Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00961

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/01932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Гэм хорын хохиролд 920,000 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлын байранд хариуцагчтай зодолдож, бие биеэ түлхэлцсэн бөгөөд цагдаа дуудаж, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3 хоногийн дотор эмнэлэгт үзүүлээд ир гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учраас ******* эмнэлэгт үзүүлж шүдний зураг авхуулж, бичлэг хийлгүүлсэн. Эдгээр баримтыг үндэслээд ******* шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар дүгнэлтээр шүд хугарсан гэмтлийг тогтоосон.

1.2. *******гийн хүсэлтээр дахин шинжээч томилж, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 774 дугаар шинжээчийн дүгнэлт гарч, шүд тухайн үед цохигдож хугарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан.

1.3. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч прокурорын газраас шүд хугарсан нь тогтоогдлоо, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хаасан.

Иймд нэг шүдийг 900,000 төгрөгөөр хийлгүүлсэн, шүд авхуулсан төлбөр 20,000 төгрөг нийт 920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.    

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгууллага дээр хэрүүл маргаан хийгээд гадаа гарах үедээ *******тай маргалдаж хөл рүү нь өшиглөхөөр нь түлхсэн. Ингээд шууд цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд *******гийн шилбэнд хөхрөлт няцралт үүссэн гэмтэл тогтоогдож, *******ын биед гэмтэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч мэдүүлэгтээ шүд гэмтсэн, хугарсан талаар огт хэлдэггүй. Чих, толгой өвдөөд байна, нүд рүү цохисон гэж ярьдаг.

2.2. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа ******* эмнэлгийн он, сар, өдөр, тамга, тэмдэг байхгүй бичиг гаргаж ирээд 2 сарын дараа нэмэлт шинжилгээ хийлгэж, уг шинжилгээгээр эрүү, нүүрний дэлгэмэл зургаар 15 дугаар шүдний шугаман хугарал болоод хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Тухайн үеийн эмчээс нэхэмжлэгчийн шүд хугарсан байсан эсэх талаар мэдүүлэг авахад огт гэмтэл тогтоогдоогүй гэсэн байдаг. Гэтэл нэмэлт материалаар хөнгөн зэргийн гэмтэлтэй гэх дүгнэлт гаргасан.

2.3. Ингээд нэмэлт материалыг нь хараад дэлгэмэл зургийг шаардахад гарч ирдэггүй, хэрэгт хавсаргадаггүй бөгөөд ******* нэгдсэн эмнэлэгт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үзүүлсэн бичигт нь шүдний ёзоор саатах гэсэн онош бичигдсэн байсан. Иймд нэхэмжлэгчийн шүдийг хариуцагч цохиж хугалсан гэдэг нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох гэм хорын хохиролд 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх эмнэлгийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар дүгнэлт, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 774 дүгээр дүгнэлт, тогтоол зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй учир хиймэл шүд хийлгэх 600,000 төгрөг, шүд авхуулсан төлбөр 20,000 төгрөг нийт 620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг цохиж шүдийг нь хугалсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Уг хэргийг эрүүгийн журмаар шалгаж гэмт хэргийн шинжгүй байсан тул прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн тогтоолыг дээд шатны шатны прокуророос хүчингүй болгоогүй бөгөөд *******д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэх хариуг Улсын ерөнхий прокурорын газраас *******ад хүргүүлсэн.

5.2. Анх шүүх эмнэлэгт үзүүлэхэд хариуцагч *******гийн шилбэнд хөхрөлт, няцралт үүссэн, нэхэмжлэгч *******ын биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй байсан. Тухайн үед ******* толгой өвдөөд байна гэж хэлсний дагуу шинжээч эмч компьютер томографын шинжилгээ хийлгэх талаар зөвлөхөд хийлгэхгүй алга болсон. 7 хоногийн хугацаанд шинжээч эмч хүлээсэн боловч ирээгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх дүгнэлтийг гаргасан.

5.3. ******* нь ******* эмнэлэгт үзүүлж, 2 сарын дараа 15 дугаар шүдний цөгц хэсэгт хугарал үүссэн гэх он, сар, өдөр тэмдэглэгдээгүй бичиг авч ирж, дүгнэлт дахин гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан шүд хийлгэх зардалд 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүд хийлгэсэн болон авахуулсан зардалд 920,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1412 дугаар тогтоолоор “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ,ын байранд иргэн ******* бусдад зодуулж эрүүл мэндэд нь баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл *******г гэм буруутай гэж үзэх буюу хэрэг гарах цаг хугацаанд хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /1хх-ийн 4-5 дугаар тал/

3.2. ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/1794 дугаар “Гомдлын хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудсаар “...******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр таны эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ..., гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ...” гэжээ.

3.3. Мөн ******* 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816 дугаар “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудсаар “...******* 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол учруулсан бөгөөд түүнийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа... эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул... гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье...” гэжээ. /1хх-ийн 6, 97 дугаар тал/

3.4. *******гийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаарт шинжээчийн дүгнэлтэд “хэсгийн газрын үзлэгт: Баруун дээд 5-р шүд өвчин эмзэглэл ихтэй”, “нэмэлт шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав. ...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /1хх-ийн 77 дугаар тал/

3.5. *******гийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэмэлт материалаар дүгнэлт гаргасан болохыг дурдаж, “...*******ын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж, мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 774 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...*******ын биед 1 шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан..., Баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. ...2020.02.05-ны өдрийн №217 тоот дүгнэлттэй санал нэгтэй байна” гэж тус тус дүгнэжээ. /1хх-ийн 36-39, 77 дугаар тал/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм хор учруулсан этгээд төлөх үүрэгтэй. Энэхүү зохицуулалтаар шаардах эрх үүссэн эсэхийг тогтооход бусдын хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчил, гэм хор учруулсан үйлдэл, тэдгээрийн шалтгаант холбоо, гэм хор учруулагч этгээдийн гэм буруу тогтоогдсон байх учиртай.

4.2. Хэргийн 78 дугаар талд авагдсан *******гийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******ын биед гэмтэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч нэмэлт материалаар хийсэн *******гийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 217, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 774 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /хх-ийн 36-39, 77/ *******ын биед баруун дээд 5 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл учирсан, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.  

Хариуцагч нь шүд хугарсан үйл баримтыг хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа тогтоосон нь үндэслэлгүй гэх агуулгаар маргадаг боловч 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч нь шүд хөдөлсөн талаар мэдэгдэж байсан, мөн эмчийн үзлэгээр баруун дээд 5-р шүд өвчин эмзэглэлтэй, нэмэлт шинжилгээ хийлгэх талаар тусгагдсан, тэрээр 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* нэгдсэн эмнэлэгт шүдний дэлгэмэл рентген зураг авхуулсан /1хх-ийн 206/ байх ба уг зургийн дүрс оношлогооны дүгнэлтийг үндэслэн дээрх шинжээчийн дүгнэлтүүд гарчээ.  

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* нэгдсэн эмнэлгээс нэхэмжлэгчийн шүдний дэлгэмэл рентген зураг болон дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн боловч тухайн үеийн техникийн нөхцөл байдлын улмаас нотлох баримтыг /1хх-217/ гаргаж өгөх боломжгүйг мэдэгджээ. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна хариуцагч нь дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн, ******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******ын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдал ******* 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/1794, ******* 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдсон, мөн энэ асуудлаар зохигч маргаагүй байна.   

Иймд дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд *******гийн хууль бус буруутай үйлдлийн улмаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр *******ын баруун дээд 5 буюу 15 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, ийнхүү нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо хариуцагч баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг арилгах хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнөөс гадна гэм хор учруулснаас хариуцлага хүлээх зарчимд нийцээгүй байна.   

5. Хэрэгт авагдсан *******, *******-ийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн хариуцагчаас 620,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

1хх-ийн 182 дугаар талын ар хэсэгт авагдсан *******-ийн шүдний эмнэлгийн тодорхойлолтод “******* нь 2020.01.02-ны өдөр 15 шүдийг эмч аар авхуулж, 20,000 төгрөг бэлэн төлөлтөөр өгч кассын орлогын ордер өгсөн болно”, 2хх-ийн 61-62 дугаар талд *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолтод “...1,5-р шүд унасан байсан. 1,6-р шүд буюу арынх нь том их араан дээр суурь буюу тулгуурлаад 2ш металл бүрээс 600,000 төгрөгөөр хийлгэсэн, энэ нь 15 дугаар шүд хийлгэсэн зардал юм. ...” гэжээ.

Иймд дээрх баримтуудаар шүд хугарсан гэмтлийн улмаас нэхэмжлэгчээс 620,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин шүд хийлгэсэн гэх 300,000 төгрөг нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хортой холбоогүй байх тул уг зардлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. 

6. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, гаргасан дүгнэлтдээ “хариуцагч тал гэм буруутай гэж үзэж байна” гэсэн байх ба анхан шатны шүүх шийдвэртээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэрхэн дүгнэж буй талаараа тусгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцжээ.    

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/01932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 620,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

                                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХБАЯР

                                                                                                   Т.ГАНДИЙМАА