Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1125

 

 

 

 

 

 

 

 

         С.Ст холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Пүрэвтогтох,

            хохирогч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Ст холбогдох 1910002070465 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ....................., ........... оны .............. дүгээр сарын ...........-ны өдөр .............. хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн 4 дүгээр хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 435 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 374 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 267 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан;

С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрага” пабад ...............нүүрийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь баруун хацар, уруулын салстад сорви бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт болж байсан “нохой зодоон” тэмцээн дээр Э.Баярбаатарыг “нохойгоо нэхлээ” гэж уурлан, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-уул дүүргийн прокурорын газраас: С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Сыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Сыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, С.Ст оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Г.Б, Э.Баярбаатар нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор С.Ст 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэж хэлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй атлаа хохирол төлбөргүй гэж С.Ст хэт хөнгөн ял оногдуулсан. Би хувийн эмнэлэгт 200.000 төгрөгөөр зүсэгдсэн шархаа оёулсан. Тухайн үед Сайнбаяр надтай хамт явж байсан тул энэ талаар мэдэж байгаа. Энэ баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөх байсан. Одоо миний баруун хацар, амнаас эрүүний доод хэсэгт нилэнхүүдээ оёдолтой, миний гоо сайхан алдагдсан учраас оёдлын сорвийг лазер эмчилгээ хийлгэж төлбөрөө авах хүсэлтэй байна. Би “Делта” ХХК-д засварчин ажилтай ба сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Хутгалуулснаас хойш 14 хоног ажилдаа явж чадаагүй, цалингаа дутуу авсан. Шарханд идээ, бээр татаад 50.000 төгрөгөөр эм тариа авсан. Эдгээр зардлаа бүгдийг нь гэм буруутай этгээдээс гаргуулж авна. Цаашид гарах лазер эмчилгээний зардлаа мөн гаргуулж авна. Маш их гомдолтой байна. Намайг шалтгаангүйгээр хутгалсан бөгөөд сэтгэл санааны хохирол, эд хөрөнгийн хохирол учирсан тул миний хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад хохирогч Г.Б 3 удаа мэдүүлэг өгөхдөө хохирол төлбөрөө нэхэмжилнэ, гомдолтой гэж хэлдэг боловч холбогдох эмчилгээний баримт байхгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний баримт гаргаж өгөөгүй. Гоо сайхны эмнэлэгт оёдол хийлгүүлсэн төлбөрийг шүүгдэгч С.С төлсөн талаараа мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С нь гэм буруу дээрээ маргаагүй, мөн бусдад төлөх төлбөргүй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг зэргийг харгалзаад торгох ял оногдуулсан. Хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирогч Г.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ст холбогдох хэргийг хохирогч Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар уг эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хохирогчийн “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхийг хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч, шүүгдэгч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа хохирогч Г.Бөд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас “улсын яллагч, шүүгдэгч нар ирсэн, өөр дуудагдсан хүнгүй” талаар илтгэснээр хуралдааныг үргэлжлүүлжээ.

Ингэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдэрлэнэ” гэснийг зөрчсөн байна. 

Түүнчлэн анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан үндэслэлтэй агуулгын хувьд зөрчилтэй болжээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй /хохирогч нар жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх заасан/, төлбөрийн чадвартай эсэх, торгуулийн ял биелүүлэх боломжтой эсэх болон удаа дараа ял шийтгүүлсэн шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийлгүйгээр торгох ял сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.  

Иймд хохирогч Г.Бийн “анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн, шүүгдэгч С.Сыг 1.0 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Ст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Ст холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ