Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 903

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 

 

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол,  дугаар байр, тоотод оршин суух, Д овогт ягийн Б /регистрийн дугаар, ТЗ79061814, утас 99036050/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, ***тоот, *** банк /утас 70373190/-т холбогдох,

"*** банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...ягийн Б миний бие нь ХААИС-н “Агро-Эдийн засагч” мэргэжлээр 2003 онд төгссөн. Энэ мэргэжилээрээ 2003 онд Зоос банкинд орсноос хойш банкны системд 11 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байсныг байгууллага болон төрөөс өндрөөр үнэлж 2007 онд Зоос банкны “Талархлын бичиг” 2008 онд “Засаг даргын жуух бичиг” 2012 онд “Аймгийн тэргүүний ажилтан” 2014 онд Сангийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан. 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч барилга угсралтын “Космусмаржин” ХХК байгуулан ажиллаж байсан нь эдийн засгийн хямралын үед барилгын ажил хомстсон тул *** банкинд ажилд орох хүсэлтээ өгч 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус салбарын харилцагчийн Үйлчилгээний менежер албан тушаалд туршилтын 5 сарын хугацаагаар гэрээ байгуулан ажиллаж байсан. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгээгүй, шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй үндэслэлээр “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Тухайн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 8 цаг 40 минутанд ажилдаа ирж бүртгүүлээд шууд удирдлага болох Дархан-Уул салбарын захирал М***гаас зөвшөөрөл авахаар ороход ажилдаа ирээгүй байсан тул захирлын эзэмшлийн 9*** дугаартай гар утсанд залгаж чөлөө хүссэн боловч олгоогүй. Тэгэхээр нь тус салбарын Ерөнхий Нягтлан бодох Б***д хэлээд явсан ба 2016 оны 03 дугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгэж байсан.

Ийм учраас “Хөдөлмөрийн тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарлахдаа: “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт” хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно, зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Мөн “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны  хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж тайлбарлан тогтоол гаргасан байдаг учир намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзээд *** банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэв

 

Хариуцагч *** банкны Дархан дахь салбар нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А***д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** банкны Дархан салбарын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145 тоот тушаалаар я овогт Бг *** банкны Дархан салбарын Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэний ажлын байранд томилж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 5 сарын туршилтын хугацаатайгаар 96 тоот Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажилд авсан. Энэхүү туршилтын хугацаатай Хөдөлмөрийн гэрээнд талууд хүлээх үүрэг хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хууль болон *** банкны хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд тодорхой тусгаж өгсөн ба Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг нарийн тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч В.Б нь *** банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, дараах зөрчлүүдийг гаргасан тул *** банкны Дархан салбарын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халсан. Үүнд: 2016 оны 03 дугаар сарын  28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ний өдрүүдэд шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй 3 хоног ажил тасалсан зөрчил гаргасан. Энэ нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагадаа мэдэгдэхгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 12 цаг болсон бол гэдэг заалтыг зөрчсөн В.Б нь дээрх өдрүүдэд ажилласан талаар шүүхийн нэхэмжлэлд дурдсан байх ба энэ нь тухайн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй боловч банкны ажилтаны компьютерээс програмд ирцээ бүртгүүлсэн үйлдэл болсон байна. Энэ талаар   Дархан салбарын ажилтан Б.Болдхүүгээс тайлбар гаргуулж хавсаргасан. В.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс туршилтын хугацаанд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заасан “Сар бүрийн эхний буюу тэтгэвэр олгох өдөр үйлчилгээний танхимыг 20 минутын өмнө нээж, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг нэгж дээр зохион байгуулах, нэгжийн ажилтануудын  бүтээгдэхүүн үйлчилгээний мэдлэгийн түвшинг шалгаж, шаардлагатай үед сургалт зохион байгуулах, шинээр өөрчлөлт орсон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар тухай бүр мэдээлэл хийж байх, нэгж ажлтнуудад бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, журам, түүнд орсон өөрчлөлтийн талаар ажилтнуудтай хамтран ажлын байрны сургалт явуулж ажилтнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах, Харилцагчийн үйлчилгээний стандарт журмыг нэгжийн нийт ажилтнууд дагаж мөрдөн ажиллахад чиглэсэн бүхий л асуудлаар үүрэг өгөх, биелэлтийг хангуулах, шалгах, шаардлага тавих гэсэн заалтуудыг биелүүлж ажиллаагүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “Ажилтанаас  хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхийг шаардах, 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар “Гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбоотой ажлын тайлан гаргуулах хянах гэсэн заалтын дагуу шууд удирдлагаас ажлын тайлан болон ажлын төлөвлөгөө гаргаж өгөх талаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Энэ нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн В.Бгийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар хийсэн Салбарын захиралын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Иймд *** банкны Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1 дэх заалт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр,  шууд удирдлагад мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан , Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.4, 6.2.17 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан болно. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т зааснаар “Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож уг зөрчлийн тохиолдолд бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байна” гэсний дагуу Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тусгайлан зааж В.Бтай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гаргасан зөрчлүүд нь тус гэрээний үндэслэлтэй байх тул салбарын захиралын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тушаал болсон гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Б *** банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

В.Б нь *** банкны Дархан-Уул салбарт Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэний ажлын байранд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 5 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа тус банкны захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаартай “Ажилд авах тухай” тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

*** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, *** банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.17, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, 12.10, 13 дугаар зүйлийн 13.5.3 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.4, 6.2.17, 9 дүгээр зүйлийн 9.1, Салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн *** банкны Дархан-Уул салбарын Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн В.Б нь туршилтаар ажиллах хугацаанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй, шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй, ажил тасалсан зэрэг зөрчил гаргасан тул 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлж...” шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. 

Хариуцагч талаас “...В.Б нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгээгүй, шууд удирдлагаас зөвшөөрөл аваагүй, ажил тасалсан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил болно...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч В.Б нь “...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 8 цаг 40 минутанд ажилдаа ирж бүртгүүлээд шууд удирдлага болох Дархан-Уул салбарын захирал М***гаас зөвшөөрөл авахаар ороход ажилдаа ирээгүй байсан тул захирлын эзэмшлийн 9*** дугаартай гар утсанд залгаж чөлөө хүссэн боловч олгоогүй. Тэгэхээр нь тус салбарын Ерөнхий Нягтлан бодох Б***д хэлээд явсан ба 2016 оны 03 дугаар сарын 28,29,30-ны өдрүүдэд ажилдаа ирж албан үүргээ гүйцэтгэж байсан ” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 12 цаг болсон” тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр заасан байна.

Хавтас хэрэгт авагдсан ирцийн бүртгэлээс үзэхэд В.Б нь 2016 оны 03 дугаар сарын 28-наас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилд өглөө ирсэн, орон явсан цаг бүртгэгдсэн, тэрээр ажилдаа ирсэн болох нь тогтоогдож байгаа ба үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл Хэргийн 41 дүгээр талд авагдсан харилцааны менежер Б.Болдхүүгийн *** банкны Дархан салбарт гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу нотлогооны хэрэгслээр тогтоогдоогүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн *** банкны Дархан-Уул салбарын захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлд “...2016 оны 03 дугаар сарын 28-наас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирээгүй гэдгийг В.Б хүлээн зөвшөөрөөгүй талаар тусгасан” байх ба В.Б дээр өдрүүдэд ажил тасалсан, ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг тус тус заасан байна.

 *** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалд “...Дархан-Уул салбарын Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн В.Б нь туршилтаар ажиллах хугацаанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэсэн үндэслэлийг заасан боловч ажилтан В.Б нь хөдөлмөрлөх явцдаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр *** банкны Дархан-Уул салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, В.Бг *** банкны Дархан-Уул салбарын Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч В.Б нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

*** банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/4999 тоот итгэмжлээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөх эрхийг Т.А***д, Ж*** нарт олгосон боловч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж*** нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй ба шүүх хуралдаанд оролцогчид нь хурлын ирцийн талаар санал хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар В.Бг *** банкны Дархан-Уул салбарын Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч В.Бгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, *** сангийн орлогод оруулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА