байсан. Тэгээд карьер руу ороход тэр 2 хүний машин хоорондын зай нь 40 м зайтай л байсан байх. Б.Г нь Ц.Б д станцаар 11-р сувгаар ороод ир гэж хэлж байсан. Тэгээд намайг очиход тэр 2 машинаасаа бууж ирээд тэр 2 хоорондоо уулзсан. Б.Г нь гараараа юм зааж байгаа юм шиг зангаж байгаад тэр 2 барьцалдаж авахад нь би машинаас харж байгаад бууж очоод салгасан. Ц.Б  нь чамд Дарханд хэн гэдгээ үзүүлнэ ээ гэсэн утгатай юм ярьж байсан. Би тэр хоёрыг машиндаа суу гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б  нь үг хаяад Б.Г ыг өдсөн байдалтай үг хаяад байсан. Б.Г нь чи битгий хүний хор шар малтаад бай хүнд битгий лай болох гээд бай гэж хэлээд Ц.Б ын араас явсан. Тэгэхэд нь би тэр хоёрыг салгаад дахиж машин руу нь явуулсан. Ц.Б ыг машин руугаа явж байх замд нь Дарханд очоод чамд хэн гэдгээ үзүүлнэ ээ гэсэн утгатай юм ярихад Б.Г нь чи битгий хүний хор шар малтаад байгаарай гээд дахиж араас нь очсон. Тэгээд Ц.Б ыг барьж аваад унагаах шиг л болсон. Тэгэхэд Ц.Б ын каск малгай нь унасан. Тэгэхэд нь би каскыг нь аваад тэр хоёрыг харахад Ц.Б ын толгойноос нь цус гарчихсан байсан. Ц.Б  чи хүнийг яаж байгаа юм гээд засварын талбай руу явсан. Тэнд очоод мастертайгаа уулзсан. /хх-ийн 11-р хуудас/

Гэрч Х.Р  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 14 цаг өнгөрч л байсан байх. Би Нар жаргах уурхайн карьераас ачилт хийлгээд гарч байхад станцаар зам чөлөөлөөд зогс гэсэн яриа гарч эхэлсэн. Тэгэхэд Ц.Б  нь Б.Г ыг хүнтэй зөв харьц гэсэн юм хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш юу ярьсныг нь мэдээгүй. Ц.Б ын дампын хажуугаар гарахад Б.Г , Ц.Б  нар өөд өөдөөсөө алхаж байсан. Тэгээд харж байхад тэр 2 нэгнийгээ заамдаж Б.Г нь Ц.Б ыг  бульдозорын гинж рүү шахчихсан байсан. Би буугаад салгах санаатай зогсоход механик Э.Б  нь машинаасаа буугаад очиж байхаар нь би хөдлөөд цаашаа явсан. Тэгээд толиндоо харахад механик Э.Б  нь салгачихсан дунд нь зогсож байсан. /хх-ийн 12-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б ын биед зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн сарвууны дотор хэсэгт зулгарал.т гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Шүүгдэгч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Станцаар зам чөлөөл гэж хэлсэн юм. Тэгээд ойлголцоогүй, улмаар муудалцаж би Ц.Б ыг заамдаж аваад зууралдаж ноцолдож байхад Э.Б  механик салгасан. Тэгээд би машин руугаа эргээд явахад миний араас намайг хэл амаар доромжилсон утгатай юм тухайн үед хэлсэн. Тэгэхээр нь би уурлаж эргэж хараад зүүн гараараа Ц.Б ыг алгадаж авсан. Би Ц.Б тай зууралдаж аваад бид 2 хамтдаа газар унасан. Тэгэхэд Э.Б  нь бид хоёрыг дахиж салгасан. Тэгээд босоод ирэхэд Ц.Б ын толгойноос цус гарч байсан. Бид 2 салаад явсан. Ц.Б  машинаа унаад карьераас гараад дээшээ явсан. Би Ц.Б ыг нэг удаа л алгадаж авсан. Зууралдаж газар унаад босч ирэхэд толгой нь хагарчихсан цус гарсан байсан. Надаас эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Ц.Б  нь Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж толгойны зураг авхуулсан. Би түүний төлбөр болох 270.000 төгрөгийг 2019 оны 07 сарын 03-ны өдөр Ц.Б ад төлсөн. /хх-ийн 25-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 32-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг ЭЖЭ компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ц.Б атай ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар  сарын 28-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б ын биед зулайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн сарвууны дотор хэсэгт зулгарал.т гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад толгойн зураг авахуулсны төлбөр 270.000 төгрөгийг төлсөн болох нь түүний тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Б а нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх шүүгдэгч Б.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тугчин овгийн Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Г  нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Б ад 270.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б а нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА