Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0092

 

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Э.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Ц.А-ын дүгнэлттэй, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ц-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ц-ийн тогтоосон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй хүчингүй болгож,

              2 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газар нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

              Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ц давж заалдах гомдолдоо:

              Анхан шатны шүүх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

              Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” бол гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон.

              “Х б” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлого дутуу тусгасан, хувийн хэрэглээний зардлыг тайланд тусгасан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт борлуулалтын орлого дутуу тусгасан, татвараа хугацаанд нь төлөөгүй зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” гэдэгт хамаарах тул татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн.

              Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 27 салбарын зөрчлийг нэгтгэн журамласан нь салбарын онцлогоос хамааруулж “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой” нөхцөл байдлыг ойлгож байна. Тухайлбал, Тээврийн хэрэгслийн жолооч улаан гэрлээр нэвтэрсэн нь хэнд ч ойлгомжтой зөрчил мөн бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн албан хаагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Үүнтэй адил татвар төлөгч өөрийн төлөх татвараа тайландаа бууруулж тайлагнасан, татвар төлөх хугацаа хожимдуулсан нь ил тодорхой зөрчил мөн.

              Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болох дараахь нийтлэг зүйлийг тусгана” гэсээр ЗШША-2 тэмдэглэлд зөрчлийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл, хуулийн зүйл заалт зэргийг дэлгэрэнгүй бичиж тэмдэглэснийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

              Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацаа нийт 58 хоног боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хугацаатай ойролцоо байгаа нь татвар төлөгчийн хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон хугацаа гэж үзэхээр байна.

              Татварын алба, татварын улсын байцаагч татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийн хэрэг нээхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцнэ гэж үзэж байна.

              Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2019/0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч татварын улсын байцаагчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянав.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ц.А-аас тус аймаг дахь Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц-д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар” Дүгнэлт гаргасан байна.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

Прокурорын бичсэн дүгнэлтэд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах журмыг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, зөрчил гаргагч хуулийн этгээдийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, шийтгэл оногдуулсан шийдвэртээ үндэслэл, хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн” гэсэн зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд тухайн зөрчлүүд гарсан, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлтэй болох нь тогтоогджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ... гэх зэрэг 3 үндэслэлийг, уг зүйлийн 4-д эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална, 7.1 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: ... 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон зөрчил ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм.

Гэтэл энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гаргасан гэх зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлээгүй зэргээр маргаж байсан нь тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Нэгэнт татвар төлөгч болон бусад этгээдийн зүгээс татварын актын тооцоолол, үнийн дүнгийн талаар маргаагүй тул уг асуудлаар тусгайлан дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүхийн буруу биш. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн гэж үзнэ.

Татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0292243 дугаартай шийтгэлийн хуудсыг шүүх хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцүүлэн татварын хяналт шалгалтыг дахин явуулахад саад болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,