Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0028

 

 

 

“У р э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Б.Б нарыг нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У р э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:

1 дүгээр заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хэргийг хянан шийдвэрлэх: хангалттай нотлох баримт цугларсан. шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ажлын алба болон “У р э“ ХХК-ийн хооронд хүнсний худалдааны мини захыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ байгуулагдаж, 10 дугаар сарын 28-ны өдөр мини захын барилгыг “У р э” ХХК-д хүлээлгэн өгч, акт үйлдсэн байдаг.

Хөрөнгө хүлээлгэн өгөх үед 4 лангууны хагас хулсан хаалт дутуу, 16 лангууны цахилгааны залгуур суурилагдаагүй, дээврийн орой хэсгээс гэрэлтэж харагдаж байгаа, галын хорны хугацаа дууссан. гадна дээврийн усны хаялга байхгүйгээс болзошгүй аюулаас сэргийлэх боломжгүй байгааг шийдвэрлэж өгөөч гэж “У р э” ХХК-аас хүсэлт гаргасныг тэмдэглэсэн байдаг.

Эдгээр зөрчлийг арилгуулах талаар нэхэмжлэгчийн зүгээс барилгыг хүлээж авсан үеэс л шаардлага тавьж удаа дараа хүсэлт гаргаж байсан нь нотлогддог. Ингэж явсаар байгаад 2016 оны 11 дүгээр сарын үед 16 лангууны разетканы асуудлыг шийдвэрлэж өгсөн.

Энэ хугацаанд гэрээг нэг удаа шинэчлэн байгуулсан мөн гэрээг хэрэгжих явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 3 удаа ажлын хэсэг томилогдож, захын үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргасан.

Эхний ажлын хэсэг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Ажлын хэсэг дүгнэхдээ менежментийн гэрээ яагаад үр дүнгүй байгаа шалтгааныг “16 лангууны цахилгаан дутуу, заалны гэрэлтүүлэг болон цахилгааны хүчин чадал зэргийг бууруулан тавьсан зэргээс “У р э” баг үйлчлүүлэгчээ алдахад хүрч ашиггүй ажиллаад байна гэж дүгнэсэн.

Ингээд дутуу засварын ажлыг “Б” ХХК-аар гүйцээн хийлгэж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэж гэрээг нэг удаа 2 жилээр сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл худалдагч тал анхнаасаа үүргээ биелүүлээгүй үгүйсгэн худалдан авагч тал менежментийн гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй болсныг хүлээн зөвшөөрч гэрээг сунгасан.

Үүний дараа “У р э” ХХК-ийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 29-ний  өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд албан бичиг хүргүүлэн захын үйл ажиллагааны талаар зайлшгүй арга хэмжээний талаар удаа дараа албан тоотоор мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч огт ахиц гарсангүй, гэрэлтүүлэг байхгүй, разтек байхгүйгээс нийт 23 түрээслэгч байсан боловч гарсаар байгаад 11 хүн үлдсэн.

Худалдагч тал гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул манайх эдийн засгийн хохирол хүлээгээд байна, гэрээгээ цуцалъя гэсэн саналыг хүргүүлж байсан.

Албан тоот хүргүүлсний дараа 7 дугаар сарын 31-нд дахин менежментийн гэрээний үр дүн, биелэлтийг хянаж танилцуулах 2 дахь ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гаргасан байдаг.

Ажлын хэсэг дүгнэлтээ гэрээ үр дүнгүй байгаа шалтгааныг мөн л өмнөхтэйгээ адил 16 лангууны цахилгаан дутуу суурилагдсан. разтка байхгүй, цахилгааны хүчин чадлыг бууруулж тавьснаас хүчдэл даахгүй үйлчлүүлэгч нараа алдахад хүрч ашиггүй ажиллаад байна гэж дүгнэсэн.

Барилгыг хүлээж авснаас хойш 2 сар гаруйн дараа 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт хүртэл гарсан байдаг.

Мини захын доторх цахилгааны монтаж нь холбогдох норм стандартыг хангахгүй байгаа учраас зөрчлийг арилгах үүрэг өгсөн албан бичгийг “У р э” ХХК-д хүргүүлсэн байдаг.

Ийм байдлаар худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, дутуу барилга хүлээлгэж өгснөөс менежментийн гэрээ үр дүнгүй болж, худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

Ингээд 3 дахь ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын үед байгуулагдаж. тайлангаараа “У р э” ХХК-ийн гэрээний биелэлтийг 100 хүртэл оноогоор дүгнэж, 50 оноо өгч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор гэрээг цуцлан дэнчин 20,652,000 төгрөгийг улсын орлого болгосон.

 Энэ шийдвэрийг “У р э” ХХК эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийдвэрээр тогтоолыг хүчингүй болгосон.

Гэтэл үүнээс сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 дугаартай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр гэрээг дуусгавар болгосон.

Энэ захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулж, худалдан авагч талд мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа явуулсан талаар нэг ч нотлох баримт хэргийн материалд авагдаагүй.

 Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар санал аваагүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй зэргээр хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг захиргааны байгууллага зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Нөгөө талаар гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ хугацаа дууссан гэж тайлбарладаг.

Гэрээний хугацаа дуусгавар болох тухай ойлголт нь талуудын хэн алиных нь оролцоогүйгээр гэрээний үйлчлэл аяндаа зогсож байгаа ойлголт. Гэрээний хугацаа дууссан нь “У р э” ХХК-аас болоогүй байхад гэрээний хугацаа дууссаны төлөө худалдан авагч талд хариуцлага хүлээлгэж дэнчинг улсын орлого болгож шийдвэрлэсэн захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгохгүйгээр 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч талд гаргасан алдаагаа зөвтгөх боломж олгож шийдвэрлэсэн нь хэргийг нэг талыг барьж шийдвэрлэснийг харуулж байна.

Хариуцагч нь “У р э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашигтай ажиллаж чадаагүй гэдэг тайлбарыг гаргадаг.

Энэ нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч үүргийн зөрчил байсан учраас гэрээг цуцалсан гэж ойлгогдоод байгаа.

Хэрэв үүргийн зөрчил байна гэж үзвэл гэрээг дуусгавар болгох биш  цуцлах зохицуулалттай байхад менежментийн гэрээг дуусгавар болгосон захиргааны акт хууль бус байна.

Мини захын менежментийн гэрээний 12 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, дугаар зүйлд гэрээг цуцлах зохицуулалтыг тус тус тусгасан байх ба дуусгавар болгох гэсэн зохицуулалт дотор хугацаа дууссан бол гэрээг дуусгавар болгож. дэнчинг улсын орлого болгож, нэхэмжлэгчид хариуцлага тооцно гэсэн нэг ч заалт байхгүй байгааг анхан шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн Гэрээний 12.1-д худалдан авагч нь энэхүү гэрээний хугацаа дуусгавар болгох тухайд менежментийн гэрээний үр дүнгийн нэгдсэн тайлан бичиж худалдагчид ирүүлнэ, худалдагч нь гэрээний үүргийн биелэлтийг хянаж шалгалт хийлгэхээр гэрээний үүргийн биелэлтийг хянаж дүгнэх ажлын хэсгийг томилно, ажлын хэсэг гэрээний 11.3-д заасан эрх үүргийн дагуу хяналт шалгалт хийж тайланг Тэргүүлэгчдийн Хурлаар батлуулахаар тэргүүлэгчдийн хурлаас менежментийн гэрээний үүргийн биелэлтийг хангалттай гэж үзсэн тохиолдолд гэрээ дуусгавар болсон баримтад гарын үсэг зурна, хангалтгүй гэж үзвэл менежментийн гэрээг цуцална гэж тодорхой заасан байх ба гэрээг дүгнэх үүрэг бүхий худалдагч тал өөрөө гэрээг дүгнээгүй. талууд анхнаасаа гэрээгээ хэрхэн яаж дүгнэх талаар тохиролцоогүй тул одоо хэрхэн ямар хууль дүрмийн дагуу гэрээг дүгнэх нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд худалдагч тал гэрээний үүргээ зөрчсөн нь удаа дараагийн ажлын хэсгийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар нотлогдож байгаа.

Гэтэл төр өөрөө гэрээний үүргээ зөрчөөд хариуцлагаа иргэн хуулийн этгээдэд тохож, иргэнээ бүхэл бүтэн 20 сая төгрөгөөр хохироож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Гэрээг үр дүнтэй биелүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл нь тог цахилгаан, гэрэлтүүлэг, гэтэл эдгээр нь стандартын шаардлага хангахгүй байснаас “У р э” баг үйлчлүүлэгчдээ алдсан, бас гэрээний хугацаанд захиргааны байгууллагаас мини захыг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосон.

Хэдийгээр гэрээний хугацаа 2 жил байсан ч үйл ажиллагаа явуулсан хугацаа нь маш бага байсан гэдэг бодит нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн менежментийн гэрээг хангалттай гэж дүгнэн дуусгавар болгож, талууд дуусгавар болгох тухай баримтад гарын үсэг зурснаар дэнчин улсын орлого болгохоор зохицуулсан.

Бусад тохиолдолд улсын орлогод үлдээх заалт байхгүй байхад хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 14-нд гэрээг дуусгавар болгож дэнчинг улсын орлого болгосон нь нэхэмжлэгч талд учирсан хохирол гэж үзэж байгаа учраас захиргааны ерөнхий хуулийн 100, 101, 102 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “У р э” XXК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан үзээд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэн Увс  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 дугаар тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргах нөхцөл нь  “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх 1/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар менежментийн хувьчлалын гэрээний үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргах 2/ Дэнчингийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн нөхцөл байдлыг дурдаад энэ нөхцөл байдлаа “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, хууль хэрэглээний зарчмыг баримтлан, тодорхой хууль зүйн фактуудад хууль зүйн дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 Нэг: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар менежментийн хувьчлалын гэрээний үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргах гэсэн тухайд:

Энэхүү хэрэгт ямар нэгэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нөгөө талаар “Мини зах”-ын менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 12 дугаар зүйлд гэрээ дуусгавар болгох талаар журамласан зохицуулсан байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад “Менежментийн гэрээний нэгдсэн тайлан”  /худалдан авагч тал буюу нэхэмжлэгч/ бичиж худалдагч талд хүргүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг хянаж дүгнэх, ажлын хэсэг тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх, хуралдаанаас үнэлэлт дүгнэлт өгч, үүний үндсэн дээр дэнчинг буцаан олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр заажээ.

Нэгэнт энэхүү процесс ажиллагаа явагдаагүй болох нь анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон байхад зохих журмаа баримтлан гараагүй захиргааны актыг хүчингүй болгоогүй нь үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх мөн “Дэнчингийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай“ гэсэн үндэслэлийг дурдаж үүнийгээ “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан байдал, давж заалдах гомдол болон тус шүүхийн шүүх хуралдаан гаргасан тайлбар зэргээс үзэхэд “Мини захыг надад хувьчлах ёстой би авах ёстой” гэж маргаагүй, гагцхүү өмнө нь дэнчинд төлсөн мөнгөө буцаан авах хүсэл сонирхолтой, энэ үүднээсээ зохих шаардлагыг гаргаад, шат шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүх энэ асуудлыг шийдвэрлэлгүй, дэнчингийн асуудал нь “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч дэнчин болгож 20,652,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд байршуулсан болох нь баримтаар тогтоогдсон мөн энэ талаар талууд маргаагүй байх бөгөөд харин захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж, улмаар уг актаас учирсан хохирлыг давхар нэхэмжилж байгаа тул шаардлага тус бүрд нь дүгнэлт хийх ёстой атал нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 18,595,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнээгүй.

Маргаан бүхий акт болох А/125 дугаар тогтоол 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан, энэ тохиолдолд 2014 онд нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэх нь үйл баримт, он цагийн дарааллын хувьд боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-г дүгнэн гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээ байгуулах үед төлсөн дэнчинг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг бүхэлд нь өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,