Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: иргэн П.Лхагвабаатарын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэд холбогдох аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ий өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Засгийн газрын 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Лхагвабаатар, хариуцагч өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч П.Лхагвабаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Лхагвабаатар нь 2012 оны 04 дүгээр сарын 28-нд Төрийн албаны шалгалт өгч тэнцэн тээвэр, авто замын газарт авто замын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2012 оны 07 дугаар сарын 05-нд томилогдон ажиллаж эхэлсэн ба 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.  Миний тухайд хэвийн ажлаа хийж байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тоот, Засгийн газрын тогтоолыг үндэслээд ажлаа хийж байхад манайд байхгүй гэсэн энгийн шалтгаанаар шилжүүлэх биш халсан. Засгийн газрын 55 дугаар тогтоол дээр аймгийн тухайн үеийн Тээвэр авто замын газар ажиллаж байсан авто зам хариуцсан мэргэжилтнийг Засаг даргын Тамгын газрын бүтцэд багтаан ажиллуулахыг даалгасан байгаа. Энэ тогтоолыг тухайн үеийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар гэдэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг энэ бол Тамгын газрын бүтэц нь дээрээсээ хяналт тавих захиалагчийн хяналт гүйцэтгэх гэхдээ геодези зураг зүйн газрын харьяа гээд дээрээсээ санхүүждэг байгууллага боловч Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бүтцийн хувьд Тамгын газрын үүрэг даалгаврыг биелүүлдэг хэрэгжүүлж байгаа газар учраас энэ хүн эндээ байж болно гэж үзсэн. Дээр нь миний цалин бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үндсэн цалингаас биш захиалагчийн хяналтын зардлаас цалинжуулах боломжтой гэсэн албан бичиг өгсөн байгаа. Би ажиллаж байхдаа дандаа захиалагчийн хяналтын зардлаас цалин авч байсан болохоос Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үндсэн зардлаас цалин авч байгаагүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт авто замын инженер гэсэн давхардсан орон тоо байхгүй. Үндсэн цалингийн бүтцээс нь авдаггүй байсан. Орон нутгийн авто зам хариуцсан мэргэжилтэн, орон нутгаасаа цалинждаг байсан. Энэ дээр ямар нэгэн давхардал байгаагүй. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар намайг халахад 1, 2 дугаар сарын цалин өгөөгүй байсан. Цалин өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй хоёр сарын тооцоо хийж дуусаагүй хэрнээ халсан. Тэгээд би шүүхэд гомдол гаргалгүй Санхүүгийн дотоод хяналт, аудитын газрын байцаагчид хандаад дүгнэлт гаргаад 6 дугаар сарын 15-ны өдөр надад цалин орсон байгаа. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөөгүй нийгмийн даатгалын байцаагч акт гаргасан нөхөн төлөх нөхцөл бүрдсэн байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу энэ хүнийг Тамгын газрын бүтэц орон тоонд багтаан ажиллуулсугай гэсэн тогтоолтой. Тамгын газар тэр үед үндсэн бүтцээ тогтоосон гэхдээ Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь бүтээн байгуулалт авто зам, барилга байгууламжийн баригдаж байгаа явцад захиалагчийн хяналт тавьдаг үндсэн статустай байгууллага. Миний өмнө нь ажиллаж байсан тээвэр авто замын газар бол мөн авто замын барилга байгууламжийг баригдах шатанд захиалагчийн хяналт тавьдаг байгууллага байсан. Тэгэхээр үндсэн статус нь таарч байгаа мөн мэргэжлийн арга зүй хамтран ажиллах боломжтой техник хэрэгсэл нь адилхан байгаа учраас шилжүүлж ажиллуулъя, шилжүүлж ажиллуулахад улсын төсвөөс өгч байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цалингийн цэсэд миний цалинг оруулахгүй орон нутгаас дааж ажиллуулах ёстой учраас захиалагчийн хяналтын зардлаас шийдэх боломжтой гээд оруулсан байгаа. Захиалагчийн хяналтын зардал гэдэг бол хийгдэж байгаа ажил дээр захиалагчийн бүх төрлийн зардлууд дээр нь цалин тавих боломжтой байдаг. Захиалагчийн хяналтын зардлаас миний цалин тавих бүрэн боломжтой байсан. 55.000.000 төгрөгийн зардал байгаад манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын данс руу ороод гарсан байгаа. Энэ дээр цалин байхгүй гэдэг зүйл ярих үндэслэл байхгүй. Би жилд 10 хүрэхгүй сая төгрөгийн цалин авдаг. Миний 5 жилийн цалин байсан. Тэр мөнгийг захиалагчийн хяналтын зардалд байлгаад хуваарилаад явсан бол би 5 жил ажиллах боломжтой байсан. Дээр нь жил болгон орон нутгийн замын сан, орон нутгийн төсөв аймгуудад хуваарилагдсан хөрөнгө оруулалтуудаас авто замын салбарт томоохон олон ажил байдаг. Үндсэн чиг үүрэг нь таарч байгаа дэд бүтцийн ажил хийж байгаа тэр байгууллагатайгаа хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн нөхцөл болохоос биш бүтэцдээ багтаа гээд шахаад өгсөн зүйл биш. Шилжүүлж өгсөн бол гомдол гаргахгүй байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар чөлөөлөх 3 үндэслэл байдаг. Нэгдүгээрт тэтгэврийн насанд хүрсэн буюу 65 насанд хүрсэн, хоёрдугаарт төрийн алба хаах дээд насны хязгаарт хүрсэн, гуравдугаарт төрийн албан хаагч өөрөө  санал гаргасан бол гэж байна. Тэгэхээр би чөлөөлөх тушаал үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж байгаа. Энэ дээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар татан буугдаагүй. Би үндсэн бүтцэд нь ажиллаагүй байсан. Би бүтцэд нь эхнээсээ байгаагүй, авто зам хариуцсан мэргэжилтэн аймагт байлгахгүй гэж орон тоо хасагдаагүй тийм байхад чөлөөлсөн. Миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Хариуцагч М.Ууган-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай захирамжийг хууль зүйн дагуу шийдвэрлэж гаргасан тул нэхэмжлэгч П.Лхагвабаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                       

 Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаартай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслээд нэхэмжлэгч авто зам хариуцсан мэргэжилтэн П.Лхагвабаатарыг ажлаас чөлөөлсөн байгаа. Дээрх эрх зүйн зохицуулалттай холбогдуулж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон байгаа. Мөн Төсвийн байгууллагын эрх зүйн зохицуулалтаар албан тушаалын давхардал үүссэн байгаа. Үүнтэй холбогдуулж аудитын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын албажуулсан баримтууд шинээр гаргаж өгсөн баримтад байгаа. Эдгээр зүйлүүдийг үндэслээд цаашид төсөв санхүү хүрэлцэхгүй нөхцөл байдлаас болоод миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийг хууль зүйн дагуу ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасан  бүтэц орон тоондоо багтааж цалин хөлс тогтоох журмын дагуу Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгийг удирдлага болгож тушаалаа гаргасан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг тус тус баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу мөн Засгийн газрын 55 дугаар тогтоолыг үндэслэсэн. Хэргийн материалтай танилцаж, нотлох баримт шинжлэн судалаад удаа дараагийн аудитын улсын байцаагчийн албан шаардлага, улсын байцаагчийн акт, мөн хариуцлага тооцох тушаал тогтоол, аудитын хязгаарлалттай санал, бүтэц орон тоо Засгийн газрын тогтоол гарсантай уялдуулах гарсан  шаардлагын үндсэн дээр 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлийн дагуу гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Төсөв санхүү байхгүй байгаа, цалин олгох боломжгүй нөхцөл байдлууд удаа дараа үүссэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний 55 дугаар тогтоолын 9-д Аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэсэнтэй холбогдуулан тухайн нутаг дэвсгэрт авто зам, тээврийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны 1 ажилтныг аймгийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан төсөвт нь багтаан зохицуулалт хийж ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Говь-Алтай аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээвэр авто замын газрын дарга 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор авто замын мэргэжилтэн П.Лхагвабаатарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Тээвэр, авто замын газар татан буугдсантай холбогдуулан авто замын өргөтгөл, шинэчлэл, засвар арчлатын ажилд захиалагчийн хяналтын үүргийг танай байгууллагад шилжүүлж байгаатай холбогдуулан тус газрын хяналтын инженерээр ажиллаж байсан П.Лхагвабаатарыг танай байгууллагад шилжүүлж байна. П.Лхагвабаатарын цалингийн зардлыг авто замын ажлын захиалагчийн хяналтын зардал болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжтой” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоол, Зам тээврийн сайдын 65 тоот тушаалыг тус тус үндэслэн П.Лхагвабаатарын авто зам хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

         Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 21-ны Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б/01 дугаар тушаал гарган Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн авто зам хариуцсан мэргэжилтэн П.Лхагвабаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

         Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар төсвийн шууд захирагч нь  төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тохиолдолд батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч П.Лхагвабаатарын тухайд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд улс төрийн болон төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон эсхүл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо нь хасагдсан нөхцөл байдал үүсээгүй байхад ажлаас нь чөлөөлж төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах боломжгүй юм.

         Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газраас авто замын өргөтгөл, шинэчлэл, засвар арчлатын ажилд захиалагчийн хяналтын үүргийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлж байгаатай холбогдуулж авто зам хариуцсан мэргэжилтэн П.Лхагвабаатарын ажлын байрыг шилжүүлсэн байхад ажлаас нь шууд чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын орон тоонд авто зам хариуцсан мэргэжилтнийг ажиллуулсан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж байгаа бол тухайн авто зам хариуцсан мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлөх бус төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирлагын харилцан тохиролцсоны дагуу анх илгээсэн байгууллагад нь шилжүүлэн ажиллуулах боломж байсныг дурдах нь зүйтэй байна.

         Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн байх шаардлагатай. 

Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, П.Лхагвабаатарыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын авто зам хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2017 оны 00 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 16 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 95 хоногийн олговор 3225535 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан П.Лхагвабаатарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 7-12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Лхагвабаатарыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын авто зам хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар П.Лхагвабаатарын ажилгүй байсан хугацааны цалин 3225535  /гурван сая хоёр зуун хорин таван мянга таван зуун гучин таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛБАДРАХ