Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 288

 

“О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн,

Хариуцагч М.З, У.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 610 644 190 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө гаргуулах тухай У.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч М.З

Хариуцагч У.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.З нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 380 000 000 төгрөг болон 70 000 ам.долларыг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, У.Бгийн өмчлөлийн, Х байрны 4 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай у дугаартай, авто зогсоол, мөн байрны Г5 тоот хаягт байрлах 380 м.кв талбайтай улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, 000285946 тоот гэрчилгээтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. М.З нь 380 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн. Харин 70 000 ам.долларыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхгүй хүндрэл учруулж байна.

            Иймд М.Зоос үндсэн зээл 70 000 ам.доллар буюу 173 810 000 төгрөг, хүү 149 400 ам.доллар буюу 370 960 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 530 ам.доллар буюу 65 873 990 төгрөг, нийт 245 930 ам.доллар буюу 610 644 190 төгрөгийг, нотариатын зардал 17 500 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү. У.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөх боломжгүй гэжээ.

 

            Хариуцагч М.З шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 380 000 000 төгрөг болон 70 000 ам.долларыг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Би 380 000 000 төгрөгийн зээлийг хүү, торгуулийн хамт бүрэн төлж барагдуулсан. Харин 70 000 ам.долларын зээлнээс 7 000-8 000 ам.долларыг төлсөн. Учир нь 2013 онд Нийслэлийн удирдлагаас автомашины захуудыг нүүлгэх шийдвэр гарч, манай үйл ажиллагааг зогсоосон, мөн ам.долларын ханш өсөж, эхнэрийн бие муудан, эмчилгээнд нь их мөнгө шаардлагатай болсон. Эдгээр нөхцөл байдлын улмаас зээлээ төлж чадаагүй. Би зээлдүүлэгчид удаа дараа зээлийн гэрээг сунгуулах, зээлийг төгрөг рүү шилжүүлэх, барьцаа хөрөнгийг солих зэрэг хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Би авсан зээлээ төлнө. Харин зээлийн хүүгийн хувьд тухайн үед авч байсан ханшаар тооцон зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч У.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбартаа: М.З нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-иас 70 000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлсэн. У.Б нь 6 сарын хугацаанд өөрийн хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Тухайн үед ам.долларын ханш 1 327 төгрөг байсан боловч нэхэмжлэл гаргах үед 2 300 төгрөг болсон. Мөн хариуцагч М.Зыг хүнд нөхцөл байдалтай байсан гэж үзэж, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын сертификат олгосон. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн хэмжээг багасгаж, 50 000 000 төгрөгийг хасаж өгнө үү. У.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч У.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Б нь 6 сарын хугацаатай итгэмжлэлийг М.Зод олгосон бөгөөд итгэмжлэлийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон, У.Б нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг авч ашиглаагүй, зээлийг М.З бүгдийг нь захиран зарцуулсан. У.Бгийн орон сууц, грашийг барьцаанаас чөлөөлж, М.З нь өөрийн хөрөнгийг барьцаалах хүсэлттэй байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, У.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг “О ББСБ” ХХК-иас чөлөөлж өгнө үү.

            У.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Б нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр М.Зод итгэмжлэл өгч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “О ББСБ” ХХК-иас авах зээлийн барьцаанд 6 сарын хугацаагаар тавих эрхийг олгосон. М.З нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “О ББСБ” ХХК-иас зээл авч улмаар 70 000 ам доллар буюу 120 000 000 төгрөгийн өр үлдсэн. У.Бгийн олгосон итгэмжлэлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. У.Б зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, зээлээс мөнгө аваагүй, мөнгийг М.З захиран зарцуулсан. М.З авсан зээлийнхээ 76 хувийг эргэн төлсөн, У.Бгийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул барьцааны хөрөнгийг М.Зын хөрөнгөөр солих хүсэлтийг гаргасан. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Зоос 95 200 ам.доллартай тэнцэх 164 050 544 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446 593 646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13/4127 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 1.3, 1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд хотхон, Зайсан гудамж 18 дугаар байрны 4 тоот хаягт байрлах, Ү-2206015484 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, Үдугаарт бүртгэлтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3 369 179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 978 203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч М.З нь манай компанид зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүртэл зээлийг ашиглаж байна. Шүүх ямар үндэслэлээр хариуцагчийн эрх, ашиг хууль ёсны сонирхол зөрчигдсөн талаар огт заалгүйгээр шүүх өөрийн хүчин төгөлдөр гэж тогтоосон зээлийн гэрээнээс өөрөөр шийдвэрлэсэн. Манай компанийн нэхэмжилсэн 44 сарын ашигласан хүүг 1 сарын 5 хувийн хүүтэй гэснийг үндэслэлгүйгээр багасгаж, 30 хувь буюу 44 сард хуваавал сарын 0.6818 хувийн хүүтэй болгосон нь ойлгомжгүй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкны хадгаламжийн хүү сарын 1.3 хувиас 1.42 хувь, зээлийн хүү сарын 1.7 хувиас 2.5 хувьтай байна. Гэтэл манай компанийн зээлийн хүүг арилжааны банкны хадгаламжийн хүүнээс 2.5 дахин бага зээлийн хүүнээс 4 дахин багаар тогтоож шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан компанийн эрх ашгийг хамгаалах бус харин хохироож байна. Тухайн зээлдэгч сарынхаа хүүг төлөхгүй гэрээгээ биелүүлэхгүй байвал хүү нь нийлбэр дүнгээрээ хэдэн ч хувь болох талтай. Магадгүй сарын 1 хувийн хүүтэйгээр олгосон зээл, хугацаандаа төлөгдөөгүйгээс болж зээлийн хүү нь төлөгдөөгүй сараар үржүүлбэл 100 хувь, 1 000 хувь ч болох боломжтой.

            Шүүх гэрээгээ биелүүлэхгүй байх нь зөв мэтээр үзэж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бууруулсан. Уг шүүхийн шийдвэрээс үзвэл Монгол Улсад хэрэгжиж байгаа ипотекийн 30 жилийн хугацаатай жилийн 8 хувийн зээлийн хүүгийн нийлбэр 240 хувь болж байгаа нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэрээ болохоор харагдаж байна. Мөн шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор тайлбарласныг хэрэглээгүйд гомдолтой байна.

            Иймд шүүх хариуцагчийн хүсэлтээр зээл олгох үеийн ханшаар ам.долларыг тооцсон нь үндэслэлгүй.            

            Мөн хариуцагч М.З нь санхүүгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, энэхүү хүсэлтийнхээ дагуу шүүхээс Монгол банкийг шинжээчээр томилсон. Монгол банкнаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр манай компанийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үнэн зөв тооцоолсон болохыг тогтоосон. Гэтэл шүүх уг дүгнэлтийг үнэлж, тайлбарлалгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “О” ХХК банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ шүүхэд хандан, хариуцагч М.З, У.Байгалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 610 644 910 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч У.Байгалмаа барьцаа хөрөнгөө нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн 13/2133 тоот гэрээг байгуулан, нэхэмжлэгч “О” ХХК ББСБ нь хариуцагч М.Зд 380 000 000 төгрөг, 70 000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцон мөн өдрийн хөрөнгө барьцаалах 13/4127 тоот гэрээгээр хариуцагч У.Байгалмаагийн өмчлөлийн, Х хорооны 4 тоотод байрлах 380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хотхоны Г5 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг тус тус барьцаалж, гэрээг эрх бүхий газарт бүртгүүлсэн байна. /хх-6-17 дахь тал/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон мөнгө хүлээн авсан, төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтын талаар маргаангүй тул “О” ХХК ББСБ болон М.З нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч тал ам.долларын зээлийн гэрээний үүргийг гүйцэд биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүүгийн хэмжээг багасгуулах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч “О” ХХК ББСБ, хариуцагч М.Зыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээлийн 70 000 ам.доллар, зээлийн хүүд 149 400 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 26 530 ам.доллар, нийт 245 930 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 610 644 190 төгрөгийг нотариатын зардал 17 500 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмыг үндэслэн маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь алдаатай болжээ.

Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд үндэслэх бөгөөд энэ зарчмын агуулга нь эрх зүйн харилцаанд оролцогчид нь эрх, үүргээ хэрэгжүүлэх үнэнч шударгаар хандсан байхыг Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заажээ. Уг харилцаанд оролцогч эрх бүхий этгээдийн шаардах эрх нь үүрэг бүхий этгээдийн үүрэгтэй цаашилбал зээлдэгчийн зээлийн гэрээний зориулалт болох бизнесийн үйл ажиллагаанаас олох ашгаас зээлийг төлөх боломжтой, тэнцвэртэй байх шинжтэй, аль нэг тал нь нөгөөгийнхөө эрх, ашиг сонирхлыг илтэд дордуулсан байж болохгүй юм.

Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 09-ний өдөр зээлийн хүүд 3 500 ам.доллар төлөх, гэрээний хугацаа дуусах өдөр үндсэн зээл 70 000 ам.долларыг сарын хүү 3 500 ам.долларын хамт төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-7 дахь талын ар тал/

Талуудын байгуулсан гэрээ 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Энэ өдрийн байдлаар хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1 600 ам.доллар, мөн сарын 25-ны өдөр 1 100 ам.доллар, нийт 4000 ам.долларыг зээлийн хүүд төлсөн, үүргийн зөрчлийн хэмжээ нь ноцтой гэж үзэхээр байжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтаар зээлдүүлэгчийг зээлдэгчээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн хэдий ч зээлдэгч буюу нэхэмжлэгч “О” ХХК ББСБ-ыг эрх, үүргийг үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчмыг баримтлах ёстой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөрийн чадвар доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсныг мэдсэн, уг нөхцөл байдал нь зээлийн гэрээний зүйл болох ам.долларын ханш огцом /зээл авах үед 1 ам.долларын ханш  1 723,22 төгрөг, үүрэг үүсэх үед 1 ам.доллар 2 483 төгрөг буюу 1 ам.доллар нь 760 төгрөгөөс/ өссөн байдлаас буцаан төлөгдөх зээлийн хэмжээ ихэссэн, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн нэн даруй буцаан шаардах эрхтэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн нөхцөл байдлыг илтэд дордуулан, 70 000 ам.долларын хүүг 3 жил гаруй хугацаа хэтрүүлж, зөвхөн зээлийн хүүд 132 483 ам.доллар төлөх хэмжээтэй болсон нь авсан зээлтэй нь харьцуулбал 2 дахин нэмэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийг үнэнч шударгаар үүрэгт хандаагүй гэж дүгнэн гэрээний хугацаагаа хэтэрсэн хугацааны зээлийн хүүг шаардах хэмжээгээр эрхийн хамгаалалт авах эрхгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч М.З нь зээлийн гэрээний 6 сарын хугацаанд зээлийн хүүд 21 000 ам.доллар төлөх ёстойгоос 4000 ам.доллар төлж, 17 000 ам.долларыг төлөөгүй байна. Талууд гэрээгээр  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт шаардлагад нийцэх тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас түүний төлөх зээлийн үндсэн хүүгийн 20 хувьд ногдох хэмжээгээр тооцон, үүргийг тодорхойлбол үндсэн зээл 70 000 ам.доллар, зээлийн хүүд 17 000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 3 400 ам.доллар, нийт 90 400 ам.доллар төлөхөөр байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 95 200 ам.долларын хэмжээнд хангасанд хариуцагч гомдоогүй учир давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг баримтлан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе гэж шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд ам.долларын үнэ цэнийг тухайн өдрийн арилжааны банкуудын тогтоосон ам.доллар төгрөгийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд Монгол банкнаас эдгээр арилжааны банкуудын тогтоосон ханшийг жишиж урьдчилан тооцон зарласан хэмжээг ам.долларын зах зээлийн үнэ гэж тодорхойлно.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцон ам.долларыг төгрөгт шилжүүлэн нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир уг алдааг залруулан 1 ам.долларыг 2 483 төгрөгөөр тооцон, хариуцагч М.Зоос 95 200 ам.доллар буюу 236 381 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 374 262 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хариуцагч У.Байгалмаа нь М.Зод 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаа зааж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээ хэлцэл хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг итгэмжлэлээр олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Хариуцагч М.З итгэмжлэлээр олгосон эрхийг оноосон хугацааны дотор хэрэгжүүлж нэхэмжлэгч “О” ХХК ББСБ-тай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулан хариуцагч У.Байгалмаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул өөрт нь олгосон эрхийн хэмжээний дотор үйлдэл хийсэн байна.

Иймд уг барьцааны гэрээ нь гэрээ байгуулсан талуудын хувьд хүчинтэй.

Барьцааны зүйл нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн өмчлөлийн зүйл очиж болох зохицуулалттай нийцэж байна.

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтын зохицуулалтыг хангасан тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Хариуцагч У.Байгалмаагаас М.Зод олгосон итгэмжлэлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан нь уг хугацаанд М.З эрхээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд хамаарах бөгөөд эрхээ хэрэгжүүлж барьцааны гэрээг байгуулсан тул итгэмжлэлийн зорилго биелэгдсэн байна.

Улмаар эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь уг эрхийн үндсэн дээр байгуулсан гэрээний хугацаагаар тодорхойлогдохгүй тул энэ үндэслэл нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ дуусгавар болох тохиолдолд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “164 050 544” гэснийг “236 381 600 /хоёр зуун гучин зургаан сая гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун/” гэж, “446 593 646” гэснийг “374 262 590” гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч У.Байгалмаагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн автозогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, 3 дахь заалтын “978 203” гэснийг 1 339 858” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 391 006 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                  

                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                   

                                                                                    Ч.ЦЭНД