Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр          Дугаар 181/ШШ2016/00625          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

    

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15-24 тоотод оршин суух, Онход боржигон овогт Амарсанаагийн Ууганбаяр /РД:УБ86080412/-ын нэхэмжлэлтэй,       

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ /РД:5202965/-т холбогдох,   

 

9,958,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

А.Ууганбаярыг Мэдээлэл технологийн үндэсний парк нь ажлаас үндэслэлгүй халсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2691/с тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 864 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 718 дугаар тогтоолоор тус тус тогтоосон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон.

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнөх цалингаа шүүхийн шийдвэрээр авсан ба шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин бодогдоогүй тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,799,000 төгрөг шаардаж байна.

Цалин шаардаж байгаа 1 үндэслэл нь А.Ууганбаяр 5 жил тасралтгүй ажиллах үүрэгтэй гэрээний заалт зөрчигдөх гээд байгаа тул дээрх цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү. А.Ууганбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн Орчлон сургуульд багшаар ажиллаж байгаа нь үнэн боловч энэ асуудал нь тус маргаанд хамааралгүй.

Мэдээлэл технологийн үндэсний парк нь 2013 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын цалингаа 27 сарын дараа авсан. 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хоорондох цалингаа 10 сараас 24 сарын дараа авсан. Энэ хугацаанд мөнгөний ханш унаж, үнэгүйдсэн тул хохиролд 2,750,627 төгрөг шаардаж байна.

Дараагийн шаардлагын тухайд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын гэрээг байгуул гэсэн тул гэрээ байгуулсан. Урамшууллын зардалд 1,167,502 төгрөг төлж хохирсон тул хариуцагчаас гаргуулмаар байна.

Тэрчлэн А.Ууганбаяр нь 2013 он, 2014 онуудад ээлжийн амралтаа огт эдлээгүй тул ээлжийн амралтын олговорт 1,240,909 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Ууганбаярыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн авсан. А.Ууганбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Орчлон сургуульд сарын 2,000,000 төгрөгийн цалинтай мэдээллийн технологийн багшаар ажиллаж байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэслэлгүй.

Хоёрдугаар шаардлагын тухайд шүүхийн өмнөх шатанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал урамшууллын гэрээг нэхэмжлэгч өөрөө хүсэж сайн дурын үндсэн дээр байгуулсан тул үүнд хариуцагч буруугүй, хамаагүй тул 3 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч шүүхээс өмнөх шатаар шийдвэрлүүлээгүй тул урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Орчлон сургуульд ажиллаж байсан талаарх асуудал энэ маргаанд хамааралгүй. Шүүхийн шийдвэрт дүгнүүлсэн асуудал тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,799,000 төгрөг, цалингаа хугацаанд нь өгөөгүйгээс мөнгөний ханш унаж үнэгүйдсэний хохиролд 2,750,627 төгрөг, шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгүүлсэний урамшуулалд төлсөн 1,167,502 төгрөг, 2013, 2014 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул мөнгөн урамшуулалд 1,240,909 төгрөг, нийт 9,958,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 2691/с дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 864 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 719 дүгээр тогтоолоор “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ нь А.Ууганбаярын зөвшөөрөлгүйгээр түүнийг ажлаас халж, өөр ажил олгосон нь хуульд нийцээгүй үндэслэлээр А.Ууганбаярыг Мэдээллийн технологийн үндэсний паркийн дэд захирлын ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгожээ.

 

Шүүхийн шийдвэрээр А.Ууганбаярт 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болон цалин хөлстэй тэнцэх олговорт 16,678,600 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирал нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 163 тоот тушаал гаргаж, А.Ууганбаярыг тус паркийн дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилсон байна.

 

1.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,799,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэлх хугацаанд Орчлон сургуульд мэдээллийн технологийн багшаар ажиллаж байгаа гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул маргаагүй энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ үйл баримтаас үзвэл А.Ууганбаяр нь өөр газар ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан гэж үзэх үндэслэлтэй тул “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ нь түүнийг өөр ажилд буруу шилжүүлсний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, цалин хөлс авах эрхээр хохирсон гэж үзэх боломжгүй юм.

 

Харин бага цалинтай ажил хийж байсан бол нэхэмжлэгч зөрүүтэй тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь Орчлон сургуульд мэдээллийн технологийн багшаар ажиллахдаа 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэдэн төгрөгийн цалин авч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх цалингийн зөрүү тооцох боломжгүй байна.

 

Иймд хариуцагчаас цалинтай тэнцэх олговорт 4,799,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.А.Ууганбаяр нь 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацааны цалингаа цаг тухайд нь авч чадаагүй, 10-26 сарын дараа авсаны улмаас мөнгөний ханш унаж, үнэгүйдсэн гэх үндэслэлээр “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас 2,750,627 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

“Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын ерөнхий захирлын шинэ бүтэц, орон тоог батлах, ажилд түр томилох тушаалаар 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс Мэдээллийн технологийн ур чадвар стандарт хариуцсан мэргэжилтнээр, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 129 дүгээр тушаалаар Инновацийн хэлтсийн судалгаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн А.Ууганбаярын гомдлыг шүүх 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2691/с дүгээр шийдвэрээр хянан хэлэлцсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийг ажилд буруу шилжүүлсэн, ажлаас халсан тухай дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзсэн учир түүнийг өмнө эрхэлж байсан дэд захирлын албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж, 2012 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар  сарын 25-ныг хүртэлх хугацааны цалингийн зөрүүд 295,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 25-аас 2014 оны 7 дугаар сарын 04-ийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,383,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байдаг.

 

Нэхэмжлэгч нь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж байх үеийн инфляцийг тооцож, хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан сард 2 удаа хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон, тогтоосон хэмжээний цалин хөлсийг мөнгөн хэлбэрээр олгох үүргээ зөрчсөн гэж үзэж 2,750,627 төгрөгийн хохирол шаардаж байгааг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан асуудал нь хуульд нийцсэн эсэх талаарх талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хянан хэлэлцэж байх хугацаанд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг нь хуульд заасны дагуу сар бүр ажилтанд олгож байх үүргийг хуульчлаагүй, харин ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсон ажилтанд олгох ёстой байсан цалинг хэрхэн тооцох талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу шүүх үр дагаварыг арилгасан тул үүнээс өөр үндэслэлээр хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчаас 2,750,627 төгрөгийн хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

3.Нэхэмжлэгч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 2691/с дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 719 дүгээр тогтоолыг хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ нь сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлсэний урамшуулалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 1,167,502 төгрөг төлж хохирсон үндэслэлээр хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас 16,678,600 төгрөг гаргуулж А.Ууганбаярт  олгохоор заасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 2691/с дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 719 дүгээр тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

“Урамшууллын гэрээ”-г шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад, төлбөрийг бодитойгоор биелүүлэхийн тулд төлбөр авагчтай байгуулдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу урамшууллыг шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчийн авах төлбөрөөс суутгадаг.

 

Энэ дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба А.Ууганбаяртай урамшууллын гэрээ байгуулсаны үндсэн дээр “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас төлсөн төлбөрөөс 1,167,502 төгрөгийг урамшууллын зардалд суутгасан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай 2015 оны 5 дугаар сарын 15-ны баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 1,167,502 төгрөг төлсөн нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч энэ хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд энэ үндэслэлээр хариуцагчаас 1,167,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

4.Нэхэмжлэгч нь 2013, 2014 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үндэслэлээр хариуцагчаас мөнгөн урамшуулалд 1,240,909 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас үндэслэлгүй халсан, өөр ажилд буруу шилжүүлснээс бусад гомдлоо  эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасан.      

 

            Гэтэл нэхэмжлэгч А.Ууганбаяр нь 2013, 2014 оны ээлжийн амралттай холбоотой энэхүү шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн байдалд нь хүндэтгэх шалтгаан тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагчаас 1,240,909 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

  Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас 1,167,502 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ууганбаярт олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,790,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас 1,167,502 төгрөг гаргуулж А.Ууганбаярт олгож, А.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,790,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,280 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 32,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа ирж гардан авах, эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА

 

 

                                    ШҮҮГЧ                                               Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                                            С.ЭНХБАЯР