Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 149

 

В.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00714/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Дооров овогт В-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарт холбогдох 

          “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, Т.Ариунболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Б-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч В.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          В.Б- миний бие нь Хөдөө аж ахуйн их сургуулийг Агро-Эдийн засагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Энэ мэргэжлээрээ 2003 онд “Зоос” банкинд орсноос хойш банкны системд 11 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байсныг байгууллага болон төрөөс өндрөөр үнэлж 2007 онд “Зоос” банкны “Талархлын бичиг”, 2008 онд “Засаг даргын жуух бичиг”, 2012 онд “Аймгийн тэргүүний ажилтан”, 2014 онд Сангийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан. 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч барилга угсралтын “Космусмаржин” ХХК байгуулан ажиллаж байсан нь эдийн засгийн хямралын үед барилгын ажил хомстсон тул “Төрийн банк”-нд ажилд орох хүсэлтээ өгч 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус салбарын харилцагчийн үйлчилгээний менежер албан тушаалд туршилтын 5 сарын хугацаагаар гэрээ байгуулан ажиллаж байсан.

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээгүй, шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 8 цаг 40 минутад ажилдаа ирж бүртгүүлээд шууд удирдлага болох Дархан-Уул аймаг дахь салбарын захирал С.*******гаас зөвшөөрөл авахаар ороход ажилдаа ирээгүй байсан тул захирлын эзэмшлийн ******* дугаартай гар утсанд залгаж чөлөө хүссэн боловч олгоогүй. Тэгэхээр нь тус салбарын ерөнхий нягтлан бодогч Болормаад хэлээд явсан ба 2016 оны 03 дугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгэж байсан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарлахдаа: “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно, зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Мөн ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж тайлбарлан тогтоол гаргасан байдаг учир намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзээд “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын захирал Г.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145 тоот тушаалаар В.Б-г “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байранд томилж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 5 сарын туршилтын хугацаатайгаар 96 тоот хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажилд авсан. Энэхүү туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээнд талууд хүлээх үүрэг хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хууль болон “Төрийн банк”-ны хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд тодорхой тусгаж өгсөн ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг нарийн тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч В.Б- нь “Төрийн банк”-ны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, дараах зөрчлүүдийг гаргасан тул “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халсан. Үүнд: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй 3 хоног ажил тасалсан зөрчил гаргасан.

Энэ нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэхгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 12 цаг болсон бол” гэдэг заалтыг зөрчсөн. В.Б- нь дээрх өдрүүдэд ажилласан талаар шүүхийн нэхэмжлэлд дурдсан байх ба энэ нь тухайн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй боловч банкны ажилтны компьютерээс програмд ирцээ бүртгүүлсэн үйлдэл болсон байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн салбарын ажилтан Б*******гээс тайлбар гаргуулж хавсаргасан. В.Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан сар бүрийн эхний буюу тэтгэвэр олгох өдөр үйлчилгээний танхимыг 20 минутын өмнө нээж, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг нэгж дээр зохион байгуулах, нэгжийн ажилтнуудын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэгийн түвшинг шалгаж, шаардлагатай үед сургалт зохион байгуулах, шинээр өөрчлөлт орсон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тухай бүр мэдээлэл хийж байх, нэгж ажилтнуудад бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, журам, түүнд орсон өөрчлөлтийн талаар ажилтнуудтай хамтран ажлын байрны сургалт явуулж ажилтнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах, харилцагчийн үйлчилгээний стандарт журмыг нэгжийн нийт ажилтнууд дагаж мөрдөн ажиллахад чиглэсэн бүхий л асуудлаар үүрэг өгөх, биелэлтийг хангуулах, шалгах, шаардлага тавих гэсэн заалтуудыг биелүүлж ажиллаагүй.

Мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “Ажилтнаас хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхийг шаардах”, 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар “Гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбоотой ажлын тайлан гаргуулах хянах” гэсэн заалтын дагуу шууд удирдлагаас ажлын тайлан болон ажлын төлөвлөгөө гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Энэ нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн В.Б-гийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар хийсэн Салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно.

Иймд “Төрийн банк”-ны хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1 дэх заалт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагад мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан”, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.4, 6.2.17 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан болно. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т зааснаар “Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байна” гэсний дагуу хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тусгайлан зааж В.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гаргасан зөрчлүүд нь үндэслэлтэй байх тул салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тушаал болсон гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаар  шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар В.Б-г “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Төрийн банк”-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Хариуцагч “Төрийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, Т.Ариунболд нар давж заалдсан гомдолдоо:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.  

В.Б-г “ажил тасалсан, ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож чадахгүй байна, хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй байна.” гэсэн дүгнэлт гаргасан нь дээр дурдсан нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар буюу “шууд удирдлагаас албан ёсоор зөвшөөрөл аваагүйгээр явсан” гэснийг, хөдөлмөрийн дотоод журамд “албан ёсоор зөвшөөрөл аваагүй бол ажил тасалсан гэж үзэх” тухай заалтыг харгалзан үзээгүй, шүүгч өөрийн гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан зүйлийг нотолгоо гэж үзээгүй байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг илтгэнэ.

Харилцааны менежер Б*******гийн бичгээр гаргасан тайлбар нь гараар бичсэн, эх хувь бичмэл нотлох баримт байсан бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлэх боломжтой нотлох баримт байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шүүгч оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үзээгүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох заалтыг буруу хэрэглэсэн, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох тухай бөгөөд мөн заалтыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 903 тоот шийдвэр нь өөрөө утга авцалдаагүй, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч В.Б- шүүхэд хариуцагч “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарт холбогдуулан “Төрийн банк”-ны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тушаал болсон гэж маргасан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч В.Б- нь Төрийн банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаар тоот тушаалаар  тус банкинд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байранд ажиллаж байгаад тус банкны захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тоот тушаалаар тухайн ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч   В.Б-  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талууд хөдөлмөрийн гэрээндээ тухайлан заасан ноцтой зөрчил нэхэмжлэгч гаргасан эсэх талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж заасан үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, нотлоогүй тул давж заалдах шатны шүүхэд гаргасан түүний гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.     

Мөн нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан, түүнтэй холбоотой баримтаа хуульд заасан шаардлагын дагуу анхан шатны шүүхэд шүүхэд гаргаж өгч, нотлоогүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөн хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ