Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1821

 

 

А.Ууганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00625 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 799 000 төгрөг, хохиролд 2 750 627 төгрөг, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлсэний урамшуулалд төлсөн 1 167 502 төгрөг, 2013, 2014 оны ээлжийн амралтын олговорт 1 240 909 төгрөг, нийт 9 958 038 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ууганбаярыг Мэдээллийн технологийн үндэсний парк нь ажлаас үндэслэлгүй халсныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2691/с тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 864 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 718 дугаар тогтоолоор тус тус тогтоосон тул шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнөх цалингаа шүүхийн шийдвэрээр авсан ба шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин бодогдоогүй тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 799 000 төгрөг шаардаж байна. Цалин шаардаж байгаа 1 үндэслэл нь А.Ууганбаяр 5 жил тасралтгүй ажиллах үүрэгтэй гэрээний заалт зөрчигдөх гээд байгаа тул дээрх цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү. А.Ууганбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Орчлон сургуульд багшаар ажиллаж байгаа нь үнэн боловч энэ асуудал нь тус маргаанд хамааралгүй. Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2013 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын цалингаа 27 сарын дараа авсан. 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хоорондох цалингаа 10 сараас 24 сарын дараа авсан. Энэ хугацаанд мөнгөний ханш унаж, үнэгүйдсэн тул хохиролд 2 750 627 төгрөг шаардаж байна. Дараагийн шаардлагын тухайд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба урамшууллын гэрээг байгуул гэсэн тул гэрээ байгуулсан. Урамшууллын зардалд 1 167 502 төгрөг төлж хохирсон тул хариуцагчаас гаргуулмаар байна. Тэрчлэн А.Ууганбаяр нь 2013 он, 2014 онуудад ээлжийн амралтаа огт эдлээгүй тул ээлжийн амралтын олговорт 1 240 909 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ууганбаярыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн авсан. А.Ууганбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Орчлон сургуульд сарын 2 000 000 төгрөгийн цалинтай мэдээллийн технологийн багшаар ажиллаж байгаа тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэслэлгүй. Шүүхийн өмнөх шатанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал урамшууллын гэрээг нэхэмжлэгч өөрөө хүсэж сайн дурын үндсэн дээр байгуулсан тул үүнд хариуцагч буруугүй, хамаагүй тул 3 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч шүүхээс өмнөх шатаар шийдвэрлүүлээгүй тул урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨҮГ-аас 1 167 502 төгрөг гаргуулж А.Ууганбаярт олгож, А.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 790 536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 280 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 32 570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь илэрхий харагдаж байна. Ажил гэдэг нь тухайн ажилтан, тухайн байгууллагад тодорхой ажил, албан тушаалд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу нэхэмжлэгч А.Ууганбаяр нь Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨҮГазрын дэд захиралын албан тушаалыг ойлгоно. Өөр байгууллагад ажил албан тушаалд ажилласан, ажиллаж байсан /Орчлон сургуульд мэдээллийн технологийн багшаар ажилладаг/ эсэх нь энд хамаарахгүй. Энэ зүйлд яригдаж буй ажил албан тушаал бол зөвхөн үндэслэлгүй халагдсан ажил албан тушаал юм. Гэтэл шүүгч шийдвэртээ нэхэмжлэгчийг өөр байгууллагад буюу Орчлон сургуульд багшилж байгаа нь ажилгүй байгаа явдал биш бөгөөд цалин хөлс авах эрхээр хохироогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Мөн энэ зүйлийг буруу тайлбарлаж Орчлон сургуульд багшилж байгаа ажлын байрны цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөөгүй тул цалингийн зөрүүг тооцох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ зүйлд яригдаж буй цалингийн зөрүү бол тухайн үндэслэлгүй халсан байгууллагын бүтэц орон тоонд хамаарах өөр ажил, албан тушаал хашсан тохиолдолд хэрэглэгдэнэ.

Бүх хугацаа гэдэгт ажлаас үндэслэлгүй халсан тушаал гарсан 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг хамаарна. Энд нэхэмжилж буй хугацаа нь энэ бүх хугацааны биелүүлээгүй байгаа сүүлийн хэсэг болох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс, ажилд эгүүлэн тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 12-ны хүртэл 4 сарын хугацааны олговрыг "Хөдөлмөрийн тухай" хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч олгох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр шаардлагын 74 799 000 төгрөгийн авлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь 2013 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалингаа цаг тухайд нь авч чадаагүй, 10-26 сарын дараа авсны улмаас мөнгөний ханш унаж, үнэгүйдсэнээр төгрөгийн худалдан авах чадвар муудсанаар 2 750 627 төгрөгөөр хохирсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 60 дугаар зүйлийн 1-т тус тус заасны дагуу Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа тогтоосон өдөр олгох үүрэгтэй. Энэ үүргийг ажил олгогч Мэдээллийн технологийн үндэсний парк ТӨҮГ нь нэхэмжлэгч А.Ууганбаяртай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хүлээсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.3-222.5, 222.7, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2013 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалингаа хугацаанд нь авч чадаагүйгээс нэхэмжлэгч  А.Ууганбаярын цалин хөлс, эд хөрөнгөд төгрөгийн худалдан авах чадвар муудсанаас учирсан хохирол болох 2 750 627 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй юм. Гэтэл шүүх энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ танилцуулахдаа "зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан асуудал нь хуульд нийцсэн эсэх талаарх талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хянан хэлэлцэж байх хугацаанд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийг нь хуульд заасны дагуу cap бүр ажилтанд олгож байх үүргийг хуульчлаагүй, харин ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон ажилтанд олгох ёстой байсан цалинг хэрхэн тооцох талаар зохицуулсан Хөдөлмөриин тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын дагуу шүүх үр дагаврыг арилгасан тул үүнээс өөр үндэслэлээр хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн нь шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй буюу дээр дурдсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг хэрэглээгүй бөгөөд шаардлагад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тайлбарлаж хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал байна.

Иймд цалингаа хугацаанд нь авч чадаагүйн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2 750 627 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч А.Ууганбаяр нь хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 799 000 төгрөг, хохиролд 2 750 627 төгрөг, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэсний урамшуулалд төлсөн 1 167 502 төгрөг, 2013, 2014 оны ээлжийн амралтын олговорт 1 240 909 төгрөг, нийт 9 958 038 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Ууганбаярыг “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацаан дах олговрыг 16 678 600 төгрөгөөр тогтоож олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2691/с тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 864 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 719 тоот хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийдвэрээр А.Ууганбаярыг ажил олгогч 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 122 тоот тушаалаар ажлаас халж өөр ажилд буруу шилжүүлсэн нь тогтоогдсон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

 

            Хариуцагч байгууллага нь А.Ууганбаярыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 163 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоосон тул А.Ууганбаяр нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаан дах ажилгүй байсан олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан байх ба хариуцагч А.Ууганбаярыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Орчлон сургуульд мэдээллийн технологийн багшаар ажиллаж байгаа гэх үндэслэлээр олговор олгохоос татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч уг үйл баримтыг үгүйсгээгүй ч түүнийг энэ үндэслэлээр ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхгүй гэж үзэхгүйгээс гадна бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгох үндэслэлд мөн хамаарахгүй юм.  

 

Иймд шүүхийн шийдвэрийг зөвтгөж хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 799 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ууганбаярт олгохоор өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 678 600 төгрөгийг гаргуулсаныг 10-26 сарын дараа төлсөн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага дээрх 16 678 600 төгрөгийг цаг тухайд нь өгөөгүйгээс мөнгөний ханш унаж үнэгүйдсэн тул хохиролд 2 750 627 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хэргийн 12, 14, 15 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3 704 000 төгрөг,  2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 13 074 600 төгрөг төлсөн, мөн 2013 оны жилийн инфляцийн түвшин 12.5 хувь, 2014 оны инфляцийн түвшин 11 хувь, 2015 оны эхний 5 сарын инфляци оны эхнээс 3.3 хувь байсан тухай үйл баримт хэргийн 8 дугаар талд авагдсан 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 3/566 тоот Үндэсний статистикийн хорооны баримтаар тогтоогджээ.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хариуцагчийн буруугаас цуцлагдсан тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар мөнгөний инфляцийн түвшингийн хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгийн алдагдал хүлээсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн алдагдлыг инфляцийн түвшингээр тооцсон нь нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагч “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ-аас 2 750 627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ууганбаярт олгохоор өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн журмаар урамшууллын гэрээгээр төлсөн 1 167 502 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсныг буруу гэж үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй ч талууд /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон А.Ууганбаяр нар/-ын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон үнийг мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан бодит хохирол гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь 2013, 2014 оны ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үндэслэлээр хариуцагчаас ээлжийн амралтын олговорт 1 240 909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсныг зөвтгөх боломжтой.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00625 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3” гэж нэмж, “129 дүгээр зүйлийн 129.1” гэснийг “55 дугаар зүйлийн 55.1” гэж, “1 167 502 төгрөг” гэснийг “7 549 627 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “32 570 төгрөг” гэснийг “135 744 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ууганбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ