Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 661

 

 

  

 

 

  

 

2016 оны 09 сарын 12 өдөр          Дугаар 181/ШШ2016/00661            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, “Гурван гал” оффис төв, 608 тоотод байрлах, “Эм Эн Ти Прожект” ХХК /РД:5427789/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Гео сан” байр, 501 тоотод байрлах, “Пример Инвестмент Групп” ХХК /РД:5910102/-д холбогдох,  

 

5,920,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон, О.Майцэцэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус компани нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Пример Инвестмент Групп” ХХК-тай 01/08 дугаар бүхий “Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, 900x505x200 мм хэмжээтэй 500 m3 угсардаг хөөсөнцөр хавтанг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэн нийлүүлэх болсон байдаг.

Дээрх гэрээг байгуулах үед манай компани 900x505x200 мм хэмжээтэй хөөсөнцөр хавтанг 1 мЗ тутмыг 132,000 төгрөгийн үндсэн үнээр худалдан борлуулж байсан ба худалдан авагч “Пример Инвестмент Групп” ХХК-д их хэмжээний нийлүүлэлт хийх болсонтой холбогдуулан бүтээгдэхүүний үнийг 1мЗ тутамд 12,000 төгрөгөөр хямдруулж, нэгжийн үнийг 120,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани нь зохих ёсоор, шударгаар, хугацаанд гүйцэтгэсэн хэдий ч худалдан авагч “Пример Инвестмент Групп” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу биелүүлэхээс татгалзсаар байх тул “Эм Эн Ти Прожект” ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэг. “Бараа бутээгдэхүүн худалдах хүдалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 3,772,800 төгрөгийг гаргуулах тухай:

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу манай компани нь худалдан авагч “Пример Инвестмөнт Групп” ХХК-д 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 900x505x200 мм хэмжээтэй 500 m3 угсардаг хөөсөнцөр хавтанг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлж 21,887,200 төгрөгийн үнэ бүхий 182,31 m3 хөөсөнцөр хавтанг 2016 оны 4 дүгээр сарын 25-аас 2016 оны 5 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн байдаг.

Харин “Пример Инвестмент Групп” ХХК дээрх 21,877,200 төгрөгийн үнэ бүхий 182,31 m3 угсардаг хөөсөнцөр хавтанг акт үйлдэн хүлээн авснаас 404,400 төгрөгийн үнэ бүхий 3,37м3 угсардаг хөөсөнцөр хавтанг буцаан, 17,700,000 төгрөгийг төлсөн буюу 3,772,800 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Худалдан авагч “Пример Инвестмент Групп” ХХК нь манай компаниас худалдан авсан дээрх хөөсөнцөр хавтанг бүгдийг нь авч барилгын ажилд ашигласан байдаг.

“Пример Инвестмент Групп” ХХК-д манай компаниас худалдан авсан хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөр болох 3,772,800  төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхийг удаа дараа амаар буюу бичгээр шаардаж, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдахыг хэд хэдэн удаа мэдэгдсэн хэдий ч дээрх төлбөрийг төлөлгүй худалдагчийн хууль ёсны эрх, ашгийг маш ихээр зөрчиж байгаа юм.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8. дахь хэсэгт “...Талууд худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс хойш 2 хоногийн дотор хүлээлцсэн актыг үндэслэн тооцоо нийлж байх үүрэгтэй...” мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт “...Бараа бүтээгдэхүүний үнэ, холбогдох төлбөр тооцоог гэрээнд заасан нөхцөл журмын дагуу тогтоосон хугацаанд төлж барагдуулах...”, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дах хэсэгт “..Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө...", мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь “...Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн...”, Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж тус тус заасан байдаг.

Тиймээс нийлүүлсэн 182,31 m3 хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөр болох 3,772,800 төгрөгийг “Пример Инвестмент Групп” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Хоёр. Их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтын зөрүү төлбөрт 2,147,280 төгрөг гаргуулах тухай:

Гэрээ байгуулах үед манай компани нь 900x505x200 мм хэмжээтэй угсардаг хөөсөнцөр хавтанг 1мЗ тутамд 132,000 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд худалдан авагч “Пример Инвестмент Групп” ХХК нь их хэмжээний, тухайлбал 500 m3 хөөсөнцөр хавтанг худалдан авахаар болсон учир 1 m3 хөөсөнцөр хавтангийн үнийг 12,000 төгрөгөөр хямдруулан 120,000 төгрөгөөр худалдахаар болсон байдаг.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт “...Худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтээгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнийг тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй...” гэж заасан байдаг.

Манай компани нь нийт 182,31 m3 хөөсөнцөр хавтанг их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан хямдралтай үнээр 1мЗ-ыг 120,000 төгрөг буюу нийт 21,887,200 төгрөгөөр худалдаалсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 23-аас хойш худалдан авагч нь цаашид гэрээнд заасан тоо хэмжээний буюу 500мЗ хөөсөнцөр хавтан авахаас татгалзаж байгаа тул “Эм Эн Ти Прожект” ХХК нь өөрийн нийлүүлсэн 182.31 m3 бараа бүтээгдэхүүний үнийг 132,000 төгрөгийн үндсэн үнээр тооцон нэхэмжлэх бүрэн эрхтэй юм.

Иймд “Пример Инвестмент Групп” ХХК-иас гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсгийг үндэслэн нийлүүлсэн 182.31 m3 хөөсөнцөр хавтангийн үндсэн үнэ болон их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан бууруулсан үнийн зөрүү 2,147,280 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд “Пример Инвестмент Групп” ХХК-аас нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 3,772,800 төгрөг, их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан бууруулсан үнийн зөрүү төлбөр 2,147,280 төгрөг, нийт 5,920,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компанитай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийж, нийт 500 м3 хэмжээтэй хөөсөнцөр хавтанг, м3 тутмыг 120,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Хөөсөнцөр нийлүүлээд явж байтал хөөсөнцөрийн чанар нь чанарын шаардлага хангахгүй, сэнстэй байсан тул дахин авах шаардлагагүй болсон. Бид биет байдлын доголдолгүй бараа нийлүүлэх шаардлага тавьсан боловч шаардлага хангахгүй бараа нийлүүлсээр байсан учир худалдагч талд 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, 3,36 м3 бүтээгдэхүүнд акт тавьж буцаах арга хэмжээ авсан. Энэ талаар нэхэмжлэгч компанийн захирал сайн мэднэ.

Манай барилгын ажлын туслан гүйцэтгэгч, фасадын ажил хийж байсан компаниудаас хөөсөнцөрийн талаар гомдол ирж, бид арга буюу зарим хөөсөнцөрийг буцааж, заримыг нь аргалаад шахуу барилгадаа оруулсан. Нэхэмжлэгч тал хэрэв чанарын шаардлага хангасан бараа нийлүүлж байсан бол бид үргэлжлүүлээд авах байсан, гэтэл шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцласан.

Нэхэмжлэгч нь нийт 182,31 м3 буюу 21,877,200 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлснээс 3,37 м3 буюу 404,400 төгрөгийн хөөсөнцөрийг буцаасан, 17,700,000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо үлдэх 3,772,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.

Харин нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралт гэх 2,147,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Анхнаасаа бид м3 тутмыг 120,000 төгрөгөөр л тохирсон болохоос өөр үнээр тохироогүй, тэгээд ч гэрээ цуцлагдахад манай компанийн буруутай ажиллагаа нөлөөлөөгүй  гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Эн Ти Прожект” ХХК нь хариуцагч “Пример Инвестмент Групп” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 3,772,800 төгрөг, их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан бууруулсан үнийн зөрүү төлбөр 2,147,280 төгрөг, нийт 5,920,080 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,772,800 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, худалдагч “Эм Эн Ти Прожект” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 900х505 мм хэмжээтэй, 200 мм зузаантай, 20-22 кг нягттай хөөсөнцөр хавтанг 500 м3 хэмжээгээр нийлүүлэх, худалдан авагч “Пример Инвестмент Групп” ХХК нь 1 м3 тутмыг 120,000 төгрөгөөр тооцож, нийт 60,000,000 төгрөгийг 3 үе шат /гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3/-тайгаар төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан заалтуудад нийцсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Худалдагч нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 12 удаагийн нийлүүлэлтээр нийт 182,31 м3 хөөсөнцөр нийлүүлсэн бол худалдан авагч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр нийт 17,700,000 төгрөгийг төлсөн болох талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн зохигчид чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдол бүхий 404,400 төгрөгийн үнэ бүхий 3,37 м3 хөөсөнцөрийг 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн актаар хүлээлцэж, буцаан өгсөн үйл баримт тогтоогдлоо.

 

Талууд дээрх үйл баримтад маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй болно.

 

Харин зохигчид гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаж, нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцласан гэж, хариуцагч нь эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээг цуцласан гэж тус тус тайлбарласан.

 

Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “гэрээний аль нэг тал нөгөө талын буруутай ажиллагааны улмаас гэрээг цуцлах бол хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэнэ” гэж гэрээ цуцлах журмыг тохирсон атлаа талуудын хэн аль нь гэрээний хүчинтэй хугацаанд ийнхүү мэдэгдэл өгөөгүй, энэ журам хэрэгжээгүй байна.

 

Харин гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүсээгүй, нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардсан, хариуцагч нэмж бараа нийлүүлэхийг шаардаагүй зэргээс үзвэл талууд уг гэрээг хэрэгжсэн хэмжээгээр нь дуусгавар болгохыг хүссэн гэж үзэхээр байна.

 

Ийнхүү гэрээ дуусгавар болсонд тохирсон хэмжээгээр бараагаа нийлүүлээгүй, тэрчлэн нийлүүлсэн барааны зарим хэсэг нь биет байдлын доголдлын улмаас буцаагдсан нэхэмжлэгч, төлбөр төлөх журам зөрчсөн хариуцагч аль аль нь буруутай байх боловч энэ үйл баримтыг тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй тул шүүх нотлох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа төлөх үүргийг хүлээдэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Эм Эн Ти Прожект” ХХК нь нийлүүлсэн 182,31 м3 хөөсөнцөрийн үнээс төлөгдөөгүй үлдсэн 3,772,800 төгрөгийг “Пример Инвестмент Групп” ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь энэхүү төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул “Пример Инвестмент Групп” ХХК-аас 3,772,800 төгрөгийг гаргуулж, “Эм Эн Ти Прожект” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Харин “Пример Инвестмент Групп” ХХК нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан бууруулсан үнийн зөрүү төлбөрт 2,147,280 төгрөгийг “Эм Эн Ти Прожект” ХХК-д төлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэдийгээр талууд гэрээний 6.1.5-д “Худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтээгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч 900х505 мм хэмжээтэй, 200 мм зузаантай, 20-22 кг нягттай хөөсөнцөр тавтангийн м3 тутмыг зах зээл дээр 132,000 төгрөгөөр борлуулж байгаагаа баримтаар нотлож чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа нотлох зорилгоор “Барилга.МН” сэтгүүлийн 2016 оны 3, 4, 5 дугаар сарын дугаарыг хэрэгт өгсөн боловч барилгын материалын үнэ ханш хэсэгт байгаа “Угсардаг хөөсөн полистирол хавтан”-д 900х505 мм хэмжээтэй, 200 мм зузаантай, 20-22 кг нягттай хөөсөнцөр хавтан ямар үнээр зарагдаж байгаа талаарх мэдээлэл байхгүй, 1 м3 нь 140,000 төгрөгийн үнэтэй байгаа гэх 900х505 мм хэмжээтэй, 200 мм зузаантай хөөсөнцөр хавтан нь өөр нягттай буюу 26-28 кг нягттай байх тул шүүх энэ баримтад үндэслэн талуудын гэрээгээр тохирсон хавтангийн борлуулагдаж байгаа үнэ ханшийг 132,000 төгрөгөөр тооцох боломжгүй юм.

 

Үүнээс өөр баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийг шаардлагаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,147,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан “Пример Инвестмент Групп” ХХК-аас 3,772,800 төгрөгийг гаргуулан “Эм Эн Ти Прожект” ХХК-д олгож, “Эм Эн Ти Прожект” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,147,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,315 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА