Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00856

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00817 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн *******дүгээр захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй *******дүүргийн ******* хорооны нутаг дахь нийтийн зориулалттай ******* дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, тус байрны орон сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгогдсон. Гэвч ******* нь төсөл хэрэгжүүлэх үл хөдлөх эд хөрөнгө буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг чөлөөлж өгөлгүй хугацаа алдаж, тус байрны бусад ******* айл өрхийн эрх ашгийг ноцтой зөрчиж, төрийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд саад учруулаад байна. Хот байгуулалт хөгжлийн газарт иргэд, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүд, ******* ХХК-ийн захирал ******* нартай 2020 оны 10 сарын 05-ны өдрөөс мөн сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд уулзсан уулзалтаар ...*******, ******* нар тус байрны *******, ******* тоот орон сууцыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон. Гэтэл *******, ******* нар орон сууцны нийт үнэлгээг дахин нэмэгдүүлснээр тохиролцоонд хүрээгүй. ******* ХХК-ийн зүгээс *******ийн орон сууцыг хэмжихэд том өрөө 19.3 м.кв, гал тогоо 8,73 м.кв, нийт 28,03 м.кв байсан бөгөөд тус м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцоход 44,848,000 төгрөгийн нөхөн олговор олгох боломжтой байна. Иймд 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг өмчлөгч *******т даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* 28,03 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 1,600,000 төгрөгөөр тооцож 44,848,000 төгрөгийн нөхөн олговор тооцож орон сууцыг чөлөөлүүлэх нөхцөлийг зөвшөөрч Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлт өгч байсан. Гэтэл ******* ХХК нь энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй, бид шүүхэд хандсан гэж мэдэгдсэн. Үүнээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд 2021 оны 5, 6 сараас эхлэн барилгын материалын үнэ эрс нэмэгдсэнтэй холбогдож орон сууцны үнэ мөн хэд дахин нэмэгдсэн нь 2020 оны 10 сарын нөхцөлөөр худалдах, худалдан авалт хийх боломжгүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэ ******* тоот байрыг ******* ХХК хэмжилт хийсэн ба хэмжилтэд уг орон сууцны нийт талбайд коридорын хэсгийг оруулаагүй, огт хэмжээгүй байдаг. Яагаад айлын өмчилж авсан орон сууцны зарим хэсгийг дураараа хасаж байгаа нь ойлгомжгүй байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-д ******* дүүргийн ******* хорооны нутагт дэвсгэрт байрлах ******* дүгээр байрны төслийг хэрэгжүүлэхээр шалгаруулсан. Энэхүү ажлын хүрээнд ******* ХХК нь тухайн ******* нийтийн зориулалттай ******* дүгээр байрны нийт ******* орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулаад манай байгууллагад хүргүүлсэн байгаа. Яагаад 2 хүнээс болж чөлөөлөхгүй, асуудал яригдаад байна вэ гэхээр хот байгуулалтын төслийг 80 хувь дэмжээд, орон сууцыг нураахад 100 хувь байхыг шаарддаг гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7.3.в-д заасныг баримтлан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр байрны ******* тоот нийтийн зориулалттай орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч *******т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 44,848,000 төгрөгийн нөхөн олговортой чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гурван талт гэрээнд ******* гарын үсэг зурсан эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч анхан шатны шүүхээс орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа манай байгууллагаас дараагийн үйл ажиллагааг явуулах боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* дүгээр байрны ******* тоотод орших ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, барилгын материалын үнэ нэмэгдсэн учир 2020 оны нөхцөлөөр орон сууцаа худалдахгүй гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааны онцлогийг харгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт, эрх зүйн байдалд бүрэн дүгнэлт өгөх замаар хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 сарын 24-ний өдрийн ******* дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамжаар ******* дүүргийн ******* дугаар хорооны нутагт орших ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд зохигчийн маргаж буй ******* нийтийн зориулалттай ******* дүгээр байр багтсан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн *******дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* дүгээр байрны барилгажилтын төслийг боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК шалгарсныг батламжилж, сууц өмчлөгч болон Нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулах эрхийг олгожээ.

Энэ эрхийн дагуу нэхэмжлэгч тухайн ******* нийтийн зориулалттай ******* дүгээр байрны ******* айлтай гурван талт гэрээг байгуулсан, тус байрны ******* тоот байрны өмчлөгч *******тай гэрээ байгуулж чадаагүй буюу талууд харилцан тохиролцоогүйгээс зохигчийн хооронд ийнхүү шүүхийн маргаан үүсчээ.

5. Төслийг хэрэгжүүлэх үе шатанд зохигч харилцан тохиролцоогүйн улмаас нэхэмжлэгч ******* ХХК нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д заасны дагуу уул ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөх олговортойгоор чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төслийг хэрэгжүүлэхэд тухайн сонгогдсон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулах замаар хөрөнгийн үнийг төлж шилжүүлэн авах үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээжээ. Хөрөнгийн өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч нөхөх олговрын талаар тохиролцоогүй бол шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэх бөгөөд энэхүү хэргийн хувьд талууд орон сууцны нөхөх олговрын талаар маргаантай буюу тохиролцоогүй, улмаар нөхөх олговор шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүх орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д заасантай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчид олгогдвол зохих нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэлгүй орхиж, жич нэхэмжлэх эрхтэй байдлаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг дордуулах үр дагавартайн зэрэгцээ төслийг хэрэгжүүлэх нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хохиролтой гэж үзэхээр байна. Иймээс шүүх хуульд заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөх олговортойгоор чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр хянан шийдвэрлэх учиртай.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны нөхөх олговрын хэмжээг шүүхийн журмаар тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр гаргасныг шүүх хангаагүй нь үндэслэлгүй.

Хариуцагч хүсэлтээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан, нөхөх олговрын талаар талууд маргасан байхад уг байдлыг зохигч өөрөө олж тогтоох боломжтой тухай шүүхийн дүгнэлт нь хэргийн байдалд нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой байгааг анхаараагүй байна. Шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилон ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр байрны ******* тоот нийтийн зориулалттай орон сууцны нөхөх олговрын үнэ цэнийг тогтоох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотлоход ач холбогдолтой байжээ.

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ