Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0623/З |
Дугаар | 221/МА2020/0167 |
Огноо | 2020-03-04 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2020/0167
“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Азийн ирээдүй ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “А и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шүүгч би ... маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая...”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 5 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “А и” ХХК-ийн газар ашиглах эрхийг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зүйл заалтыг гол үндэслэл болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь буюу Байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин, анх олгосон сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалыг хүчингүй болгосон.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосноор нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм.
Энэ хууль бус гажуудлыг хуульд нийцүүлэхээр Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн тул гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Иймд хуулийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчимаасаа ухарсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 842 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А и” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “А и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тус тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг үндэслэн Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэх шалтгаанаар нэхэмжлэгч “А и” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон байна.
Анх Байгаль орчны сайдын /хуучнаар/ 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын задгай гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар 5 га газрыг нэхэмжлэгч компанид ашиглуулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 708 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 25/2009 дугаартай газар ашиглах гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан. 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар ашиглах гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 жилээр сунгажээ.
Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан байна.
Уг тушаалыг нэхэмжлэгч “А и” ХХК-иас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор дээрх тушаалын “А и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/353 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” тушаалаар “А и” ХХК-ийн хамаарах хэсгийн 5 га газрын эрхийг сэргээсэн үйл баримт тогтоогджээ.
Ийнхүү Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар ашиглах ашиглах гэрчилгээ олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар ашиглах гэрээг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар “А и” ХХК-тай байгуулсан байна. Уг гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Дээрх үйл баримттай талууд маргаагүй болно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааны 7/-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж зөвшөөрсөн байдаг ба дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор байсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөх бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заажээ. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол хүчингүй болгохоор заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч “А и” ХХК-д анх Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг ашиглах эрх олгосон Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалыг хүчингүй болгож буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/355 дугаар тушаалын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл ажиллагаа явуулахдаа заавал бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “... хууль бус гажуудлыг хуульд нийцүүлэхээр Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн...” гэж дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “А и” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн тушаалыг зөвтгөх боломжгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаас өөр зорилгоор нэхэмжлэгч газрыг ашиглах боломжгүй. Тийнхүү ашигласан тохиолдолд хуульд нийцүүлэн шийдвэр гаргах эрх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байгааг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон