Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00796/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дах салбар Дархан сум, 13-р баг 1-р хороолол *** банкны байр /РД:***/- ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Д*** Б*** ,

 

Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Ч*** Д*** нарт холбогдох

 

Зээлийн төлбөр 27 857 811 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** , хариуцагч Д.Б*** , нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбарын захирал С.Д*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

            Иргэн Д.Б*** , А.Д*** нар нь 2015 оны 03-р сарын 03-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг Бизнесийн зээлийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 33 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

            Д.Б*** , А.Д*** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

 

      *** тоот зээлийн гэрээний 4.2.3 болон 4.2.6-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 24 899 999 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2 9 18 658 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 33154 төгрөг, нийт 27 851 811 төгрөг, нотариатын зардал 6000 , нийт 27 857 811 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Д.Б*** нь 11 552 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 16 299 811 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

      Д.Б*** , А.Д*** нарын зээлийн барьцаанд буй Дахан сум *** -р хороолол *** тоотод байрлалтай, Ү-*** дугаартай 28,0м/2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа:

Дамдиндорж овогтой Б*** би нь 2015 оны 3-р сарын 3-ны өдөр *** банкнаас *** тоот гэрээ байгуулан 30 000 000 төгрөгний зээлийг авсан нь үнэн болно. 2016 оны 1-р сарын 3-ны өдрийг хүртэл зээлээ гэрээний дагуу төлж байсан. Уг цагаас хойш бизнесийн үйл ажиллагаа доголдон, зээлийн үйл ажиллагаа доголдсоны *** с зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлж чадалгүй өдий хүрсэн. *** банкны ахлах халамжлагч С.Д*** , халамжлагч Ундрах нарт нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хүүгий минь зогсоогоод өгөөч, хуримтлагдсан зээлээ төлөх хугацаа хүссэн боловч миний хүсэлтийг үл харгалзан хариу өгөлгүй байсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд үүссэн хүүний өр болох 2 918 658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 33154 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3-р сарын 3-ний өдөр дуусгавар болно. Гэрээний үлдэгдэл хугацаанд үлдэгдэл төлбөр болох 24 899 999 төгрөг бүрэн төлж барагдуулна, тус банкыг хохиролгүй болгоно оо.

Зээлдэгч Д.Б*** нь авсан зээлээрээ том ачааны тэрэг авсан. Автомашинд нь эвдрэл гэмтэл үүссэнээс ийм байдалд хүрсэн гэдэг. Гэрээнд уян хатан хандах шаардлагатай байгаа юм. Гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би 2015 оны 3 сард 30 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 552 000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 16 299 811 төгрөгийг төлнө, зөвшөөрч байна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Хамтран хариуцагч А.Д*** шүүхэд гаргасан тайлбартаа:

Агваандандар овогтой Д*** миний бие нь тус зээлийн хамтран хариуцагчаар *** банкны шаардсаны дагуу охиныхоо хамтран хариуцагчаар орсон. Энэ зээлийг бизнесийн зориулалтаар зарцуулж байгаа хүн нь Б*** . Миний бие нь уг бизнесийн зээлийн зориулалтанд ороогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хугацаа болоогүй байхад уян хатан чанар гаргалгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч А.Д*** нь гарын үсэг зурсан л төдий бөгөөд энэ зээлийг захиран зарцуулаагүй. Банк нь хариуцлагын талаар ойлголт өгөөгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Д.Б*** , А.Д*** нарт холбогдуулан  зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу төлвөл зохих зээлийн төлбөрийн үндсэн зээлийн үлдэгдэл нь 24 899 999 төгрөг, хүү 2 918 658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 154 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 27 857 811 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 552 000 төгрөгийн төлбөр төлсөн тул одоо зээлийн төлбөрийн үлдэгдэл 16 229 811 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулжээ.

 

Хариуцагч Д.Б*** нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 16 299 811 төгрөгийг төлнө, барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч, хариуцагч А.Д*** зээлийг авч зарцуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Д.Б*** , А.Д*** нартай 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 33,0 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч Д.Б*** ын өмчлөлийн Дархан сум *** -р хороолол *** тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ,  Барьцаат зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 6-24/

 

Хариуцагч Д.Б*** , А.Д*** нар нь зээлийн эргэн төлөх графикийг зөрчиж байсан учир нэхэмжлэгч *** банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, шаардаж байсан, хариуцагч Д.Б*** нь зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн хүүг зогсоолгохыг хүссэн хүсэлт ирүүлсэн гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Д.Б*** ын шүүхэд гаргасан... бизнесийн үйл ажиллагаа доголдсоны *** с зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлж чадалгүй өдий хүрсэн. *** банкинд хандаж зээлийн хүүг минь зогсоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан гэж тайлбар, нэхэмжлэгчийн *** банкны Дархан салбарт холбогдуулан гаргасан хүсэлт, 2016 оны 1 сараас хойш төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг нь тогтоогдож Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нараас 16 299 811 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Б*** тай Зээлийн барьцааны гэрээ байгуулж,  Дархан сум *** -р хороолол *** тоот 2 өрөө 28 мкв  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарын гэрчилгээтэй байрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 6-7/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч А.Д*** д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул  түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Д.Б*** , А.Д*** нарын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Б*** , А.Д*** нараас 16 299 811 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сум *** -р хороолол *** тоот 2 өрөө 28 мкв  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарын гэрчилгээтэй байрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297240 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 297240 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНТУЯА