Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,                                                            ,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт С-н С-т холбогдох эрүүгийн 1910002070465 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, оршин суух, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, Урьд

1997 онд Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар,

1999 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дугаар зүйлд зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.3, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-н С-т

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ пабад 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Г.Бийн нүүрийг хутгаар зүсэж биед нь баруун хацар, уруулын салстанд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байсан “нохойн зодооны” тэмцээн дээр Э.Быг нохойгоо нэхлээ гэж уурлан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Бийг  яагаа ч үгүй. Түүнд гар хүрч үзээгүй. Бын хувьд нохойгоо зодолдуулахгүй гэхээр нэг удаа цохисон нь үнэн. Манай хуурай дүү дүүргийн цагдаагийн газар руу ярьсан байсан ба өгсөн дуудлагаа буцаах гэсэн юм гэхэд заавал ирж тайлбар бичиж өг гэж хэлсэн байсан. Ингээд цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж Ганболд гэдэг байцаагчид тайлбар бичиж өгсөн. Тайлбар бичиж өгч байх явцад Б гомдолгүй гээд бичээд өгчихсөн байхад заавал таниас тайлбар авна гээд байх юм гэж хэлж байсан. Ингээд би юу болсон тухайгаа тайлбар бичиж өгсөн. Гэтэл Быг заавал шүүх эмнэлэгт үзүүлэх ёстой гэсэн. Чиний тайлбараар асуудлыг шийдэхгүй гэсэн. Б тухайн үедээ гомдолгүй гэдгээ бичиж өгсөн байсан. Бийг зодсон гэх хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь дандаа ар гэр, хамаатан садангийнх нь хүмүүс байгаа...” гэв.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...С ирээд Б-г хэл амаар доромжилход Б гараад явах үед С зүүн гарын ханцуйнаасаа хутга гаргаж ирээд миний нүүрний баруун талын хэсэгт уруулаас эрүүний дээд талын хэсэг хүртэл хутгаар зүссэн. Тэр үед маш их хэмжээний цус гарахад “Ундрага паб”-ын ажилчид цаасаар дарж өгсөн. ...Маргааш өдөр нь С манай гэрт нэг шил архитай ирчихээд битгий намайг цагдаад өгөөч, би нүүрийг чинь буцааж хэвэнд нь оруулж өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авч өгөөгүй. ...С надад ах нь ёстой юу ч санахгүй байна, одоо нэгэнт болчихсон юм чинь цагдаад хэлээд яах юм бэ энүүгээр ингээд шийдчихье нүүрийг чинь буцаад хэвэнд нь оруулаад, гомдол саналгүй салчихъя энэ тэр гээд л байсан. Тэгэхээр нь би чадах уу гэж хэлсэн чинь надад С чаднаа гэж хэлж байсан. Ингээд 2-3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж өгнө 19 автобусны буудлын ард байрлах Морьтон цогцолборт байх эмнэлэгт С эхнэрийнхээ хамт явж миний нүүрийг оёулж өгсөн юм. Тухайн эмнэлэгт 3 удаа очсон бөгөөд эхний удаа очиж үзүүлсэн чинь бугалчихсан байна эдгээгээд хүрээд ир гэсэн. Эдгээх гэж 10 орчим хоног болоод дахиад нөгөө эмнэлэг дээрээ ирээд ГССҮТ-д оёулсан байсан оёдлоо авхуулаад дахиад оёдол тавиулсан. Тэгээд 20 хоногийн дараа дахиад энэ эмнэлгээрээ оёдолоо авхуулсан. Дээрх 3 удаагийн эмнэлэг явахад С эхнэрийнхээ хамтаар явж байсан...” гэжээ. /хх-н 13-14, 16-р тал /,

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нохойн тэмцээн болсон. .Саас нохойгоо авахаар очиход миний нохой яг зодолдох гэж байхаар нь би шүүгч дээр нь очоод наад нохой чинь миний нохой, би нохойгоо зодолдуулахгүй гэж хэлчихээд буцаад явж байтал араас С гүйж ирээд чи намайг өдөөд байна уу, олны нүдэн дээр шившиг болголоо гээд нүүр рүү нэг удаа гараараа ‘цохихоор нь би цаашаагаа яваад өгсөн. Тэгтэл араас С ирээд дахиж нүүр рүү гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойлгоод нүүр рүү өшиглөсөн...” гэжээ /хх-н 132-р тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 126-р тал/

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б ах маск зүүчихсэн, надад харуулахгүй байсан. Тэгээд надаас нууж байж байгаад 2 хоногийн үед “Ундрага пабад” сууж байхад манай С гаднаас ирсэн гэсэн. Тэгээд маргалдаж муудалцаад ахын баруун талын хацрыг нь хутгаар зүсчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад Сын гэрт очсон чинь С гэрээсээ гарч ирсэн. Тэгэхээр нь би та манай ахын нүүрийг аймаар болгочихсон байна ш дээ гэсэн чинь би тэгээгүй гээд байсан. Тэгэхээр нь би Ундрага пабад очоод тухайн өдөр юу болсон талаар асуусан чинь тэр пабад байсан нэг настай эмээ “С л зүссэн” гэж хэлсэн...Тэгэхээр нь би дахиад очоод Стай уулзаад Ундарга пабад очиж уулзаад ирлээ, эмээ бүх зүйлийг надад хэлчихлээ гэж Ст хэлсэн чинь ах нь нүүрийг нь жимбийтэл сайхан оёулаад, сорвигүй эдгээгээд өгнө гэж хэлээд 19-ийн автобусын буудлын KFC-ын байрны яг хэдэн давхарт байсныг одоо санахгүй байна, тэнд орж С, эхнэр Г хамт тийшээ орж Б ахын хацрыг оёулсан юм. Ингээд С сорвийг арилгаж, сайхан оёулаад өгнө гэсэн...” гэжээ. /хх-н 19-20-р тал/

Гэрч О.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шонхоос Ст Ч буюу намайг муулж бацаануудыг даврааж болохгүй зодох хэрэгтэй гэж ярьсан. Бид хэд архи ууж хэрэглэсэн. Гэнэт С хутга гаргаж ирээд Бийн баруун хацрыг хутгаар эсгэж зүсчихсэн...Тэгээд би Бийг аваад гэмтэл орж оёдол тавиулсан...” гэжээ. /хх-н 43-44-р тал/

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Надад С миний нүүрийг зүсчихлээ гэсэн юм. Тэгэхээр нь би харья гэсэн чинь аймаар болчихсон байсан. Тэр үед бол нэлээн аймаар харагдаж байсан. Ингээд хаана юу болсон талаар асуусан чинь Ундрага пабад сууж байсан чинь С хэдэн хүмүүстэй дээрээс бууж ирээд юм ярьж байсан чинь гэнэт хутга гаргаж ирээд хацрынх нь баруун хэсэгт хутгаар зүсчихсэн гэж хэлсэн...” гэжээ. /хх-н 89-р тал /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 1624 тоот дүгнэлтэнд: “...Г.Бийн биед уруулын зүүн хэсгээс эрүүний зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнаас үүссэн сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирцтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хуучин буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-14-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-н 24-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 642 тоот дүгнэлтэнд: “...Г.Бөд баруун хацар, уруулын салстанд сорви тогтоогдлоо. Уг гэмтэл ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгджээ. Г.Бийн баруун хацар, уруулын сорви нь нүүрийг засрашгүй гэмтээж, нүүрний төрх алдагдуулсан гэмтэлд хамаарахгүй. Уг арьсны түвшингээс бага зэрэг хонхор сорви ердийн явцаараа бүдгэрч, орчны арьсны өнгөтэй ижил болно. Г.Бийн биед тогтоогдсон гэмтэл нь учрах үедээ амь насанд аюул учруулаагүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1624 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-н 95-96-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 4976 тоот дүгнэлтэнд: “...Э.Бын биед баруун хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-н 137-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-152/,  ял шалгах хуудас / хх-153/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ пабад 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Г.Бийн нүүрийг хутгаар зүсэж биед нь баруун хацар, уруулын салстанд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт болж байсан нохойн зодооны тэмцээн дээр Э.Быг нохойгоо нэхлээ гэж уурлан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 1624, 642, 4976 тоот дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ст холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С нь Г.Бийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй гэх боловч хавтас хэрэгт авагдсан гэрч Г.О, О.Ч, Ш.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднээс авсан мэдүүлгүүд болон хохирогч Г.Бийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Б, Э.Б нарт гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Г.Б, Э.Б нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхив.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт С-н С-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С-н Сыг 1000 нэгж буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Ст оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Г.Б, Э.Б нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ