Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00013

 

“МХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2017 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “М ХХК

           Хариуцагч: “М ХХК-д холбогдох

           33.304.075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг     

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “МХХК нь “Н” ХХК-тай 2016.05.27-ны өдөр байгуулсан авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 01-00516042 тоот гэрээний дагуу авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагыг тус тус даатгуулсан. 2016.06.30-ны өдөр 10-22 УНЗ улсын дугаартай “Тоёота прадо” маркийн даатгалтай тээврийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд орсон.Иймд даатгалын гэрээний 2-н 4.1, 3-н 3.1-р даатгалын нөхөн төлбөр авахаар материалыг бүрдүүлэн “Н” ХХК-д хүргүүлсэн. Даатгалын гэрээний 1-н 3.3-д заасны дагуу материал бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл  хоёр сарын дараа буюу 2016.08.29-ний өдөр “Н”-ын ажилтан-с  01/010091020 тоот гэрээний 4.1.2-т зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэж и-мэйлээр хариу өгсөн. Бид 01/010091020 дугаартай гэрээ байгуулаагүй, талуудын хооронд байгуулсан  гэрээнд 4.1.2 гэсэн заалт байхгүй байсан.Иймд “Н” ХХК-д албан бичгийг хүргүүлж, гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр төлөхийг шаардсан. Үүний дагуу “Н” ХХК-иас 2016.09.09-ний өдөр 4-2/107 тоот албан бичгээр 01-00516042 тоот гэрээний 1-н 4-р даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 4.2.2 “Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон” гэснийг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн. Баримтаар тогтоогдоогүй зүйлд тулгуурлан үндэслэлгүй хариу өгч гэрээний үүргээ зөрчин даатгалын нөхөн төлбөр олгохгүй байна. Замын хөдөлгөөний дүрэмд заасан "өвчтэй буюу ядарсан үедээ”, авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээнд заасан “хэт ядарсан өвчтэй” гэх ойлголтууд нь агуулгын хувьд өөр өөр бөгөөд гэрээний маргаантай заалтын агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198.1-г үндэслэл болгодог. Харин “Н” ХХК-ийн үндэслэл болгож байгаа зам тээврийн акт нь жолоочийг “хэт ядарсан өвчтэй” байсан эсэхийг нь тогтоосон нотлох баримт биш. Иймд “МХХК, “Н” ХХК-тай 2016-05-27-ны өдөр байгуулсан  01-0056042 тоот гэрээний  даатгалын нөхөн төлбөр 24 сая төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 9 304 075 төгрөг, нийт 33 304 075 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МХХК нь нөхөн төлбөр олгоход шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ”Н” ХХК нь нөхөн төлбөрийн албанд даатгуулагч буюу “МХХК-ийн зүгээс цахим шуудангаар “Хөвсгөл аймгийн замын цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгчийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон дүгнэлт, мөн автомашины фото зургуудыг илгээж үүнээс өөрөөр даатгалын зүйлийн хохиролтой холбоотойгоор одоог хүртэл өөр ямар ч баримт ирүүлээгүй байна. Мөн “Н” ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ даатгуулагчийн бүрдүүлж өгсөн баримт болон 2016-05-27-ны өдрийн авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 01-00516042 тоот гэрээнд заасан үндэслэлээр татгалзсан. Тодруулбал, “МХХК-ийн бүрдүүлж цахим шуудангаар илгээсэн материалд “Жолооч Ж.Эрдэмбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-н 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үүссэн” гэж тогтоосон акт байсан бөгөөд энэ нь “Н” ХХК-тай 2016-05- 27-ны өдөр байгуулсан 01-00516042 даатгалын гэрээний 1-н 4-д  хамрагдахгүй  4.2.2-д  бүрэн тохирч байсан. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар  “М ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “МХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 470 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 08-ны өдрийн 2017 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх 01-00516042-р гэрээний талуудын хүлээх үүрэг хариуцлагын талаар огт дүгнэлт хийгээгүй. Гэрээний 4-н даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүд хэсгийн 4.2.2-н заалттай холбоотой талууд маргаж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан “Авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ” нь стандарт гэрээ тул Иргэний хуулийн 201.1-р стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдэнэ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд санал хүлээн авагч тал буюу даатгуулагч гэх манай байгууллагын хувьд хохиролтой байна. Замын цагдаагийн газраас гаргасан зам тээврийн осолд тогтоосон акт дээр талууд огт маргадаггүй, хариуцагч нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтуудыг огт няцаадаггүй байтал шүүх энэ талаар тодруулалгүй нь  ажиллагааг дутуу гүйцэтгэлээ.  Гэрээний 4.2.2-н “зохих байгууллага” гэж ямар байгууллагыг ойлгох талаар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас тодруулан бичгээр лавлагаа авахад “...201622000441 дугаартай хэрэгт Ж.Эрдэмбилэгийг тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх асуудалд хэт ядарсан өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй болно...” гэсэн хариуг 2016-10-21-ний өдөр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх уг  баримтыг үнэлж, түүний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хэт ядарсан өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй  дүгнэлтийг  баримталж шийдсэн нь буруу. Гэрээний 3.3-т 10 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэхээр  заасан. Гэтэл даатгуулагчийн зүгээс даатгалын гэрээний   даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн 2016-06-31 -ний өдөр хүргүүлснээс хойш даатгагч 2 сарын дараа и-мэйлээр хариу ирүүлсэн. Энэ нь даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа авч, биднийг хохироон, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байхад  шүүх энэ талаар тодруулаагүй. Хариуцагчаас даатгалын гэрээний 3.3 дахь хэсгийг зөрчсөн болон зөрчсөнөөс шалтгаалах үр дагаврыг хэн хариуцах талаар мөн огт тодруулаагүй. Гол шалтгаан нь даатгуулагчийн зүгээс энэ хугацаатай холбоотой ямар нэг үүрэг биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр авах эрхгүй болох бөгөөд даатгагч нь хууль ёсны давуу байдлаа ашиглаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг зөрчсөн байхад  хариуцлага хүлээгээгүй, шүүх  ач холбогдол өгөөгүй шийдвэрлэсэн. Даатгалын гэрээний 4.2.2-тэй холбоотойгоор зарим байгууллагуудад албан бичгээр хандсан бөгөөд Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас 2017-02-20-ны өдөр бидэнд ирүүлсэн албан бичигт “...Зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон...” хэмээх өгүүлбэрт Монгол хэлэнд хэрэглэх цэг, цэглэлийн тухай 56 дахь зүйлийн А-д заасны дагуу “хэт ядарсан өвчтэй байсан” гэдэг хэсгийг “хэт ядарсан, өвчтэй байсан” хэмээн таслалаар зааглан бичнэ. Эс тэгвээс “хэт ядарсан хэмээх өвчин” туссан гэх утга илэрхийлэх бөгөөд “өвчтэй байсан”-ы сацуу “ядарсан байсан” хэмээх утга, санааг илэрхийлнэ гэсэн байхад  шүүх энэхүү нотлох баримтыг үнэлэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн албан бичигт талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 4.2.2 дахь хэсэгт “...хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон...” гэж тусгасан нь утгын хувьд буруугаас гадна Монгол хэл дээр бичигдсэн ч найруулга, утга, санааны хувьд ойлгомжгүй бусдыг төөрөлдүүлэх хэлбэр бүхий заалт байсныг дээрх нотлох баримтаар үнэлэн тогтоож болох байсан ч шүүхийн зүгээс энэхүү ажиллагааг хийгээгүй. Даатгалын гэрээний заалттай холбоотойгоор манай байгууллага Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулга авсан. Үүнд: “...Мэдрэл сульдал эмгэг нь тодорхой шалтгаануудаас үүсэлтэй, эмнэлзүйн олон бүлэг шинжүүдээс бүрддэг сэтгэцийн эмгэг юм. Ядрах гэдэг нь мэдрэл сульдал эмгэгийг тодорхойлох олон бүлэг хам шинжүүдийн нэг бөгөөд зөвхөн энэ шинжээр биеэ даасан сэтгэцийн эмгэг гэж оношилдоггүй болно...” гэсэн байна. Харин даатгалын гэрээний 4.2.2 дахь хэсэгт “...хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон...” гэсэн байх ба Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарна.” гэж зааснаар бол ядарсан өвчтэй байсан гэж ойлгогдож байгаа бөгөөд энэ өвчнийг тогтоох зохих байгууллага нь нотлох баримтад авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017-05-17-ны өдрийн 2/119 тоот албан бичигт дурдсанаар “онхилон тохиолдох өвчин эмгэгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв оношилж, эмчилнэ.” гэсэн илэрхий нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад 2 шатны үнэлэн дүгнээгүй. Бидний зүгээс өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг ямар байгууллага шалгаж тогтоохтой холбоотой журам батлагдсан эсэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас лавлахад: “2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3-2/15 тоот албан бичгээр “Өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” эсэхийг ямар байгууллага шалгаж тогтоохтой холбоотой батлагдсан журам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл “Н” ХХК-ийн гэрээний даатгалд хамрагдахгүй байх ерөнхий нөхцөлүүдийн 4.2.2 дахь хэсэгт “...зохих байгууллагын дүгнэлтээр...” гэж ямар байгууллагыг ойлгох, хаанаас тогтоох талаар тусгаагүй байгаа нь хуулийн хүрээнд үндэслэлтэй байгаа эсэх тал дээр эргэлзээтэй байхад 2 шатны шүүх үнэн зөвийг шүүн, хянан шийдвэрлэж чадаагүй, мөн огт дурдаагүй юм. Түүнчлэн  шүүх хэргийн оролцогчдыг гэрч оролцуулах нөхцөлөөр хангаагүй бөгөөд хэрэв тус хэрэг анхан шатны шүүх рүү буцсан тохиолдолд ИХШХШТХ-ийн 43.1 дэх хэсэгт “...Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно... ” гэж зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаас холбогдох хүмүүсийг гэрчээр оролцуулбал хэргийг хуулийн хүрээнд олон талаас нь нягталж, хянан шийдвэрлэхэд хялбар болно гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр ...шийдвэр болон …магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Мобиком корпораци ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын  2016-05-27-ны өдөр байгуулагдсан 01-0056042 дугаар гэрээг үндэслэл болгон даатгалын нөхөн төлбөр 24.000.000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 9 304 075 төгрөг, нийт 33 304 075 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх1/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 32, 34/    

        Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. 

       Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын /PS-PD 16222/ №01-00516042 дугаар гэрээ байгуулж “Мобиком корпораци”ХХК-ийн тээврийн хэрэгслүүд болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийн биелэлтийг талуудын хэн аль шаардах эрхтэй, энэ тухай шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд нийцжээ.

       2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Даахийн хөндий” гэх газар “МХХК-ийн тээврийн хэрэгсэл болох Тоёота Прадо маркийн 10-22 УНЗ улсын дугаартай автомашин зам тээврийн осолд орсон, тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь “МХХК-д жолооч ажилтай Өлзийсайхан байсан боловч осол болох үед тухай тээврийн хэрэгслийг МХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт төвийн бүс хариуцсан ерөнхий менежер Ж.Эрдэмбилэг жолоодон явсан, ослын улмаас нийт 9 304 075 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон байна.

         Нэхэмжлэгчид учирсан хохирол нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарвал нэхэмжлэлийг хангах нөхцөл бий болно. 

        “Автотээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ”-ний 3.1-д “даатгагч даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө” гэж заасан бөгөөд гэрээний даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 4.2-т заасан даатгуулагч болон түүний зөвшөөрөлтэй этгээд осол болох үед 4.2.2-т “зохих байгууллагын дүгнэлтээр хэт ядарсан өвчтэй байсан нь тогтоогдсон” бол даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэж заажээ.

          Осолтой холбоотой эрүүгийн журмаар шалгаж бүрдүүлсэн буюу иргэний шүүхэд ирүүлсэн бичгийн баримт, хариуцагчийн үндэслэлийг үгүйсгэсэн тайлбараа нэхэмжлэгч   нотлоогүй тул “...жолооч ядарсан, нойрмоглосон..”-ны улмаас осол гаргасан тухай Зам тээврийн осол дээр тогтоосон 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн актыг буруутгах боломжгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд нийцсэн байна.

         Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01154 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2017 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 324.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ