Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 870

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00546/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................  аймгийн ......... сумын ......  дүгээр баг, .......  дугаар хороолол, ..  дүгээр байрны ......  тоотод оршин суух Б овогт Б-ыни А /регистрийн дугаар ...... , утас ........... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......  аймгийн ........ сумын ...  дүгээр баг, .... дугаар хороолол, ...  дүгээр байрны ... тоотод оршин суух Х х овогт Л-ын А  /регистрийн дугаар ...... , утас ..... /-т холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн алданги 5,837,312 төгрөг, нэмэлт тэтгэлэг, зардалд 3,189,640 төгрөг тус тус гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50,000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах хариуцлага тооцохыг Сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах” тухай тус тус шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”, мөн хуулийн 26.5-д энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно”, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно, мөн хуулийн 50.2-т “Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө”, 50.3-д “Алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна”, мөн хуулийн 50.4-т “Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 50.2, 50.3-т заасныг баримтална” гэж заажээ.

Л.А нь эгч нартайгаа нийлж, гэр бүлээ хууран мэхлэх аргаар эд хөрөнгөө бусдын нэр дээр нуун дарагдуулсан, үр хүүхдээ тэжээн тэтгэхээс удаа дараа санаатайгаар зайлсхийж байгаагаас Б.А би түүний өмнөөс давхар хариуцлага хүлээж, санхүүгийн их алдагдалд орж байна.

 

Иймд 2016 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 11,674,625 төгрөгт ногдох 5,837,312 төгрөгийн алданги тооцуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Мөн бидний ихэр охидууд болох А.И, А.И нар нь 2015-2016 оны хичээлийн жилд ............. -ын суурь боловсролын дамжааны 2 дугаар курст, ................. -ийн ............. дугаар курст суралцдаг. А.И-ын сургалтын төлбөр 2,489,000 төгрөг, А.И-ын сургалтын төлбөр 2,130,265 төгрөг, дотуур байрны зардал нийт 1,760,000 төгрөг, нийт 6,379,265 төгрөг төлөх ёстой. Үүний тал зардал 3,189,640 төгрөгийг төрсөн эцэг Л.А-аас нэхэмжилж байна. Л.А нь дахин дахин шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 4-т заасны дагуу тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 50,000 төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

 

Л.А нь ажилгүй, төрөлгүй гэж байгаа нь хүүхдийн тэтгэлгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Эгч нь бидний амьдралд оролцсон цагаас хойш бид 5 хохирсон байгаа. Орон гэргүй гээд байгаа боловч 2015 оны орон гэргүй хүмүүсийн бүртгэлд байхгүй байгаа. Тэтгэлэг төлөхгүй гээд байгааг нь зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөөгүйгээс ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг шийдвэрт тусгаж өгөөгүй байгаа учраас маргаан гарч байгаа. Л.А үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж би давхар үүргийг нь гүйцэтгэж байна. 2011 онд Л.А эгч нартайгаа нийлж байгаад 3 өрөө байраа зарсан байгаа. Шүүхээс гараад хүмүүст тайлбар хэлэхдээ байрыг нь зараад хөөгөөд гаргасан гээд байгаа юм. Архи ууж амьдралаа үрж байхаар ажил төрөл хийх хэрэгтэй гэж бодож байна. Хариуцагчийн өмгөөлөгчид хандаж хэлэхэд Л.А-т хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг тайлбарлаж, миний хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалж өгөөч гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч эдийн засгийн нөхцөл байхгүй байна. Учир нь миний өмчлөлд байсан орон сууцыг Б.А өөрөө дур мэдэн өмчилж, зарж үрэгдүүлсэн байдаг. Би одоо орон гэргүй, гудамжинд байгаа. Бид салаад 6 жил болж байна. Би огт ажил хийж байгаагүй биш ажил хийж байсан. Ажил хийгээд явж байхаар араас дуудаад эргээд очиход ажилгүй болсон байдаг. Ажил төрөл хийж байсан бол хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөлцөөд явахыг хүсч байна. Өнөөдөр би салъя гэж салсан биш энэ хүн өөрөө салаад явсан байж зөндөө олон зүйл нэхээд байх юм. Орон байрыг нь би өгөөд салсан. Хууль ёсны өмчлөгч гээд шүүхийн шийдвэр гарсан боловч би тэнд амьдарч чаддаггүй. Би Өмнө-говь аймагт ажилд ороод явж байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс дуудуулаад л ажилгүй болгосон. Хүүхдийн эрхийг яриад байна, би амьд явах эрхтэй, надад тийм баталгаа алга. Надад ажил төрөл ч олдохгүй байна. Би өнөөдөр ходоодондоо 2 хуушуур ч олж идэж чадахгүй гудамжинд явж байна. Надад Захиргааны арга хэмжээ авахуулах ямар шаардлага байгаа юм бэ, тэрний оронд ажил хийгээд явж байвал зүгээр байх. Сүүлийн сарын хугацаанд ямар ч мөнгөгүй болж байна, эгч нар жийрхээд харьцахаа больж байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь охин А.И, А.И, хүү А.А нарын шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн алданги 5,837,312 төгрөг, охин А.И, А.И нарт нэмэлт тэтгэлэг, зардалд 3,189,640 төгрөгийг тус тус хариуцагч Л.А-аас гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50,000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор  баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах” тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

 

Л.А, Б.А нар нь 1997 онд гэр бүл болж, 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан, хүүхдүүд   болох  .....    оны   ......   дугаар   сарын   ..... -ний  өдөр   төрсөн  ихэр   охин   А.И,

 А.И, ...  оны ...  дугаар сарын ..... -ны өдөр төрсөн хүү А.А нарыг эх Б.А-ийн асрамжид үлдээж, эцэг Л.А-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,   40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ....  оны ......  дүгээр сарын ... -ны өдрийн ........  дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байна.

 

Мөн Сум дундын 7 дугаар шүүхийн ...  оны ..  сарын ... -ний өдрийн .....  дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Л.А-аас 3,772,000 төгрөг, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т зааснаар хариуцагч Л.А-аас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 2,596,750 төгрөг, түүний алданги 1,298,375 төгрөг, нийт 3,895,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Л.А нь 2016 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар тус шүүхийн ....  оны ...  сарын ..... -ны өдрийн ...... , . оны .  сарын ......-ний өдрийн .... дугаар шийдвэрүүдээр тогтоосон боловч төлөгдөөгүй тэтгэлэг нийт 11,674,625 төгрөг байгаа тул үүний 50 хувиар тооцож алданги гаргуулна” гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан 37 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.М-ын гаргасан хүүхдийн тэтгэлгийн тооцооллоор 2015 оны 01 дүгээр сар хүртэл төлөгдөөгүй тэтгэлгийн үлдэгдэл нийт 7,667,125 төгрөг гэж байх бөгөөд энэ нь дээр дурдсан Сум дундын 7 дугаар шүүхийн .....  оны ...  сарын ... -ний өдрийн ..... дугаар шийдвэрээр хариуцагч Л.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нэмэлт тэтгэлэг, зардал, төлөгдөөгүй тэтгэлэг, түүний алдангийн нийлбэр байна.

Дээрх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл Б.А нь алданги тооцож нэхэмжлэхдээ төлөгдөөгүй тэтгэлэгт Сум дундын 7 дугаар шүүхийн ....  оны ..  сарын .... -ний өдрийн .... дугаар шийдвэрээр тогтоосон нийт 7,667,125 төгрөгийг оруулан тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд алданги тооцохоор заасан бөгөөд Сум дундын 7 дугаар шүүхийн ........  оны .......  сарын ... -ний өдрийн .....  дугаар шийдвэрээр Л.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр нь энэ хуульд заасан тэтгэлэг тул тус шийдвэрт заасан төлбөрийг төлөгдөөгүй тэтгэлэгт тооцож, алданги тооцох үндэслэлтэй” гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ, хугацааг заасан бөгөөд энэхүү хугацаанд тэтгэлгийг төлөөгүй бол алданги төлөхөөр мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр нөхөн гаргуулсан тэтгэлэг, нэмэлт зардал нь тодорхой хугацаанд, тогтмол төлөгдөх тэтгэлэг  биш учраас энэхүү төлбөрийг Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэг гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

           

Харин 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын байдлаар төлөгдөөгүй тэтгэлгийн нийт хэмжээ нь 4,107,500 төгрөг болох нь хэрэгт авагдсан 37 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч - хүүхдийн тэтгэлгийн тооцоолол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т: “Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч Л.А нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг төлөөгүй байх тул энэхүү хуульд заасан хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Л.А-аас Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар төлөгдөөгүй тэтгэлэг болох 4,107,500 төгрөгийн 50 хувиар тооцож, 2,053,750 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь охин А.И, А.И нарын 2015-2016 оны хичээлийн  жилийн сургалтын  төлбөр  нэмэлт  тэтгэлэг,  зардалд  3,189,640  төгрөгийг  нэхэмжилж байгаа боловч А.И, А.И нар нь 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 насанд хүрсэн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрсэн тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар тэтгүүлэгч А.И, А.И нар нь насанд хүрснээр хариуцагч Л.А-ын тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Б.А нь “... А.И, А.И нар нь оюутан, ажил хөдөлмөр эрхэлж, өөрсдийн сургалтын төлбөр, зардлаа төлөх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй тул эцгээс нь сургалтын төлбөр, дотуур байрны зардлын тал хувийг гаргуулах үндэслэлтэй” гэж тайлбарлаж байгаа боловч хуульд зааснаар тэтгүүлэгч хүүхдүүд насанд хүрснээр хариуцагч Л.А-ын  тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, хэрэгт авагдсан баримтаар А.И, А.И нар нь насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй болох нь тогтоодохгүй байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн А.И, А.И нар нь оюутан, ажил эрхэлдэггүй зэрэг нь дээрх хуульд заасан насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй гэдэг ойлголтонд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Б.А нь А.И, А.И нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалт, дотуур байрны төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд төлбөрийг 2015 оны 10 сарын 19-ний өдрөөс өмнө буюу тэднийг 18 насанд хүрэхээс өмнө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэмэлт тэтгэлэг, зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээд гаргаж болохоор заасан байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар насанд хүрээгүй тэжээн тэтгүүлэгчийн өмнөөс түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага нэхэмжлэл гаргахаар заасан тул тэтгүүлэгч А.И, А.И нарын насанд хүрснээс хойшхи хугацааны сургалтын төлбөр, нэмэлт зардлыг хариуцагч Л.А-аас гаргуулах үндэслэлгүй байна.

           

 Мөн нэхэмжлэгч Б.А нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50,000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгээс тооцож, алданги төлөхөөр зохицуулсан байхад цаашид төлөхгүй бол гэж алданги гаргуулахаар урьдчилан зааж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах боломжгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр захиргааны шийтгэл ногдуулахаар заасан байхад шүүхээс бусад этгээдэд хариуцлага тооцохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан охин А.И, А.И нарт нэмэлт тэтгэлэг, зардалд 3,189,640 төгрөгийг хариуцагч Л.А-аас гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50,000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор  баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

 Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.А-аас шүүхэд ирүүлсэн 18 хуудас нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан, хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргажээ. Хавтаст хэргийн 98-115 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, хуурамчаар үйлдсэн болохыг зохих эрх бүхий этгээд тогтоогоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх нотлох баримтуудыг хууль бусаар, хуураамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нотлох баримт хасуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзсэн болно.

Нөгөө талаас тус нотлох баримтууд нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс тооцсон алданги, хүүхдийн нэмэлт тэтгэлэг, зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул эдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.А-аас 2,053,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,783,562 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50,000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор  баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Л.А-аас хүүхдийн сургалтын болон дотуур байрны төлбөр болох 3,189,640 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.А-аас 47,810 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ