Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 150

 

“*******” банкны Дархан-Уул аймаг

дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00796/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 964 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч До овогт Д-ийн Б,

Хариуцагч Чоно овогт А-ын Д нарт  холбогдох

          “Зээлийн төлбөр 27.857.811 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагч Д.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Д.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Б-, А.Д- нар нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2120007028 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 33 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 27.857.811 төгрөгийн өртэй болоод байна.    Д.Б-, А.Д- нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

2120007028 тоот зээлийн гэрээний 4.2.3 болон 4.2.6-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 24.899.999 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2.918.658 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 33.154 төгрөг, нотариатын зардал 6000, нийт 27.857.811 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 297210 төгрөг төлсөн.

Д.Б-, А.Д- нарын зээлийн барьцаанд буй Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 13 дугаар байр 69 тоотод байрлалтай, Ү-2003003361 дугаартай 28,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- түүний өмгөөлөгч Л.Цуурай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Д.Б- миний бие нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “*******” банкнаас 2120007028 тоот гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн болно. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээлээ гэрээний дагуу төлж байсан. Уг цагаас хойш бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлж чадалгүй өдий хүрсэн. “*******” банкны захирал С.*******, халамжлагч Б.******* нарт нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зээлийн хүүг зогсоогоод өгөөч, хуримтлагдсан зээлээ төлөх хугацаа хүссэн боловч миний хүсэлтийг үл харгалзан хариу өгөлгүй байсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд үүссэн хүүний өр болох 2.918.658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 33.154 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болно. Гэрээний үлдэгдэл хугацаанд үлдэгдэл төлбөр болох 24.899.999 төгрөг бүрэн төлж барагдуулна тус банкийг хохиролгүй болгоно. Авсан зээлээрээ ачааны машин авсан. Автомашинд эвдрэл гэмтэл үүссэнээс ийм байдалд хүрсэн. Гэрээнд уян хатан хандах шаардлагатай байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хамтран хариуцагч Б.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            А.Д- миний бие тус зээлийн хамтран хариуцагчаар “*******” банкны шаардсаны дагуу охиныхоо хамтран хариуцагчаар орсон. Энэ зээлийг бизнесийн зориулалтаар зарцуулж байгаа хүн Д.Б-. Миний бие нь уг бизнесийн зээлийн зориулалтад ороогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хугацаа болоогүй байхад уян хатан чанар гаргалгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Б.******* нь гарын үсэг зурсан л төдий бөгөөд энэ зээлийг захиран зарцуулаагүй. Банк нь хариуцагчийн талаар ойлголт өгөөгүй гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 27-ны  өдрийн 964 дугаар  шийдвэрээр:

           Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Д.Б-, А.Д- нарын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2120007028 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Б-, А.Д- нараас 27.857.811 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож,

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 69 тоот 2 өрөө, 28 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003361 дугаар гэрчилгээтэй байрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 297.240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Д.Б- давж заалдсан гомдолдоо:

            Миний бие 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 964 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн дараах гомдлыг гаргаж байна.

            Хариуцагч надад шүүх хуралдааны товлосон өдрийг мэдэгдээгүй. Шүүх хурал болох гэж байгааг хурал болохоос 10 минутын өмнө утсаар мэдэж гачигдалтай хөдөө явж байна хуралдаа заавал оролцоно гэж хэлсэн боловч хүсэлтийг минь хүлээн авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмнө нь мэдэгдсэн бол баримт хүргүүлэх байсан. Хурлыг мэдэгдээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй гэдгээр миний эрхийг зөрчиж шийдсэн.

            “*******” банк нь учир байдлаа ярьж зөвшилцлийг 2016 оны 02 дугаар сараас эхлэн хүссээр байхад гэрээг цуцлуулахаар шийдвэрлүүллээ. Өмнө нь тус банкнаас зээл авдаг хугацаандаа төлдөг найдвартай зээлдэгч нь байсан гэтэл нөхцөл байдалд хүндрэл учирлаа хүүгээ зогсоож өгөөч гэхэд ямар нэг шийдэлд хүрэлгүй чимээгүй байсаар ийм шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Иймд шүүхээс аль нэг талын эрх ашгийг хэтэрхий хохироолгүй хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч “*******” банкны Дархан-Уул аймаг дахь салбар шүүхэд хариуцагч Д.Б-, А.Д- нарт  холбогдуулан “Зээлийн төлбөр 27.857.811 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хариуцагч тал гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

           Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

           Анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3957 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг  хойшлуулсан ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэсний дагуу хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна.  

           Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.14 дэх заалт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

           Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх  тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай  танилцах” гэж заасан журмын дагуу хариуцагч А.Д-д хэрэг танилцуулаагүй байна.

          Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох болон хэргийн материалтай танилцах эрхүүдийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 964 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ  

                           ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                              С.ОЮУНЦЭЦЭГ