Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0014

 

2019 оны 12 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2020/0014                          Улаанбаатар хот

“A...” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “A...” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу “A...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Зөрчлийн тухайн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “A...” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“A...” ХХК-ийн давж заалдах гомдолдоо: “... тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэж давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.А, Б.А нар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23181000475 тоот томилолтоор “A...” ХХК-ийн 2013-2017 оны үйл ажиллагаанд татварын хяналт, шалгалт хийсэн. Татварын ерөнхий хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана” гэж заасныг зөрчиж 2013-2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11 холбогдох зүйл заалтуудыг баримтлан илт хууль бус акт гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох бус хөхүүлэн дэмжсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь зөрчсөн шийдвэр гаргалаа.

Мөн ... шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагч нарын зүгээс хүчингүй болсон татварын хуулийн 74 дүгээр зүйлийн баримтал акт үйлдэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4-ийг үндэслэж хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарласныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хууль бол тус тусдаа харилцааг зохицуулдаг хуулиуд юм. Гэтэл хуулийн зохицуулалтуудыг нь хооронд хольж, сольж хэрэглэнэ гэдэг байж болохгүй юм. “A...” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагчийн хийсэн татварын тооцооллыг үгүйсгээгүй гэжээ. Гэвч хүчин төгөлдөр бус болсон хуулийн зүйл заалтуудыг үндэслэсэн акт болон түүний үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх боломжгүй гэдгийг бид шүүх хурал дээр дурдсан боловч энэ үйл явдлыг болоогүй мэтээр шийдвэртээ тусгажээ.

Иймд бидний гаргаж буй энэхүү гомдлыг хангаж шийдвэрлэж Хан-Уул дүүргийн татварын байцаагч нарын гаргасан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “A...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 021667 дугаар шийтгэлийн хуудсаар “A...” ХХК нь 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулж, хохирол болон нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” ойлгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл албан татвар төлөгч нь мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлого олсон үед орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд “A...” ХХК-аас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрсөн “... барилгын ажлын хөлсөндөө тооцож авсан давхруудаас борлуулалтын орлого хийсэн үйл ажиллагаанд дээрх шийтгэлийг оногдуулсан, гэтэл хамгийн сүүлд борлуулсан 9 дүгээр давхрын төлбөр нь он дамжин төлөгдсөн бөгөөд хамгийн сүүлийн орлого 2018 онд орж ирсэн. Гэтэл 2013-2017 онуудад хийгдсэн татварын хяналт шалгалтад энэхүү орлогыг хүртэл хамруулан хийсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь 2013, 2016, 2017 онуудад борлуулалтын орлогодоо Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д заасан хувиар албан татвар тооцохдоо борлуулалтын орлогоо дутуу тооцож, орлогод ногдох татвараа аж ахуйн нэгжийн албан татварын тайланд тусгаагүй нь тогтоогджээ.

“A...” ХХК-ийн 2013-2017 онуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд тухайн онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль (2008 оны) болон Зөрчлийн тухай хуулийг баримтлан хариуцлага тооцсон үндэслэлтэй. Гомдол гаргагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд заасны дагуу татвар ногдох орлогоо бууруулсан, татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнаагүй, төлөөгүй байх тул хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ талаарх “хүчин төгөлдөр бус болсон хуулийн зүйл заалтуудыг үндэслэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно[1]” мөн зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж харин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Дээрх 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн зохицуулалт нь нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварыг төлүүлэх харилцаанд бус харин зөвхөн алданги буюу тухайн төлөөгүй татвараас үүссэн хариуцлагад ногдуулахад хэрэглэгдэхээр байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээс үзвэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуулийн дээрх зохицуулалтыг алданги тооцохдоо хэрэглэсэн, нөхөн төлүүлэх татвар болон торгуульд хэрэглээгүй, уг зохицуулалтыг төлөөгүй татварт торгууль оногдуулахад хэрэглэхээргүй байна.

Түүнчлэн, хугацаанд нь төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээ нь Зөрчлийн тухай хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй, харин Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байхаар зохицуулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу “A...” ХХК-д оногдуулах шийтгэлийг (алданги) хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэснийг хассан өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0809 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай (2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн) хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “A...” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “A...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх