Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01544

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1688 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-, Д.М- нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58 577 035 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.М- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус банк нь иргэн Б.Б-, Д.М- нартай 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Б.Б-, Д.М- нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө 8 удаагийн төлөлт хийсэн боловч түүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Б-, Д.М- нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 38 985 737 төгрөг, зээлийн хүү 18 927 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663 455 төгрөг, нийт 58 577 035 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд иргэн Б.Б-, Д.М- нартай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 222, 225 дугаар зүйлүүдийг үндэслэн цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58 577 035 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б-, Д.М- бид нар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ариг” банкнаас 30 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 947 835 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 917 255 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 947 829 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 947 829 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 856 041 төгрөг хүүгийн төлбөрт, үндсэн зээлээс 1 497 958 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9 хоногийн хүүгийн төлбөрт 261 416 төгрөг, нийт 6 378 292 төгрөг төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банкны “Вива Сити” салбарын захирал Ц.Содгэрэл намайг зээл авах хүсэлт тавиагүй байхад дуудаад “таны зээлийн гэрээний хүүг буулгаад өгье, та эргэн төлөлтөө сайн хийж байгаа учраас нэмж мөнгө зээлж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний зээлийн үлдэгдэл 28 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийгээ хаах мөнгө надад байхгүй” гэж хэлэхэд “шинээр авсан зээлнээс чинь төлсөн болгоноо, санаа зоволтгүй, таны зээлийн хүү буурна шүү дээ, 2.1 хувийн хүүнд арай хүрэхгүй, 2.075 хувийн хүү болж багасна, бизнесийн зээл болгоно” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөртөө дэлгүүрийн зураг очиж авчихаад дахин надтай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж надад бэлнээр 15 000 000 төгрөг өгсөн. Гэтэл хүүг огт буулгаагүй намайг хуурч мэхэлсэн байсан.

Ингээд учрыг асуух гээд уулзахаар очиход “Вива Сити” салбараа хаачихсан, захирал Ц.Содгэрэл нь ажлаасаа халагдсан байсан. Үлдсэн мөнгийг нь хуучин зээлд чинь суутгаад авсан гэж хэлсэн. Түүнээс биш би бодитоор 50 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан зүйл байхгүй. Үүнээс хойш тухай бүрт нь төлбөрөө төлж, нийт 21 044 840 төгрөгийг банкинд төлсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний 6 нэрийн дэлгүүр шатаж 31 248 500 төгрөгийн хохирол учирч, зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа банкинд тухайн үед мэдэгдэж 4 удаа хүсэлт бичиж өгсөн. “Ариг” банкнаас би нийтдээ эхлээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг авсан. Үүнээс 6 378 292 төгрөг, 21 044 840 төгрөг, нийт 27 423 133 төгрөг төлсөн. Банк дээрээс нь нэмж 28 499 660 төгрөг хаах байтал өөрсдөө дур мэдэн мөнгө нэмж 34 878 206 төгрөгөөр хааж надаас илүү 6 378 546 төгрөг авсан. Гэтэл одоо надаас 58 577 035 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэндээ нийт 33 801 679 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна.

2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнээс гадна “Ариг” банкны “Вива Сити” дэх салбарын захирал Ц.Содгэрэл надаас эхний 30 000 000 төгрөгийн зээл гаргасны 10 хувь буюу 3 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 000 000 төгрөг гаргаж өгснөөс 10 хувь буюу 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг зээл гаргасны шимтгэл гэж авсан гэж бодож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11 198 320 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бодит байдал дээр уг зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй, зориулалтын дагуу олгоогүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хаах зорилгоор зээл гаргасан. Ямар ч банк зээл гаргахдаа зээлийг зориулалтын дагуу ашиглах эсэхийг судалж байж зээл олгодог. Зээлийг зориулалтын дагуу ашиглах нь тодорхойгүй гэдэг нь өөрөө банкны олгохоос татгалздаг үндсэн шалтгаануудын нэг юм.

Энэхүү гэрээ нь дүр үзүүлэн, хууль зөрчин, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Иймд “Ариг” банкнаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг хаахад илүү төлсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж Б.Б-, Д.М- нар олгуулж өгнө үү. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк, Д.М- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 6 378 546 төгрөг хаана илүү төлөгдсөн гэдэг нь харагдахгүй байна. Орон сууц барьцаалсан зээлийн дансны хуулгыг буруу ойлгоод байх шиг байна. 50 000 000 төгрөгийн зээл олгоод 28 761 076 төгрөгөөр урдны зээлийг хаасан. Зээлийн дансны хуулган дээр өмнө төлсөн төлөлт ороод 34 878 206 төгрөг болсноос үлдэгдэл нь 28 499 660 төгрөг байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Б.Б- нь 250 000 төгрөгийг зээл авсны шимтгэлд тушаагаад үлдэгдэл 20 948 000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Ц.Содгэрэлд хэдэн төгрөг өгсөн, гар дээрээ 15 000 000 төгрөг авсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийг зориулалтын бусаар ашиглахыг мэдсээр байж хяналт тавиагүй гэж байна. Банкны дотоод журамд тийм зүйл байхгүй.

Иймд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Б-, Д.М- нараас 54 408 541 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 168 494 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зээл хаахад илүү төлөгдсөн 6 378 546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк ХХК, Д.М- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.М-, Б Баярмаа нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 836 төгрөг, хариуцагч Б.Б-, Д.М- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, Д.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 429 992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариг” банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1688 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 374 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс гаргасан 1688 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

Талууд зээлийн үнийн дүнгийн хэмжээнд маргаж байгаа бөгөөд энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарласаар байхад магадлалд “энэ талаар талууд маргаагүй бөгөөд” гэж дүгнэж байна. Тодруулбал зээлдэгч нь тухайн зээлийн үнийн дүнгээс хэдэн төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, хэдэн төгрөгийн үндсэн хүү, хэдэн төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлсөн тухай тооцоолол байхгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн дүнгийн хэмжээгээр талуудын маргааныг шийдвэрлэж буй нь буруу юм. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ариг” банкны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №1 тоот мэдэгдэлд “3ээлмйн төлбөр 11 065 737, зээлийн хүү 8 565 113, нэмэгдүүлсэн хүү ..., бүгд төлбөр 19 630 850 төгрөгийн төлбөрийг ... хугацааны дотор төлж барагдуулахгүй бол 1113 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Уг мэдэгдэлд зээлдэгч нарын зээлийн гэрээний зөрчил хэмээн бичсэн ганц үг, үсэг байхгүй бөгөөд харин ч “Та гэрээний дагуу төлөх ёстой ... бүгд төлбөр 19 630 850 төгрөг” гэсэн тухайн өдрийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр гэж ойлгогдохоор байна. Гэтэл нэхэмжлэгч “Ариг” банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг албан мэдэгдэлд бичигдсэн дүнгээс давсан хэмжээгээр буюу үндсэн зээл 38 985 737 төгрөг, үндсэн зээлийн хүү 14 759 349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663 455 төгрөг хэмээн нэхэмжилсэн нь тун ойлгомжгүй болсон.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нарын зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн дүнгийн хэдэн хувь нь үндсэн зээлийн төлбөрт тооцогдож төлөгдөж байсан, хэдэн хувь нь хүүгийн төлбөрт төлөгдөж байсан гэдэг нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчээр уг асуудлыг нотлуулахгүйгээр түүний нэхэмжлэлд бичсэн дүнгийн хэмжээгээр хэргийг шийдвэрлэж буй нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэрүүд болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” гэж байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “Ариг” банк нь зээлдэгчид 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №1 тоот мэдэгдэл ганц л хүргүүлсэн нь нотлогдоно. Уг албан мэдэгдэлд зээлдэгч нь гараар бичсэн хүсэлт байдаг. Тодруулбал, зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөх орлогод бодит өөрчлөлт орсон буюу дэлгүүр шатсан талаар мэдэгдэж, улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, хүүгийн төлбөрт төлсөн зарим дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцож өгөх хүсэлтийг гаргасан. Уг асуудал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7, 1.9 дэх заалтын хүрээнд явагдсан. Гэтэл нэхэмжлэгч “Ариг” банкны зүгээс уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуцагч нарт мэдэгдээгүй байх бөгөөд ийнхүү хүсэлтийн хариуг өгөхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд заасан журам зөрчсөн үйлдэл юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд заасан зохицуулалт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрхэн нийцэж байгаад дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийг “Нэмэлт хугацаа олгосон” гэж дүгнэсэн нь буруу юм.

Хариуцагч нар нь “Ариг” банкнаас анх 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг “Шуурхай” зориулалтаар зээлсэн. Харин 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нар нь эхний 30 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн авч захиран зарцуулсан тал дээр маргадаггүй. Харин сүүлийн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Ариг” банкны зүгээс зээлдэгч нарт захиран зарцуулах боломж олгоогүй. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан “Депозит дансны хуулга”-нд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 50 000 000 орсон атлаа шууд тухайн өдөр 28 761 076.53 төгрөг 2107000500 тоот зээлийн данс руу гарсан байна. Ийнхүү гарахдаа зээлдэгч нар болох Б.Б-, Д.М- нараас зөвшөөрөл аваагүй, төлбөрийн даалгавар бичүүлээгүй бөгөөд Б.Б-, Д.М- нар 30 000 000 төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө хаах хүсэлт гаргаагүй байна. Харин хавтаст хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар Б.Б- нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 20 948 000 төгрөгийг авсан нь нотлогддог. Энэ нь “Дипозет дансны хуулга”-наас ч тодорхой харагдана.

...Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1688 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Б.Б-, Д.М- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх ба харин  хариуцагч нар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээл хаахад илүү төлөгдсөн төлбөрийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн шаардлага зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэгдсэн бол хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг заасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх хоёр зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн зорилго, төлөлт зэрэг хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох асуудлаар хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

“Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ” нэртэй 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийн 24 сарын зээлийн гэрээний биелэлт ямар байхад 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, эхний зээлийн гэрээний хугацаа дуусаагүй үед тухайн зээлийг өөр зээлээр хаах шаардлага байсан эсэх, шинээр олгож буй зээлээр түрүүчийн зээлийн үлдэгдлийг хааснаар хоёр дахь зээлийг олгосон гэж үзэх эсэх, энэхүү ажиллагаа нь банкны дүрэм, Монгол банкнаас арилжааны банкуудад тавигддаг шаардлагад нийцсэн эсэх талаар шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдаагүй байна.

Тухайлбал, зээлдэгч нар 2015 оны зээл авах талаар хүсэлт гаргасан эсэх, хоёр дахь зээл олгох асуудлыг банкны зээлийн хороо хэлэлцсэн эсэх, уг зээлийн ямар хэсгээр урьд олгогдсон зээлийн үлдэгдлийг хугацаанаас нь өмнө хаах талаар харилцан тохиролцсон нөхцөл зэрэг үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн нөхцөл дээрх байдлаар тогтоогдоогүй тохиолдолд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй ба хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01228 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1688 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 430 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН