Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 889

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00642/и

 

            Д аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** байр *** тоотод оршин суух, С.Р--гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Ш сумын ЭМ төвд холбогдох,

 

"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 29 жил хүний эх эмчээр ажиллаж байгаа бөгөөд сүүлйин 5 жил Т сувиллын эрхлэгчээр ажиллаж байсан. Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Г нь 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Намайг энэ ажлаас чөлөөлөх тушаал дээрээ 3 үндсэн шалтгаан зааж өгсөн байсан. Нэгдүгээрт Т сувилал нь тусгай зөвшөөрөлгүй байна, хоёрдугаарт магадлан итгэмжлэгдээгүй байна, гуравдугаарт удирдлага зохион байгуулалт хангалтгүй байсан, сүүлийн 3 сар ажилчдын цалин тавиагүй байгаа гэсэн үндэслэлүүдээр тушаал гаргасан байсан. Эдгээр шалтгаанууд нь надаас шууд хамааралгүй шалтгаан байсан. 2015 оны 10 дугаар сард Т сувиллын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Тусгай зөвшөөрөл олгох сунгах өргөдөл өгдөг учиртай. Тэр хугацаанд нь бичиг баримтыг бүрдүүлээд, зохих газарт нь бичиг баримтаа өгсөн, тусгай зөвшөөрөл сунгах хурлаар орсон. Эхний хурлаар эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулдаг тул Нэгдсэн эмнэлгийн Г даргатай байр хөслөх гэрээ байгуулаад, эргэж тусгай зөвшөөрөл олгох хурлаар ороорой гэж хэлсэн. Аймгийн захиргааны А гэх хүн 12 дугаар сард намайг дуудаад тусгай зөвшөөрлийн хурлаар 2 дахь удаагаа ороход 3 жилийн хугацаагаар манай тусгай зөвшөөрлийг сунгасан. Тусгай зөвшөөрөл олгох хурлын тэмдэглэлийг Аймгийн ЗДТГ-т явуулсан боловч Аймгаас тусгай зөвшөөрлийг сунгаагүй. Энэ тусгай зөвшөөрлийг сунгах эрх бүхий байгууллага нь Эрүүл мэнд спортын яам юм байна, харъяа яамандаа ханд гэдэг албан бичиг өгсөн. Эрүүл мэнд спортын яаманд хандаад 1 дүгээр шатны хурлаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон байсан. Эрүүл мэнд спортын яамны тусгай зөвшөөрөл олгох хурлаар  ороод тусгай зөвшөөрөл олгоно газар дээр нь очоод шийдвэрлэнэ гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд манай үйл ажиллагаатай танилцаад, хүний нөөц дутагдалтай байна, хүний их эмч байхгүй байна гээд тусгай зөвшөөрөл олгохгүй гэж хэлээд явсан гэсэн. Энэ асуудал нь надаас шалтгаалаагүй гэж үзэж байгаа. Магадлан итгэмжлэлд ороогүй гэдэг асуудал дээр 2004 онд манай сувилал байгуулагдахдаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдаагүй, Нийгмийн Халамжийн үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ажилчдын цалинг өгөөгүй нь удирдлага арга зүйн алдаатай байдлаас болсон гэж үзэж байгаа. Сангийн яамнаас санхүүгийн эрх нээж өгөөгүй байсан тул цалин тавьж чадалгүй 3 сар болсон. Энэ хугацаанд би өөрөө ч цалин авч чадаагүй. Би энэ асуудлаар Сумын, Аймгийн төрийн санд хандсан, яаманд бас хандсан байгаа. Асуудал шийдэгдээгүй байтал 3 сар болсон. Би шат шатандаа албан бичиг өгсөн байсан тул Сангийн яамнаас нэмэлт сан нээгээд цалин тавьсан. Миний алдаатай үйл ажиллагаанаас болоод эдгээр асуудлууд гараагүй. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Т сувилын эрхлэгчийн ажилдаа эргээд ормоор байна, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтын дагуу ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, МШӨС-ын тасагт 2016 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлөө аваагүй ажиллаж ирсэн. Мөн Хөдөлмөри йн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасныг зөрчин ажилчдын цалин хөлсийг олгоогүй, цалин хөлс олгоогүй шалтгаанаа сангийн яамнаас данс хаасан гэх боловч албажуулсан баримт байхгүй байгаа нь удирдах ажилтны ажлын ур чадвар зохион байгуулалт хангалтгүй гэж үзсэн. 2011 оны 03 сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар томилогдсон өдрөөс хойш ажил олгогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.3-т заалтын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж ирсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад ажилтанг ажлаас буруу халсан, өөр ажилд шилжүүлсэн шийдвэр гаргасан бол шийдвэрийг хүлээж авсанаас хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна. 129.3-т заалтанд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нотлох баримтанд хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх яман нэгэн баримт байхгүй байна. Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***тоот тушаалаар МШӨСувиллын тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөөд 2016 оны 03 сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар өрх халдвартын тасгийн эмчээр томилсон. Өөр ажилд томилоод байхад өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй нь байгууллагын дотоод журмын заалтуудыг зөрчсөн бөгөөд томилсон өдрөөс хойш буюу 2015 оны 04 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд томилсон тушаал гаргасныг огт дурдаагүй байна. ....Тус эрүүл мэндийн төвийн орон тоо буурч, цалингийн төсөв хүрэлцэхгүй болж эхний 4 сарын байдлаар цалингаас суутгасан ХАОАТатвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийлээд 34 сая төгрөг болоод байгаа тул тогтмол зардлаа хэмнэж, 56 орон тоогоор ажиллаж сумын эмнэлгийн анхан шатны үйлчилгээг нийт ард иргэдэд үзүүлэх шаардлагатай байна.

Тасгийн эрхлэгчээр түр томилогдсон Ш.Ю нь 2016 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн С.Р д ажлаас гэнэт халагдсан гэж нэг сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг 4 сарын цалин дээр бодож гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа нь С.Р нь удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангахгүй, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учир сувиллын эрхлэгчийн ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар маргаан гаргах хугацааг дурдсан байдаг. Ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ***гэсэн тушаалыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан байдаг. Энэ талаар А гэдэг эмчээс мэдүүлэг авсан байгаа. А эмчээс тушаалаа гардаж авсан байдаг. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа авъя гэж А дээр орж ирээд тушаалаа аваад гарсан байдаг. Амангүль дарга уруу утасдсан боловч дарга нь Дархан сум уруу явсан байсан тул утас нь холбогдоогүй учир тушаалыг нь өгөөд гаргасан. Иргэний хуулийн хугацаа тоолох журмаар 72-73 дугаар зүйлд дараа сарын мөн өдөр дуусна гэсэн байдаг. 30 хоног өнгөрсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч С.Р нь Д аймгийн Ш сумын ЭМ төвхолбогдуулан, тус төвийн харъяа “Т” сувиллын эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгч С.Р нь тус төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2016 оны 03 сарын 11-ний өдөр гардаж авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргадаг болно.

 

С.Р нь Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн харъяа “Т” сувиллын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд тус Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ***тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Ш сумын эмнэлгийн ерөнхий эмчийн 2011 оны 03 сарын 01-ний өдрийн 17 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, Ш сумын Эрүүл мэндийн төвийн даргын “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч С.Р нь шүүх хуралдаан дээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажил хүлээлцсэн өдөр буюу 2016 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 15-ны өдрийн *** дугаартай “Ажлын хэсэг томилох тухай тушаал”-аар ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалыг үндэслэл болгон “Т” сувиллын эрхлэгч С.Р-гийн ажлыг хүлээлцэх комиссыг томилж,  түүний ажил, тамга тэмдгийг нэг бүрчлэн хүлээлцэж баримтжуулан тэмдэглэл үйлдэх, гарын үсгээр баталгаажуулах, ажлын өрөөг лацдахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т: “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, 43 дугаар зүйлийн 43.2-т: “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ”, 43.3-т: “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ....-ийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Тус төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд дээрх хуульд заасны дагуу ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй бөгөөд 2016 оны 03 сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар ажил хүлээлцэх ажлын хэсгийг байгуулсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч С.Р-гийн ажлыг 2016 оны 03 сарын 15-ны өдөр болон түүнээс хойш хүлээлгэн өгсөн байхаар байна.

Хэрэгт ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл болон энэ талаарх нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч 2016 оны 03 сарын 16-ны өдөр миний ажлыг хүлээн авсан гэж тайлбарладаг бөгөөд үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар С.Р-г 2016 оны 03 сарын 16-ны өдөр ажлаас халагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч талаас ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 03 сарын 11-ний өдөр С.Р нь хүлээн авсан гэж тайлбарладаг  үүнийхээ үндэслэлийг хэрэгт авагдсан  Д.А оос авсан гэрчийн мэдүүлэг болон утсаар ярьсан ярианы жагсаалтаар нотлогдоно гэж маргадаг болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр Д.А оос гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.А нь “...Би дүн бүртгэлийн бага эмчээр ажилладаг. 2016 оны 03 сарын 11-ний өдөр бичиг хэргийн ажилтан чөлөөтэй байсан учир би ажлыг нь хавсарч гүйцэтгэж байсан. С.Р нь тус өдрийн өглөө 09.00-10.00 цагийн хооронд надаас тушаалаа авъя гэж орж ирэхэд нь .... бичиг хэргийн ажилтан Цэцэгмаа руу залгаж асуухад тушаал нь гарсан байгаа өгчих гэсний дагуу өгсөн. Дараа нь дарга сүлжээ оронгуут чи надруу залгасан байна, ямар хэрэг гарсан бэ гэж ярихад нь би С.Рд тушаалыг өгсөн талаар хэлэхэд дарга наад тушаал чинь эцсийн байдлаар хянагдаж гараагүй, хариуцсан хүн нь байхгүй байхад чи яагаад өгч байгаа юм бэ, буцааж ав гэсэн. Тэгээд би С.Р руу залгаж буцааж авъя гэхэд чи дур мэдэж өгсөн биздээ гээд буцааж өгөөгүй...” гэж мэдүүлжээ.

 

Мөн тухайн өдөр буюу 2016 оны 03 сарын 11-ний өдөр Д.А С.Р уруу тушаалаа буцаан авахаар залгаж ярьсан гэж мэдүүлсэн боловч хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн Мобиком корпорацийн Ш салбарын ярианы жагсаалтаас үзэхэд С.Ргийн /нэхэмжлэлд бичигдсэн/ 99393468 дугаарын утасруу 99764150 дугаараас 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 10 цаг 28 минутад ярьсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл гэрч Д.А ын 2016 оны 03 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг С.Рд өгөөд тэр өдрөө тушаалыг буцаан авахаар С.Р уруу залгаж ярьсан гэх мэдүүлэг дээрх ярианы жагсаалттай зөрж байгаа бөгөөд өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн гэрч Д.А ын мэдүүлгийг үндэслэн С.Рг ажлаас чөлөөх тухай тушаалыг 2016 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Иймд дээр дурдсан үйл баримтуудаар нэхэмжлэгч С.Ргийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ***дугаар тушаалыг 2016 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авсан гэх тайлбар үндэслэлтэй байх тул түүний 2016 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзсэн болно.

 

Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***дугаар тушаалаар Т сувилал нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, магадлан итгэмжлэлд хамрагдаагүй, 2016 оны 01 дүгээр сараас одоог хүртэл санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй, ажиллагсдын цалин хуулийн хугацаанд олгогдоогүй зэрэг удирдлага зохион байгуулалт хангалтгүй байгаа гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч тус төвийн дарга Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа  нэхэмжлэгч С.Р нь удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангахгүй, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж тайлбарласан болно.  

 

Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 сарын 10-ны өдрийн ***дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд дурдсан удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэсэн үндэслэл нь тус байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийн алинаар нь ажлаас чөлөөлж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т ажил олгогч нь ажилтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 40 дүгээр зүйлийн 40.1-т хөдөлмөрийн гэрээг 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасныг тус тус зөрчжээ.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар С.Р нь 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар томилсон өдрөөс хойш ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан гэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

           

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Рг Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн харъяа Т сувиллын эрхлэгчийн  ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн *** тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу С.Ргийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 41,422 төгрөг /1 сарын дундаж цалин нь 890,584 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 890,584/21,5=41,422 төгрөг/ гэж тооцож, нийт 62 хоногийн хугацааны цалин 2,568,164 төгрөгийг хариуцагч Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, нэхэмжлэгч С.Рд олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Рг Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвийн харьяа Т сувиллын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвөөс 2,568,164 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Рд олгосугай.    

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д аймгийн Ш сумын ЭМ төвдаалгасугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Р нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д аймгийн Ш сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид нийт 126,241 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ