Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/0015

 

Б.А, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын

нэгдүгээр албанд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

         Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

         Шүүгчид:                                             Г.Банзрагч

                                                                       Д.Батбаатар

                                                                       Ц.Цогт

         Илтгэгч:                                             М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0322 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0430 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/0016 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н (цахим), өмгөөлөгч Г.Ц, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт эзэмшүүлсэн *** дүүргийн *** дугаар хороо, *** байрлах ***, *** дугаар нэгж талбарын дугаар бүхий тус тус газруудын эзэмших эрхийг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1086 дугаар захирамжийн Б.Б, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэг болон Б.Б, Б.А нарын газрыг Ш.Ж-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах

2.Хэргийн  нөхцөл  байдал: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Б.А, Б.Б нарт *** дүүргийн *** дугаар хороо, *** гэх газарт тус бүр 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон; Б.Б 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, Б.А 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус иргэн Б.Г-д газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон; 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ГШ.Ж нар нь дээрх газруудын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан; улмаар Ш.Ж-гаас тухайн газрыг эзэмших хүсэлтийг газрын албанд гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1086 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Б.А, Б.Б нарын газрыг Ш.Ж-д шилжүүлж, дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн 2011 оны 573 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

2.1.Нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бид тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг амины зориулалтаар эзэмшиж, тухайн газартаа оршин сууж ирсэн. Иргэн Б.Г нь манай газар дээр барилга барих саналыг тавьж, 2016 онд иргэд хоорондын хэлцэл (барилга барих эрхээ худалдсан гэрээ) хийсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй, бидний амьдарч байсан газарт барилга барих суурийн давхрыг ухаж, амьдрах аргагүй болгосон байсан. Б.Г-аас мөнгөө нэхэхэд залилангийн хэргээр шалгагдаж байсан бөгөөд 2016 онд нас барсан. Бид 2016 оноос эхлэн газар эзэмших эрхийг сунгуулахаар дүүргийн газрын албанд удаа дараа хандаж, бичиг баримтаа бүрдүүлэн өгч байсан боловч сунгаж өгөөгүй. Сунгахгүй байсан шалтгаан нь бидний газрыг анхнаас нь газрын мэдээллийн санд оруулаагүй, газрын албаны буруутай үйл ажиллагаа байсан. Анх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 3/1614 дугаар албан бичгээр бидний газар Ш.Ж-д хэрхэн шилжсэн талаар олж мэдсэн ...” гэж тодорхойлон маргасан. 

2.2.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2016 онд Б.А, Б.Б нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-аар дамжуулан тус бүр 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ш.Ж-д шилжүүлэх гэрээг байгуулсан. Ш.Ж-гаас 2018, 2021 онд тус албанд хүсэлт ирүүлсэн, үүний дагуу Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэж;

2.3.Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Б.А, Б.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дууссан боловч 2016 оноос хойш газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг архивын мэргэжилтнээр шүүлгэхэд өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ...” гэж;

2.4. Гуравдагч этгээдээс “... Б.А, Б.Б нар нь Б.Г-ад 3 жилийн хугацаатай итгэмжлэл өгсөн, дараа нь Б.Г-аас Ш.Ж надад олгосон итгэмжлэлийн хугацаанд хүсэлт болон холбогдох материалаа өгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны А/1086 дугаар захирамж  гарсан тул итгэмжлэлийн хугацаа дууссан гэж үзэх үндэслэл болохгүй, уг захирамж нь хууль зөрчөөгүй. Би Д.Г-ыг амьд сэрүүн байхад дүүргийн газрын албанд хамт очиж хүсэлтээ өгч байсан ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нараас хуульд заасан хугацаанд буюу 2017 онд бүрдүүлбэл зохих баримтуудыг хавсаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өргөдөл хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй байхад нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 2021, 2023 онд өргөдөл гомдлоо гаргаж байсан үндэслэлээр газар эзэмших эрхийг сунгах хууль зүйн үндэслэлгүй, ... нэгэнт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2017 онд дуусаж, газар эзэмших эрхгүй болсон тул цаг хугацааны хувьд дараа нь гарсан Ш.Ж-д газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжид нэхэмжлэгч нараас маргах эрхгүй бөгөөд уг захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол аливаа байдлаар хөндөхгүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч нарт сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гомдлоор хэргийг хянаад “... Хэрэгт дээрх итгэмжлэлүүдээс татгалзсан, эсхүл итгэмжлэл хууль бус болохыг тогтоосон баримтыг нэхэмжлэгчдээс гаргаж өгөөгүй, иймд нэгэнт итгэмжлэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, ... Хэдийгээр 5 жилийн хугацаагаар анх олгосон ч эзэмшил газар нь гэр бүлийн хэрэгцээнд буюу амины хашааны зориулалттай, энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрх бүхий газарт хамаарахаар байх тул 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй, ... газрын эзэмших эрхийг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв боловч үндэслэлдээ 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдохгүй, газрын төлбөр огт төлж байгаагүй гэх зэргээр дүгнэсэн нь бодит нөхцөл байдал, маргааны үйл баримтад нийцсэнгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-ыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 30 дугаар тогтоолыг дурдаж нэхэмжлэгчдийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, түүнчлэн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ ...гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн.

5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1.“... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” 123.2.4-т “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах талаар:

5.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.

5.3.Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрийн 11.1-ээс 11.10 дахь хэсэгт тодорхойлсон ба 11.10 дахь хэсэгт “Газрын тухай хуулиар тусгайлан заасан журмын дагуу тодорхой хугацаатай олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар боллоо. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар эзэмших эрхгүй тул уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй, иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

5.4.Харин давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 2-т “Хэдийгээр 5 жилийн хугацаагаар анх олгосон ч  эзэмшил газар нь гэр бүлийн хэрэгцээнд буюу амины хашааны зориулалттай, энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрх бүхий газарт хамаарахаар байх тул 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийсэн.

5.5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлаас ялангуяа давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын газрыг иргэний өмчлөлийн газарт хамаарна гэж дүгнэсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн зохицуулалтыг бүхэлд нь үгүйсгэсэн дүгнэлт болсон бол анхан шатны шүүх “газар эзэмших эрх дуусгавар болсон гэж дүгнээд, газар эзэмших эрх хэдийгээр дуусгавар болсон ч газар эзэмших эрх шилжсэн” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний асар зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн.

Нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн талаар.

5.6.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 5 болон 6 дахь хэсэгт “Б.А-аас Б.Г-ад дээрх газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ, хэлцэл хийх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах нотариатад төлөөлөх, түүнтэй холбоотой үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон” мөн “Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрх бүхий итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар Б.Г-ад олгосон” гэж итгэмжлэлийн хугацааг 3 жилийн хугацаатайгаар олгосон гэж дүгнэсэн.

5.7.Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 1-ийн хоёр дахь догол мөрөнд “... Хэрэгт дээрх итгэмжлэлүүдээс татгалзсан, эсхүл итгэмжлэл хууль бус болохыг тогтоосон баримтыг нэхэмжлэгчдээс гаргаж өгөөгүй, иймд нэгэнт итгэмжлэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” хэмээн өнөөдрийг хүртэл итгэмжлэл хүчин төгөлдөр үйлчилж байна гэж дүгнэсэн.

5.8.Анхан болон давж заалдах шатны шүүх итгэмжлэлийн хугацааг хэзээ дууссан болон хэзээ дуусах талаар хууль хэрэглээний асар зөрүүтэй тайлбар хийсэн. Анхан шатны шүүх итгэмжлэл 3 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 3 жил төлөөлөх эрх дуусаагүй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх итгэмжлэлийг хүчингүй болгосон баримт байхгүй тул өнөөдрийг хүртэл хүчинтэй гэж дүгнэсэн.

5.9.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлд төлөөлөл өөрчлөгдөх, дуусгавар болох тухай зохицуулсан. Иргэний хуулийн 67.1-д “Төлөөлөх бүрэн эрх хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол энэ тухай анх бүрэн эрх олгосон тэр хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно” гээд, 67.2.3-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон” бол төлөөлөл дуусгавар болохоор заасан.

5.10.Өөрөөр хэлбэл, манай тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь 2016 оны 8, 9 сард нас барснаар (нас барсан талаар гэрч н.Т, болон гуравдагч этгээд н.Ж нар шүүхэд мэдүүлсэн тайлбар, мэдүүлэг болон нэхэмжлэгчийн мэдүүлгээр нотлогддог) төлөөлөх эрх нь дуусгавар болж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь судалж, нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргаагүй болох нь харагддаг.

5.11.Гэтэл бодит байдал дээр итгэмжлэл аль 2016 онд төлөөлөгч нас барснаар дуусгавар болсон байх ба анхан шатны шүүх төлөөлөгч нас барсан ч 2019 он хүртэл итгэмжлэл хүчинтэй, мөн итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд гуравдагч этгээд Ш.Ж нь газрын албанд хүсэлт гаргаж байсан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүчингүй болгосон баримт байхгүй тул итгэмжлэл нь өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг хоёр шатны шүүх хоёулаа буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь харагдана.

5.12.Үүний хууль зүйн үр дагавар нь аль 2016 онд дуусгавар болсон итгэмжлэлээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар газар эзэмших эрх шилжих захирамж гарч, нэхэмжлэгч иргэд газраа алдаад (дээрэмдүүлээд) байна. Мөн түүнчлэн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг газар эзэмшигч талаас шилжүүлэх хүсэлт гаргаагүй, ийм хүсэлт байхгүй байхад итгэмжлэлд үндэслэн Ш.Ж-гаас Ш.Ж-д шилжүүлэх хүсэлтийг газрын алба шийдвэрлэсэн байдаг, энэ нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тодорхойлолт болон газрын албанаас өөрөөс нь гаргаж өгсөн баримтуудаар нотлогддог.

Хоёр. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байдлын талаар:

5.13.Хоёр шатны шүүхийн шийдвэрийн үр дүнд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ “Газрын төлбөр тооцоо нийлсэн акт” үйлдэх шаардлагагүй гэсэн жишгийг тогтоож байгаа, мөн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ “Газрын хянан баталгааны дүгнэлт” хийлгэх шаардлагагүй гэсэн жишгийг тогтоож өгсөн.

Газрын төлбөр тооцоо нийлсэн акт байхгүй байхад газрыг шилжүүлэх жишиг тогтоосон талаар.

5.14.Тодруулбал, 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуулийг бүхэлд нь үгүйсгэсэн үр дүнг хоёр шатны шүүх шийдвэр болон магадлалаараа баталгаажуулаад байна. Нэхэмжлэгч Б.А, Б.Б нар нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Газрын төлбөр төлөгч” мөн, нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Төлбөр ногдуулах газар”-т хамаарна, нэхэмжлэгч нар нь Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын газарт Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “Газрын төлбөр ногдуулаагүй”, газрын төлбөр ногдуулаагүй тул мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Газрын төлбөрийг төлөөгүй, тайлагнаагүй” байхад газар эзэмших эрхийг бүхэл бүтэн Монгол Улсын хуулийг давж, эсвэл үгүйсгэн “газрын төлбөр тооцоо нийлсэн акт” үйлдээгүй, газрын төлбөрөө төлөөгүй байхад нь газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл гарсан. Энэ нь дүүргийн Засаг дарга, дүүргийн газар зохион байгууллагын алба Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж газар эзэмшүүлэх захирамж гаргаж буй үйлдэл болно.

Газрын хянан баталгааны дүгнэлт байхгүй байхад газар эзэмших эрх шилжүүлж болдог жишиг тогтоож байгаа талаар.

5.15.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ” хэмээн газрын хянан баталгааны ач холбогдол, газрын төлөв байдалд төрийн хяналтыг тавьж хэрэгжүүлэх талаар хуульчилж өгсөн.

5.16.Мөн Газрын тухай хуулийн 35.1.2-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах” эрхтэй талаар, 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” талаар үүргийг газар эзэмшигчид хүлээлгэсэн байдаг.

5.17.Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ заавал “Газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт”-ийг хийлгэсний үндсэн дээр шазар эзэмших эрхийг шилжүүлэх захирамж гаргадаг.

5.18.Гэтэл манай тохиолдолд Ш.Ж-гаас (Ш.Ж өөрөө газрын эзэмшлийг шилжүүлж, Ш.Ж өөртөө шилжүүлсэн) Ш.Ж-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ “Газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт” байхгүй байхад нь газар эзэмших эрхийг шилжүүлэх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамж гарсан байна.

5.19.Хамгийн хачирхалтай нь нэхэмжлэгч Б.А, Б.Б нар нь гээгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ дахин авахаар хүсэлт гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргахад шаардлагатай гэж үзэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Д м” ХХК-аар гүйцэтгүүлсэн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг газрын албанд газраа сунгуулах, гэрчилгээгээ дахин авах хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгсөн материалд нь байдаг. Гэтэл газрын алба нэхэмжлэгч нарын бүрдүүлж өгсөн материалаас “Газрын хянан баталгааны дүгнэлт”-ийг сугалан авч, Ш.Ж-д газар эзэмших эрх шилжих материалд хавсарган оруулсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

5.20.Иймд, дээрх үндэслэлүүдээр газраа алдаад буй жирийн нэгэн ах дүү (бичиг үсэг муутай) хоёрын газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийг таслан зогсоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр, хууль зөрчиж хууль хэрэглээний буруу жишиг тогтоож буй эдгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

6.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/0016 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.   

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

9.Маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар Б.Б, Б.А нарт *** гэх газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр эзэмшүүлсэн 700 м.кв газрыг Ш.Ж-д шилжүүлэн эзэмшүүлж, улмаар 2011 оны А/573 дугаар захирамжийн Б.А, Б.Б нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж тус тус заасан.

11.Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хангагдах нөхцөл нь тухайн захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.

12.Энэ  тохиолдолд  захиргааны  байгууллагаас  2021 онд иргэн Ш.Ж-гийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий акт гаргаж, газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдох боловч нэхэмжлэгчийн сэргэх (хамгаалагдах) эрх байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв юм.

13.Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:” гээд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, “38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай эсхүл цахим хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:” гээд 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;” гэж тус тус заасан.

14.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн, анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар тус дүүргийн *** дугаар хороо, *** хэсэгт амины хашааны зориулалтаар, нэгж талбарын ***, *** дугаар бүхий 700 м.кв газрыг нэхэмжлэгч Б.А, Б.Б нарт 5 жилийн хугацаатай тус бүр эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн 0376900, 0376896 дугаартай гэрчилгээг олгосон; нэхэмжлэгч Б.Б-гаас 2016 оны 03 дугаар сарын 11-нд, нэхэмжлэгч Б.А-аас 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус иргэн Б.Г-ад газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрээ, хэлцэл хийх, гэрээ болон холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах, ... үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон; үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-аас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гуравдагч этгээд Ш.Ж-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан; улмаар Ш.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхийг Б.Г-ад олгосон итгэмжлэлийг хавсаргасан байна.

15.Эндээс үзэхэд, Ш.Ж-гаас 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргах үед нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа болон Б.Г-ад олгосон итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нар гаргаагүй, уг хүсэлтэд газрын төлбөрийн тооцоо нийлсэн баримт байхгүй буюу нэхэмжлэгч нар нь газрын төлбөр огт төлөөгүй байхад маргаан бүхий захирамж гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй. 

16.Нөгөө талаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь 2016 онд нас барснаар Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн  67.2.3-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон” бол төлөөлөл дуусгавар болохоор заасны дагуу мөн итгэмжлэл нь дуусгавар болсон байжээ.

17.Гэтэл анхан шатны шүүх газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талаар зохицуулсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад тайлбарлан хэрэглээгүй буюу энэ талаар дүгнээгүй, давж заалдах шатны шүүх “... хэрэгт дээрх итгэмжлэлүүдээс татгалзсан, эсхүл итгэмжлэл хууль бус болохыг тогтоосон баримтыг нэхэмжлэгчдээс гаргаж өгөөгүй, иймд нэгэнт итгэмжлэл хүчинтэй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчдээс газар эзэмших эрхээ шилжүүлсэн ...” гэж Газрын тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ итгэмжлэлийн талаар буруу дүгнэжээ.

18.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “... 2016 онд дуусгавар болсон итгэмжлэлээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1086 дугаар газар эзэмших эрх шилжих захирамж гаргасан, ... газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг Б.Б, Б.А нар гаргаагүй байхад итгэмжлэлд үндэслэн Ш.Ж-гаас /Б.Г-аас/ Ш.Ж-д шилжүүлэх хүсэлтийг газрын алба шийдвэрлэсэн … газрын төлбөр тооцоо нийлсэн акт үйлдээгүй, газрын төлбөрөө төлөөгүй байхад нь газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл гарсан …” гэх гомдолд дурдсан үйл баримтууд тогтоогдож байх боловч энэ нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

19.Өмнө дурдсанчлан, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн дотор гаргаагүй байх тул нэхэмжлэгч Б.Б, Б.А нарын газар эзэмших эрх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болжээ. Тиймээс нэгэнт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх сэргэхээргүй байна.

20.Анхан шатны шүүх энэ талаар “... Газрын тухай хуулиар тусгайлан заасан журмын дагуу тодорхой хугацаатай олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмшигч нь сунгуулах тухай хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар боллоо. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар эзэмших эрхгүй тул уг газартай холбоотой аливаа шаардах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй, иймд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй ...” гэж зөв дүгнэсэн боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу, харин давж заалдах шатны шүүх “... хэдийгээр 5 жилийн хугацаагаар анх олгосон ч  эзэмшил газар нь гэр бүлийн хэрэгцээнд буюу амины хашааны зориулалттай, энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлөх эрх бүхий газарт хамаарахаар байх тул 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй ...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв.

21.Хэдийгээр нэхэмжлэгч талаас “... нэхэмжлэгч Б.А, Б.Б нарын хувьд 2016 оноос газар эзэмших эрхийн хугацаа сэргээлгэхээр өргөдөл хүсэлтийг захиргааны байгууллагад удаа дараа гаргаж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нарыг төлөөлөн газрын албаныхантай уулзаж байсан ...” гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас, нэхэмжлэгч нар нь газар эзэмшиж байсан 5 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд гаргаж өгсөн Б.А-гын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилгээний төлбөр төлсөн банкны орлогын баримт, “Өдрийн мэдээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б.А-гын газар эзэмших эрхийн гэрчилгээ үрэгдүүлсэн тухай зарын баримт болон үрэгдүүлсний улмаас хүчингүйд тооцсон талаарх Өдрийн сонины холбогдох хэсэг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09/04 дугаартай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ гэх мэт баримтуудаар нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргаж байсан гэж үзэх боломжгүй байх тул газрын эзэмших эрхийг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгах шаардлагыг мөн хангах боломжгүй. 

22.Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг хэвээр үлдээж, харин магадлалд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтыг өөрчилж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0430 магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38.4” гэснийг “38.2, 38.3.1, 38.3.2” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                   Г.БАНЗРАГЧ

   Д.БАТБААТАР

   Ц.ЦОГТ

                                                                                                    М.БАТСУУРЬ