Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 125/2019/0023/З |
Дугаар | 221/МА2020/0043 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0043
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “М” ХХК-ийн захирал Ж.О 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Үйлдвэрлэлийн хурц хордлогын тухай” 21-06/028/56 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр:
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Үйлдвэрлэлийн хурц хордлогын тухай” 21-06/028/56 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Захиргааны хэрэг хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. “Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт “...Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж...” шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
2014 онд Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК-ийн СД/169/14 дугаар тушаалаар уурхайд жолоочийн ажилд томилогдоод 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 230/16 дугаар тушаалаар бохирын машины жолоочийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Өвөл хүйтэрсэн цагт бохирын машинаа асаахад угаарийн үнэрт толгой байнга өвддөг байсан. Хөдөлмөр хамгааллын хувцас өгдөг боловч яг бохир соруулахад зориулагдсан хувцас өгдөггүй, мөн бохирын муу усны үнэрнээс хамгаалах филтертэй маск огт өгдөггүй байсан.
2014 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 28 хоног ажиллаад, 14 хоног амрахаар заасан байдаг. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орох байтал “амраад 7 хонож байтал бохир ус дүүрлээ” гэж дуудаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил руу явсан нөхөж амралт олгоогүй. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө авто гражинд 2 ширхэг бохирын машинаа 30 минут орчим асааж хий хураадаг. Машинаа асааж байх явцад толгой өвдөөд бие эвгүйрхэж байсан.
Ингээд бохирын усаа соруулаад Цэцэг сумын Хөшөөт багаас Ховд аймгийн төв рүү 2 ширхэг машин явсан. Нөгөө бохирын машин барьж явсан жолоочийг Ж.Н гэдэг. Ховд аймгийн төвд орж ирээд Н.Б-ыг буулгаад, бохирын усаа асгах газар луу явж байхад гуравдагч этгээд Р.Н-гийн бие эвгүйрч, толгой өвдөж, дотор муухайрсан, нөгөө бохирын машины жолооч Ж.Н-дээ бохирыг усыг асгаараа гээд үлдээчихээд өөрөө эмнэлгийн тусламж авахаар такси аваад Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Хийлгэж дуусаад ухаан алдаж унаад сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт орсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр арай гайгүй болоод “А з” хувийн эмнэлэгт толгойн томографийн зураг авахуулсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орой 4 цагийн үед мэдрэлийн эмч н.Э эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан санаа эрүүл гэсэн. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр биеийн байдал нь өмнөх байдлаас муудсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хиймэл амьсгалын аппаратад орсон бөгөөд 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 11 хоног амьсгалын аппаратад байсан.
Ингээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотын Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт томографт ороход тархины гүүрний харвалт гэж оношлогдсон. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тархины IМR ороход тархины гүүрний харвалттай байна.
Харин “хялгасан судаснуудад харвалт өгөөгүй байна” гэжээ. Мөн эмч уушгины IМR ороод, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дотрын эмчид үзүүлэхэд anti-НI\/ сөрөг, HVS Ag сөрөг, LFT PT, INR-2.66. P T-28.0. APTT-94.1. TT-14.7 Фибриноген, токсигеский гепатит-элэг гүн хордлоготой гэсэн оноштойгоор Эрчимт эмчилгээ рүү шилжсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл БНХАУ-ын “Л Ж Ж” гэх эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт ирсэн.
Улмаар “М” ХХК-д ажиллаж байх явцдаа үйлдвэрийн хурц хордлогод орсноос болж гуравдагч этгээд Б.Н нь эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөр чадвар алдалтын 70 хувиар группд орсон. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 тоот дүгнэлт гарахаас өмнө группд орсон тул тархины гүүрний харвалт гэх оношоор орсон. Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн эмч хэлэхдээ “тархи нь угаараас болж хөөж хавагнаснаас болж харвалт өгсөн байна” энэ нь Монгол Улсад маш ховор удаагийн харвалт бараг анх удаагийнх гэж хэлсэн.
Энэ тархины гүүрний харвалт нь анх шууд харвалт өгсөн бол “үхэлд хүрэх байсан байна” гэж хэлсэн. Яагаад амьд үлдсэн бэ гэхээр хиймэл амьсгалын аппараттай байх үед явагдсан харвалт учир амьд үлдсэн байна гэж бүх эмч нар хэлсэн байна. Үүнийг нотолсон эмнэлгийн историйн хуулбарууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Р.Н-гийн бие нь муудсан талаар:
Гэрч Ж.Н-гийн мэдүүлэгт”...Тэгээд 09 цаг өнгөрөөд аймаг руу бохирын ачаагаа буулгахаар явсан. Тэр өдрийн орой 16 цагийн үед Онцгой байдлын доод талд байрлах бохирын цооногт бохироо буулгахаар бэлдэж байсан. Гэтэл Р.Н нь бие сонин болоод байна толгой өвдөөд байна, гэхээр нь би таксинд суулгаж өгөөд эмнэлэг рүү явуулсан юм”... гэх мэдүүлэг,
Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн историйн карт зэрэг нотлох баримт, гэрч Т.Э мэдүүлэхдээ “...2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх гемодеализын их эмчээр ажиллаж байна. Р.Н нь өөрөө биеэ авч явах чадваргүй, асуусан асуултад хариулах чадваргүй байдалтай ирсэн. Тухайн үед Р.Н-гийн нүд рүү бензин орсон, машиндаа угаартсан асуумж өгч байсан. Угаартсан байдал нь даралт харвахад эрсдэлт хүчин зүйл болсон байж болно”...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүйд гомдолтой байна.
Мөн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ, 2.1.2 ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3 ажлын байр нэгж хэсэг, салбарын хороонд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, 2.1.5 ажилтан ажилдаа ирж буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гуравдагч этгээд Р.Н-гийн бие муудаж эмнэлэгт очсон нь гэрч Ж.Н-гийн мэдүүлэг, Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудсаар нотлогдоно.
Харин Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудаст үзлэг хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зууруулах хуулийг зөрчжээ.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн осол хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын гаргасан дүгнэлтийг хянаж ослын акт дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд ажил олгогчийн осол хурц хордлогын шалтгааныг тогтоох акт дүгнэлт гаргах, үүрэг бүхий орон тооны бус байнгын комисс хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалт хийж хурц хордлогын дүгнэлт гаргах эрхтэй албан тушаалтан биш байна”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
Гуравдагч этгээд Р.Н-гийн эхнэр Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эхлээд “М” ХХК-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын акт гаргаж өгөх хүсэлтийг гаргасан. Хариуцагч “М” ХХК нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ослын актыг нөхөж гаргаж өгөх боломжгүй гэж хариу өгсөн. Хариуг авсны дараа гуравдагч этгээд Р.Н-гийн эхнэр Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл хүсэлт гаргажээ.
Улмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь “М” ХХК-д албан бичиг явуулахад хариуд нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 дугаар албан бичгээр “...Таны хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмчийн дүгнэлтэд Р.Н-г ажлын байран дээрээ осолдож ухаан алдсан гэх ташаа мэдээлэлд үндэслэсэн байх бөгөөд энэ нь бодит байдлаас зөрүүтэй байх тул ослын акт нөхөн гаргах боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариуг өгчээ. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авах хуулийн заалтыг “М” ХХК зөрчсөн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол хурц хордлого гаргах бүрд засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэх хуулийг хариуцагч “М” ХХК биелүүлээгүй.
Энэ нь хариуцагч “М” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орон тооны бус байнгын комиссыг шинэчлэн байгуулах тухай СД/53/15 дугаартай захирлын тушаал гарсан боловч Б.Х-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр “ослын актыг нөхөн гаргах боломжгүй” гэж хариу өгсөн байна. Энэ нь “М” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн гурвын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс түүний ажиллах журмын дагуу үүргээ биелүүлээгүй, ослын акт гаргахгүй талаар албан бичиг өгснийг анхан шатны шүүх анхаарсангүй.
Мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хамтарсан эмч нарын дүгнэлтээр “...Өөрөөр хэлбэл, маш хүнд болон хортой нөхцөлийн сорилт үнэлгээг үндэслэн тогтоох шаардлагатай. Тухайн хүний ажлын байр нь угаартай байснаас угаартаж ухаан алдалт үүссэн нь үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна. Энэ нь 2 сарын дараа цусан дахь угаарын хийг хэмжихэд 17,3 хувь байгаа нь угаартсан”... гэж үзэж байна.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Энэ хуулийн 29.2-д заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.
Гэтэл “М” ХХК нь ослын акт мөн эсхүл ослын акт биш гэх дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод үүрэг нь тодорхой тусгагдсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д Энэ хуулийн 29.3-д заасан ослын акт хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, мөн хуулийн 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах, 29.4.2 ослын акт хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах эрхтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 д “Ажил олгогч нь энэ зүйлийн 29.1, 29.2-д заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гаргасан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан, зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэжээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 тоот дүгнэлт хуулийн дагуу гарсан, эрх бүхий албан тушаалтан дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дээрхээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.5-д “Ажил олгогч нь энэ зүйлийн 29.1, 29.2-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Р.Н-г хурц хордлогод тооцох эсэхэд дүгнэлт гаргах эрхийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна”... гэж дүгнэсэн байтлаа дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссын гаргасан дүгнэлтийг хянаж ослын акт дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд хяналт шалгалт хийж хурц хордлогын дүгнэлт гаргах эрхтэй албан тушаалтан биш байна гэж 2 утгатай дүгнэлтийг үндэслэх хэсэгтээ бичсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс тодруулаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол захиргааны акт илт хууль бус болохыг тогтоодог. Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хуулийг зөрчжээ.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Дөрөв. Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ховд Аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу дараах гомдлыг гаргаж байна.
1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт:
“Дээрхээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Р.Н-г хурц хордлогод тооцох эсэхэд дүгнэлт гаргах эрхийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна” гэж бичсэн байна.
Хөдөлмөрийн байцаагч зөвхөн осол дээр ажиллах бөгөөд, хурц хордлого дээр дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтан биш гэдэг нь дараах хууль, тогтоомжоос харж болно.
Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн Зургадугаар бүлэг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судалж бүртгэх”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “...үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д .... улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана. 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогыг судлан бүртгэлийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д нарийвчлан тодорхой зааж өгсөн .
Тус дүрмийн 7.3-д “Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч...актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлтээ тусад нь гаргана”...гэж заасан байна.
“М” ХХК-ийн дэд захирал, ажил олгогч Ж.О нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан /“Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах бүхий орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллана” /заалтыг зөрчин 3 сарын дараа тус компаниас манай байгууллага болон тухайн иргэнд албан бичгээр хариу ирүүлсэн /2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/189 тоот/, тус бичигт ослын акт нөхөн гаргах боломжгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/39 дугаар удирдамжаар “М” ХХК-д хийсэн шалгалтаар 2018 оны 137/18 дугаар тушаалаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс тухайн үед хууль, дүрмийн дагуу ажиллаагүй зөрчил гарсан.
2. “Орон тооны бус комисс хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалт хийж хурц хордлогын дүгнэлт гаргах эрхтэй албан тушаалтан биш байна...” гэж бичсэн байна.
-“М” ХХК нь акт гаргахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн.
-Удирдамжтай шалгалт хийхэд акт гаргаагүй зөрчил илэрсэн.
-Төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны хувьд хяналт шалгалт хийж хуулийн хүрээнд дүгнэлтийг гаргасан.
-“М” ХХК акт гаргаж өгөхгүй гэснээр ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа өвдсөн асуудлыг судлахгүй, орхигдуулна гэж байх ёсгүй.
-Мөн улсын байцаагч хяналт шалгалт хийж шалгалтын дүнгийн тухай дүгнэлт бичих эрхтэй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.
“М” ХХК нь “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21-06/028/56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд үндэслэн гаргасан бөгөөд “улсын байцаагчид зөвхөн гарсан дүгнэлтийг хянах эрх хэмжээ олгосон байтал Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д өөрөө бие даан хурц хордлого тогтоосон нь хууль зөрчсөн байна” гэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ” гэсэн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна”, 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана” гэж мөн хуулийн 29.4-д “Энэ хуулийн 29.3-д заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”
29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”,
29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж тус тус зохицуулжээ.
Хууль тогтоогч юуны өмнө ажил олгогч нь ... “осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” хэмээн хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл ... комисс нь байнгын комисс байх ёстой, энэхүү комисс нь хуульд зааснаар осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгчийн тухайд комисс байдаг гэх боловч уг комисс нь байнгын ажиллагаатай эсэх нь тодорхойгүй, иргэний гаргасан өргөдөлд комисс хариу өгөх байтал дэд захирал гэсэн нэрээр хариу өгсөн, ямар нэгэн дүгнэлт огт гаргаагүй болох нь тогтоогджээ. Гэсэн атлаа “манайх дүгнэлт гаргаж өгөөгүй байхад улсын байцаагч өөрөө дүгнэлт гаргах ёсгүй” гэсэн байдлаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд Р.Н эхнэр Б.Х-гийн гаргасан өргөдлийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01/39 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсан. Улмаар улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох тухай 21-06/028/56 дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Улсын байцаагчийн дүгнэлтийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.2.5-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэж хуульчилсантай нийцсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн “маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан байна” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Улсын байцаагчийн дүгнэлт Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, 2.1.1, 5.2.1, 7.3 дахь заалт, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн 101 тоот албан бичгийг үндэслэн “М” ХХК-ийн бохирын машины жолооч ажилтай Р.Н-гийн цусанд карбоксигемоглобин-17.3 хувь илэрсэн нөхцөл байдал, хуулийн заалтад үндэслэн үйлдвэрлэлийн хурц хордлогод тооцох нь зүйтэй гэж тогтоосныг буруутгах үндэслэлгүй.
Тухайн үед Н-г хордоогүй болохыг, өөрийн компанийн ажлын байр нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны зохих стандарт хангасан болохоо нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй байна. Түүнчлэн ажилтны ажлын байрны нөхцөлийг тодорхойлоогүй, хяналтын ажилтан тухайн үед байгаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэх боловч биечлэн өгсөн болох нь нотлогдоогүй, ажилтныг амралтаар нь захиргааны санаачилгаар ажиллуулсан зэрэг дутагдлыг нэхэмжлэгч гаргасан байна.
“Хурц хордлогод орсон нь хуулийн дагуу тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй байхад үйлдвэрийн хурц хордлогод тооцон дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Гэвч нэхэмжлэгч өөрөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ” 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу ажиллаагүй байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдлаа нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож “Хурц хордлогод орсон нь хуулийн дагуу тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй” гэж мэтгэлцэж байгаа нь буруу юм. Аливаа этгээдийн хууль бус үйлдэл нь түүнд давуу байдал авч ирэх ёсгүй.
2015 оны 06 сарын 29-ний өдрийн 269 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ, 2.1.2 ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед, 2.1.3 ажлын байр нэгж хэсэг, салбарын хороонд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед, 2.1.5 ажилтан ажилдаа ирж буцах зам /ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд/-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гуравдагч этгээд Р.Н-гийн бие муудаж эмнэлэгт очсон нь гэрч Ж.Н-гийн мэдүүлэг, Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудсаар нотлогдсон гэж үзнэ. Түүнээс биш нэхэмжлэгч “М” ХХК-ийн тайлбарлаж байгаачлан заавал ажлын байран дээрээ ухаан алдаж унах ёстой гэж үзэх үндэслэл байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийг бүхэлдээ тархины цус харвалттай байсан гэсэн, хордлого байгаагүй агуулгаар мэтгэлцэж байна. Мөн гуравдагч этгээд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоохдоо ердийн өвчнөөр гарсан үйл баримтыг үндэслэж байна.
Гэтэл ийнхүү гуравдагч этгээд “ердийн өвчин” гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох болсон нь “М” ХХК-иас өөрөөс нь шалтгаалсан байна. Ямар нэгэн үйлдвэрлэлийн осол мөн эсхүл биш талаар тогтоосон ямар ч акт гараагүй нөхцөлд тухайн хүн ердийн өвчнөөр л хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосныг буруутгах боломжгүй.
Эмч эмнэлгийн байгууллагын ажилтан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоодоггүй тул, тухайн өвчтөнийг хүлээн аваад хордлогын гадна илэрсэн хэлбэр, үр дагавар болсон тархины цус харвалт гэж онош тавьсан нь буруу биш юм. Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн 101 тоот албан бичигт дурдсанаар “М” ХХК-ны бохирын машины жолооч ажилтай Р.Н-гийн цусанд карбоксигемоглобин-17.3 хувь илэрсэн нь байх бөгөөд энэхүү хэмжээ тухайн үед /хордлогод орох үед/ үүнээс хэд дахин их байх боломжтой байжээ. Нөгөө талаар цусанд агуулагдах карбоксигемоглобины хэмжээг шинжлэн тогтоох багаж төхөөрөмж Ховд аймагт байхгүй тул зөвхөн тархины цус харвалт гэсэн шалтгаанаар хордоогүй байсан гэж үзэх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон