Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1777

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2016/01777

 

Эм Эн Ти Прожект ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00661 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Эм Эн Ти Прожект ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Пример Инвестмент ХХК-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5 920 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Эм Эн Ти Прожект ХХК-ийн захирал Э.Батбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Цолмон, О.Майцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч                  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Пример Инвестмент Групп ХХК-тай 01/08 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг байгуулж, 900x505x200 мм хэмжээтэй 500 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бэлтгэн нийлүүлэх болсон. Дээрх гэрээг байгуулах үед манай компани 900x505x200 мм хэмжээтэй хөөсөнцөр хавтанг 1 м3 тутмыг 132 000 төгрөгийн үндсэн үнээр худалдан борлуулж байсан ба худалдан авагч Пример Инвестмент Групп ХХК-д их хэмжээний нийлүүлэлт хийх болсонтой холбогдуулан бүтээгдэхүүний үнийг 1 м3 тутамд 12 000 төгрөгөөр хямдруулж, нэгжийн үнийг 120 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Гэрээгээр манайх худалдан авагч Пример Инвестмөнт Групп ХХК-д 60 000 000 төгрөгийн үнэ бүхий 900x505x200 мм хэмжээтэй 500 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлж 21 887 200 төгрөгийн үнэ бүхий 182,31 м3 хөөсөнцөр хавтанг 2016 оны 4 дүгээр сарын 25-аас 2016 оны 5 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн. Пример Инвестмент Групп ХХК дээрх 21 877 200 төгрөгийн үнэ бүхий 182,31 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг акт үйлдэн хүлээн авснаас 404 400 төгрөгийн үнэ бүхий 3,37 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг буцаан, 17 700 000 төгрөгийг төлсөн буюу 3 772 800 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. 

 Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт ...Худалдагч тал нь их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан үнийн бууралтыг гэрээнд заасан бүтээгдэхүүний хэмжээнд хүрээгүй тохиолдолд нийлүүлсэн нийт бүтээгдэхүүнийг тухайн үеийн өөрийн борлуулж буй үндсэн үнээр тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй... гэж заасан байдаг.

Иймд Пример Инвестмент Групп ХХК-иас гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсгийг үндэслэн нийлүүлсэн 182.31 м3 хөөсөнцөр хавтангийн үндсэн үнэ 3 772 800 төгрөг болон их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалан бууруулсан үнийн зөрүү 2 147 280 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийж, нийт 500 м3 хэмжээтэй хөөсөнцөр хавтанг, м3 тутмыг 120 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэтэл нийлүүлсэн хөөсөнцөр нь чанарын шаардлага хангахгүй, сэнстэй байсан тул дахин авах шаардлагагүй болсон. Нэхэмжлэгч тал чанарын шаардлага хангасан бараа нийлүүлж байсан бол бид үргэлжлүүлээд авах байсан, гэтэл шаардлага хангахгүй байсан тул гэрээг цуцласан.

Нэхэмжлэгч нь нийт 182,31 м3 буюу 21 877 200 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлснээс 3,37 м3 буюу 404 400 төгрөгийн хөөсөнцөрийг буцаасан, 17 700 000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо үлдэх 3 772 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралт гэх 2 147 280 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Пример Инвестмент Групп ХХК-иас 3 772 800 төгрөгийг гаргуулан Эм Эн Ти Прожект ХХК-д олгож, Эм Эн Ти Прожект ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 147 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Эм Эн Ти Прожект ХХК-ийн захирал Э.Батбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээ байгуулах үед манай компани хөөсөнцөр хавтанг 1 м3 тутамд 132 000 төгрөгөөр худалдаалж байсан. Пример Инвестмент Групп ХХК нь их хэмжээний хөөсөнцөр хавтан худалдан авна гэсэн тул хядруулж 120 000 төгрөгөөр тохиролцсон ба хэрэв гэрээгээр тохирсон тоо хэмжээний бараа бүтээгдэхүүнийг худалдан аваагүй тохиолдолд үндсэн ханшаар тооцон худалдан авагчаас нэхэмжлэхээр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар Барилга.мн сэтгүүлийг гаргаж өгсөн байхад өөр нотлох баримт байхгүй гэж шийдвэр гаргасан нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй,  нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, их хэмжээний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн бууралтын зөрүү төлбөрт 2 147 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Эм Эн Ти Прожект ХХК нь Пример Инвестмент групп ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн хөөсөнцөрийн үнэд 3 772 800 төгрөг, гэрээний үүргээ хариуцагч зөрчиж гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 2 147 280 төгрөг гаргуулаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “.., худалдан авсан барааны үнэд 3 772 800 төгрөг төлөгдөөгүй байгааг зөвшөөрч төлнө. Харин нэхэмжлэгч тал доголдолтой эд зүйл нийлүүлснээс шалтгаалан гэрээг цуцалсан. Гэрээгээр бэлтгэн нийлүүлэх бараа бүтээгдхүүний үнийг  1 м3 тутамд 120 000 төгрөгөөр талууд тохиролцсон тул гэрээгээр тохиролцсоноос илүү үнэ, үнийн зөрүү төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж нийт 60 000 000 төгрөгийн үнэ бүхий 20-22 кг нягттай, 900х505 мм-ийн  хэмжээтэй, 200 мм-ийн зузаантай, 500 м3 хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, хөөсөнцөр хавтангийн нэгжийн үнэ 120 000 төгрөг байхаар тохиролцсон.

 

Хариуцагч нь 21 877 200 төгрөгийн үнэ бүхий 182,31 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг акт үйлдэн хүлээн авснаас 404 400 төгрөгийн үнэ бүхий 3,37 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг буцаан, 17 700 000 төгрөгийг төлж, 3 772 800 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй.

 

Талууд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнд үнийн зөрүү тооцох эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, шаардлага нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д үндэслэгдсэн өөрөөр хэлбэл их хэмжээний буюу нийт 60 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээгээр үүрэг хүлээж бэлдүүлсэн атлаа гэрээний үүргээ зөрчин уг барааг авалгүй гэрээг цуцалсан буруутай тул хохиролд үнийн зөрүү шаардаж байгааг анхаарч дүгнээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндэслэлээ “...бэлдүүлсэн их хэмжээний хөөсөнцөрөө хариуцагч тодорхой шалтгаангүйгээр аваагүйгээс болж зөвхөн хариуцагчийн хэрэгцээ, захиалгад зориулан үйлдвэрлэж бэлдсэн уг их хэмжээний хөөсөнцөр борлогдохгүй, хучих хадгалахаас эхлэн маш их хохирч байгаа” талаар дурджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг зөв үнэлээгүй, алдаа гаргажээ.

 

 Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч гэрээгээр өмчлөлдөө шижлүүлэн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй, захиалсан бараагаа үргэлжлүүлэн авахгүй байсан тул үнийг төлөх, үргэлжлүүлэн захиалсан зүйлээ авахыг шаардсан бичгүүдийг нэхэмжлэгч түүнд хүргүүлж байсан, хариуцагч “..,хөөсөнцөр чанарын шаардлага хангахгүйгээс гэрээг цуцалж байгаа, цаашид бүтээгдэхүүн авах боломжгүй“ талаар хариу өгч, харилцан хүсэл зоригоо илэрхийлж байснаас үзэхэд гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч  доголдолтой холбогдуулан шаардлага гаргах, гэрээг цуцлах эрхтэй боловч нийт 21 877 200 төгрөгийн бүтээгдэхүүн тэрээр хүлээн авснаас 404 400 төгрөгийн барааг шаардлага хангахгүй гэж буцаасан, нэхэмжлэгч тэр даруй зөвшөөрч буцаан авсан. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч бараа бүтээгдэхүүн бүхэлдээ догодолтой байсан гэж нотлож чадаагүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөнөөр гэрээнээс татгалзахыг хориглосон байхад гэрээний үүргээ ялимгүй зүйлээр шалтаглан зөрчиж, гэрээг цуцлаж, нэхэмжлэгчийн үйлдвэрлэж бэлдсэн их хэмжээний барааг аваагүй буруутай болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээ цуцлагдсанд буруугүй тул хариуцагчаас хохирол шаардах эрхтэй боловч талуудын хоорондын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан үнийн зөрүү үүссэн, гэрээний зүйлтэй адил бараа бүтээгдэхүүнээ 1 м3 тутамд 132 000 төгрөгөөр худалдаалж байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Учир нь: Хэргийн 24-25 дугаар талд гаргасан үнийн санал, Барилга.мн сэтгүүлд дурдсан үнийн саналуудад тусгагдсан 1 м3 тутамдаа 132 000 төгрөгийн үнэтэй байх хөөсөнцөрийн нягт нь 23-аас дээш байхад талуудын гэрээний зүйл болох хөөсөнцөрийн нягт нь 20-22 байх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр 23-аас дээш нягтаршилтай хөөсөнцөр нийлүүлснээ нотлоогүй гэж үзнэ. /х.х-ийн 13 дугаар тал/ Иймд нэхэмжлэгчийн хохирол 2 147 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч хууль буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй.

 

Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж   анхан шатны шүүх буруу дүгнэжээ. Зохигчид нь бэлэн мөнгөөр төлөх болон хэсэгчлэн хийх төлбөр, төлбөл зохих хүүгийн талаар тохиролцсон үйл баримт байхгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээг ердийн худалдах худалдан авах гэрээнээс ялгах үндсэн шинж нь худалдан авч буй эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, үнийг шууд биш гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлж байгаа учраас хүү төлөхөөс гадна эд зүйлийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талуудын тохиролцоо байх явдал бөгөөд эдгээр нөхцөлүүдийг талууд тохироогүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээ нь худалдах худалдан авах гэрээний нэг төрөл болох бэлтгэн нийлүүлэх гэрээний шинжийг илүү тодорхойлж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Худалдсан  эд зүйлийн үнийг талууд гэрээ байгуулснаас хойш хожим өгч, авах талаар тохиролцох нь зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл биш.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 12-ны өдрийн 181/ШШ2016/00661 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, “олгож” гэсний дараа “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 307 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                      ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        Ш.ОЮУНХАНД