Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

          Иргэдийн төлөөлөгч Б.Одонжавхлан

          Улсын яллагч Д.Нямдэлэг

          Хохирогчийн төлөөлөгчдийн өмгөөлөгч М.Энхтуяа

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа, Д.Хатанболд

          Шүүгдэгч Г.Б, Ж.Г

          Шинжээч эмч Б.Батдулам, Г.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Арсланбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Гын Г.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1721000000057 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .............. дугаар сарын ............-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ............................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Гын Г.Б. /РД: ............./

        2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .......... дүгээр сарын ..........-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт ......................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Г. /РД: .............../

 

        Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.Одхүүтэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдсэн,

        Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.Одхүүтэй маргалдаж улмаар Г.Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Гын Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйж байна. Та бүхэн намайг үнэхээр уучлаарай. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дүү Тэнгисийг тэврээд унтах гэж байхад талийгаач Одхүү ах 2 дүүгийн хамт орж ирсэн. Тэгээд би дүүгээ сэрээж “аав нь ирлээ, аавтайгаа хамт явах уу” гэж асуусан. Тэнгис “явна” гэсэн болохоор босгоод хувцаслаж байтал талийгаачийн дүү Мишээл “хурдал, яасан удаан юм бэ” гэж загнасан. Тэгээд би талийгаачид хандан “та нар ямар сонин юм бэ, яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ, би ийм айлд дүүгээ өгөхгүй, ээж чинь утасны цаанаас намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгсэн Мишээл “Тэнгис танайд ирэхээрээ хэсээд алга болдог, өдөр авах гэтэл танайд хүн байгаагүй” гэсэн. Би “ахтай чинь ярьж байна, чи дуугүй бай” гэхэд “би чамтай ярьж байна” гээд хашгираад байхаар нь “дуугүй бай” гэж хэлсэн. Тэгсэн чинь Одхүү ах “Баачка би чамайг ална шүү” гэсэн. Алахгүй юу гээд өөдөөс нь босоод очтол намайг цохисон. Бид хоёр барьцалдаад шалан дээр унасан. Аав бид хоёрыг салгасан. Гэтэл талийгаач аавыг цохиж унагаах шиг болсон. Тэгээд Тэнгис намайг тэвэрч авсан. Талийгаач гэрээс гарахдаа “чамтай дахиад уулзанаа” гээд намайг элдэв янзаар харааж байсан. Талийгаач “Баачка чи намайг шаачихлаа” гэж хэлэхэд би өөрийгөө хутга бариад зогсож байгааг мэдэж, айж сандран гэр рүүгээ гүйж орсон. Намайг гэрт ороход аав өмдөө янзлаад сууж байсан. Би “ааваа би хүн хутгалчихлаа” гэж хэлээд уйлсан. Аав миний гараас хутга аваад цаашаа тавьсан. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна...гэв.

 

Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед дээрх хэрэг болсон. Тухайн үед Г.Б, Тэнгис хоёр унтаж байсан. Талийгаач Хүслэн, Мишээл, Хосоо гурав гаднаас орж ирсэн. Би тэд нарт цай хийж өгсөн. Тэгээд Г.Б талийгаачид хандан “танай ээж яагаад намайг элдэв бусаар доромжлоод байгаа юм бэ” гэж хэлээд зодолдсон. Нэг хартал талийгаач Г.Бийн дээр гарсан байсан. Би салгах гээд гараас нь татсан боловч дийлээгүй. Тэгээд би бөөрөнхий сандал аваад талийгаачийг цохисон. Босоод ирэхээр нь “та хоёр зодолдохоо боль” гэж хэлсэн. Дахиад над руу далайхаар нь гараараа хаагаад, сандлаар цохих гэтэл булааж аваад намайг түлхэж унагасан. Намайг босох хооронд энэ хэд пижигнэлдээд гараад явсан. Би ор дэрээ янзлаад, гутлаа өмсөөд гарах гэтэл Г.Б хутга барьчихсан сандарч, чичрээд зогсож байсан. Би хутгыг булааж аваад шургуулганд хийж, хүүгээ тайвшруулах гээд цай аягалж өгсөн. Хүслэн, Тэнгис хоёр үүдний довжоон дээр зогсож байгаад цүнхээ аваад гүйсэн. Удалгүй 3 цагдаа ирээд Г.Бийг аваад явахаар нь гэрээ цоожлоод хамт явсан. Тэрнээс өөр гадаа юу болсон гэдгийг мэдэхгүй байна...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний хүү улс төрч мэргэжилтэй, аймгийн захиргаанд 8 жил ажилласан мундаг хүү. Энэ хоёр үнэхээр худал мэдүүлэг өгч байна. Энэ хоёр Сүхбаатар аймагт үнэнээ хэлж байсан. Би энэ хоёрыг тахир дутуу гээд өрөвддөг байсан. Миний хүү үхэн үхтлээ энэ хоёрт сайн байсан. 5 жилийн өмнө Г.Бд тархиа хага цохиулаад ухаангүй эмнэлэгт очиж, оёдол тавиулаад ухаан орж байсан. Багт ажилладаг байсан болохоор энэ хоёрыг бүх юманд хамруулж, хоолгүй бол хоол, галгүй бол гал өгдөг байсан. Ж.Гын охинтой үерхэж байгаад жирэмсэн болохоор хайрлаж өрөвдөөд 2 сартай хүүхдийг нь авч өсгөсөн. Би хүүдээ хэлэлгүйгээр шөнийн 11 цагийн үед бэр рүү залгаж хэзээ явахыг нь асуухад 2-3 хоноод явна гэсэн. Тэгэхээр нь хүүгээ ирж аваад ганц хоёр хамт хоновол хоно гэж хэлсэн. Бэр шөнө 11 цагийн үед хүүгээ ирээд авч явсан. Би хот очоод 18 цагийн автобусаар гарах гэж байтал хүүхдүүд залгаад “ах сэхээнд байна, та яаралтай ир” гэсэн. Ж.Гын охин надтай бирж дээр таарч юу болсон байсныг мэдэж байсан хэрнээ юу ч болоогүй юм шиг хэнэггүй байсан. Намайг ирэхэд хүү маань байхгүй болсон байсан. Би хүүхдүүдээрээ болсон явдлын талаар бүгдийг яриулсан. Маргааш нь байцаагч дээр очоод хэлсэн бүхнийг нь хэлсэн. Миний хүүг Ж.Г “ал, ал” гэж байгаад алуулсан байсан. Эцэг хүн байж яагаад хүүгээ болиулж болоогүй юм бэ? Г.Б намайг өөрийгөө хазгар, доголон, хятад гэж худал хэлсэн. Би 13 хүүхэд төрүүлсэн эх хүн болохоор Г.Бийг бие муутай гээд хайрлаж явдаг. Тухайн үед би Г.Б рүү залгаад “ахаас нь нууцаар дүүг нь өгсөн, маргааш сургууль цэцэрлэг орно, EF худалдааны төв рүү хүргээд өгчих” гэтэл “эцэг шүү юм нь яасан юм бэ” гэж уурлахаар нь “юу гэж хуцаад байгаа юм бэ” гэхэд “хуц гичий минь” гээд утсаа тасалсан. Хэрвээ тухайн үед Г.Б эрүүл байсан бол тийм зүйл хэлэхгүй, томоотой хүүхэд. Пивоны уршигаас болоод энэ хэрэг гарсан. Тухайн өдөр Г.Б гол дээр найзтайгаа уусан гэдгийг Тэнгис хэлсэн. Би хэдийгээр хүүхдээ алуулсан эх хүн ч гэсэн та хоёрыг хайрлаж, өрөвдөж байхад хүүг маань хүн түлхсэн, зодсон гэж худлаа яриад байх юм. Та хоёрын хаана нь гар хүрэх юм бэ, миний хүү гар хүрэхгүй. Эхнэртээ хүүхдээ өгсөн 1 жилдээ хүүхдээ үнсэх гээд согтуу, царай алдаад очдог байсан. Миний хүүг очих болгонд та нар зодож, цохиод хөөж туудаг байсан биз дээ. Би маш их гомдолтой байна. Хохиролд 11285.882 төгрөг нэхэмжилсэн, энэ мөнгөө авсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хатанболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Г.Б миний дүүг онц харгис хэрцгий аргаар үр хүүхэд, дүү нарынх нь нүдэн дээр хутгалж амь насыг нь хөнөөсөн. Ж.Г энэ хоёрыг муудалцахад “боль, байг” гэж салгахын оронд төмөр сандлаар ар дагз руу нь 2 удаа цохиж унагасан. Энэ нь прокурор Мөнхбаярын гаргасан эсэргүүцэлд “Баачка ах аав хоёрыг барьцалдаад авахад өвөө жижиг сандлаар толгой руу нь 2 удаа цохиж, унагаад Г.Б, өвөө хоёр аавыг зодсон. Мишээл эгч бид хоёр салгаад гарсан...” гэсэн байсан. Ж.Г салгахын оронд сандлаар цохисны улмаас дүү маань биеэ авч явж чадахгүй, 2 хүүхдээр түшүүлээд гарсан. Тийм ч учраас миний дүү, хазгар, доголон Г.Б хутга бариад араас нь хөөхөд гүйцэгдсэн. Хүн араас нь хутга бариад хөөхөд зугтаж чадахгүй болтлоо гэрт зодуулсан байна. Энэ нөхцөл нь Ж.Гын сандлаар цохисноос болж үүссэн. Ж.Г зодолдож байгаа хүмүүсийг салгахын оронд “ал, ал алаад өг” гэж турхирч, хатгаж байж миний дүүгийн амь насыг хохироосон. Хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширсан шалтгаанд хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс байгаа. Үүнд Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Ууганбаяр хэрэгт авагдсан анхны мэдүүлгийг урж хаясан. Тэрийг Гэрэлтуяа нүдээрээ харсан. Мөн прокурорын хяналтанд байхад прокурор Мөнхбаяр зүйлчлэл өөрчилсөн. Энэ асуудлаар гомдол гарган явж хугацаа хоног алдсан. Арсланбаатар прокурор хүндрүүлж зүйлчилснийг зөв гэж үзэж байна. Эд нар нэг өрөөнд, нэг цаг хугацаанд зодсон юм чинь яах аргагүй бүлэглэн зодсон. Хэрэгт авагдсан материалыг урж хаясан нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Одгэрэлийн 151 дүгээр захирамжийн 4 дүгээр хуудасны 3-т “Насанд хүрээгүй гэрч М.Хүслэнгийн мэдүүлэгтэй холбогдуулан сурган хүмүүжүүлэгч Нямсүрэнг дахин гэрчээр асуулга, анхны мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй байна” гэсэн дээрх захирамжаар нотлогдсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дайчинхүүгийн Нямсүрэнгээс гэрчээр авсан мэдүүлэгт “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр насанд хүрээгүй гэрч Хүслэнг асуухад та оролцсон байна. Тухайн үед Хүслэн “Ж.Г алаад өг гэж хэлсэн үү” гэхэд “би Хүслэнгээс мэдүүлэг авах үед сурган хүмүүжүүлэгчээр оролцсон. Мэдүүлэг авсан өдрийг тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сард мэдүүлэг авсан. Тухайн үед Хүслэн мэдүүлэг өгөхдөө гэрийн гадаа байхад талийгаачийн хадам аав талийгаачийг алаад өг гэж бахирч байсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Үүнээс харахад мөрдөн байцаалтын явцад гэрчийн мэдүүлгийг бүрэн дүүрэн бичихгүйгээр гэрчийн анхны мэдүүлгийг урж хаясан нь шүүгчийн 151 дүгээр захирамж, гэрч Нямсүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хэрэг яагаад удаашираад байгааг Ууганбаяраас асуухад “би ураад хаячихсан” гэж хэлсэн. Хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж байгаад гомдолтой байна. Ж.Г, Г.Б нар шүүх, прокуророор танилтай, энэ хэргээс сална гэж ярьсан байсан. Энийг харжил байя, хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Шударгаар хэрэг шийдэх хуулийн байгууллага байгаа байх. Сэтгэцийн эмч оролцуулаад хүүгээ салгана гэж ярьсан болохоор түүх дахин давтагдах байх гэж бодоод Сүхбаатар аймаг руу явсан. Дараа нь зүйлчлэл өөрчлөгдсөн болохоор холион бантан хутгасан хэргийг орон нутагт нь шийдвэрлүүлэх нь дээр гэж бодсон. Тэгэхлээр энэ хоёр алуурчинд энэ зүйлчлэлийн ялын дээд хэмжээг оногдуулж, зохих ёсны шийтгэл оногдуулахыг хүсэж байна...гэв.

 

Шинжээч эмч Б.Батдулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Г.Б нь 13 настайдаа тархины бүрхүүл хальсны үрэвсэл буюу менингитээр өвчилсөн. Тэр үрэвсэл нь хожуу үлдэц, тархины үйл ажиллагааны хямрал үүсгээд, тэрнээс болж сэтгэцийн бие хүний зан төрхийн эмгэг өөрчлөлт бий болсон нь үзлэгийн явцад илэрсэн тул ингэж оношилсон. Зан төрхийн эмгэгтэй хүн биеэ барих чадваргүй болох, огцом цочимтгой, хурдан түргэн уурладаг, харилцааны хувьд бусад хүмүүстэй зөрчилддөг. Тэр зөрчилдөөнөөсөө болж огцом уурладаг. Ийм шинж тэмдгийг бие хүний зан төрхийн эмгэг гэдэг. Хэрэг хариуцах чадварыг тухайн болсон хэргийг үнэн зөв ярьж байна уу, тухайн үед ухамсарлаж оюун ухаан, өөрийгөө удирдах чадвар чадамж алдагдсан байсан уу гэдгийг хэргээс товч яриулж, хавтаст хэрэгтээ танилцаж байж илрүүлдэг. Г.Б тухайн үед болсон хэргийн талаар тодорхой ярьж санаж байсан болохоор бие хүний зан төрхийн эмгэгтэй ч хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн өдөр Г.Б архи уусан байсан. Тархины үйл ажиллагааны хямралтай хүмүүс архи даах чадвар муутай байдаг. Архи сэтгэцэд нөлөөлөх бодис нь тархины гэмтэлтэй, тархины үрэвслээр өвдөж байсан хүмүүст юм аа санахгүй байх, огцом түргэн уурлах байдал нь илүү илрэх магадлалтай байдаг. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс огцом цочролд орох, уурлаж бухимдах нь стресс хямрал зөрчилдөөн, маргаанаас болдог. Зүгээр байхдаа байнга ууртай явна гэж байхгүй. Бусад хүнийг бодвол биеэ барих чадвар муутай. Тухайн нөхцөл байдалд хамт байгаагүй болохоор үнэхээр хяналтаа алдсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Болсон хэргийн талаар яриулаад санах боломжтой байсан гэсэн дүгнэлт гаргасан. Менингит өвчнөөр хэр хүнд өвчилсөн, хэр олон хоног ухаангүй байснаас шалтгаалаад хөнгөн өвчилсөн байна гэж үзсэн. Хэрвээ зан төрхийн эмгэг нь байнга хөдөлж, хүн амьтантай муудалцдаг байсан бол манай сэтгэцийн тасгийн хяналтанд орох байсан. Ихэвчлэн саа, саажил талдаа илүү, сэтгэц талдаа бага илэрсэн гэж үзсэн. Г.Б нь сүрьеэ өвчний улмаас менингитээр өвчилсөн. Зүүн гарын саа, саажилт оношоор Мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдсан байна. Сэтгэцийн өөрчлөлт зан төрхийн өөрчлөлт, зан төрхийн хам шинж буюу юм мартамхай болох бүр хүндэрвэл тэнэгэрэл бий болдог. Г.Бд тэнэгрэлийн өмнөх мартах шинж тэмдэг илэрсэн. Хэрвээ сэтгэц талаасаа шинж тэмдэг илэрч байсан бол Сэтгэцийн тасгийн хяналтанд орох байсан. Мэдрэлийн эмч нар Г.Бийн сэтгэц талын эмгэг хөнгөн байсан болохоор саа, саажилт гэсэн оношоор явуулаад байсан байх. Хэрвээ сэтгэц, зөн төрхийн өөрчлөлт илэрхий байсан бол манайх руу шилжүүлэх байсан байх...гэв.

 

Шинжээч эмч Г.Мөнхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Г.Бд холбогдох дүгнэлтийг гаргахад би ахлаж, Батдулам эмч илтгэгчээр оролцсон. Саяны шинжээчийн ярьсан зүйлээс өөр хэлэх зүйлгүй ..гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Одонжавхлан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б, Ж.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

 

Насанд хүрээгүй гэрч М.Мишээл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд гэрт ороод талийгаач Одхүү ах Бачкад хандан “хүүгээ авъя” гэж хэлсэн чинь Бачка ах Тэнгисээс “чи аавтайгаа хамт явах юм уу” гэж асуусан чинь “явъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бачка ах манай ах талийгаач Одхүүд хандан “чи тэр янхан ээждээ хэлээрэй. Тэнгисийг авна гэж хэлээд уурлаад байна лээ” гэж хэлсэн чинь талийгаач Одхүү ах уурлаад “чи манай ээжийг юу гэж янхан гэж хэлээд байгаа юм, чамайг ална шүү” гэж хэлсэн чинь “чи намайг алдаг болсон уу” гэж хэлээд хэвтэж байснаа босч ирсэн. Тэгээд Бачка ах манай ахыг тонгорч унагааж газарт хэвтүүлээд дээрээс нь гараараа цохиод байсан бөгөөд Бачка ахын аав Галбадрах ах манай ах талийгаач Одхүүг сандлаар хэвтэж байхад толгой руу нь 2-3 удаа цохисон. Ингээд манай ах талийгаач Одхүү ах босохоор нь би ахыгаа хаалга руу түлхсэн чинь Бачка ах шүүгээнээсээ үзүүр нарийхан хутга гаргаж бариад ардаа нуухаар нь би ахыгаа гаръя гэж хэлээд гэрээс аваад гарсан. Гэрээс гараад байшингийн зүүн урд талд хоорондоо маргалдаж зогсож байгаад газарт унасан. Тэгсэн чинь Бачка ах манай талийгаач Одхүү ахын дээр гараад хүйсний хажуу талаар нэг удаа хутгалж мөн хөлний цавь хавьцаа хутгалсан чинь манай ах түлхэж холдуулсан. Ингээд талийгаач Одхүү ах босоод ирэхдээ нэг л сонин болоод амьсгаа нь давчидаад хурдан хурдан амьсгалж ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан учраас би талийгаач Одхүү ахыг хоёр талаас нь бариад арай гэж авч явж байхад замдаа алхаж чадахгүй газарт 2-3 удаа унасан. Ах ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан бөгөөд хашаан дотор байхад Бачка ах “чи надад дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлсэн чинь талийгаач Одхүү ах ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Бачка ах болон түүний аав Галбадрах хоёр архи уусан байдалтай байсан бөгөөд ухаанаа алдатлаа согтоогүй байсан. ...Бачка ахын барьж байсан хутга хурц үзүүртэй нарийнхан хутга байсан. ...манай ах талийгаач Одхүү хутгалуулсны дараа Бачка ахыг түлхэж холдуулаад боссон бөгөөд Тэнгис бид хоёр хажуунаас нь түшээд хашаанаас гарсан. ...гэрт Одхүү ах Г.Б ах хоёр маргалдаж эхлэхэд Хүслэн гадагшаа гараад явсан. Харин Тэнгис хажууд байсан. /1 хх-ийн 64-67, 78-79 тал/, Би талийгаач ахыг аваад гэрээс гарсан, тэгэхэд Г.Б араас нь гарч ирээд хэвлий рүү нь хутгалаад байсан, мөн гуя хэсэг рүү хутгалсан. Тэгээд би Г.Бийг түлхээд талийгаач ахыгаа аваад Тэнгис, Хүслэн хоёртой хамт гарсан. ....Ж.Г болиулах арга хэмжээ аваагүй, Баачка, талийгаач ах хоёр зодолдож газар унаад талийгаач ах босох гэж байхад Ж.Г ах төмөр сандалаар толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгэхэд талийгаач ах дахин газарт унахаар нь би Баачкаг /Г.Б/ холдуулаад талийгаач ахыг аваад гарсан....” гэжээ. /1-р хх-ийн 16-17 тал/

 

Насанд хүрээгүй гэрч О.Тэнгис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрлэнгийн 2-11 тоотод оршин суудаг өвөө Ж.Гынд ах Г.Б, өвөө Ж.Г хоёртой аавыгаа ирэхийг хүлээгээд зурагт үзээд орондоо хэвтэж байхад гаднаас миний аав Одхүү, эгч Мишээл, ах Хүслэн гурав орж ирээд аав надад “миний хүү босоод хувцсаа өмс явъя” гэж хэлэхэд Г.Б ах аавд “Оогий чи тэр гичий ээждээ хэлээрэй намайг элдэв муухайгаар доромжлоод байна лээ” гэж хэлэхэд аав “чи муу миний ээжийг юу гээд байгаа юм бэ, ална шүү” гэж хэлээд уурлахад Г.Б ах “чи муу намайг алдаг болоо юу” гэж хэлээд хэвтэж байснаа босоод аав руу дайрахад нь аав хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад өвөө жижиг төмөр сандал аваад аавын толгой руу 2 удаа цохиод аавыг газарт унахад Г.Б ах өвөө хоёр аавын дээрээс гараараа цохиж зодоход нь Мишээл эгч бид хоёр боль гээд салгаад аавыг аваад байшингаас гарсан. Тэгтэл Г.Б ах араас гарч ирээд баруун гартаа хутга барьчихсан нурууныхаа араар хийгээд нууж байгаад “хөөе банди минь наашаа хар” гээд аавыг дуудаад эргээд харахад зүүн гараараа хацар руу нь нэг удаа цохиход аав газарт унаад босч ирэхэд нь Г.Б ах толгойгоороо гэдэс нь тулж байгаад хөл гуя руу нь хэд хэдэн удаа хутгалаад толгойгоо дээшээ өндийлгөж байгаад аавын хүйсний дээд талд нэг удаа хутгалсан. Тэгэхэд нь Мишээл эгч бид хоёр аавыг аваад хашааны үүд рүү явахад Г.Б ах хутганыхаа үзүүрийг арагш нь харуулж барьчихаад бид нарыг үүд хүртэл дагаж алхаад “чи муу дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлсэн. ...Ж.Г өвөөгийнх нарийнхан үзүүртэй бор шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутгатай мөн нэг ширхэг заазууртай байдаг юм. ...эхлээд аав, Мишээл эгч Хүслэн ах гурав гаднаас орж ирсэн. Тэгээд аав, Г.Б ах хоёр маргалдахад Хүслэн ах айгаад гараад явчихсан. Гэр дотор зодоон болсны дараа аавыг аваад гадагшаа гарахад Хүслэн ах хашаан дотор зогсож байсан...” /1-р хх-ийн 68-70 тал/, “...Хүслэн ах хашааны булангын хойд талд хаалганаас хол зогсож байсан. ...Ж.Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байсан юм. ...Ж.Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байгаад “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан юм. ...Манай аав Одхүүг гэрт байхад Бачка /Г.Б/ эхлээд цохисон. ...Өвөө Ж.Г, Г.Б ахыг хутга аваад гарахыг харсан. Хажууд нь зогсож байсан. ...Өвөө Ж.Г, Г.Б ахыг болиулах арга хэмжээ огт аваагүй. ....Гэрт дотор манай аав Баачкаг түлхээд босох гэтэл Ж.Г өвөө төмөр сандлаар толгойны ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон юм. ...3-4 удаа алаад өг, алаад өг гэж хэлж байсан...” гэжээ. /4-р хх-ийн 12-13 тал/

 

Насанд хүрээгүй гэрч М.Хүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мишээл, Тэнгис нар Одхүү ахтай байшингаас гарч ирэхэд хашааны хаалганы гадна талаас хараад зогсож байсан. Г.Б ах гэрээсээ гарч ирээд “Дахиад зодуулмаар байна уу” гэж хэлээд тэдэн дээр очиж Одхүү ахыг түлхэж унагаад дээрээс нь цохиж зодоод байсан. Гадаа харанхуй, би тэндээс зайтай хаалганы дотор талд зогсож байсан учраас хутгалахыг нь хутгатай байгааг нь хараагүй. Одхүү ахыг Г.Б хашаан дотор унагаад цохиж зодох үед би хашааны дотор талд ороод хаалганы хажууд тэднийг хараад зогсож байсан. Тэр үед Ж.Г довжоон дээрээ зогсоод “Наад муугаа алаад өг, алаад өг” гэж бахирсан. ...Мишээл эгч, Тэнгис нартай ахыгаа түшээд хашаанаас гаргахад Г.Б хашааны хаалга дээр ирээд “Ахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлж байсан...” /2-р хх-ийн 139-140 тал/, ...Би хашааны хаалганы хойд талд зогсож байсан. Одхүү ахыг гадаа газар уначихсан байхад нь Г.Б ах дээрээс нь сууж байгаад гэдэс рүү нь хутгалж байсан. ...Ж.Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан. ...Ж.Г болиулах арга хэмжээ аваагүй...” гэжээ. /4-р хх-ийн 14-15 тал/

 

          Гэрч Г.Одонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул бага сургуулийн замын урд байдаг хуучин засварын баазын ажилчдын нийтийн байр руу очиход “Талийгаач газарт зүүн хажуугаараа хараад нас барсан, бие нь хөрсөн, нүүр ам нь цус шороо болсон, хэл нь амнаас гарсан байдалтай байсан. Намайг очихоос өмнө эмч үзээд нас барсан байна гэж хэлээд явсан байсан ба Цагдаагийн хүмүүс машинтай ирчихсэн гэрэл тусгаад байж байсан. Тэднээс нэлээн зайтай дүү Мишээл, Хүслэн нар байгаа харагдсан. Талийгаач өөрийн хүү Тэнгисээ Ж.Гынхаас авах гэж дүү Мишээл, Хүслэн нартай очиход Ж.Г, Г.Б нар нийлж талийгаачийг зодсон, хашаанд гараад байхад нь Г.Б удаа дараа хутгалж алсан болохыг мэдсэн. Энэ хэрэгт Ж.Г, Г.Б нар хоёулаа буруутай. Аав нь хүүгээ хорих байтал толгой руу нь сандлаар цохиж, хүзүү хоолойг нь боомилж нийлж зодсон. Ж.Г хүүгээ хутга аваад гарахыг харчихаад хориглоогүй, санаатай алах нөхцлийг бүрдүүлсэн гэж бодож байна. Мишээл “Ахыг маань аллаа болиоч” гэхэд Ж.Г “Наадах муугаа зод, зод” гээд нийлээд зодоод байсан гэж надад хэлсэн. Тэгээд талийгаачийг аваад гарч байхад Г.Б хутга бариад араас нь хүрч ирээд хутгалахад Ж.Г “Наадах муугаа алаад өг, алаад өг” гэж бархирч байсан гэж Хүслэн надад хэлсэн юм...” гэжээ. /2-р хх-ийн 101-103 тал/

         

          Гэрч Б.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би М.Хүслэнгийн мэдүүлэг авахад сурган хүмүүжүүлэгчээр оролцсон. Мэдүүлэг авсан өдрийг тодорхой  сайн санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сард мэдүүлэг авсан юм. Тухайн үед М.Хүслэн мэдүүлэг өгч байхдаа “Гэрийн гадна байхад талийгаачийн хадам аав нь талийгаачийг “..алаад өг гэж бахирч байсан” гэж хэлж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 135-136 тал/

         

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 тоот дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд Г.Бийн биеэс авсан гэх цусанд 0,8 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /1-р хх-ийн 95 тал/

 

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 тоот дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд Ж.Гын биеэс авсан гэх цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /1-р хх-ийн 98 тал/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот дүгнэлтэд:

          1. Г.Б нь ЭХГ үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг. Энцефалитын дараах хам шинж эмгэгтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдэл ба хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

          2. Г.Бийн сэтгэцийн байдал одоо дээрх байдалтай байна.

          3. Г.Б хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4. Г.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 113-114 тал/

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 тоот дүгнэлтэд:

          1. Талийгаач Г.Одхүүгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн чамархайн зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.3.4. Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч бараан бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүр бүхий нэг төрлийн багаж зэвсгийн олон удаагийн үйлчлэлээр, дух, зүүн чамархайн зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

          5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн чамархайн зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас амь тэнссэн байдал үүсч үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

          6.7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

          8. Г.Одхүүгийн цогцосноос авсан цусыг хатааж бэлдэн мөрдөгчид хүлээлгэн өгсөн болно.

          9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          10. Талийгаач нь хэвлийн урд хананд хүйсний баруун дээд хэсгээр урдаас арагш, доороос дээш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ гэжээ. /1-р хх-ийн 120-121, 124-125 тал/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот дүгнэлтэд:

          1. Талийгаач Г.Одхүүгийн доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун, зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          2. Дээрх гэмтлүүд нь ар дагз хэсэгт төмөр сандлаар цохих үед үүсэхгүй, талийгаачийн дагз яс болон хуйханд гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн ар дагз руу цохигдсоны улмаас ухаан балартаж биеэ авч явах чадваргүй болсон эсэхийг тогтоох боломжгүй.

          3. Талийгаач Г.Одхүүгийн толгойн хэсэгт буюу хуйх, ясанд гэмтэл учраагүй, нүүрэнд учирсан доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хаамарна гэжээ. /4-р хх-ийн 22-24 тал/

 

          - Гэмт хэргийн талаарх 4454 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-16 тал/

          - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-21 тал/

          - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-31 тал/

          - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 32-34 тал/

          - Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-39 тал/

          - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 54 тал/

          - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяагийн мэдүүлэг /1-р хавтас 57-60 тал/

          - Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хавтас 168-199 тал/

          - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 141-154 тал/

          - Гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 тал/ 

          - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамж /2-р хавтас 219-225 тал/

          - Яллагдагч Г.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/

          - Гэрч Н.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/

          - Гэрч А.Ганхүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 77 тал/

          - Г.Бийн хувийн байдлын талаарх мэдүүлэг /1-р хх-ийн 83-92 тал/

          - Гэрч Э.Хэрлэнтуяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 138 тал/

          - Яллагдагч Ж.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 176-177 тал/

          - Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 188-217 тал/

          - Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-ийн 239-248, 2-р хх-ийн 2-18 тал/

          - Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх-ийн 40-63 тал/

          - Шүүгдэгч Ж.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 108-109 тал/

          - Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч нарын өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 168-199 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

          Эд  мөрийн баримтаар: хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг шинжлэн судлав.

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Арсланбаатараас шүүгдэгч Боржигон овогт Ж.Гын Г.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.Одхүүтэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар,

          Шүүгдэгч Боржигон овогт Ж.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.Одхүүтэй маргалдаж улмаар Г.Бийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч нар “үйлдсэн хэргээ зөвшөөрч байна, гэхдээ бусдыг онц харгис хэрцгийгээр алаагүй”, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч нар “...шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй, өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлээгүй тул шүүгдэгч нарын зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн санал гаргаж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

          Насанд хүрээгүй гэрч М.Мишээлийн мөрдөн шалгаж ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...Тэгээд Бачка ах манай ахыг тонгорч унагааж газарт хэвтүүлээд дээрээс нь гараараа цохиод байсан бөгөөд Бачка ахын аав Галбадрах ах манай ах талийгаач Одхүүг сандлаар хэвтэж байхад толгой руу нь 2-3 удаа цохисон... Гэрээс гараад байшингийн зүүн урд талд хоорондоо маргалдаж зогсож байгаад газарт унасан. Тэгсэн чинь Бачка ах манай талийгаач Одхүү ахын дээр гараад хүйсний хажуу талаар нэг удаа хутгалж мөн хөлний цавь хавьцаа хутгалсан чинь манай ах түлхэж холдуулсан. Тэгээд би Г.Бийг түлхээд талийгаач ахыгаа аваад Тэнгис, Хүслэн хоёртой хамт гарсан. ....Ж.Г болиулах арга хэмжээ аваагүй, Баачка, талийгаач ах хоёр зодолдож газар унаад талийгаач ах босох гэж байхад Ж.Г ах төмөр сандалаар толгойн ар хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг,

          Насанд хүрээгүй гэрч О.Тэнгисийн мөрдөн шалгаж ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад өвөө жижиг төмөр сандал аваад аавын толгой руу 2 удаа цохиод аавыг газарт унахад Г.Б ах өвөө хоёр аавын дээрээс гараараа цохиж зодоход нь Мишээл эгч бид хоёр боль гээд салгаад аавыг аваад байшингаас гарсан. Тэгтэл Г.Б ах араас гарч ирээд баруун гартаа хутга барьчихсан нурууныхаа араар хийгээд нууж байгаад “хөөе банди минь наашаа хар” гээд аавыг дуудаад эргээд харахад зүүн гараараа хацар руу нь нэг удаа цохиход аав газарт унаад босч ирэхэд нь Г.Б ах толгойгоороо гэдэс рүү нь тулж байгаад хөл гуя руу нь хэд хэдэн удаа хутгалаад толгойгоо дээшээ өндийлгөж байгаад аавын хүйсний дээд талд нэг удаа хутгалсан. Ж.Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байгаад “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан юм. ...Манай аав Одхүүг гэрт байхад Бачка /Г.Б/ эхлээд цохисон. ...Өвөө Ж.Г, Г.Б ахыг хутга аваад гарахыг харсан. Хажууд нь зогсож байсан. ...Өвөө Ж.Г, Г.Б ахыг болиулах арга хэмжээ огт аваагүй. ....Гэрт дотор манай аав Баачкаг түлхээд босох гэтэл Ж.Г өвөө төмөр сандлаар толгойны ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон юм. ...3-4 удаа алаад өг, алаад өг гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

          Насанд хүрээгүй гэрч М.Хүслэнгийн мөрдөн шалгаж ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...Мишээл, Тэнгис нар Одхүү ахтай байшингаас гарч ирэхэд хашааны хаалганы ганда талаас хараад зогсож байсан. Г.Б ах гэрээсээ гарч ирээд “Дахиад зодуулмаар байна уу” гэж хэлээд тэдэн дээр очиж Одхүү ахыг түлхэж унагаад дээрээс нь цохиж зодоод байсан. Гадаа харанхуй, би тэндээс зайтай хаалганы дотор талд зогсож байсан учраас хутгалахыг нь хутгатай байгааг нь хараагүй. Ж.Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан. ...Ж.Г болиулах арга хэмжээ аваагүй...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

         

          Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасан ба насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.Г нь шүүгдэгч Г.Бийн амь хохирогчийг хутгалах явцыг гэрийнхээ довжоон дээрээс гараад харж байсан,   “алаад өг, алаад өг” гэж хашхирч байсан, болиулахын оронд хүүдээ хашхирч дэмжлэг үзүүлж байсан зэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бусадтай бүлэглэж үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан гэж үзэх, шүүгдэгч Г.Б нь  амь хохирогчийг бага насны төрсөн хүүхдийнх нь дэргэд олон удаа хутгалж алсан нь онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         

          Иймд шүүгдэгч Г.Бийг согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд хохирогч Г.Одхүүтэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,

          Шүүгдэгч Ж.Гыг согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ хохирогч Г.Одхүүтэй маргалдаж улмаар Г.Бийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа, Д.Хатанболд нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Мишээл, О.Тэнгис, М.Хүслэн, гэрч Г.Одонцэцэг, Б.Нямсүрэн, Н.Эрдэнэчимэг, А.Ганхүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх 4454 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102, 103 тоот, Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         

          Шүүгдэгч Г.Б, Ж.Г нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Арсланбаатараас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Гын Г.Бийг бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, Ж.Гыг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэцгийгээр алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         

          Шүүхээс шүүгдэгч Ж.Гын Г.Б, Ж.Г нарыг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Г.Б, Ж.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

         

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

         

          Шүүгдэгч Г.Б, Ж.Г нарын үйлдлийн улмаас Г.Одхүүгийн амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлтуяа, Д.Хатанболд нар нь шүүгдэгч Г.Б, Ж.Г нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 11285.882 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 684 хоног, шүүгдэгч Ж.Гын цагдан хоригдсон 85 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Г.Бийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-0614016439 дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Гын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн 2-11 тоотын Г-0614005973 дугаартай гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Бийн .................... тоот, шүүгдэгч Ж.Гын .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Г.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн,

          Шүүгдэгч Ж. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Г.Б-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар шүүгдэгч Ж.Г-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ж.Г нарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 684 /зургаан зуун наян дөрөв/ хоног, шүүгдэгч Ж.Г-н цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

      5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-0614016439 дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Г-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн 2-11 тоотын Г-0614005973 дугаартай гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

       6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б-н .............. тоот, шүүгдэгч Ж.Г-н ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б, Ж.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

                                                              ШҮҮГЧИД                          Б.БАТСАЙХАН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ