Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 669

 

 

Б.Г-холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Ц.Б-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалтай Б.Г-холбогдох 1928000000103 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Б-н гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозерын оператор мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Т овогт Б Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд хохирогч Ц.Б-нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Б-гаргасан гомдолдоо “Б.Г-холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тодуулбал, “Хаппи веритас” оношлогооны төвд авахуулсан имрай зургаар миний баруун чихний алх, дөш хөдөлсөн яс нь хөдлөөд гэмтсэн, хамрын зөөлөн холбоос тасарсан гэж гарсан бөгөөд хагалгаа хийлгэх шаардлагатай юм. Гэтэл эдгээр гэмтлүүд шинжээчийн дүгнэлтэд ороогүй байна. Мөрдөгч уг имрай зургийг өгсөн боловч аваагүй. Миний бие өмгөөлөгчгүй учраас хуулийн ойлголт муутай байсан хэдий ч зарим баримтыг давж заалдах шатны шүүхэд гомдолтой хамт явуулсан. Надад учирсан гэмтэл хөнгөн гэмтэл биш гэж үзэж байна. Мөнгөний асуудлаас болж өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шинжээчийн гаргасан дүгнэлтээс болж чих, хамарт учирсан гэмтлийг эмчлүүлж чадахгүй болсонд гомдолтой байна. Шүүх хуралдаанаас өмнө Б.Г- нь эмчилгээнд зориулж 2,000,000 төгрөг шилжүүлнэ хэмээн намайг хуурч мэхлэн хуралд оролцуулалгүйгээр өөртөө ашигтай шийдвэр гаргуулсан. Одоо болохоор чамд нэг ч төгрөг өгөхгүй гэж тохуурхан доромжилж байна. Хохирогчийн эрхийг хамгаалах ёстой мөрдөгч, прокурор ажиллагаа хийгээгүйгээс гадна надад учирсан гэмтлийн зэргийг үнэн зөвөөр тогтоолгон хэргийг шударгаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг тогтоолгохоор анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Б.Г-холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.Б-н гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г-г 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Эс Жи Эс” компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ц.Б-тай ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг яллах дүгнэлтэд зааснаар зүйлчилсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д учирсан хохирол, хор уршиг арилсан эсэхэд бодитой дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 500,000 төгрөгөөр торгож хөнгөн ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн эсэхэд эргэлзэхээр байна.

Хохирогч хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй нь хохирол, төлбөр учраагүйтэй бус нотлох баримтаа гаргаж өгөөгүйтэй холбоотой байх бөгөөд  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүх тогтоосон атлаа зөрчилтэй дүгнэлт хийж хохирол төлөгдөж хор уршиг бүрэн арилсан мэтээр ял шийтгэл оногдуулсан байна.

Иймд хохирогч Ц.Б-н гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Г-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Г-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН