Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2017/00031/и |
Дугаар | 001/ХТ2018/00031 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Даалгавар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2018/00031
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01688 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1924 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: “НХХК-д холбогдох
Барааны үнэ 2.000.000 төгрөг, алданги 1.200.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннастын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хариуцагчийн төлөөлөгч М.Түмэннаст, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжпэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Г" ХХК-ийн захирал Б.Энхтуяа би С.Пүрэвдорж захиралтай "Н" ХХК-тай бүтээгдэхүүн борлуулах, үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан БНХАУ-д борлуулахаар 5 ширхэг үхрийн ширэн дээр баралж хийсэн 200х80 см хэмжээтэй зургийг нэг бүрийн үнэ 400 000 төгрөгөөр тооцож 2016 оны 5 сарын 11-ний өдөр гэрээг баталгаажуулж тус компанийн ажилтан н.Хувьтөгөлдөр болон Өвөр Монгол эмэгтэй нарт хүлээлгэн өгсөн. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Н" ХХК-ийн агуулах гэх газарт хүлээлгэн өгсөн. Улмаар гэрээний дагуу тооцоо хийхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. 2016 оны 12 дугаар сарын эхээр тус компани дээр тооцоо хийхээр очиход бүх зурагнууд нь зарагдсан, хүлээж бай гэсээр өдийг хүрсэн. Иймд хариуцагчаас барааны үнэ 2 000 000 төгрөг, гэрээний 11.12-т заасан 0.5 хувийн алданги болох 1 200 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөгийг гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: "Н" ХХК нь “Г" ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр бүхий бүтээгдэхүүн борлуулах ББГ-16012 тоот гэрээг байгуулсан ба тус борлуулах нэг бүрийн үнэ 400 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг 5 ширхэг арьсан зургийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай компанид нийлүүлсэн болно. Улмаар “Г" ХХК-ийн захирал Б.Энхтуяа нь өөрийн биеэр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Н" ХХК-ийн оффисийн байр болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, Юнион Бьюлдинг, А блок 805 тоотод ирэн тооцоо нийлж 2 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт үйлдэн авсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн болон Бугат хотуудад болсон "Н" ХХК-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд “Г" ХХК нь оролцохоор болж бүртгүүлэхдээ тус үзэсгэлэн худалдааны павилионы түрээсийн төлбөр болох 2 966 200 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захирал Б.Энхтуяа нь манай компанид бэлнээр тушаасан ба мөн энэ өдрөө үлдэгдэл 966 200 төгрөгийг "Н" ХХК-ийн Хаан банкны төгрөгийн 5129027828 тоот дансанд Хаан банкны 5026691253 тоот данснаас шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01688 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч "Н" ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г" ХХК-д олгож, үлдэх 1 200 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Н" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1924 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Н" ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г" ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 1 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннаст хяналтын гомдолдоо: “...Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Бүтээгдэхүүн борлуулах, үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний үүрэг болох 2 000 000 төгрөгийг БНХАУ-д зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцохоор суутгуулсан байдаг. Хэрэгт авагдсан /хх 25-26/ орлого зарлагын баримтаар уг гэрээний үнэ болох 2 000 000 төгрөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн болон Бугат хотуудад зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны зардалд суутгуулсан болох нь нотлогдсон байгаа. Түүнчлэн Ви чат-д үзлэг хийсэн тэмдэглэлд нэхэмжлэгч компани уг гэрээний үнэ болох 2 000 000 төгрөгийг суутгуулж, зөрүү мөнгийг хийх талаар дуут шуудан явуулсан байдаг бөгөөд зөрүү мөнгө болох 966 200 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн байдаг ба депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон. Дээрх үйл баримтанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж гэрээний үүргийг өөр үүргээр солихоор харилцан тохиролцсон гэж үзэж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үүрэг сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан ... дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэн шийдвэрлэсэн. Хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудаар гэрээний үүргээ өөр үүргээр сольсон болох нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүрэг дуусгавар болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан орлого зарлагын баримт, Ви чат-д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар өмнөх үүргийг өөр үүргээр солих талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байгаа. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...талуудын хоорондын гадаад улсад үзэсгэлэн худалдаанд оролцохтой холбоотой гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг энэ шийдвэрийн хүрээнд шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй...” гэсэн нь ойлгомжгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардлага болох 2 000 000 төгрөгийг, гадаад улсад үзэсгэлэн худалдаанд оролцох гэрээ хэлцэл байгуулж, уг үнийн дүнг суутгуулсан гэсэн тайлбар гаргаж, мэтгэлцэж байхад давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг шийдвэрлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
“Г” ХХК 2017-03-28-ны өдөр “НХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, зарагдсан барааны үнэ 2.000.000 төгрөг,алданги 1.200.000 төгрөг нийт 3.200.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас 2.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн хангасан хэмжээг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“НХХК нь “Г” ХХК-с бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, харин нэхэмжлэгчийн эд зүйлийг цахим болон үзэсгэлэн худалдаа зэрэг хэрэгслээр дамжуулан худалдахад туслалцаа үзүүлсэн байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч тус бүр 500.000 нь төгрөгийн үнэтэй 4 ширхэг арьсан зургийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, үүнийг “НХХК худалдан борлуулсан талаар зохигчид маргаагүй, зурагны үнийг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 2 сая төгрөгийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хангасныг буруутгах үндэслэлгүй, энэ тухай гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн эд зүйлийг бус, харин түүний үнийг шаардаж байгаа, хариуцагч 4 ширхэг зураг худалдах үүргээ биелүүлсэн ч мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй нь нологдсон тул “Г” ХХК 2 сая төгрөгийг “НХХК-иас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.1-г зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчаас мөнгө гаргуулахдаа Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3-г баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1924 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...400.3...” гэснийг “...400.1...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ