Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 157

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00546/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 870 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогт Б-ын А-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Хөхтэй хан овогт Л-ын А-т холбогдох, 

         “Хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн алданги 5.837.312 төгрөг, нэмэлт тэтгэлэг, зардалд 3.189.640 төгрөг тус тус гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Дархан сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах” тухай иргэний хэргийг 

          Нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

хариуцагч Л.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”, мөн хуулийн 26.5-д “энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно”, мөн хуулийн 50.2-т “Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног  тутамд  тогтоосон  тэтгэлгийн  үнийн  дүнгийн  0,5 хувиар  алданги  төлнө”,  50.3-т

“Алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна”,   мөн хуулийн   50.4-т   “Тэтгэлгийг    хугацаанд   нь  төлөөгүйн  улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 50.2, 50.3-т заасныг баримтална” гэж заажээ.

 Л.А- нь эгч нартайгаа нийлж, гэр бүлээ хууран мэхлэх аргаар эд хөрөнгөө бусдын нэр дээр нуун дарагдуулсан, үр хүүхдээ тэжээн тэтгэхээс удаа дараа санаатайгаар зайлсхийж байгаагаас Б.А- би түүний өмнөөс давхар хариуцлага хүлээж, санхүүгийн алдагдалд орж байна. Иймд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 11.674.625 төгрөгт ногдох 5.837.312 төгрөгийн алданги тооцуулах нэхэмжлэл гаргаж байна. Мөн бидний ихэр охидууд болох А.Ихэрмарал, А.Ижилмарал нар нь 2015-2016 оны хичээлийн жилд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаахын суурь боловсролын дамжааны 2 дугаар курст, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн архитектурын 2 дугаар курст суралцдаг. А.Ихэрмаралын сургалтын төлбөр 2.489.000 төгрөг, А.Ижилмаралын сургалтын төлбөр 2.130.265 төгрөг, дотуур байрны зардал нийт 1.760.000 төгрөг, нийт 6.379.265 төгрөг төлөх ёстой.

Үүний тал зардал 3.189.640 төгрөгийг төрсөн эцэг Л.А-аас нэхэмжилж байна. Л.А- нь дахин дахин шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү. Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 4-т заасны дагуу тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 50.000 төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү. Л.А- нь ажилгүй гэж байгаа нь хүүхдийн тэтгэлгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Эгч нь бидний амьдралд оролцсон цагаас хойш бид 5 хохирсон байгаа. Орон гэргүй гээд байгаа боловч 2015 оны орон гэргүй хүмүүсийн бүртгэлд байхгүй байгаа. Л.А- үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж би давхар үүргийг нь гүйцэтгэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчид хандаж хэлэхэд Л.А-т хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг тайлбарлаж, миний хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалж өгөөч гэж хүсч байна гэжээ.

Хариуцагч Л.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч эдийн засгийн нөхцөл байхгүй байна. Учир нь миний өмчлөлд байсан орон сууцыг Б.А- өөрөө дур мэдэн өмчилж, зарж үрэгдүүлсэн байдаг. Би одоо орон гэргүй, гудамжинд байгаа. Бид салаад 6 жил болж байна. Би огт ажил хийж байгаагүй биш ажил хийж байсан. Ажил хийгээд явж байхаар араас дуудаад эргээд очиход ажилгүй болсон байдаг. Ажил төрөл хийж байсан бол хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөлцөөд явахыг хүсч байна. Өнөөдөр би салъя гэж салсан биш энэ хүн өөрөө салаад явсан байж зөндөө олон зүйл нэхээд байх юм.

Орон байрыг нь би өгөөд салсан. Хууль ёсны өмчлөгч гээд шүүхийн шийдвэр гарсан боловч би тэнд амьдарч чаддаггүй. Би Өмнө-говь аймагт ажилд ороод явж байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс дуудуулаад л ажилгүй болгосон. Хүүхдийн эрхийг яриад байна, би амьд явах эрхтэй, надад тийм баталгаа алга. Надад ажил төрөл ч олдохгүй байна. Би өнөөдөр ходоодондоо 2 хуушуур ч олж идэж чадахгүй гудамжинд явж байна. Надад захиргааны арга хэмжээ авахуулах ямар шаардлага байгаа юм бэ, тэрний оронд ажил хийгээд явж байвал зүгээр байх. Сүүлийн сарын хугацаанд ямар ч мөнгөгүй болж байна, эгч нар жийрхээд харьцахаа больж байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 870 дугаар  шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.А-аас 2.053.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3.783.562 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг цаашид хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн бол төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, 50.000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Л.А-аас хүүхдийн сургалтын болон дотуур байрны төлбөр болох 3.189.640 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.А-аас 47.810 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 870 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гурван үндэслэлээр гомдол гаргаж байна. Л.А- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө байнгын оршин суух хаягаа Дархан-Уул аймаг, Дархан сум 4-р баг, 22-р хороолол 9-28 тоот гэж, холбоо барих утасны дугаараа 99095013 гэж тодорхойлсон байна. Мөн 2016 оны 05 дугаар сарын 12-ны 3069 тоот шүүх хуралдааны тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3450 тоот шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн оршин суугаа хаягийг Дархан-Уул аймаг, Дархан сум 4-р баг, 22-р хороолол 9-28 тоот гэж тэмдэглэсэн байна. Гэтэл шийдвэртээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6-р хороолол 4-32 тоотод оршин суугч гэж тогтоосон нь оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломжгүй болгож байна. Иймээс хариуцагчийн оршин суугаа хаягийг шүүх үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

А.Ихэрмарал, А.Ижилмарал нар нь 2015 оны 10 дугаар сарын 19-нд 18 нас, хүү А.Ачит 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 11 нас хүрсэн боловч Л.А- нь үр хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатайгаар зайлсхийж, гурван хүүхдийн эрх ашгийг хохироож байгаа төдийгүй, Б.А- миний үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхэд санаатайгаар саад учруулж байна. 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээг шийдвэр гүйцэтгэгч Л.Мөнхбаатарын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нарийвчлан гаргасан тооцооллоор тодорхойлбол 13.991.350 төгрөг. Энэ тэтгэлэг дээр Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 143 тоот шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д заасныг баримтлан 3.772.000 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэн байна. Иймээс 2016 оны 6 дугаар сарыг дуустал төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээ 17.763.350 төгрөг болон хуримтлагдсан байна. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүрэгт ажилдаа хайнга хандаж хүүхдийн тэтгэлгийн тооцооллыг үнэн зөв гаргаж өгөөгүйгээс удаа дараа шүүхэд хандахад хүргэж байгаа дээрх төлөгдөөгүй тэтгэлгээс шүүхийн шийдвэрээр манай гэр бүлд оногдуулсан 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан орлогоос Л.А-т ногдох 5.757.000 төгрөгийг хасуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч Л.А- хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөгдөөгүй тэтгэлэг 17.763.350 төгрөгт ногдох алдангийг Гэр бүлийн тухай хуулийн 50.2, 50.3-т заасныг үндэслэн тооцож шийдвэрлэж өгнө үү. А.Ихэрмарал, А.Ижилмарал нарыг 18 нас хүрээгүй байхад гарсан сургалтын төлбөр болон дотуур байрны зардал болох 3.189.640 төгрөгийг эцэг Л.А-аас нь гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Гэр бүлийн дундын эд хөрөнгийг хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашигласан учраас үнэн зөв шийдвэр гараагүй.Хуурамч нотлох баримтыг шалгуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Шүүх шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд “2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 11.674.625 төгрөгт ногдох 5.837.312 төгрөгийн алданги тооцуулах, А.Ихэрмаралын сургалтын төлбөр 2.489.000 төгрөг, А.Ижилмаралын сургалтын төлбөр 2.130.265 төгрөг, дотуур байрны зардал 1.760.000 төгрөг, нийт 6.379.265 төгрөгний тал зардал 3.189.640 төгрөг гаргуулах, Л.А- нь дахин тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөхгүй бол хариуцлага тооцохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохыг сумын Засаг даргад даалгах  тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил олдохгүй, орон гэргүй, эдийн засгийн хувьд боломжгүй байна гэж маргасан байна.

Л.А-, Б.А- нар нь 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр болж, 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж,  1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин А.Ихэрмарал, А.Ижилмарал, 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Ачит нарыг эх Б.А-ийн асрамжинд үлдээж, эцэг Л.А-аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Л.А-аас 3.772.000 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар  зүйлийн 50.2, 50.3-т зааснаар хариуцагч Л.А-аас хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 2.596.750 төгрөг,  түүний алданги 1.298.375 төгрөг, нийт 3.895.125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Б.А- нь төлөгдөөгүй тэтгэлэгт алданги тооцож нэхэмжлэхдээ Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр тогтоосон дүнг оруулан тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэснийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар дээрх шийдвэрээс хойш төлөгдөөгүй тэтгэлэг болох 4.107.500 төгрөгт анхан шатны шүүх  алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Зохигчдын төрсөн охин А.Ихэрмарал, А.Ижилмарал нар нь 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ба тэдгээрийн суралцаж буй дээд сургуулийн 2015-2016 оны сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр болох 3.189.640 төгрөгийг төлөх үед охин А.Ихэрмарал, А.Ижилмарал нар нь хуульд заасан хугацаа тоолох журмаар 18 насанд хүрээгүй байсан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар гэр бүлийн гишүүд бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Л.А-аас охин А.Ихэрмарал, А.Ижилмарал нарын сургалтын болон дотуур байрны төлбөр болох 3.189.640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгох нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.А-аас охин А.Ихэрмарал, А.Ижилмарал нарын сургалтын болон дотуур байрны төлбөр болох 3.189.640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож” гэж,

  1. дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.А-аас 113.794 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А- давж заалдах гомдол гаргахад төлөх  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЭНХЖАРГАЛ                         

                                ШҮҮГЧИД                                             Г.ДАВААРЕНЧИН

                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ