Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01228

 

            

 

 

 


 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/01228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах “Ариг банк”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1970 онд Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, АПУ-гийн 56 дугаар байрны 52 тоотод оршин суух Баянцагаан овогт Буянжаргалын Баярмаа /РД: ХО70062261/,

Хариуцагч: 1965 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, АПУ-гийн 56 дугаар байрны 52 тоотод оршин суух Боржигон овогт Дамбын Мягмар /РД: ХИ65113018/ нарт холбогдох,

зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58.577.035 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

зээл хаахад илүү төлөгдсөн 6.378.546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг банк”ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Санчир, хариуцагч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг /ШТҮД:1953/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ариг банк”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Тус банк нь иргэн Б.Баярмаа, Д.Мягмар нартай 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2107001113 тоот зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 33 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Б.Баярмаа, Д.Мягмар нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө 8 удаагийн төлөлт хийсэн боловч түүнээс хойш ямар ч төлөлт хийлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Б.Баярмаа, Д.Мягмар нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 38.985.737 төгрөг, зээлийн хүү 18.927.842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663.455 төгрөг, нийт 58.577.035 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэн Б.Баярмаа, Д.Мягмар нартай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 222, 225 дугаар зүйлүүдийг үндэслэн цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58.577.035 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Мягмар, Б.Баярмаа нар шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Б.Баярмаа, Д.Мягмар бид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ариг” банкнаас 30.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 947835 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 917255 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 947829 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 947829 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 856041 төгрөг хүүгийн төлбөрт, үндсэн зээлээс 1.497.958 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 9 хоногийн хүүгийн төлбөрт 261416 төгрөг, нийт 6.378.292 төгрөг төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банкны Вива Сити салбарын захирал Ц.Содгэрэл намайг зээл авах хүсэлт тавиагүй байхад дуудаад “...таны зээлийн гэрээний хүүг буулгаад өгье. Та эргэн төлөлтөө сайн хийж байгаа учраас нэмж мөнгө зээлж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...миний зээлийн үлдэгдэл 28.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийгээ хаах мөнгө надад байхгүй” гэж хэлэхэд “...шинээр авсан зээлнээс чинь төлсөн болгоноо, санаа зоволтгүй, таны зээлийн хүү буурна шүү дээ. 2.1 хувийн хүүнд арай хүрэхгүй, 2.075 хувийн  хүү болж багасна, бизнесийн зээл болгоно” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөртөө дэлгүүрийн зураг очиж авчихаад дахин надтай 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж надад бэлнээр 15.000.000 төгрөг өгсөн. Гэтэл хүүг огт буулгаагүй намайг хуурч мэхэлсэн байсан. Ингээд учрыг асуух гээд уулзахаар очиход Вива Сити салбараа хаачихсан, захирал Ц.Содгэрэл нь ажлаасаа халагдсан байсан. Үлдсэн мөнгийг нь хуучин зээлд чинь суутгаад авсан гэж хэлсэн. Тэгэхээр би 28.500.000 төгрөг байсан шүү дээ гэхэд Ц.Содгэрэл “..ингэж хаахгүй бол болохгүй байна, ахиад би таньд хүү төлөөд өгнө, дараа нь хоёулаа зохицуулчихна” гэж хэлсэн. Би тухайн үедээ хүүг нь буулгаад 15.000.000 төгрөг нэмж өгч байсан болохоор гарын үсэг зур гэсэн болгон дээр нь гарын үсэг зурж байсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан. Түүнээс биш би бодитоор 50.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан зүйл байхгүй. Үүнээс хойш тухай бүрт нь төлбөрөө төлсөөр нийт 21.044.840 төгрөгийн банкинд төлсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний 6 нэрийн дэлгүүр шатаж 31.248.500 төгрөгийн хохирол учирч, зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа банкинд тухайн үед мэдэгдэж 4 удаа хүсэлт бичиж өгсөн. Ариг банкнаас би нийтдээ эхлээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 30.000.000 төгрөг, дараа нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг авсан. Үүнээс 6.378.292 төгрөг, 21.044.840 төгрөг, нийт 27.423.133 төгрөг төлсөн Банк дээрээс нь нэмж 28.499.660 төгрөг хаах байтал өөрсдөө дур мэдэн мөнгө нэмж 34.878.206 төгрөгөөр хааж надаас илүү 6.378.546 төгрөг илүү авсан. Гэтэл одоо надаас 58.577.035 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэндээ нийт 33.801.679 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Үүнээс гадна “Ариг” банкны Вива Сити дэх салбарын захирал Ц.Содгэрэл надаас эхний 30.000.000 төгрөгийн зээл гаргасны 10 хувь буюу 3.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15.000.000 төгрөг гаргаж өгсөнөөс 10 хувь буюу 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг зээл гаргасны шимтгэл гэж авсан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 11.198.320 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Анх 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ариг банкнаас орон сууц барьцаалсан шуурхай зээл авсан. Таньдаг хүн маань захирал Содгэрэлийг  танина гээд 30 сая төгрөгийн зээл авч 10 хувийг нь зээл гаргаж өгсөнд өгөөд гар дээрээ 27 сая төгрөгийн зээл авсан. 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Содгэрэл над руу яриад нэмж зээл авах уу, зээлийн хүү багасаж 2.1 хувь болно гэсэн. Би 3.1 хувиар авсан тул хэдийг нэмж өгөх юм гэхэд 50 сая төгрөг хүртэл зээл гаргаж болно, олгогдож байгаа мөнгөний 10 хувийг авна гэсэн. Тэр өдөр урьдны зээлийн үлдэгдлийг хаах 28 сая төгрөг байгаагүй. Гэтэл 50 саяаас чинь 28 саяыг нь хаачихна. 28 саяаар хаахгүй, 34 сая болгох ёстой. Зээл ашиглагдсан байх ёстой гэсэн. Гар дээр чинь 15 сая төгрөг өгнө гэсэн. Гэтэл зээлийн гэрээн дээр гар дээрээ 20 сая төгрөг өгөх байсан. Ингээд тэр өдрөө 1.5 саяыг нь өөртөө авсан. Гэтэл дэлгүүрийн орлого буурч зээл төлөхөд хүндэрсэн. Нөхөр маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэврийн зээл аваад хүртэл зээлэндээ төлсөн. Нөхөн төлбөрийн 9 сая төгрөг орж ирэх гэж байхад дэлгүүр маань шатсан. Ингээд маш их өрөнд орсон. Банкинд хандаад хүү буюу хугацааны хөнгөлөлт үзүүлээч гэхэд үгүй гэсэн. Одоогийн байдлаар зээлийн төлбөр төлөх аргагүй байна, яах вэ гэхэд танайд  гэр бүлд ажилтай хүн байна уу гэхэд манай хүү байгаа гэхэд байрыг чинь 8 хувийн зээлэнд оруулаад хүү дээр чинь зээл гаргаад өгнө гэсэн боловч хэсэг хугацааны дараа болохгүй юм байна гэсэн. Бид банкнаас нийт 30 гаруй сая төгрөг авсан. Төлсөн мөнгө нь 30 сая төгрөг байгаа. Содгэрэл нь ажлаасаа гарчихсан, ямар ч холбоогүй болсон. Хүү буулгана гэсэн боловч 2.75 хувь л болсон. Тэрнээс хэлсэнээрээ 2.1 хувь болоогүй. Иймд 11.198.320 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дунд нь илүү авсан мөнгийг хэн ч хариуцахгүй байна гэв.

Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Бид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Ариг” банкнаас 30.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний дагуу зээл хэвийн төлөгдөөд явж байсан. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банкны Вива Сити дэх салбарын захирал Ц.Содгэрэл зээл олгох хүсэлтийг Б.Баярмаад тавьсан байдаг. Тэгээд тухайн 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж бэлнээр 15.000.000 төгрөг өгсөн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ариг банк, Б.Баярмаа, Д.Мягмар нартай байгуулсан зээлийг 28.499.600 төгрөгийн үлдэгдэлээр хаах байтал 34.878.206 төгрөгөөр хаасан. Ингээд надад бэлнээр гар дээр 15.000.000 төгрөг өгсөн. Ингэхдээ  Ариг банк Б.Баярмаа, Д.Мягмар нараас 6.378.546 төгрөгийг илүү авч зээл хаасан байна. Ариг банк нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.Баярмаа, Д.Мягмар  нартай зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ эргэлтийн хөрөнгийн зээл зориулалтаар 50.000.000 төгрөгийг  зээлсэн мэтээр гэрээ байгуулсан. Гэтэл бодит  байдал дээр  уг зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжтоор хангаагүй, зориулалтын дагуу олгоогүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг  хаах зорилгоор зээл гаргасан. Ямар ч банк зээл гаргахдаа зээлийг зориулалтын дагуу  ашиглах эсэхийг судалж байж зээл олгодог. Зээлийг зориулалтын дагуу ашиглах нь тодорхойгүй гэдэг нь өөрөө банкны олгохоос татгалздаг үндсэн шалтгаануудын нэг юм. Энэхүү гэрээ нь дүр үзүүлэн, хууль зөрчин, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Иймд “Ариг” банкнаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг хаахад илүү төлсөн 6.378.546 төгрөгийг гаргуулж Б.Баярмаа, Д.Мягмар нар олгуулж өгнө үү. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг” банк, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Ариг банк”ХХК-ийн төлөөлөгч Д.Санчираас шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 6.378.546 төгрөг хаана илүү төлөгдсөн гэдэг нь харагдахгүй байна. Орон сууц барьцаалсан зээлийн дансны хуулгыг буруу ойлгоод байх шиг байна. 50.000.000 төгрөгийн зээл олгоод 28.761.076 төгрөгөөр урьдны зээлийг хаасан. Зээлийн дансны хуулган дээр өмнө төлсөн төлөлт ороод 34.878.206 төгрөг болсоноос үлдэгдэл нь 28.499.660 төгрөг байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Өмгөөлөгч дансны хуулга зөрүүтэй, харилцагчынхаа дансны хуулгыг засчихдаг гэж байна. Ийм зүйл байхгүй, хэрэв тэгсэн бол би нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан ч болно. Б.Баярмаа нь 250.000 төгрөгийг зээл авсаны шимтгэлд тушаагаад үлдэгдэл 20.948.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Ц.Содгэрэлд хэдэн төгрөг өгсөн, гар дээрээ 15.000.000 төгрөг авсан гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зээлийг зориулалтын бусаар ашиглахыг мэдсээр байж хяналт тавиагүй гэж байна. Банкны дотоод журмад тийм зүйл байхгүй. Иймд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Мягмарт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 58.577.035 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган зээл хаахад илүү төлөгдсөн 6.378.546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг банк” ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 54.408.541 төгрөгийн шаардлагыг хангаж, 4.168.494 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь Ариг бакнаас 30.000.000 төгрөгийг жилийн 37.2 хувь буюу сарын 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж авсан байна.

            Гэрээний талууд дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 28.761.076 төгрөг байх үед 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь 50.000.000 төгрөгийг жилийн 33 хувь буюу сарын 2.75 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоотын 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206005291 дугаартай, хоёр өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-6-15, 45-48/

            Дээрх зээлийн гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.      

            Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь 50.000.000 төгрөгийн зээлээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 28.761.076 төгрөг байхад 34.878.206 төгрөгөөр хааж, Ариг банкны Вива сити салбарны захирал Ц.Содгэрэлд зээл гаргасны шагнал 1.500.000 төгрөг төлж, 15.000.000 төгрөгийг бэлнээр авсан хэмээн маргаж буйг шүүх шалган үзвэл нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн дансны болон депозит дансны хуулга, зарлагын маягт зэрэг нотлох баримтуудаар зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэж, 50.000.000 төгрөгийг зээлдэгч Б.Баярмаагийн  дансанд шилжүүлсэн байх бөгөөд үүнээс өмнөх зээлийн үлдэгдэл 28.761.076 төгрөгийг  хааж, зээл олгосны шимтгэл 250.000 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 40000 төгрөгийг тус тус төлүүлж, зээлдэгчид 20.948.000 төгрөгийн зээл олгосон нь нотлогдож байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй юм. /хх-18-21, 33-34, 49, 94, 143/    

            Нэхэмжлэгч байгууллага 28.761.076 төгрөгийн зээлийг шууд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлэнд суутгаж аваагүй, хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлийг олгосонд тооцно.

            Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч өмнөх зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдсэн үлдэгдлийг  34.878.206 төгрөгөөр буюу 6.378.546 төгрөгөөр илүү төлүүлсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.      

            Харин зээлдэгч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үүргээ гүйцэтгэхийг зээлдэгчид урьдчилан сануулж мэдэгдэл хүргүүлсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. /хх-32/

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

            Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь зээлийн төлбөрөөс 21.052.933 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

            Зээлдэгч нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 38.985.737 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

            Харин нэхэмжлэгчийн  нэхэмжилсэн үндсэн зээлийн хүү буруу тооцогдсон байх тул зээлдэгч Б.Баярмаа, Д.Мягмар нарын  зээлийн үндсэн хүү гэрээний үүргээ биелүүлээгүй 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоход 14.759.349 төгрөг /38.985.737х2.75%=1.072.107 төгрөг:30 хоног=35.736 төгрөг х 413 хоног/ болж байна.

            Нэмэгдүүлсэн хүүг тооцоход Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байх тул нэмэгдүүлсэн хүүд 663.455 төгрөг шаардаж байгаа нь зөв байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ариг банк, Б.Баярмаа, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 38.985.737 төгрөг, зээлийн үндсэн хүү 14.759.349 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663.455 төгрөг, нийт 54.408.541 төгрөг гаргуулан Ариг банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.168.494 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан Д.Мягмар, Б.Баярмаа нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас гаргасан зээл хаахад илүү төлөгдсөн 6.378.546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг банк” ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.

            Учир нь хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нар нь  2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ариг банкнаас авсан 50.000.000 төгрөгийн зээлээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авсан 30.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 28.761.076 төгрөгийг хаахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба уг зээлийн үлдэгдлийг хаахдаа 34.878.206 төгрөг буюу 6.378.546 төгрөгөөр илүү хаасан байдал нотлогдохгүй, зээлийн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.

            Зээлийн гэрээ болон зээлийн дансны хуулгахаас харахад эхний 4 удаагийн төлөлтөд үндсэн зээлээс хасагдахгүй, зөвхөн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд  үндсэн зээл 30.000.000 төгрөг дээр зээлдэгч нарын төлсөн хүүг нэмж харуулсан хуулгыг үндэслэж  уг зээлийг 34.878.206 төгрөгөөр хаасан гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-94/

            Зээлийн дансны хуулгын үлдэгдэл болон гүйлгээний утга хэсэгт 28.791.076 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хаасан талаар тэмдэглэгдсэн байна.

Иймд хариуцагч нар өмнөх зээл хаахад илүү төлөгдсөн гэх 6.378.546 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Мөн хариуцагч нараас  зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар  олгосон атлаа, бодит байдал дээр уг зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй, өмнөх зээлийн гэрээг хаах зорилгоор зээл олгосон нь дүр үзүүлэн, хууль зөрчин, нийтээр хүлээн зөвшөөрсөн  зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж  2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг банк” ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа олгогдсон зээлээс өмнөх зээлийн үлдэгдэл 28.791.076 төгрөгийг хаах талаар зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн байсан болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгуулагад бүртгүүлсэн байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  429.992 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас 54.408.541 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ариг банк”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.168.494 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул зээл хаахад илүү төлөгдсөн 6.378.546 төгрөгийг гаргуулж, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Ариг банк”ХХК, Д.Мягмар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Мягмар, Б.Баярмаа нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 52Б тоот орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ариг банк”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450.836 төгрөг, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмаа, Д.Мягмар нараас улсын тэмдэгтийн хураамжид 429.992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк”ХХК-д олгосугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР