| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 106/2017/0133/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 352
Б.Ган-Оргилд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуягийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Н.Дамбадаржаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Б.Ган-Оргилд холбогдох 2016 2602 2772 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Баясгалангийн Ган-Оргил, 1995 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, металл боловсруулах машины оператор мэргэжилтэй, “Скай Стар” тоглоомын газар хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 12 дугаар багийн 4-51 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, /РД:МЙ95021718/;
Б.Ган-Оргил нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай Стар” автомат тоглоомын газрын гадна иргэн Э.Пүрэвсүрэнтэй маргалдаж улмаар түүний хөлийг хамаж түлхэж унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “тархи доргилт, баруун хоншоор, хацар ясны хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын гүн цөмөрсөн хугарал, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун хацрын төвгөр, 2 тохой, нурууны зулгаралт, шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын цус хуралт, дээд үүдэн хиймэл суулгацтай шүднүүдийн сулрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ган-Оргилын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Баясгалангийн Ган-Оргилыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Оргилыг 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Оргил нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Оргил нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Дамбадаржаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна”, 284 дүгээр зүйлийн 284.2-т “хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж хуульчлагдсан.
Шүүгч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Э.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг шүүгдэгчийн мэдүүлэг гэж тодорхойлсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэх үндэслэл байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч, шүүгдэгчийн хувьд шийтгэх тогтоол гарсан бол ялтан гэж тус тус нэрлэнэ” гэсэн заалтын дагуу хохирогч Э.Пүрэвсүрэнг шүүгдэгч гэж тодорхойлсон нь шүүх хуралд оролцогчдыг хуулинд заасныг зөрчиж тодорхойлсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн шалгаан нөхцөлийг” заахаар тусгасан байна. Ялтан Б.Ган-Оргилд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Пүрэвсүрэн” гэсэн оролцогч мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн тогтоолыг зөвтгөх шаардлагатай юм.
Иймд шийтгэх тогтоолын тодохойлох хэсэгт “Э.Пүрэвсүрэнг шүүгдэгч” гэснийг зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Үүнд, Шийтгэх тогтоолын огноог “2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр” гэж, шүүх хуралдааны тэмдэглэлийн огноог “2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр” гэж өөр өөрөөр зөрүүтэй бичсэн, шийтгэх тогтоолыг хэзээ гаргасан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсгийн “тогтоолыг хэзээ, …гаргасан” гэсэн хуулийн заалт, шаардлагад нийцээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх хохирогч Э.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг тэмдэглэхдээ “хохирогч Э.Пүрэвсүрэн” гэхийг “шүүгдэгч Э.Пүрэвсүрэн...” гэж ташааруулж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх…” хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсгүүдийн заалт, шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар улсын яллагч Н.Дамбадаржаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн алдааг засуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ган-Оргилд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.